Нүүдэлчин соёлын ард түмэн гэгдэх монголчууд бидний 70 орчим хувь нь аль хэдийнээ суурин амьдралын хэв маягт шилжжээ. Сүүлийн 300 гаруй жилийн хугацаанд манай орон хот, суурингийн соёлд суралцаж, 21-р зуун гарснаар хүн амын төвлөрөл эрчимтэй өсөж байгааг бид харж байна. Гэвч хотжилтынх нь түүх хэдэн мянган жилээр тоологдох орнуудтай харьцуулбал биднийх дөнгөж эхэлж буй. Тэднийг нас биед гүйцсэн хүн гэж үзвэл, бид хөлд орж буй хүүхэдтэй адил юм. Тэгвэл хот суурингийн түүх хэзээнээс эхтэй вэ?
МЭӨ 4000-3500 жилийн тэртээ анхны соёл иргэншил /civilization/ үүсэж газар тариалан, хөдөө аж ахуй, худалдаа наймаа, бичиг үсэг, шинжлэх ухаан, архитектур зэрэг олон салбарт ахиц дэвшил гарсан байдаг. Улмаар энэ бүгдийн уялдаа холбоо, онцлогт тохирсон суурьшмал бүсүүд үүссэн нь хот гэх ойлголтын үндэс байв. Үүнээс үүдээд, хүн хоорондын харилцааг зохицуулах дүрэм журам, хэм хэмжээ, соёлын шинэ ойлголтууд бий болж цаг хугацааны хэрээр улам төгөлдөржих болжээ.
Хөгжлийн явцад хотын бүтэц, зохион байгуулалт, барилга байгууламжийн хийц гэх мэт нэн чухал ойлголтууд үүссэн байна. Бид барилгыг ердөө орогнох хэрэгцээгээ хангах хэрэгсэл гэж хардаг байж болох ч, энэ нь өрөөсгөл юм. Байшин барилга нь тухайн улс үндэстний давтагдашгүй соёл, үнэт зүйлсийг агуулах бөгөөд ийм ч утгаараа урлагт УРАН БАРИЛГА томоохон орон зайг эзэлдэг. Тэгвэл уг нийтлэлийн хүрээнд уран барилга, тэр дундаа уран багана ямар утга, илэрхийлэмжийг агуулдаг тухай хамтдаа олж мэдэцгээе.
Багана болон суурь нь барилгын насжилтад чухал нөлөөтэй байдаг аж. Хэдий бат бөх, нуршгүй суурь тавьсан ч баганууд үүргээ гүйцэтгэж чадахгүй бол тухайн барилга удаан оршиж чадахгүй. Тиймээс монголчууд бид ачаан дээр нь ачаа бүү бол хэмээн гэрийн багана тулж зогсохыг цээрлэдэг билээ. Тэгвэл барууны загвартай барилгуудын гадна сүндэрлэсэн өндөр баганууд юуг илэрхийлдэг вэ? Улаанбаатар хотод ч ийм төрлийн баганууд багагүй тааралдах ба Улсын драмын эрдмийн театр (УДЭТ), Гадаад яам, Хөрөнгийн бирж, хуучин Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Байгалийн түүхий музей (байсан) зэрэг барилгуудаас олж харах боломжтой. Энэ дундаас УДЭТ-ыг түших баганууд бусдаасаа онцлог ялгаатай бөгөөд дэлхийн бусад орны уран багануудаас ч хийцээрээ ялгардаг аж.
Уран баганын үндсэн 3 төрөл байх бөгөөд үүнд Дорик, Ионик, Коринт хэв маягууд багтдаг. Тэгвэл УДЭТ-ын хувьд Коринт буюу хамгийн уран хийцтэй баганаар хүрээлэгджээ. Уг хэв маяг нь эртний Грект үүсэж, хожим ромчууд энэ соёлыг тээж явсан аж. Тэгвэл энэ баганын цаана ямар утга санаа нуугдаж байгааг тайлах гэж оролдъё.
Коринт хотод амьдран суудаг байсан нэгэн охин нас нөгчиж, түүнийг асарч байсан сувилагч амьд ахуйдаа тоглодог байсан тоглоом, гоёл чимэглэлүүдийг нь сагсанд хийн булшин дээр нь тавьжээ. Улмаар бороо, салхинаас хамгаалах зорилгоор тухайн сагсаа чулуун хавтангаар хучсан байна. Сонирхолтой нь булшны байрлах газарт акантус хэмээх цэцгийн үндэс байж таарсан бөгөөд, хавар болоход навч, мөчир өнөөх сагсыг бүрхсэн байжээ.
Уран барималч Каллимах тус булшны дэргэдүүр өнгөрөхдөө цэцэг, навчаар ороогдсон сагснаас санаа аван шинэ хэлбэрийн баганын загварыг гаргасан гэдэг. Улмаар энэ баганаа тус булш байрлах Коринт хотын барилгуудад шингээснээр тус баганын хэв маягийн үүсэл түүнээс эхтэй гэж үздэг.
Уг домгийн гол санаа нь үхлийг ялан дийлсэн байгалийг илтгэх аж. Тиймдээ ч Грекийн газар нутагт элбэг харагдах Акантус цэцгийг шинэ амьдрал, шинэ эхлэлийн бэлгэ тэмдэг болгон ашигладаг байжээ. Улмаар Каллимах уг цэцгийг шинэ баганын загвартаа шингээсэн нь ч адил утгатай байж магадгүй юм.
Нөгөөтээгүүр, Коринт баганыг урлах дэг нь Грекийн урлаг, архитектурын хувьслыг илэрхийлдэг. Тус багана нь хийцийн хувьд нарийн төвөгтэй, тансаг чимэглэлийг багтаасан байх бөгөөд эртний Грекийн архитектурын хөгжил энгийнээс онцгой руу үсэрч буй шилжилтийг харуулдаг. Улмаар Каллимахусын акантус цэцгийг оруулан урласан уг багана нь Грекийн урлагт инноваци, бүтээлч байдлыг авчран, шинэ эрин үеийг эхлүүлсэн гэж хэлэхэд буруудахгүй юм.
УДЭТ-ын зураг төслийг Монголын ууган архитектурчдын нэг Б.Чимэд гуай гаргаж байжээ. Тэрээр дэлхийн өөр хаанаас ч олох боломжгүй онцлог баганын толгойг бүтээсэн бөгөөд баганын дээд хэсэгт акантус цэцгээс гадна монгол морины толгойг сийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, олон мянган жилийн түүхтэй урлагын илэрхийлэмжийг монгол үндэсний соёл, бэлгэ тэмдэгтэй хослуулж, давтагдашгүй хийцийг гаргасан бөгөөд энэ нь уг барилга зөвхөн Монголд төдийгүй дэлхийн олон орны барилгуудаас ялгарахад хүргэдэг ажээ. Улмаар 2011 онд “Монголын архитекторуудын эвлэл”-ээс тус барилгыг Азийн архитектурын өвд бүртгүүлж, монгол түмнийг илтгэж, онцлогийг нь тээх СОЁЛЫН ҮНЭТ ӨВ хэмээн мөнхөлсөн билээ.
Тэгвэл бид хотынхоо хөгжил, соёлыг тэнгэр баганадсан өндөр шилэн барилгаар хэмжих үү? Соёлын өв болоод сэтгэлгээний онцлогийг шингээсэн урлагийн бүтээлээр илэрхийлэх үү? Хариултыг уншигч танд үлдээе.
Энэхүү соёлын гайхалтай илэрхийлэл болсон баганын хийцлэлээс өмнө доорх хоёр баганыг дурдахгүй өнгөрөх боломжгүй юм. Тус бүр өөрсдийн гүн утга илэрхийлэмж, сэтгэлгээний өөрчлөлтийг мөн харуулдаг.
№ | Нэр | Илэрхийлэмж | Жишээ барилга | Холбогдох домог | Жишээ барилга: Улаанбаатар |
1 | Дорик | Хүч чадал, ухаалаг байдал, дэг журам, сахилга батыг бэлгэддэг. | Парфенон бол Дорик дэг жаягийн хамгийн алдартай жишээнүүдийн нэг бөгөөд МЭӨ 5-р зуунд Афин дахь Акрополис дээр баригдсан. Энэ нь тус хотын ивээн тэтгэгч бурхан Афинад зориулагдсан бөгөөд сүм хийд, Афины хүч чадал, соёлын бэлгэдэл болж байв. | Грекийн домог зүйд Дорик дэг жаягийг тусгайлан дурдаагүй боловч түүний үүссэн соёл, түүхийн нөхцөл байдалтай холбоотой олон түүх, домог байдаг. Жишээ нь: Афина болон далайн бурхан Посейдон нар Афиныг захирахын төлөөх өрсөлдөөн. | Спортын Төв Ордон |
2 | Ионик | Гоо үзэсгэлэн, бүтээлч байдал, оюун ухаан | Ефес дэх Артемисын сүм нь эртний дэлхийн долоон гайхамшгийн нэг бөгөөд Ариун сүмийг Ефесийн ивээн тэтгэгч бурхан болсон Грекийн дарь эх Артемидад зориулав.
| Эртний Грекийн архитектурын бусад дэг жаягийн нэгэн адил Ионы захиалга нь тодорхой домог гаралтай байдаггүй. Гэсэн хэдий ч тус хэв маягийг ашигласан уран барилга түүнтэй холбоотой илэрхийлэмж, домгийг судалж болно. Жишээ нь, Артемистай холбоотой домог түүх байж болно. | Гадаад харилцааны яам |
Нийтлэлийг бичсэн: Г.Дашням
Гэрэл зургийг: Л.Буд
Редакторласан: Б.Хонгор, Г.Цэнд-Аюуш
Сэдвийн санааг: "Criticus" клуб