Хэрхэн бүтээмжээ "boost" хийх вэ?


2032 цаг буюу 254 өдөр. 2024 он 366 хоногтой бөгөөд үүнээс амралтын өдөр болон бүх нийтээр амрах тэмдэглэлт өдрүүдийг хасан тооцвол 254 өдрийг, ажлын дундаж цагийг 8 цагаар тооцвол 2032 цагийг бид ажлын байран дээрээ өнгөрүүлэх нь. Тэгвэл бид энэ жил 2032 цагийн турш үр бүтээмжтэй ажиллаж чадах болов уу?
Заримдаа зүгээр л цонх ширтэн гунигийн дуу сонсож өнгөрөөмөөр өдрүүд амьдралд бишгүй л олон. Дутуу нойртой, сэтгэл санаа тогтворгүй үед, аль эсвэл температурын нөлөөнөөс шалтгаалаад хэчнээн хичээгээд гараас юм гардаггүй мөчүүд ч байдаг шүү дээ. Тэгвэл ийм үед бүтээмжээ хэрхэн дээшлүүлж, өөрт оноогдсон ажлын 8 цагийг яаж “тултал” ашиглаж болохыг доорх нийтлэлээс хүлээн авч уншаарай.
😩Ажлын хэт их ачаалал бол бүтээмжийн гол “алуурчин”

Хэт их ачааллаас үүдэлтэй ажлын стресс нь ажиллах эрч хүчийг бууруулж, улмаар гүйцэтгэлд нөлөөлдөг байна. Мөн төгс төгөлдөрт тэмүүлж, хариуцсан ажлаа 110 хувийн гүйцэтгэлтэй давуулан биелүүлэх гэсэн хүсэл дараа дараагийн ажлыг үгүй хийдэг бөгөөд эцэст нь бидэнд дуусгах ёстой ажлын “овоо” л үлдээдэг. Иймд бүтээмжээ дээшлүүлэхийн тулд нэн тэргүүнд маш сайн төлөвлөх хэрэгтэй болж таарлаа.
Харин энэ удаа нөгөө л нэг нэгэн хэвийн уйтгартай арга барилаар ажлын төлөвлөгөө боловсруулахын оронд 1-3-5 зарчмаар төлөвлөгөөгөө гаргаад үзээрэй. Энэхүү арга нь тухайн өдөрт хийх ёстой нэн шаардлагатай буюу цар хүрээний хувьд 1 том ажил, хийх шаардлагатай 3 ажил, хийвэл зохих 5 ажлын жагсаалт гаргахыг хэлдэг байна. .
❓Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй л байна уу?

Нэг л төвлөрч чадахгүй үедээ эргэн тойрныхноо ажихад бүгд завгүй, дор бүрнээ нухацтай царайлж, ажлыг маналзуулж байх шиг санагдаж, өөрийгөө “суга”-аар мэдэрдэг. Тэгвэл үнэхээр та л ганцаархнаа тогтож сууж чаддаггүй, өрөмний өт шиг хүн гэж үү? Үгүй дээ, бид бүгд ажлын явцад анхаарал төвлөрөлтөө алдаж орхидог. Тэгвэл энэ үеийг “помодоро арга”-ын тусламжтайгаар давж гарч болох юм. Энэ нь 25 минутын турш хийж буй зүйлдээ галзуу төвлөрч, 5 минутын завсарлага авах арга юм. Ингэснээр хийж буй ажилдаа чанартай цагийг зарцуулж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой.
💫Ажиллах хүсэл оргилох ажлын “орчин”

Үр бүтээмжтэй ажиллахад ажлын орчин нөлөөлдөг. Тодруулбал, Английн эдийн засгийн сэтгүүлч Тим Харфордын хийсэн судалгаагаар ажилчдад оффисоо тохижуулахыг зөвшөөрөх нь ажлын бүтээмжийг 30 хувиар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Иймд яг л гэртээ байгаа мэт тав тухтай орчныг бүрдүүлж чадвал ажилчдын стрессийн түвшин буурч, төдий чинээ ажиллах бүтээмж дээшлэх боломжтой байна. Мөн албан тасалгаандаа байгалийн гэрэл оруулах, ургамал тарих, биед ээлтэй ширээ сандал буюу эргономик тавилга зэргийг сонгох нь ажилчдын бүтээмжид шууд утгаараа нөлөөлдөг байна.
🧑💻Ажлын бүтээмж = Уур амьсгал

WPI Economics-ийн саяхан гаргасан судалгааны тайланд эрүүл мэнд, сэтгэл санааны байдал нь ажлын бүтээмжтэй уялдаа холбоотой гэдгийг тусгажээ. Тодруулбал, 4,000 гаруй ажилтнаас авсан судалгааны үр дүнд судалгаанд оролцогчдын 80 хувь нь эрүүл, аз жаргалтай үедээ илүү идэвхтэй буюу ажлын бүтээмж өндөр байдаг хэмээн хариулсан байна. Иймд бүх л өдрийн турш ширээний ард компьютер ширтэж суухын оронд тогтмол “биеийн тамир”-ын цагтай болж, 15-20 минутыг дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулснаар бүтээмж нэмэгдэхийн сацуу багийн уур амьсгал сайжирч, нэг сумаар хоёр туулай буудах боломжтой. Энэ хугацаанд амьсгалын дасгал, анхан шатны иог, аэробик гэх мэт дасгал хөдөлгөөн хийснээр аз жаргалын даавар нэмэгдэж, ажлын бүтээмжийг супер нэмэгдүүлдэг байна. Мөн ширээний теннис болон шатар, даам зэрэг хөлөгт тоглоомыг оффистоо байрлуулснаар бие бялдарын хувьд өв тэгш, тархины булчинтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх боломжтой гээд бод доо.
![]()
💪Урамшуулаад л байвал урагшлаад л байна
Зөвхөн багачууд л өгсөн даалгаврыг биелүүлснийхээ дараа шагнуулах дуртай байдаг гэж үү? Хэдий ажил эрхэлж, хариуцлага хүлээх насанд хүрсэн ч томчуудад ч бас урам өгөх зүйлс хэрэгтэй байдаг. Удирдах албан тушаалтны зүгээс байнга үүрэг даалгавар өгч, харилцаанд зөвхөн зааварлагч байдлаар оролцдог тохиолдолд ажилтны сэтгэл зүй, ажлын бүтээмж өндөр байх боломжтой болов уу? Иймд тухайн ажилтны хийж буй үйлдэл бүхэн байгууллагат үнэ цэнтэй гэдгийг ойлгуулж, урамшуулж, талархал, сайшаалын үгийг харамгүй хэлэх нь ажлын бүтээмжийг дээшлүүлдэг аж. Үүнээс гадна “тоглоомын” аргаар ажилчдын сэтгэл санаа, урам зоригийг нэмэгдүүлэх боломжтой. Жишээлбэл:
- Долоо хоногийн шилдэг борлуулагч
- Хамгийн өндөр ирцтэй ажилтан
- Өгөгдсөн даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэсэн ажилтан
- Энэ долоо хоногийн турш эерэг энергийг бусдад түгээсэн нэгэн гэх зэргээр
ажилчдаа идэвхжүүлж, нэг өдөр гэрээсээ ажиллах эрх, амттай хоол авхуулах эрх зэргээр урамшуулах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг байна. Харилцаанаас харилцаа үүсдэг тул урамшуулаад л байвал урагшлаад л байна шүү дээ.