Маникюр: Эртний ихэс дээдсийн тансаглал энгийн хэрэглээ болсон түүх
Гоо сайхан
Б.Намуун
Б.Намуун
2024.08.06
5 минут
Маникюр: Эртний ихэс дээдсийн тансаглал энгийн хэрэглээ болсон түүх

Шинэхэн маникюр хийлгээд л сэтгэл санаа сэргээд сайхан болдог доо. Хэд хоногтоо юу ч хийсэн гэнэт хумсаа харж, мишээгээд л. Ийнхүү мишээж байхдаа маникюр ер нь хэзээ, хаанаас үүсэж явсаар өнөөдрийн энэ өнгө төрхөө олсон юм бол гэж бодож байв уу? 

Өнөөдөр ажиллаж, амьдардаг орчны тань өнцөг булан бүрд буй маникюрын салоны үүсэл МЭӨ 3000 оноос эхтэй. 2022 онд Статистагийн хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 20 хувь нь сард нэг удаа, 10 орчим хувь нь хоёр долоо хоног тутамд хумсаа янзлуулдаг гэнэ (Style Seat, 2023). Өдгөө хумсаа будуулж, янзлуулах нь нүүр гараа угаахтай л адил энгийн, давтамжит зүйл болсон билээ.  

Эртний Египет: Эрчүүд ч гэсэн хумсаа арчилна шүү дээ! 

Эртний египетчүүдийн хумс арчилгааны зориулалтаар ашиглаж байсан янз бүрийн багаж хэрэгсэл олдсон байдаг. Үүнд цахиур, металл, ясаар хийсэн хумсны хуурай, хумсыг цэвэрлэж, хэлбэржүүлэх зориулалттай саваа, чулуунууд багтжээ.  

Маникюр: Эртний ихэс дээдсийн тансаглал энгийн хэрэглээ болсон түүх

Эртний Египетийн хамгийн өвөрмөц зан үйлийн нэг бол ургамлаас гаргаж авсан байгалийн будаг болох хенна ашиглан хумсаа будах юм. Хумсны өнгө, байдал нь нийгмийн статусыг илтгэдэг байсан бөгөөд дээд давхарга нь илүү нарийн хээтэй будалт хийдэг байжээ (Suzanne E. Shapiro, 2014). Фараон, язгууртнууд зэрэг дээд зиндааныхан бараан өнгийн хеннагаар буддаг байсан бол доод статустай хүмүүс цайвраар будах, эсвэл огт буддаггүй байсан байна. Хумсаа янзалж, хенна зуруулах нь дан ганц амьд оршихуйд ч биш үхлийн дараах амьдралд ч чухалд тооцогддог байв. Фараонууд болон бусад өндөр албан тушаалтнуудыг оршуулахдаа үзэсгэлэнтэй чигээр нь хадгалахын тулд муммижуулдаг байсан ба ингэхдээ хенна хийдэг байжээ. Сонирхолтой нь одоо л хумсаа янзалж, арчлах нь эрчүүдийн зүйл биш юм шиг хүлээж авдаг болсноос биш анхны үүсэл гарлаасаа л хумс арчилгаа нь эрчүүдийн хувьд чухал зүйл байсан аж.  Тутанхамон зэрэг эртний Египетийн нөлөө бүхий хүмүүс хумсаа маш нарийн арчилдаг байсан нь тэдний булшнаас олдсон олдворууд болон муммижуулсан үлдэгдлээр нотлогддог.  

Эртний Хятад: Хумсаа хүртэл алт, мөнгөөр чимэглэх нь 

Хятадад хумс арчилгааны арга барил МЭӨ 3000 оны үеэс эхтэй. Мин гүрний үед (1368-1644) хааны гэр бүлүүд хумсаа урт ургуулж, алт, мөнгөөр чимэглэдэг байв (Ming Wang, 2010). Харин хумсаа арчлахдаа цэцэг, лаа, өндөгний цагаанаар хийсэн будагч бодис зэрэг байгалийн гаралтай орцуудыг ашигладаг байжээ. 

Маникюр: Эртний ихэс дээдсийн тансаглал энгийн хэрэглээ болсон түүх

Жоу гүрний үед (МЭӨ 1046–256) язгууртны хумсыг будахад алт, мөнгийг ихэвчлэн ашигладаг байсан ба эдгээр үнэт металл нь эрх мэдэл, статусын бэлгэдэл байв. Мин гүрний үед (МЭ 1368–1644) араб бохь, желатин, лаа, өндөгний цагааныг ашиглан хумсны илүү боловсронгуй лакыг бүтээжээ. Уг лак нь язгууртнуудын дуртай металл гялгар будалтыг хийх боломжийг нэмсэн юм.  

Мөн Хятадын язгууртнууд урт хумсыг онцгойд тооцдог байсан ба хэдэн см хүртэл ургуулан, алт, мөнгө, хаш чулуугаар хийсэн урт хумс бүхий чимэглэл зүүдэг байсныг бид олон киноноос харсан. Нэг ёсондоо урт хумс нь гараараа ажиллах шаардлагагүй, тансаг амьдралтай нэгэн гэдгийг илтгэдэг. Энэ уламжлалтай холбоотой хамгийн алдартай хүмүүсийн нэг бол Чин гүрний хатан хаан Довагер Циси юм. 

Эртний Ром: Хонины өөх, цусаар хумсаа буддаг байжээ 

Маникюр: Эртний ихэс дээдсийн тансаглал энгийн хэрэглээ болсон түүх

Ромын эмэгтэйчүүд хумсаа будахын тулд хонины өөх, цусыг ашигладаг байв. Мөн хумсны хутга, хуурай зэрэг маникюрын багажууд Ромын балгасаас олдсон байдаг (Marie-Louise Nosch, 2006). Ромын эзэн хааны халуун усны цогцолбор болох термаг гоо сайхны газрын зориулалтаар ашигладаг байсан ба язгууртнуудын хумсыг зарц нар нь арчилж, янзалдаг байжээ. Эртний Египет, Хятадаас ялгаатай нь Ромчууд хумсаа өнгөөр будахаас илүүтэй байгалийн өнгийг нь сэргээж, цэвэр цэмцгэр байхын тулд оливын тос түрхдэг байв.  

Монголчууд: Гүнж нарын булбарай арьсны нууц - сүүгээр гараа угаах 

Маникюр: Эртний ихэс дээдсийн тансаглал энгийн хэрэглээ болсон түүх

Монголын уламжлалт соёлд нүүдэлчин амьдралын хэв маяг ихээхэн нөлөөтэй. Тал хээрийн эрс тэс уур амьсгал, өдөр тутмын амьдралын хэв маяг нь гоо сайхнаас илүү амьдралын асуудалд санаа зовоход нөлөөлсөөр ирсэн байж болзошгүй юм. Гэсэн хэдий ч түүхэн ном, зохиолуудад бусад улсуудын адилаар хатад, гүнж нар сүүнд усанд орж, сүүгээр гараа угаадаг байсан талаар гардаг нь гарын арьс арчилгаа, хумсны гоо зүйг чухалчилдаг байсныг илтгэж байна. Түүнчлэн бусад улс орнууд хумс арчилгаанд ургамлын тосыг ашигладаг байсны адил амьтны гаралтай өөх тосыг арьс, хумсаа арчлахдаа ашигладаг байжээ. Тухайлбал, хонины сүүлний тосыг монголчууд уламжлалт анагаах ухаан, арьс арчилгаандаа хэрэглэсээр ирсэн байдаг. Сүүлний тос нь эрс тэс уур амьсгалтай газар арьс хуурайшиж, хагарахаас хамгаалахаас гадна өөхний хүчил нь хумсыг бэхжүүлж, хугарахаас сэргийлдэг.  Монголчууд эртнээс бусад улстай түүхэн харилцаатай байсны хувьд тэдний хумс арчилгааны соёл ч бидэнд үлдсэн байж болох юм.  

Орчин үеийн маникюрын үүсэл 

1830 онд Европын хөлийн эмч, доктор Ситтс анхны хумс түлхэгч модыг бүтээсэн нь орчин үеийн дэвшилтэт маникюрын эхлэл болсон (Suzanne E. Shapiro, 2014). Харин 1916 онд Cutex компани анхны шингэн хумсны будгийг танилцуулснаар өнөөдөр бид хумсаа олон янзын өнгөөр хялбархан будах боломж бүрдсэн билээ (Geoffrey Jones, 2010). 

Маникюр: Эртний ихэс дээдсийн тансаглал энгийн хэрэглээ болсон түүх

“Дасгал хийхгүйгээр галбирыг нь өөрчлөх боломжтой ганц зүйл бол хумс” гэдэг үг байдаг даа. Тэгвэл 1950-иад онд шүдний акриликийг хумсанд хэрэглэснээр хүссэнээрээ хэлбэр, хэмжээг нь өөрчлөх боломжтой хиймэл хумс бий болжээ. Үүний дараа 1970-1980-аад онд мөн л шүдний эмнэлэгт ашигладаг байсан хэт ягаан туяаны гэрлийн технологийг хумсны салбарт нэвтрүүлсэн нь гелин хумс, будалтыг хийх дэвшилтэт арга болсон юм.  

Ихэс дээдсийн л хийлгэдэг байсан зүйл “Сайн маникюргүйгээр хэзээ ч бүрэн төгс хувцаслалт болохгүй” гэдэг үг гартлаа энгийн хэрэглээ болж хөгжин, олон зууны турш хувьсан өөрчлөгдсөөр ирсэн бөгөөд маникюрын хувьсал нь дан ганц гоо сайхан бус соёл, нийгмийн өргөн хүрээний өөрчлөлтөд хүргэн, одоо ч зогсолтгүй хөгжсөөр байна. Та хамгийн сүүлд хэзээ маникюр хийлгэсэн бэ? 

Маникюр: Эртний ихэс дээдсийн тансаглал энгийн хэрэглээ болсон түүх