Урлагийн түүхээр аялах нь: Дахин сэргэлт


Урлаг судлаач, шүүмжлэгчид болон урлаг сонирхогчдын анхаарлыг өнөөг хүртэл татсаар ирсэн уран бүтээлч бол Леонардо да Винчи. Тэрбээр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн алдартай уран бүтээл болох “Мона Лиза”, “Сүүлчийн оройн зоог” зэрэг бүтээлээ дахин сэргэлтийн цэцэглэлтийн үед туурвиж байв. Тэгвэл Да Винчи үнэхээр суут нэгэн байсан уу? Аль эсвэл амьдарч байсан нийгэм цаг үе нь түүнийг суут уран бүтээлч болгон төрүүлэв үү? Урлаг бол нийгмийн тусгал. Бид бол урлагийн дүр. Бодит ертөнц дээр оршин буй бүхэн уран бүтээлчийн мэдрэмжээр амилан урлагийн бүтээл болон хувирдаг…
Ийн эргэцүүлбээс Леонардо да Винчи анхнаасаа суут нэгэн байсан юм биш харин дахин сэргэлтийн үеийн нийгэм түүнийг суут болгосон мэт. XIV-XVI зуунд эртний Грек, Ромын сүрлэг бадрангуй урлагийн хэв маягийг ахин шүтэх болж, өндөр боловсролтой, чинээлэг иргэдийн хүрээнд эртний сэдэвт үлгэр домог, гүн ухааны итгэл үнэмшил дэлгэрэх болсон нь энэ үеийн урлагт “сэргэлт авчрах” үндэс суурь болжээ. Хөрөнгөтэй гэр бүлийнхний захиалгаар урлаг амилж, уран бүтээлчид амьдралаа залгуулж ирсэн нь хожим бидний мэдэх алдартай бүтээл болон хувирсан байдаг. Микеланжелогийн “Давид”, “Сүүлчийн шүүлт”, Альбрехт Дюрерийн “Өөрийн хөрөг”, Рафаэлийн “Афины дэг сургууль” зэрэг бүтээлүүд дахин сэргэлтийн энэ л үед төрөн гарчээ. Тэгвэл эдгээр бүтээл өнөөг хүртэл бидний зүрх сэтгэлд бодитоор амилсаар буйн нууц юунд оршиж байна вэ?
13-р зуунд Европт тархсан тахал, нийгэм цаг үеийн ороо бусгаа байдал зэрэг нь дундад зууны үеийн урлагийн бүтээлд нэвт шингэж, хийсвэр дүрслэлүүдээр урлаг амьсгалах болов. Энэ үед урлагийн бүтээлээр дамжуулан үзэгчдэд гоо зүйн таашаалыг мэдрүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх нэгэн шинэ үе мэндэлсэн нь “Дахин сэргэлт” байлаа. Дундад зууны үеийн хийсвэр дүрслэлийг халж, эртний Грек, Ромын урлаг дахин сэргэж буйг тунхагласан “ренессанс” гэх энэ нэршлээс хойш урлаг жинхэнэ утгаараа сэргэсэн гэхэд хилсдэхгүй. Учир нь энэ үеийн урлаг анх удаагаа өөрийн гэсэн үнэт зүйлсийг цогцлоож, сайхны бие даасан салбарыг бий болгожээ.
Урлагийг “урлагийн нүдээр” харж эхэлсэн нь
Дахин сэргэлтийн үед ямарваа нэгэн зорилгын дор урлаг орших бус цэвэр уран сайхан, гоо зүйн мэдрэмжид үндэслэн уран бүтээл туурвих болсноор хүмүүсийн урлагт хандах хандлага өөрчлөгдөж, тэр хэрээрээ урлагийн үнэ цэн нэмэгдэх болов. Дахин сэргэлтийн үеийн онолч, гоо зүйчид уран сайхны дүрийн тухай асуудалд философийн диалектик байр сууринаас хандаж байсан нь дүрээр дамжуулан гоо сайхан, төгс төгөлдрийг түгээж, урлагийн бүтээлийг жинхэнэ утгаараа таашааж эхэлжээ.
Сандро Боттичэллигийн /1445-1510/ “Венера мэндэлсэн нь” хэмээх энэхүү бүтээлийн гоо сайхан, энхрий ялдам чанараар дамжуулан урлагийн болоод дотоод ертөнцийнхөө гүнд нэвтрэх боломжтой нь тус бүтээлийн мөн чанарыг илэрхийлэх мэт. Боттичэлли хайр дурлал, гоо үзэсгэлэнгийн бурхан Венусыг нүцгэн дүрсэлсэн ч бид эндээс нүгэл хилэнцийг бус эмэгтэй хүний ялдам төрх, ариун байдлыг олж хардаг нь зураачийн ур чадвар буюу алтан шаргал үс, туяарсан улбар хацар, булбар цагаан арьс зэргийг “амьд” мэт дүрсэлсэнтэй холбоотой аж.

Эртний Грек, Ромын суу алдрыг ахин сэргээх мөрөөдлөөр италичууд жигүүрлэж, нийгмийн гэгээрсэн иргэдийн хүрээнд эртний үлгэр домог, хууч яриа дэлгэрэх болжээ. Тэд “Эртний грек, ромчууд асар ухаалаг, мэргэн цэцэн байсан” гэдэгт итгэдэг байсан бөгөөд домог, хууч ярианы цаана орших жир биш ухааны тайллыг эрэлхийлдэг байв. Иймд хотын гадна байх сууцандаа зориулан “Бурхны хайраар бий болсон гоо сайхан энэ ертөнцөд нууцлаг байдлаар ирсний бэлгэдэл” болох Венераг Мэдичигийн гэр бүлийн гишүүн захиалгаар зуруулж байсан түүхтэй.
Урлагт нуугдсан эрдэнэс: Шинжлэх ухаан
Дахин сэргэлтийн үеийн уран бүтээлчид урлагийг танин мэдүүлэх ач холбогдолд ихээхэн анхаарч, юмс үзэгдлийг гадна талаас нь аль болох төстэй дүрслэх болов. Дундад зууны үеийн бэлгэ тэмдгийн шинжтэй урлагт шийдвэрлэх эргэлт хийж, бодитойгоор дүрслэх хэлбэрт шилжсэнээр уран сайхны арга хэрэгсэл өөрчлөгджээ. Ийнхүү шугамын болон орон зайн алслалт, гурван хэмжээст эзлэхүүн, харьцааны тухай ойлголт урлагт бий болсон байна.
Алслалтын техник, орон зайн дүрслэлийг хамгийн сайн гаргаж байсан уран бүтээлчдийн нэг бол Мазаччо /1401-1428/ юм. Тэрээр “Ариун гурвал” бүтээлдээ эртний Грек, Ромын сонгодог архитектурын хэв маягийг шингээж, алслалтын гайхамшгийг ашиглан орон зайг бий болгосон энэхүү дүрслэл уран баримал шиг харагдах нь олонтоо бөгөөд үзэгчдэд яг л бодит үйл явдлын дэргэд буй мэт мэдрэмж төрүүлдгээрээ хосгүй бүтээлд тооцогддог ажээ.

Уран зургаар орчлонг тольдохуй
Дахин сэргэлтийн үе зөвхөн урлагийн ертөнцөд тэсрэлт хийгээд зогсохгүй хүн төрөлхтний бүхий л орон зайд буюу шинжлэх ухаан, математик, философийн салбарт ч нөлөөлсөн байдаг. Зарим уран бүтээлчид өөрийн бүтээлээр дамжуулан нийгмийг соён гэгээрүүлэх, орчлонгийн мянга мянган асуултын учгийг тайлах замаар үзэгчдийн оюун санаанд гүн бодрол үлдээсний нэг нь Рафаэлийн /1483-1520/ “Афины дэг сургууль” юм.
Эртний Грекийн сонгодог төлөөлөгчид болох аугаа сэтгэгч Аристотель, Платон нарын ертөнцийг үзэх суурь үзэл, гүн ухааны талаарх ойлголтод тулгуурлан дүрүүдийг хоёр талд дүрсэлжээ. Тодруулбал, Аристотель болон түүний сургаалыг дагагч материалист үзэлтнүүдийг бөмбөрцөг барьсан, шинжлэх ухаанч байдлаар баруун талд дүрсэлсэн бол Платон болон түүний сургаалыг дагагч идеалист сэтгэгчдийг ном товхимол барьсан, хоорондоо хэлэлцэж, бодлогоширсон байдлаар зүүн талд дүрсэлсэн байдаг.

Эгэл тусмаа үзэсгэлэнтэй
Дахин сэргэлтийн үеийн соёлд шашны нөлөө улам багасаж байсан ч өдөр тутмын амьдралд тэр дундаа Ромын католик шашны төв байрлаж байсан Италид чухал хэвээр байлаа. Харин урлагт шашны сэдэвт бүтээлийг алтан шаргал дэвсгэр бүхий хэтийдсэн дүрслэлтэй дундад зууны үеийн хэв маягаар бус бүтээлийн гол дүрүүд болох Христ, Мадонна, гэгээнтнүүдийг илүү бодитоор, хүншүүлэн дүрсэлж байснаараа дахин сэргэлтийн үеийн шашны сэдэвт урлагийн онцлог оршино. Жишээлбэл, уран бүтээлч Рафаэль “Сикстиний эх дагина” бүтээлээ тайлбарлахдаа “Миний бүтээсэн дагина бол үлгэр домгийн дарь эх биш, харин энэхүү дүрээр төлөөлүүлэн зуун эмэгтэйн зуун шинжийг шингээсэн” гэжээ.

Дахин сэргэлтийн үеийн уран бүтээлч, онолчид өөдрөг үзэл, баатарлаг явдал, урам зоригийг дээдэлж байсан тул урлаг дахь сүрлэг бадрангуй байдал, өв тэгш зохицол, гоо сайхан чанар, шударга ёс зэрэг категориудад онцгой анхаарч байсны илрэл бол дээрх бүтээлүүд.
Урлагаас бид айдас түгшүүр, тайтгарал, гайхширлыг мэдэрч, урлагаар дамжуулан дотоод зүрх сэтгэл дэх өөртэйгөө холбогддог тул урлаг бидний сэрэл мэдрэмжийн тусгал. Оргүй хоосныг уран бүтээлчид амилуулж, одоогоос мянга мянган жилийн өмнөх нийгэмд өдөр бүр амьдрах боломжийг урлаг бидэнд олгодог. Олон төрлийн хэв маяг, өнгө будгийн хоршил өнөөгийн урлагийг цогцлоож, он цагийн хэлхээ бүрд урлаг өөрийн үүргээ гүйцэтгэсээр ирсэн тул “урлагийн түүх” өөрөө гайхамшиг гэлтэй. Тэгвэл таны хувьд урлагийг “урлаг” хэвээр нь хадгалж үлдсэн цаг үе аль вэ?
| Ашигласан эх сурвалж |
| Б.Дэлгэрмаа, Сэргэн мандалтын үеийн соёл, УБ, 2002 |
| Э.Х.Гомбрих, Урлагийн түүх, УБ, 2010 |
| Б.Дэлгэрмаа, Гоо зүй сурах бичиг, УБ, 2011 |
| Masaccio, Holy Trinity |
| Raphael, School of Athens |