Постер урлаг мөн үү?


Та зурагт хуудас бидний дотоод мэдрэмж, сэтгэлийг хөдөлгөж чаддаг гэдэгт итгэдэг үү? Бид өдөр бүр өнгөлөг, анхаарал татсан постеруудаар хүрээлүүлэн амьдардаг. Зар сурталчилгаа, кино, хөгжмийн фестиваль, нийгмийн уриалга гээд бүгд бидэнтэй өнгө, дүрс, үгсийн хэмнэлээр "ярилцдаг" шүү дээ. Гэвч ихэнх хүмүүсийн "зар сурталчилгаа, мэдээлэл дамжуулагч" гэх энгийн тодорхойлолтоор хүлээж авдаг энэ зүйл урлаг мөн үү?
Урлаг гудамжинд төрсөн нь
Арван есдүгээр зууны сүүлчээр Парисын гудамжнууд өөр өөрийн өнгө, амьдралын ритмээр амьсгалж эхэлжээ. Учир нь аж үйлдвэрийн хувьсгал, литографи буюу чулуун хэвлэлийн технологийн хөгжлийн нөлөө нь уран бүтээлчдэд бүтээлээ олон өнгө, олон хувилбараар хэвлэн олон нийтэд хүргэх боломж олгосон байна. Ийнхүү хүмүүс өглөө ажилдаа явахдаа эсвэл орой гэртээ харихдаа хаа сайгүй өлгөөтэй, өнгөлөг зурагт хуудаснуудыг харах болсон нь өдөр тутмын амьдралыг илүү сонирхолтой болгож байв.
Энэ цагт хотын булан тохой бүрд театр, хөгжөөнт цэнгээний газар, кафе шинээр нээгдэж, уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ олон нийтэд хүргэх шинэ орон зайтай болсон нь тухайн үеийн Парисыг урлагтай холбож байлаа. Өөрөөр хэлбэл, урлаг гудамжинд төрж, нийтийн амьдралд шингэж эхэлсэн цаг үе юм.
Харин Парисын гудамжийг хар бараан өнгөтэй, уйтгартай зарлалуудаас чөлөөлж, урлагийн “амьтай гудамж" болгон хувиргасан уран бүтээлч бол Францын нэрт уран бүтээлч, график дизайнер Жюль Шере юм. Тэрбээр Парисын “Belle Époque” буюу гоёмсог үеийн чөлөөт, өнгөлөг амьдралын уур амьсгалыг өөрийн постерууддаа шингээж, энгийн зар сурталчилгааг урлагийн бүтээл болгож чадсанаараа онцлог байлаа. Тэрбээр тод өнгө, хөнгөн хөдөлгөөн, инээмсэглэсэн эмэгтэй дүрүүдээр үзэгчдэд баяр баясгалан, урам зоригийг мэдрүүлдэг байв.
![]()
Шерегийн постерууд өнгөний зохицол, дүрслэлийн эрч хүч, хөдөлгөөнөөрөө хөгжим шиг хэмнэлтэй бөгөөд үзэгчийн сэтгэлд шууд нөлөөлөх хүчийг агуулсан нь хожмоо “орчин үеийн постерын эцэг” гэгдэх урлагийн түүхэнд мөнхөлж үлдэх уран бүтээлч болгосон юм.
Дуу хоолой, хүч, үзэл санааны зэвсэг болсон үе
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр постерын утга, зорилго арилжааны хүрээнээс давж, нийгэм, соёлын сэтгэлгээний тусгал болон өөрчлөгджээ. Уран бүтээлчид постерыг үзэл санаа, гоо зүйн туршилт хийх уран бүтээлийн талбар болгон ашиглаж эхэлсэн байна.
Хорьдугаар зуунд постер урлаг хамгийн хүчтэй хөгжлийн эрин үеэ туулсан бөгөөд зорилго нь өргөжиж, урлагийн хэл, улс төр, нийгмийн хэрэгцээнд чиглэсэн хэрэгсэл болсон юм. Дэлхийн томоохон дайнуудын үед постерууд фронтод биш, хүмүүсийн сэтгэлд тулж, эв нэгдэл, эх оронч сэтгэлгээг бадраах үүрэг гүйцэтгэж байв. Америкийн үйлдвэрийн эмэгтэйчүүдэд зориулан бүтээсэн Ж.Ховард Миллерийн “We Can Do It!” постер нь итгэл, хамтын хүчийг уриалан, үзэгчдэд урам зориг өгөх хүчтэй илэрхийлэл болж чадсан билээ.
![]()
Зөвлөлтийн ухуулгын постерууд өнгөний хүчирхэг контраст, хөдөлгөөний динамикаар хувьсгалт эрч хүчийг дамжуулж, “урлаг ард түмний төлөө” гэсэн үзлийг бодитоор хэрэгжүүлсэн нь тухайн үеийн нийгмийн болон улс төрийн орчныг тодорхойлдог. Тухайлбал, Оросын конструктивизмын урсгалын зураач Александр Родченко өнгөний эсрэгцэл, геометрийн огцом шугам, диагональ зохиомж ашиглан үзэгчийн анхаарлыг богино хугацаанд татаж, мессежийг ойлгомжтой, шууд дамжуулахыг зорьжээ. Улаан, хар, цагаан өнгийн хослол, шулуун өнцөг, тэмдэглэгээний хэмнэлээр бүтээгдсэн түүний постерууд тухайн үеийн нийгмийн зорилго, хувьсгалын уриаг илэрхийлдэг байв.
![]()
1960-аад онд поп соёлын нөлөөгөөр постерууд урлаг ба хэрэглээний заагийг улам арилгаж, Энди Уорхолын “Marilyn Monroe” цуврал зэрэг бүтээлүүдийн тусламжтайгаар аливаа дүрслэл урлагийн хэлбэр болж чадахыг харуулсан юм. Ингэснээр постер нь зөвхөн ухуулга биш соёлын үнэт зүйл, эсэргүүцэл, нийгмийн үзэл санааны илэрхийлэл болон өргөжиж, орчин үеийн визуал соёлын чухал элемент болжээ. Урлаг судлаач Марта Розлерийн хэлснээр, постер бол үзэл санаа, эрх мэдлийн орон зайд өрнөх нүдээр үзэгдэх улс төр юм.
![]()
Шинэ үеийн шинэлэг постерууд
Орчин үед постер урлаг ханын гадаргууг чимэхээс гадна дэлгэцнээ амьдарч, шинэ орон зайд дүр төрхөө олжээ. Гэхдээ түүний үндсэн чанар болох мэдрэмж өдөөх, санаа илэрхийлэх урлаг хэвээр бөгөөд дижитал постерууд TikTok, Instagram, X зэрэг нийгмийн сүлжээнд хурдан тархаж, хувь хүний үзэл бодол, нийгмийн байр суурийг олон нийтэд дамжуулах хүчтэй хэрэгсэл болжээ.
Нэг уриа, нэг дүрслэл нь сая сая хүний сэтгэлд нөлөөлж, өөрчлөлтөд хүргэх чадалтай. Жишээлбэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Fridays for Future” хөдөлгөөний постерууд ногоон өнгийн бэлгэдэл болон дэлхий даяар тархаж, уур амьсгалын асуудлын талаарх олон нийтийн анхаарлыг татсан байдаг. Мөн хорин нэгдүгээр зууны феминизм, эрх чөлөөний хөдөлгөөний дижитал постерууд цахим жагсаалын самбар болон хувирч, үзэгчдийг санаа бодлоо илэрхийлэх, хамтдаа нэгдэн үйлдэх урам зоригтой болгож байна.
![]()
Ийнхүү орчин үеийн постер нь дэлхийн мянга мянган хүний сэтгэл, анхаарал, үзэл бодлын дунд бүтдэг урлаг болжээ. Энэ нь постерын мөн чанар, түүний нийгэм, соёл дахь нөлөө шинэ эринд хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг тод харуулж байна.
Постер яагаад урлаг хэвээр байна вэ?
Иймд постер гэдэг бидний бодол, сэтгэл, нийгмийн үзэл санааг өнгө, дүрс, үгээр дамжуулан хүргэдэг урлагийн хэл юм. Дайны үеийн ухуулгын постерууд эх оронч сэтгэл, эв нэгдлийг сэргээж байсан бол өнөөгийн стрийт арт, цахим постерууд нийгмийн асуудлыг хөндөж, хувь хүний доторх мэдрэмж, сэтгэл хөдлөлийг илэрхийлж, богино хугацаанд их санааг дамжуулж байна. Тиймээс өнөө цагт бид бүгдээрээ уран бүтээлч юм. Учир нь постерыг хэн ч бүтээж, өөрийн үзэл санаагаа нийгэмд түгээх боломжтой. Гагцхүү жинхэнэ урлаг мөн эсэхийг үзэгчид шийдэх бөгөөд тэднийг бодож, эргэцүүлэхэд чиглүүлж чадаж байгаа эсэх л постерын гол мөн чанар юм. Дүрсээр бодол дамжуулж, өнгөөр мэдрэмж төрүүлж, хүмүүсийг сэтгэхэд урам өгдөг учраас постер нь урлагийн хүчтэй хэл хэвээрээ оршсоор байна. Тиймээс та дараагийн удаа постерыг ажиглахдаа өнгө, дүрсийг нь л хараад өнгөрөлгүй, “Энэ намайг юунд уриалав? Ямар мэдрэмж төрүүлж байна?” гэдгийг өөрөөсөө асуугаарай. Магадгүй постер урлагийн жинхэнэ мөн чанарыг нь мэдрэх ч юм бил үү?