Б.Отгонболд: Хэрвээ чи бууж өгөх юм бол анх эхэлсэн газартаа буцаад л очно
Спорт
М.Энхмаа
М.Энхмаа
2024.08.01
2 минут
Б.Отгонболд: Хэрвээ чи бууж өгөх юм бол анх эхэлсэн газартаа буцаад л очно

Байн дээр 10-ыг онох мэдрэмж л намайг энэ спорт руу татаж оруулсан байх гэж боддог юм. Анх 2013 онд ШУТИС-д элсэж ороод хоёр жилийн өмнө их сургуулиа төгссөн. Дөрөвдүгээр курстээ дараалсан 5 жилийн чөлөө авч, Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуульд багш, дасгалжуулагчийн мэргэжил эзэмшсэн. Яг л байт харваагаар явах ёстой байсан юм шиг энэ спортод дурлаад 15 жил болсон байна.

Б.Отгонболд: Хэрвээ чи бууж өгөх юм бол анх эхэлсэн газартаа буцаад л очно

2009 онд байт харваагаар хичээллээд удаагүй байхдаа анхны тэмцээндээ хоёрдугаар байранд орсон юм. Тэгээд дараагийн тэмцээнүүдээсээ хоёр хүрэл медаль аваад, өсвөр үеийнхээ Улсын аварга болсон. Энэ үеэс л энэ спортод эргэж буцалтгүйгээр дурлаж, одоо ч гэсэн больж чадахгүй мэргэжлийн тамирчны замналаар явж байна.

Энэ хугацаанд шантрах үе зөндөө л тохиолдсон. Жишээлбэл, Токиогийн Олимпод амжилт муутай оролцсоныхоо дараа нэг хэсэг стресст орсон юм. Тухайн үед хэдий бэлтгэл сайтай байсан ч бие маань жаахан тааруу байсны улмаас хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй. Жил гаран энэ спортоосоо завсарладаг ч юм бил үү гэсэн бодол төрж байсан юм. Тухайн үед “Хэрвээ чи бууж өгөх юм бол анх эхэлсэн газартаа буцаад л очно. Гэхдээ чи энэ хэмжээнд хүрэхийг маш их хүсэж байсан шүү дээ. Тийм болохоор хэзээ ч битгий бууж өгөөрэй” гэж өөрийгөө урамшуулдаг байсан болохоор буцаад маш богино хугацаанд сайжирч, амжилтууд маань өдөр ирэх тусам бага багаар дээшилж байгаа гэж боддог юм.

Б.Отгонболд: Хэрвээ чи бууж өгөх юм бол анх эхэлсэн газартаа буцаад л очно

Байт харваа тулааны спорт биш. Өөртэйгөө тэмцдэг спорт. Өрсөлдөгч тамирчинтайгаа хүрэлцэхгүй учраас зөвхөн өөртэйгөө ярилцаж, өөрийгөө тайван байлгасны дүнд гүйцэтгэлээ сайжруулж чадна. Хэрвээ өөрийгөө дийлж чадахгүй, өөртөө ялагдаад байх юм бол өрсөлдөгч тамирчиндаа ялагдана аа л гэсэн үг. Маш тайван байх хэрэгтэй. Догдлоод, сандраад л байх юм бол энэ спортод амжилт гаргана гэдэг тэнгэрийн од шүүрэхтэй адил.

Б.Отгонболд: Хэрвээ чи бууж өгөх юм бол анх эхэлсэн газартаа буцаад л очно

Хөндлөнгийн нүдээр харахад байт харваа их амархан юм шиг харагддаг байх. Гэтэл маш олон жилийн хөдөлмөрийн үр дүнд амжилт үзүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэргэжлийн тамирчдын нум маань 3-5 кг орчим жинтэй. Нумаа татах үед 20 кг орчим ачаалал гарт ирдэг. Өдөрт дунджаар 300 сум харвалаа гэхэд 6 тонн ачааллыг биедээ авдаг. Олимпын наадамд 70 метрийн зайнаас харвадаг болохоор сумаа авахаар ирж очиход 140 метр явна гээд дунджаар багадаа 6 км алхаж байдаг. Энэ мэтчилэн маш их тэсвэр тэвчээр, тууштай байдал, зорилго тэмүүлэл шаарддаг.

Энэ спортоор хичээллэж эхэлсэн мөчөөс хамгийн тод дурсамж үлдээсэн, өөрөөрөө бахархсан үе гэвэл “Ханжоу 2022” Азийн наадамд түрүүлсэн үе маань. Байт харваагаар Азиуд ноёлдог гэж хэлж болно. Тэр ч утгаараа Монгол Улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцох үедээ монгол хүн гэдгээрээ бахархаж, хэнээс ч айж, мэгдэхгүй тайван байж чаддаг байх гэж боддог юм.