Pinterest 2026 онд тренд болох загварын чиг хандлагыг танилцууллаа


Таны Pinterest-ийн хайлт 2026 онд тренд болох загварын чиг хандлагыг тодорхойлсон байж болох юм. Учир нь Pinterest тэрбум гаруй хайлтын өгөгдөлд суурилсан хараахан моодонд ороогүй ч, тухайн ондоо багтаж тренд болох загварын чиг хандлагыг тодорхойлох тайлангаа жил бүрийн арван хоёрдугаар сард танилцуулдаг билээ.
Уг тайлан нь загвар, интерьер, хоол, гоо сайхан болон бусад олон чиглэлд ирэх онд тренд болох шийдлүүдийг урьдчилан харуулсан онцгой судалгаа болдог бөгөөд сүүлийн зургаан жилд танилцуулсан чиг хандлагын 88% нь биелсэн байна. Тэгвэл Pinterest 2026 онд дэлхий даяар хүчтэй нөлөө үзүүлэх 21 загварын шинэ чиг хандлагыг тодорхойлсноос онцлох аравыг уншигч та бүхэнд хүргэж байна.
1. Gimme Gummy
Резинэн чихрийг санагдуулам утасны гэр, үсний гоёл, зөөлөн ягаан өнгийн сонголттой нүүр будалт болон хумсны 3D чимэглэл зэрэг нь 2026 оны онцлох трендүүдийн нэг болох гэнэ.
![]()
2. Glamoratti
Өргөн мөртэй хослол, савхин хувцас, илүү том алтлаг өнгийн гоёл чимэглэл зэрэг 1980-аад оны загвар эргэн ирэх гэж байна.

3. Poetcore
Зузаан пальто эсвэл урт цув, хүзүүтэй ноосон цамц болон элэгдсэн арьсан цүнх зэрэг 80-90-ээд оны яруу найрагчдыг санагдуулам загвар 2026 онд тренд болох аж.

4. Neodeco
Өмнөх оны минималист загварын интерьертэй харьцуулахад ирэх жил илүү хурц, гүн өнгийн дотор засал болон, хээ угалзтай эртний модон тавилгууд дэлгэрэх хандлагатай байна.

5. Scent Stacking
Хоёр үнэртэй ус хольж түрхэх, биеийн тос, үнэртэй ус хоёроо хослуулах, өөрт таалагдах үнэрийг гаргах туршилт хийх зэрэг аргаар 2026 онд үнэртэй усны шинэ чиг хандлагыг тогтоох юм.
![]()
6. Brooched
Зөвхөн эмэгтэйчүүд биш эрчүүд ч гэсэн гоёл чимэглэлийг өдөр тутмын хувцаслалтдаа ашиглана. Ингэхдээ том үнэт чулуун ээмэг зүүж, сүлбээр зүү, мөнгөлөг болон сувдан тэмдэг зэргийг пиджакийн энгэр, оймс, гутал зэрэгтээ шигтгэж гангарах юм.

7. Cool Blue
Дулаан өнгөний үе дуусаж эсрэгээрээ хүйтэн өнгө 2026 оныг тодорхойлох гэнэ. Зузаан куртик, пальтоны араас тодрох минт цэнхэр өнгийн цамц, жийнс, бээлий болон мөс шиг хэлбэртэй гоёл чимэглэл зэрэг нь ирэх жилийн онцлох чиг хандлагын нэгээр нэрлэгдээд байна.

8. Extra Celestial
Ирээдүйгээс ирсэн мэт сансар огторгуйг санагдуулам мөнгөлөг хийгээд гялтганасан хувцас, гоёл чимэглэл, сарны гэрлийг санагдуулам сүүн цагаан өнгө зэрэг нь 2026 онд тренд болох ажээ.

9. Wilderkind
Үнэг, зээр зэрэг ойн амьтны арьсаар хийсэн үслэг эдлэл, эрвээхэй, ургамлаар гоёсон хумсны будалт, гутал гээд яг л үлгэрт гарах шидэт дагинасыг санагдуулам загвар ирэх онд тренд болохоор байна. Гэвч амьтны арьсаар хийсэн хувцас нь амьтны эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болно хэмээх шүүмжлэл дагуулаад байгаа юм.

10. Vamp Romantic
Шөнийн хэв маягийг илэрхийлэх хар, улаан хүрэн зэрэг өнгөний хослолыг уруул, нүдний будалтдаа түлхүү сонгож, Европын хаад, ноёдын үеийг санагдуулам хувцаслалт, үс засалт зэрэг нь эргээд тренд болно гэжээ.

Эх сурвалж: Pinterest Predicts