Хүн төрөлхтөн дэлхийн ойр орчмын сансрыг судалж эзэмших хүсэлтэй болж, пуужин нисгэж судалгаа шинжилгээ хийж эхэлснээс хойш үүссэн хог хаягдал өдгөө дэлхий гарагийн аюулгүй байдалд нөлөөлөхийн сацуу, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сансрын аппаратуудад ноцтой аюул учруулах хэмжээнд хүрсэн нь олон улсын эрдэмтэн судлаачдын анхаарлыг татах болсон. Одоогийн байдлаар дэлхий орчмын тойрог замд 17,000 гаруй бүртгэгдсэн объект хөдөлж яваагийн хэдхэн хувь нь л идэвхтэй ажиллаж байгаа аппаратууд, бусад нь сансрын хог хаягдал юм. Эдгээр хог хаягдлыг дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтэн судлаачид ажиглаж байгаагийн нэгэн адил монголчууд ч бас ажиглан судалж байна. Иймээс манай редакц бидний дунд оршин буй олон ертөнцийг таниулах “БИДНИЙ НЭГ” буландаа Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астрометрийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Буянхишигийг онцолж байна. Уншигч та ч гэсэн түүний ажлын онцлог, сансар огторгуй, гараг эрхсийн талаар сонирхолтой мэдээллүүдийг шимтэн уншиж, бидний нэг болоорой.
“Одон орон судлалын салбартай би нэлээд эрт танилцсан. Ээж маань одон орон судлаач хүн. Ухаан орсон цагаасаа л Хүрэл тогоотын одон орон судлалын оргил руу гарсан юм уу даа. Намайг бага байхад Хүрэл тогоот орчим барилга байшингүй, ойн зэрлэг амьтад ихтэй зэлүүд газар байсан. Буга хүртэл манай байгууллагын хашаан дотор явж байдаг байлаа шүү дээ. Ээж лабораторид ажлаа хийгээд би гадаа нь агаарласан шиг ээ тоглоод явж байдаг. Хүүхэд насны сонин содон дурсамжууд маань Хүрэл тогоотын одон орон судлалын оргилын хашаанд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй.”
Түүний хувьд Улаанбаатар хотод төрж өссөн. Хотын унаган охин. Бага насны дурсамжууд нь сансар огторгуйн сансар биш ч Улаанбаатар хотын Сансарт өнгөрчээ. “Би Сансарын 33-р сургуульд нэгдүгээр ангид орж байсан. “Сансарын микроныхон, Сансарын шатахуун түгээх станц, нарны зам гэж ярьдаг шүү дээ. Үүний нэгэн адил би чинь Сансарт төрж өсөөд, одоо сансраа судалж байна” гэх хөнгөн хошигнолоор бидний яриа үргэлжилсэн юм.
“Би багаасаа л математик, физикийн хичээлдээ сайн, байгалийн ухааны чиглэлээр суралцах сонирхолтой хүүхэд байсан. Учир нь өвөө маань АШУҮИС-ийн дунд сургуульд математик, физикийн хичээлийг насаараа заасан, багш хүн. Аав, ээж хоёр маань одоогийн Украин улсын Харьков хотын Их сургуулийг астрофизик, астрономи, оптик физикийн чиглэлээр төгссөн.
Нэг хэсэг би сургуулиасаа чөлөө аваад хичээлдээ нэлээн хоцорсон юм. Тэгээд математикийн багш маань хоцрогдлыг минь нөхөхөөр дуудахад би хичээлүүдээ хэдийн ээжээрээ заалгаад сурчихсан байсан. Тухайн үед багш маань “чи хэнээр заалгасан юм, ямар сайн ойлгоо вэ” гээд их гайхаж байсан. Манай гэрт математик, физикийн багш олон байлаа шүү дээ.
Аав маань мэргэжлээрээ ажиллаагүй ч наддаа бол багш. Ер нь миний мэргэжил сонголт, сонирхолд гэр бүлийнхэн маань нөлөөлсөн байх. Дунд сургуулийн хичээлүүдээ асуухаар математик, физикийн хичээлийг бусад хичээлээс илүүтэйгээр уг үндсээс нь хачин гоё тайлбарлаад, заагаад өгчихдөг байв. Тиймдээ ч би энэ чиглэлийн хичээлүүдээ илүү сонирхож, сайн болсон байх.
2009 оны хавар Москва хотын төв гудамжаар тухтай гэгч нь алхах монгол оюутнууд. Бакалаврын дипломоо хамгаалчхаад амьдралын их далайд хөл тавихаар санаа амар зугаалж байгаа нь энэ. “Зургийн аппарат авчихсан. Гоё зураг даруулна шүү охид оо. Хөөх тийм үү, тэгвэл би даашинз өмсөнө…
Зураг татуулна гээд манайхан эрвийж дэрвийхээрээ хэрэндээ гоёж, би ч бас зурган дээр гоё гарах санаатай өндөр өсгийт өмсчихсөн юм. Хотын гудмаар нааш цааш гүйхэд өдөр болгон намхан ултай гутал өмсдөг надад өсгийт маань тээр болж, хөл өвдөөд хөгтэй юм их болсон. Тэгсэн хэр нь гүрийгээд л явж байгаа юм. Бид олон ч сайхан зурагтай болсон. Эргээд зургуудаа харахад тухайн үеийн дурсамжууд сэргээд өчигдөрхөн юм шиг дотно мэдрэмж төрүүлдэг.”
Тэд дөрвөн жил Москва хотод суралцаж, амьдарсан хэдий ч энэ өдөр шиг сэтгэл амар хотын гудамжаар олуулаа зугаалж байгаагүй.
“Би ахлах сургуулиа төгсөөд 2005 онд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Москвагийн эрчим хүчний их сургууль (Техникийн их сургууль)-д радио холбооны инженер мэргэжлээр суралцахаар болсон. Хэдий радио холбооны инженер мэргэжлээр суралцаж, тоон мэдээлэл дохио боловсруулалтаар магистрын зэрэг хамгаалаад, эх орондоо ирсэн боловч мэргэжлээрээ удаан ажиллаагүй. Сонирхол маань энэ салбарт байсан болохоор Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астрометрийн лабораторийн Эрдэм шинжилгээний ажилтны мэргэжлээр хөрвөн ажиллах болсон. Анх одон орон судлалын чиглэлээр ажиллахаар болоход ээж маань нэг их таатай хүлээж аваагүй. “Чи өөрийнхөө мэргэжлээр ажиллахгүй юм уу, яагаад энэ салбарт ажиллах гээд байгаа юм гээд дур муутайхан хүлээж авсан. Гэсэн хэдий ч хүсэл сонирхол маань энэ салбарт байсан болохоор сурсан мэдсэнээ хөрвүүлэн ажиллах боломж ч олдож, одоо ээжийнхээ ажиллаж, хөдөлмөрлөж байсан шинжлэх ухааны салбарт сансрын экологийн асуудалд анхааран, судалгаа шинжилгээ хийгээд явж байна.”
Сансрын хог хаягдлыг судалж буй шинжлэх ухааны энэ салбар харьцангуй залуу боловч сансрын хаягдлыг илрүүлж, бүртгэлжүүлэх, хөдөлгөөний зүй тогтлыг тодорхойлох тал дээр тодорхой үр дүнд хүрч ажилласаар байна. Манай улс хэдий сансрын гүрэн биш ч дэлхийн бусад улс орны нэгэн адил сансрын үйлчилгээг өргөн ашигладаг, нөгөөтээгүүр өөрийн улсын агаарын орон зайн аюулгүй байдалд хяналт тавих үүднээс сансрын хог хаягдлыг ажиглан судлах нь зүйтэй юм. Тиймээс ч 2012 оноос хойш дэлхий орчмын сансар огторгуйн болзошгүй аюул гэж нэрлэгддэг сансрын хог хаягдлын асуудалд анхаарлаа хандуулж, ажиглаж эхлээд 13 жилийн нүүрийг үзэж байгаа аж.
“Сансар судлалын чиглэлээр бие дааж судлах боломж манай улсад багаж тоног төхөөрөмжөөс авхуулаад хэцүү шүү дээ. Судалгааны зориулалттай дурангууд үнэхээр өндөр үнэтэй байдаг. Сонирхогчийн түвшний дуран гадуур их байдаг ч түүгээр судалгаа хийх ямар ч боломжгүй. Нүдээр хараад л өнгөрөх зориулалттай учир манай улсад бие дааж судалгаа явуулах боломж хомс байдаг. Улсаас олгодог шинжлэх ухааны салбарын санхүүжилт бага шүү дээ.
Тиймээс бид ОХУ-ын Хавсарга математикийн хүрээлэнгийн санаачилсан дэлхий орчмын сансрын биетүүдийн ажиглалт, оптик хэмжилт дээр суурилсан олон улсын нээлттэй ISON төсөлд хамрагдаж, ажиглалт судалгааны ажлуудыг хийж байна. Төслийн гэрээ хэлэлцээрийг 2008 онд хийж, дурангийн байр барихаас авхуулаад бусад бэлтгэл ажлыг хийж гүйцэтгээд, 2012 онд анхны дурангаа суурилуулж, 2014 онд бага гараг судлалын дуран суурилуулснаар бид сансрын хог хаягдал, бага гарагийг ажиглаж эхэлсэн түүхтэй. Энэхүү төсөл маань дэлхийн 17 оронд хэрэгждэг бөгөөд 23 ажиглалтын цэг, 50 гаруй судалгааны оптик дурантай. Зарим оронд 2-3 ажиглалтын цэг байдаг.
Сансрын хог хаягдлыг радиолокацийн болон оптик ажиглалт гэсэн хоёр аргаар судалдаг. Эдгээрээс бид оптик ажиглалтын арга буюу дурангаар ажиглалт судалгаагаа хийдэг. Энэхүү ажиглалтын арга нь харьцангуй хямд өртөгтэй бөгөөд судалгааны үр дүн радиолокацийн аргаас дутахааргүй байдгаараа давуу талтай.”
Сансрын үйлчилгээ бүх салбарт өргөн нэвтэрсэн өнөө үед хиймэл дагуул, сансрын аппаратуудын гэмтэл хүний өдөр тутмын үйл ажиллагаанд шууд нөлөөлж байдаг. 0.1 см диаметртэй өчүүхэн бага хаягдал ч сансрын хөлгийг гэмтээж чаддаг. Тэгвэл сансрын хог хаягдал гэж юу вэ, үүнийг судлах нь манай улсад ямар ашиг тустай вэ?
“Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй, техникийн гаралтай сансарт нисэж байгаа ашиглагдахгүй болсон сансрын хөлөг, аппаратууд, түүний эвдрэлээс үүдэлтэй эд анги, хэсгүүд бүгд л сансрын хог хаягдал шүү дээ.
Жижиг хэмжээний объектууд нисэж яваад сансрын объектуудад зоогдож, судалгааны аппаратуудыг гэмтээх магадлалтай. Харин том хэмжээтэй объектууд хоорондоо мөргөлдөх юм бол дэлбэрэлт болно л гэсэн үг. Тиймээс сансрын хог хаягдлыг зайлшгүй ажиглаж, бүртгэж байх хэрэгтэй. Уг нь сансрын хог хаягдлын хэлтэрхийнүүд дэлхийн агаар мандалд орж ирээд шатах учиртай. Ихэнх жижиг хэмжээний биет нь шатаж алга болдог бол том биетүүд шатаж дуусахгүйгээр дэлхий дээр унаж, аюул учруулах эрсдэлтэй байдаг. Унасан тохиолдлууд ч нэлээн хэд бий. Зарим нь хүнгүй зэлүүд газар унадаг бол зарим нь хүн ам ихтэй хот сууринд унадаг. Гэхдээ хохирол учруулсан тохиолдол бага.”
“Сансрын хог хаягдлыг байнга хянаж, аль тойрог замд байгааг нь ажиглаж, шинэ объектыг бүртгэснээрээ сансарт шинэ пуужин, судалгааны объект, хиймэл дагуулыг аюулгүй хөөргөхөд тус нэмэр болдог. Сансрын хог хаягдлаас болоод хиймэл дагуул, сансрын хөлгийн байрлалыг өөрчлөх тохиолдлууд ч гарна. Мөн ажиллагаа нь дууссан хиймэл дагуул, түүний эд анги хэлтэрхийнүүд хоорондоо мөргөлдөхөөс сэргийлэх, тэдгээр нь ажиллаж байгаа тойрог замын станц, бусад сансрын аппарат, хиймэл дагуулд хор хөнөөл учруулах эрсдэлтэй байдаг. Тиймээс сансрын хаягдлыг илрүүлж, бүртгэлжүүлэх, хөдөлгөөний зүй тогтлыг нь тодорхойлж байх зайлшгүй шаардлагатай бид тулгараад байгаа юм.
Сансрын хог хаягдлууд техникийн гаралтай биетүүд байдаг ч бүгд хүний үйл ажиллагаанаас бий болсон. Ингээд бодохоор хүн төрөлхтөн бид хийж байгаа үйлдэлдээ илүү нухацтай, шинжлэх ухаанчаар хариуцлагатай хандах хэрэгтэй болоод байна. Дэлхийн экологийн асуудал яригддаг шиг сансрын экологийн асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
Хамгийн энгийнээр сансрын хог хаягдлаас үүдэн интернэт, цахим харилцаа холбооны платформууд, зурагт зэрэг бидний өдөр тутмын харилцаа холбооны хэрэгслүүд доголдох эрсдэлтэй. Эдгээр харилцаа холбооны чухал хэрэгслүүдийг доголдуулахгүйн тулд бид ажиглалт судалгааг хийж байна. Мэдээж хэрэг өөрсдийн амьдарч буй дэлхий гарагийн аюулгүй байдлыг давхар хамгаалж байна шүү дээ. ”
“Бид чинь байнга цаг агаар харж явдаг улс. Учир нь дурангийн ажиглалт маань цаг агаараас шууд хамааралтай. Ажиглалт маань орой харанхуй болсны дараа эхэлдэг. Тэнгэр цэлмээд байвал ажиглалтаа хийгээд л байна. Бүрхэг үед дурангаар ажиглалт хийж чадахгүй шүү дээ.
Техник технологи хөгжсөн энэ үед утаснаасаа мессеж илгээгээд л дурангийнхаа барилгын дээврийг онгойлгон алсын зайнаас удирдаад ажиглалтаа эхлүүлчихдэг болсон. Бид заавал уулан дээр байж, тоног төхөөрөмжүүдээ ажиллуулах шаардлагагүй. Программын дагуу бүгд удирдагдаж байдаг учир ажиглалтаа амжилттай эхлүүлчих юм бол асуудалгүй.
Гэсэн хэдий ч ажил маань биднээс олон талын ур чадвар шаардаж, шинэ зүйлд сургаж байдаг. Заримдаа инженер болоод төхөөрөмжөө хүртэл засна. Шаардлагатай тохиолдолд шөнө ч хамаагүй Хүрэл тогоот руу гараад давхина. 2022 оны сүүлээр дурангийн засвар хийгдээд ажиглалт сайн зүгшрээгүй байсан юм. Ажиглалтаа хийж эхлүүлэхэд дурангийн утаснууд гэнэт орооцолдож, аргагүй эрхэнд би ганцаараа шөнө Хүрэл тогоот руу явсан. Тэр хэвээр нь орхих юм бол дахиад л эвдэрчихнэ шүү дээ. Тухайн үед цас их орчихсон байсныг хэлэх үү, оргил руу гараад тоног төхөөрөмжөө зассан ч буухад үнэхээр хэцүү байсан. Өмнө нь тийм хэцүү замаар явж байгаагүй шинэ туршлагагүй жолооч учир мэддэг бүх маани мэгзмээ уншаад л айдастай бууж байсан.”
-Монгол Улс сансрын хөлөг хөөргөөгүй ч хиймэл дагуул хөөргөхөд анхаарч ажиллаж байгаа. Энэхүү асуудалд ард иргэд хоёр өөр байр суурьтай байдаг. Нэг хэсэг нь хиймэл дагуул хөөргөхийн оронд цахилгаан станцаа барь, үр ашиггүй зардал болно гэдэг бол нөгөө хэсэг нь өөрийн улсын агаарын орон зайн аюулгүй байдалд хяналт тавьж, судалгаа шинжилгээ хийх нь зөв гэж үздэг. Энэ тал дээр та судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Хиймэл дагуул хөөргөхөөсөө өмнө суурь судалгааг нь маш сайн хийж, зорилгоо нарийн тодорхойлох хэрэгтэй. Бидний хөөргөх хиймэл дагуул зорилгодоо хүрч, түүнийг үнэхээр үр дүнтэй ашиглаж болох юм байна гэх урьдчилсан дүгнэлт гарсны дараагаар сансарт хөөргөх нь зүйтэй гэж боддог. Мэдээж амжилттай хөөргөж чадвал судалгаа шинжилгээ, шинжлэх ухааны салбарт ашигтай. Хэрэв амжилтгүй болох юм бол эргээд сансарт хог хаягдал болно шүү дээ.
“Жижиг оврын дурангаар бага гарагийн дуран ажиглах нь нэлээн хэдэн жилийн өмнө бол боломжгүй зүйл байсан. Харин бид дурангийн үзүүлэлтээсээ илүү өндөр хүчин чадалтай зургуудыг авч, компьютерын тусламжтайгаар боловсруулж байна. Манайд хийгдэж буй ажиглалтууд арга техникийн хувьд илүү хөгжиж байгаа. Америкийн сансар судлалын судалгаа шинжилгээний төсөл хөтөлбөрүүд бол илүү дэвшилттэй. Тэд сансарт гаргасан дурангаараа ажиглалт хийж байгаа бол бид газарт суурилсан дурангаар ажиглалт хийж байна. Гэсэн хэдий ч сансрын хог хаягдал судлахад монголчууд оролцож байна гэдэг нь шинжлэх ухааны судалгааны хувьд том дэвшилт.
Мөн манай улсад одон орон судлалын чиглэлийн мэргэжилтэн, судлаачид дутагдалтай байгаа. Энэ нь одон орон, гараг эрхсийн талаар мэдлэг мэдээлэл хүртээмжгүй, мэргэжлийн танигдалт, сурталчилгаа бага байгаатай холбоотой. Тиймээс энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхийн тулд багаас нь бэлтгэж, дунд сургуульд ордог хичээлүүдийг сонирхолтой байдлаар зааж, хичээлийн нэг цагийг үр өгөөжтэй өнгөрөөдөг байх хэрэгтэй. Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрийг илүү нарийвчилж, сонирхолтой байдлаар боловсруулж, хүүхдүүдийг илүү их мэдлэгтэй болгоход анхаармаар байна. Багшийн яриаг сонсож, номоос хуулж бичээд хичээлийнхээ цагийг дуусгадаг биш, багш нар маань аль болох сонирхолтой байдлаар хичээлээ тайлбарлаж, зураг бичлэг үзүүлж хүүхдүүдийн сонирхлыг татаж, хүүхдүүд өөрсдөө ном, интернэтээс дэлгэрүүлж судлах хүслийг нь асааж өгөөсэй гэж хүсдэг. Гараг эрхэс, сансар огторгуйн тухай онол баримтууд чинь хүний анхаарлыг татахуйц сонирхолтой содон салбар шүү дээ.
“Судлаач байна гэдгийг маш сайн ойлгосон байх хэрэгтэй. Дан ганц дурангаар гараг эрхсийг хараад сууна гэж байхгүй. Үр дүнд суурилсан боловсруулалт хийх нь хамгийн чухал. Судлаачид ч боловсруулалт хэсэг дээр маш их цагийг зарцуулдаг. Тиймээс энэ талын судалгаа шинжилгээ хийх хүсэл эрмэлзэлтэй, аливаа зүйлийн учир зүйг олж чаддаг, сониуч байх хэрэгтэй. Хүсэж сонирхохгүй бол мэдээж хэрэг ажлаасаа таашаал авч чадахгүй шүү дээ. Ажилдаа дуртай, сонирхолтой байна гэдэг нь урагшлахад чинь дөхөм болно. Гараг эрхэс чиний компьютер дээр цэг шиг л харагдана. Тэр цэг бүртгэгдээгүй сансрын сэжигтэй элемент, шинэ бага гараг ч байж болно. Түүнийг үргэлжлүүлэн ажиглах гярхай, сониуч зан чанар чамд байвал шинэ нээлт хийх, улсынхаа нэрийг дэлхийд гаргах судлаачийн өгөгдөл чамд байна гэсэн үг.”
Монголчууд сансрын хог хаягдал, бага гарагийг судлаад 10 гаруй жил болж байна. Монголчууд гэх 3.5 сая иргэнийг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астрометрийн лабораторийн долоон судлаач төлөөлөн, улс эх орныхоо агаарын орон зайн аюулгүй байдалд хяналт тавин өөрсдийн хувь нэмрийг оруулсаар. Хийсэн ажлаа хүмүүст дэлгэж, тайлагнаад байдаггүй ч дэлхий гарагийн ирээдүйн төлөө сансар огторгуйг ажиглаж, үнэ цэнтэй судалгаанд өөрийн хувь нэмрийг оруулж буй сансрын экологичдийн нэг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астрометрийн лабораторийн Эрдэм шинжилгээний ажилтан Р.Буянхишиг энэ удаа “Бидний нэг” боллоо. Ярилцлагыг уншиж, мөн бидний нэг болсон уншигч танд баярлалаа.