Бидний нэг

Д.Нина: Амьдралынхаа ихэнх цагийг утсаа маажаад өнгөрүүлчихвэл дэндүү харамсалтайяа

Х.Умаахан -- 2025.01.085 минут унших

Тэр өнөөдөр өөрийн гараар нэхсэн, эрх чөлөөний өнгөт, цэцэгтэй цэнхэр цамцаа өмсөн иржээ. Хоёр жилийн өмнө “Нина 41” нэртэй этгээд сонин үзэсгэлэнгээ гаргаж байхад нь бид уулзаж байлаа. Монголд төдийгүй, дэлхийд зөөлөн баримлын төрөлд нэхмэл байдлаар уран бүтээлээ туурвидаг цор ганц уран бүтээлч бол “Нина багш”. 

Хоёр жилийн өмнөх үзэсгэлэнд дэлхийн алдарт зураач Ван Гог, Фрида Кало, Д.Нацагдорж, Адольф Гитлер, Чарли Чаплин, их эрдэмтэн Б.Ринчен, В.Путин, В.Зеленский нарыг оролцуулсан “Дайн дуусаасай” хэмээх нэртэй уран бүтээлүүд дэлгэгдэж олон хүний анхаарлыг татаж байлаа. 

Тэгвэл дээрх бүтээлүүдээрээ олныг гайхшируулж байсан чөлөөт уран бүтээлч Д.Нинаг “Бидний нэг” буландаа урин оролцууллаа. Д.Нина гуай уулзалт эхлэх цагаасаа түрүүлээд ирчихсэн “The Beatles” хамтлагийн гишүүдийг нэхэж суулаа. 

Д.Нина: Амьдралынхаа ихэнх цагийг утсаа маажаад өнгөрүүлчихвэл дэндүү харамсалтайяа

-The Beatles хамтлагийн гишүүдийг нэхэж сууна уу? 

-Тийм ээ. Энэ хамтлагийнхныг бүтээхээр ийнхүү сууна. Тус хамтлагийн дуунуудыг нэлээд хайж үзлээ. Hey Jude, Norwegian Wood дуунуудыг нь ч сонслоо. Мөн хэд хоногийн өмнө их дэлгүүрийн урд байх хөшөөг нь зорьж очиж судалгаа хийсэн. 

-Та урлагт улам л “донтчихсон” шинжтэй харагдлаа? 

-Урлагийн орон зайд нэгэнт орохоор гарч чаддаггүй бололтой. Ингээд больё гэж бодсон ч гарч чадахгүй юм. Урлагт донтоно гэдэг нь энэ юм болов уу. Хүний хобби гэж их хүчтэй зүйл бололтой. Хүүхдүүд “ээж тонгойгоод л их удаан суух юм. Наад толгой хүзүү чинь чилэхгүй юу” гэж асуудаг юм. Гэтэл хүн зүгээр суух тусмаа л өвдөлт мэдэрдэг шүү дээ. Уг нь 2024 онд хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргая гэж бодож явтал амжсангүй. Энэ ондоо амжаад гаргах санаатай явна. Цаг хугацаа их хурдан явах юм. 

Д.Нина: Амьдралынхаа ихэнх цагийг утсаа маажаад өнгөрүүлчихвэл дэндүү харамсалтайяа

-Хэрвээ нууц биш бол ямар уран бүтээлүүд дэлгэнэ гэж бодож байна? 

-Дэлхийн шилдэг болон, Монголын шилдэг киноны дүрүүдээр хийсэн уран бүтээлүүдээ дэлгэх санаатай. Зэрэг нэмэхийн өмнө, Морьтой ч болоосой киноны дүрүүдийг нэхэж байна. Мөн анх удаа эвент гэдэг зүйлийг зохиож үзлээ. Эвент зохион байгуулсан газрын эзэн их сонирхолтой бүтээл туурвидаг хүн байна гэж хэлээд надад их урам өгсөн. 

-Дэлхийн шилдэг киноноос та алуурчин Леон, Матилда хоёрын дүрийг бүтээсэн байх аа? 

-Тэр уран бүтээлийг маань Польшийн хүүхэлдэй цуглуулагч худалдан авсан. Монголд суугаа суурин төлөөлөгч хүн юм билээ. Уг нь миний үзэсгэлэнг Польш улсад гаргахаар ярьсан юм. Даанч хэлний бэрхшээл, бас бус асуудлууд гарч ирлээ. Нэг их зориглосонгүй. Мөн Япон улсад үзэсгэлэн гарахаар болсон. Гэхдээ бие даасан хоёр дахь үзэсгэлэнгийнхээ дараа Японд гаргая гэж төлөвлөж байна. 

“Алуурчин Леон, Матилда хоёр” уран бүтээл маань 1,000 ам.доллар хүрсэн"Д.Нина: Амьдралынхаа ихэнх цагийг утсаа маажаад өнгөрүүлчихвэл дэндүү харамсалтайяа

-Хүмүүс урлагийг ойлгож бас үнэлж чаддагт би баярладаг. Хэрвээ нууц биш бол Леон, Матилда хоёр хэдэн төгрөгийн үнэ хүрсэн бэ? 

-Нууц юу байх вэ. 1,000 ам.доллар хүрсэн. Зарим хүн зүгээр л нэг хүүхэлдэй мэт ойлгох юм. Гэтэл энэ маань урлагийн бүтээл шүү дээ. Урлагийг хүмүүс ойлгож, үнэлж сурах хэрэгтэй байх. Зарим хүн 100, 200 мянган төгрөгөөр үнэлэх тохиолдол гардаг л юм. Гэхдээ яах вэ, ойлгодоггүйгээсээ ойлгодог нь их юм даа. 

Урлагийг ойлгоход хүний боловсрол мэдлэг их хэрэгтэй юм билээ. Угаасаа ойлгохгүй хүнд нэг их тайлбарлах гээд байдаггүй. Жишээ нь, Нина 41 үзэсгэлэн дээр Стивен Хокингийн нэхмэл зөөлөн баримал дэлгэгдсэн шүү дээ. Гэтэл түүнийг мэдэхгүй, танихгүй физикийн багш хүртэл байж таарсан. 

Яаж тийм байж болох вэ. Хүүхдүүдэд шинжлэх ухааны хичээл заадаг хүн мэдэхгүй байж болохгүй л байх. Ер нь манайхан шинжлэх ухааны хичээлээс зугтаад, хүүхдүүдээ зугтаалгаад байх шинжтэй болчихлоо. Тэгж болмооргүй л санагддаг юм. Дэлхийн хачирхам үйл явдлуудыг шинжлэх ухааны хичээлүүд л тайлдаг шүү дээ. Нэгэнт энэ мэдлэгийг олж авсан хүүхэд аль ч салбарт алзахгүй дээ. 

Мөн би Стивен Хокингийг их судалсан. Тэгээд залууст урам зориг өгч, сэрээж сэргээх үүднээс тэрхүү бүтээлээ хийсэн юм. Хэдий хөгжлийн бэрхшээлтэй хүн ч гэсэн хичээж хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрнэ. Манай зарим залуучууд цаг хугацааг жаахан дэмий өнгөрүүлэх гээд байдаг талтай. Тэр хүмүүс нэг юм бодно байх.Д.Нина: Амьдралынхаа ихэнх цагийг утсаа маажаад өнгөрүүлчихвэл дэндүү харамсалтайяа

-Стивен Хокингийн түүхээс гадна таны бүтээлүүд дунд их айхтар түүх агуулсан нэхмэл байдаг байх аа. Форрест Гамп “Хала” нэртэй  шоколад бариад сууж байдаг даа?

Түүх: “1926-1930 онд Герман, Францад сурсан сурагчдын дунд таван охин явсан нь Хаалаа, Цэрэнханд, Сурмаажав, Батсүх, Юмхүү нар. Германд суралцаж байсан охидын амьдралд тохиосон олон сайхан явдлын нэг нь Хаалаад зориулсан нэрийн шоколад. 1927 оноос сурагчдыг герман хэл сургах зорилгоор герман айлуудад суулгахад Хаалаа хувийн шоколадны үйлдвэртэй айлд очжээ. Тэр айлын Христийн сүмийн номлогч хүү хожим Хаалаад сэтгэл алдарч, “Хаалаа” нэртэй шоколад хүртэл гаргасан гэдэг сайхан түүх бий. Хаалаа бол Өвөр Монголын Жаруд аймгийн ноён Гомбожавын охин, зүс царай сайтай, үзэсгэлэнтэй бүсгүй байсныг зохиолч Наваан-Юндэн гуайгаас эхлээд бичиж үлдээсэн байдаг”. Эх сурвалж: Sogoo

Шигтгээ: Миний өмнө уншиж байснаар дээр дурдагдсан Г.Хаалаа гэх эмэгтэй нь Баатар ван Н.Наваан-Юндэнгийн гэргий байсан бөгөөд тэд Герман, ЗХУ-ын Омск хотод хамт суралцдаг байжээ. Хожим нь Баатар ван Н.Наваан-Юндэн хэлмэгдэж, 1938 онд мөрдөнд хоригдож байхад нь Г.Хаалаа өөд болсон түүхтэй. Баян Монгол тэргүүтэй олон бүтээл туурвисан Баатар ван Н.Наваан-Юндэнгийн хэлмэгдсэн гашуун түүхийг уншигч та цахим орчноос унших боломжтой. Д.Нина: Амьдралынхаа ихэнх цагийг утсаа маажаад өнгөрүүлчихвэл дэндүү харамсалтайяа

Д.Нина: Г.Хаалаа гэх эмэгтэй манай өвөөгийн дүү байсан юм. Тэгээд энэхүү уран бүтээлдээ түүний нэрээр бүтсэн шоколадыг ашигласан нь энэ л дээ. Миний ой санамжид одоог хүртэл түүний нөхөр байсан Баатар ван Н.Наваан-Юндэн гэх хүнтэй холбоотой дурсамж байдаг юм. Хэлмэгдээд шоронгоос гарсны дараа нь манай өвөө ирнэ гэж хүлээсэн нь үү, яасан гэрээсээ гарч ороод л байсан нь санаанаас огт гардаггүй юм. Г.Хаалаа эгч их сайхан эмэгтэй байж л дээ. Тэгээд шоколадны үйлдвэрийн залуу түүнд дурлаад “Hala” нэртэй шоколад хүртэл зориулж хийсэн байгаа юм. Энэ түүх бас л мартагдаж болохгүй гэсэндээ өөрийнхөө уран бүтээлд тусгасан. Одоо манай улсад “Hala” нэртэй шоколад байгаа. 

-Та ер нь хэдийнээс ингэж нэхэж сурсан хүн бэ. Миний ажигласнаар хүний нүүр царай, тэр шоколадны дүрсийг гаргахад их л хүндрэлтэй харагдаад байгаа юм? 

-1970-аад онд техникумд суралцаж байхдаа л өөрийнхөө өмсдөг цамц, өмдийг янз янзын загвараар нэхээд өмсчихдөг хүүхэд байлаа. Одоо л тэтгэвэрт гарчхаад ийм байгаа болохоос хүний залуу нас гэдэг чинь царай зүс, оюуны цараагаа дагуулж ирдэг юм. Төгссөнийхөө дараа цэцэрлэгийн багшаар тасралтгүй 40-өөд жил ажиллаад, 2015 онд тэтгэвэрт гарсан. Хүүхдүүддээ ийм хүүхэлдэй нэхэж суутал манай хүүг дагаж ирсэн том уран бүтээлчид “хөдөө газар ийм айхтар авьяастай хүн хүн байдаг аа. Энэ чинь зөөлөн баримлын төрөл шүү дээ” гэж хэлж байлаа. Тэгээд л би өөрийн мэдэлгүй урлагийн бүтээл туурвиж байснаа мэдсэн юм даа. Цар тахлын он жилүүдэд хүртэл тасралтгүй сууж бүтээлүүдээ хийсэн. 

УРЛАГ ХҮНД ХАЛДВАРЛАДАГ ЮМ БИЛЭЭ Д.Нина: Амьдралынхаа ихэнх цагийг утсаа маажаад өнгөрүүлчихвэл дэндүү харамсалтайяа

-Таны хүү бас уран бүтээлч Б.Энхчулуун. “Өтний нүх” үзэсгэлэн гаргаж байсан. Тус үзэсгэлэнгийн тайлбар нь:

Альберт Эйнштейн ба Розэн нар орон зай цаг хугацаа дундуур асар хурдтай аялж болох гүүр буюу “Өтний нүх” байж болно хэмээх санааг 1935 онд дэвшүүлж байжээ. Харьцангуйн ерөнхий онолын математик загварын хувьд өтний нүх орших боломжтой боловч одоог хүртэл өтний нүх байдаг эсэхийг батлаагүй л байна. Гэвч оюун санаа хэмээгч “ӨТНИЙ НҮХ” ямар ч математик загварчлал, ямар ч физикийн томьёо, ямар ч онолчлол үгүйгээр оршин тогтнож хэт  мэдрэмтгий  нэгний   сэтгэл  зүрхээр дамжин цаг хугацаа орон зайгаар өөрийн дүрмээр зорчуулж чадаж байгаа нь гайхамшиг  гэхээс ч яах билээ…” гэж бичсэн байсан санагдаж байна? 

Манай хүү бол мэргэжлийн уран бүтээлч. Багаасаа л зураг зурсан. Цэцэрлэгт байхад нь л авьяас нь тодорсон юм. Урлаг ер нь хүнд халдварладаг юм шиг ээ. Би хүүгээсээ, хүү надаас гээд л…

Д.Нина: Амьдралынхаа ихэнх цагийг утсаа маажаад өнгөрүүлчихвэл дэндүү харамсалтайяа

-Танай хүү анх хүүхэлдэйнүүдийг үзэж олж таньсан гэдэг. Бас л их боловсролтой уран бүтээлч байх шүү? 

-Тийм. Би нэг зүйл хэлье гэж боддог юм. Хэн ч байсан өөрийн болон үр хүүхдийнхээ боловсролоос хэзээ ч бүү гар тат гэж хэлмээр болдог. Манай хүү цэцэрлэгт байхаасаа л зурдаг хүүхэд байсан. Багш нь бас урлаг ойлгодог хүн байж л дээ. Тэгээд түүний зурсан зургуудыг надад авчирч үзүүлэхэд нь итгээгүй шахуу. Гэтэл тийм л авьяастай хүн байсан юм билээ.

Хэрвээ тийм бол шууд л хүүхдээ боловсрол мэдлэгтэй болгоход анхаарах нь зүйтэй. Манай хүү миний үзэсгэлэнгийн куратороор Б.Бат-Эрдэнэтэй хамтарч ажилласан. 

-Пабло Пикассо “Рафаэлло шиг зурж сурах гэж би дөрвөн жилийг, харин хүүхэд шиг зурахын тулд бүх амьдралаа зарцуулсан” хэмээн хэлж байсан юм билээ. Гэтэл таны бүтээлийг харахаар нэг тийм хүүхэд ч юм шигээр өөрийгөө төсөөлсөн мэдрэмжид автдаг?

-Миний бүтээлийг үзсэн нэгэн жаал хүү хүмүүсээс салж гүйж ирснээ “надад нэг хүүхэлдэй өгөөч тэгэх үү” хэмээж байсан нь санаанд орлоо. 

Миний бүтээлүүд харахад тоглоом юм шиг хэр нь цаанаа их утга агуулж байгаа. Яг үнэндээ уран бүтээлч би 66 настай. Гэтэл миний дотор бяцхан охин ороод суучхаад байдаг юм шүү дээ. Тийм болохоор чамд тэгж санагдсан байх. Би өөрөө цэцэрлэгийн багш байсан хүн. Хүүхдэд ойрхон ажиллаж байсан болохоор тийм болдог ч байж магадгүй. Мөн хүүхэлдэйнд их хайртай. Надад 40 гаран жил болж байгаа Оросын хүүхэлдэй ч байж л байна. Эмээ болчихсон хэр нь л хүүхэлдэй сонирхоод байх юм. Гайхмаар.Д.Нина: Амьдралынхаа ихэнх цагийг утсаа маажаад өнгөрүүлчихвэл дэндүү харамсалтайяа

-Та дотроо тийм хүүхэд шиг хүн хэр нь гаднаа их тэрслүү хүн шиг санагддаг. Магадгүй уран бүтээлчийн шаналал зовлон их байх. Нэг уран бүтээлийн санаа ороод ирэхээр амгалан байж чаддаггүй явдал олон гардаг?

-Тийм байж магадгүй. Ер нь шударга хүн их ганцаарддаг шиг надад санагддаг. Бага залуудаа ч, одоо ч би өөрийгөө их шударга амьдарч байна гэж боддог юм. Чи бод доо, наад захын энгийн жишээ л гэхэд гудамжинд шүлс нус цэрээ хаяж байгаа хүмүүсийг хараад миний дотор агзасхийдэг. Очоод хэлмээр санагддаг. Энэ бол наад захын энгийн жишээ. Ажил төрөл нийгмийн бусад зүйл дээр ч гэсэн чимээгүй байж зүрхлэхгүй.

Шударга байна гэдэг олон хүнийг надаас холдуулдаг юм билээ дээ. Харин хүн гэж их сонин амьтан. Яг өөрийнх нь эрх ашиг хөндөгдөөд ирэхээр л нэг их шударгын дүрд хувирна. Уг нь өдөр тутамдаа л шударга байж чадвал гэж боддог доо. Шударга байснаараа чи олон ч зүйлийн ард хоцорно доо. Гэхдээ л больж болохгүй зүйл. 

Д.Нина: Амьдралынхаа ихэнх цагийг утсаа маажаад өнгөрүүлчихвэл дэндүү харамсалтайяа

-Та ярилцлагын төгсгөлд залуучуудад хандаж үг хэлнэ үү? 

-Нэг л зүйл байна. Хүний амьдралын цаг хугацаа нүд ирмэхийн зуур харвасан сум шиг өнгөрдөг юм. Өнөөдөр чи залуу байсан бол маргааш гэхэд л хөгширчихнө. Тиймээс цаг хугацааг хэзээ ч битгий хий дэмий өнгөрүүлээрэй. Хүн хожмоо энэ амьдралаа нэр төртэй өнгөрүүлсэндээ баярлах суух хэрэгтэй биз дээ. Гэтэл ихэнхийг нь утсаа маажаад өнгөрүүлчихвэл харамсалтайяа. Аливаа зүйлд тун хэмжээ гэж бий. Түүнийг хэтрүүлэхгүй байх бас их чухал юм уу даа. Д.Нина: Амьдралынхаа ихэнх цагийг утсаа маажаад өнгөрүүлчихвэл дэндүү харамсалтайяа

Тэмдэглэл: Уг нь түүнтэй монос цэцэглэх цагаар ярилцахаар хадгалж байсан хэдий ч тэвчиж түвдэлгүй ийнхүү ярилцлаа. Өмнө таарахдаа “Би мод тарих их дуртай. Мойлыг үрслүүлээд 1,000 мод болгож байсан юм. Монос цэцэглэх цагаар хүмүүс энерги авахаар нөмөрт нь суудаг юм л даа. Хайрлам мод шүү” хэмээн хэлж байсан билээ. 

Магадгүй түүний дараагийн үзэсгэлэн монос цэцэглэх цагаар гарч мэднэ. Ямартай ч энэхүү нууцлагдмал ховор содон уран бүтээлчийн оролцсон “Бидний нэг” маань эрхэм танд таалагдсан гэж найдъя.

Д.Нина: Амьдралынхаа ихэнх цагийг утсаа маажаад өнгөрүүлчихвэл дэндүү харамсалтайяа