Залуусын орон зай

Э.Билгүүн: Эцэг эхийн хэлээд ойлгодоггүй зүйлийг хүүхэлдэй хэлэхэд л хүүхдүүд ухаардаг

Б.Намуун2025.05.015 минут унших
 Э.Билгүүн: Эцэг эхийн хэлээд ойлгодоггүй зүйлийг хүүхэлдэй хэлэхэд л хүүхдүүд ухаардаг

Өнгө алагласан том, жижиг дэлгэцүүд хүүхэд асрагчийн байр суурийг эзлэхээс олон жилийн өмнө хүүхэлдэйнүүд үе үеийнхний зүрх сэтгэлд бүжиглэн, дуулж тэдэнд юу болох, юу болохгүйг зааж өгдөг байлаа. Судалгаагаар сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд хүүхэлдэйн театр үзүүлэхэд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар 41.5 хувь, эмпати буюу бусдыг ойлгож мэдрэх чадвар 46.5 хувиар өссөн байна. Хүүхэлдэй бол зүгээр нэг тоглоом биш харин хүүхдүүдийг хүн болж төлөвшихөд туслагч аж. Тэгвэл энэ удаагийн "Бидний нэг" буланд Азийн хоёр дахь, Монголын анхны “puppet” төрлөөр бүтсэн Пөөдөө” УСК-ны гол дүрийн жүжигчин Э.Билгүүнийг урьж, хүүхэлдэйн театр, кино, уран бүтээлчийн дотоод ертөнцийн тухай яриа өрнүүллээ. 

“Би жүжиглэмээр байхад хүүхэлдэй л жүжиглээд байх юм уу...” 

Багадаа яаж урлагийн хүн болох вэ л гэж их боддог байлаа. Ахлах ангиа төгсөх жил ОХУ-ын Санкт-Петербургт хүүхэлдэйн жүжигчнээр сурах хүүхдүүд шалгаруулж авах зар телевизээр гарахыг аав маань хараад, намайг бүртгүүлчихсэн юм билээ. Хамгийн сүүлийн шалгалт нь орос хэлний шалгалт байсан бөгөөд түүндээ чадан ядан тэнцээд орж байлаа. Тухайн үед 300 хүүхдээс 10 хүүхэд тэнцээд явж байсан юм.  

Хүүхэлдэйн театрын жүжигчин мэргэжил гэдгийг сонсоод тухайн үедээ “Хүүхэлдэй? Би зүгээр л жүжигчин болмоор байна шүү дээ. Яагаад хүүхэлдэй гээд байгаа юм бол. Тэгээд би жүжиглэмээр байхад хүүхэлдэй тоглоод байх юм уу” гэж жаахан учрыг нь ойлгохгүй, дурамжхан байсан. Хоёр дугаар курсээсээ л бид чинь өөрсдөө ч жүжиглэх юм байна, хүүхэлдэйн жүжигчин ч болох юм байна гэдгийг ойлгосон доо. 

Frame 1261158924.png

“Хүүхэлдэй амьтай. Эзэн барьсан л бол амилдаг” 

Бидний сайн мэдэх “The Muppet Show”-ны Кермит хэмээх ногоон мэлхийг бүтээгч, “амь оруулагч” жүжигчин Жим Хенсон нэгэнтээ "Би хүүхэлдэйтэй тоглохдоо тэр хүүхэлдэйг үргэлж од болгохыг л хичээдэг" гэж хэлсэн байдаг. Тэгэхээр хүүхэлдэйн жүжигчид амьгүй биетийг тоглуулж байна гэж биш амьд амьтан, хүнтэй хамтарч ажиллаж байна гэж харж, мэдэрдэг ажээ.  

Хөндлөнгийн хүн харвал хүүхэлдэйгээ бариад яриад байгаа минь эвгүй харагдах байх. Гэвч яг үнэндээ хүүхэлдэй өөрөө амьтай байдаг. Эзэн барьсан л бол амилдаг. Жишээ нь, “Пөөдөө” киноны маань Пөөдөөг өөр хүн бариад давхиулах гэхээр эвдэрчихнэ, хөл нь гацаад хөдлөхгүй шүү дээ. Харин би барихаар зүгээр ажиллаад эхэлнэ. “Миний хөөрхөн шүдний аялал” жүжгийн Моонон хүүгийн хүүхэлдэйдээ би их хайртай. Моонон хүүг өөр хүн бариад тоглуулах гэхээр бас л толгой нь санжганаад эвдэрчихсэн ч юм шиг болчихно. Манай найруулагч заримдаа “Хүүхэлдэйн чинь сүнс ороогүй юм биш үү. Сайн ажилла л даа” гэдэг юм. Тэр яг л үнэн. Хүүхэлдэйтэйгээ ажиллаад, зохиолыг нь уншиж өгөөд, ярилцаад эхлэхээр тайзан дээр гараад яг л амьд мэт байдаг. Тэр хүүхэлдэй амилж байна гэдэг чинь хүүхдүүдийн анхаарал зөвхөн хүүхэлдэйн дээр ирнэ гэсэн үг. Хүүхэлдэйн театрын бас нэг дүрэм байдаг л даа. Хүүхэлдэй барьсан тохиолдолд жүжигчин өөрөө ард нь жүжиглэж болдоггүй. Би хүүхэлдэй барьснаа үзэгчид рүүгээ хараад жүжиглээд байвал тэд над руу л харна. Харин би хүүхэлдэй рүүгээ хараад жүжиглэвэл үзэгчид ч хүүхэлдэй рүү анхаарна. 

-Хүүхэлдэй жүжигчнийхээ гарт ирээд амь ордог гэлээ. Тэгвэл та энэ ид шидийг хэрхэн бүтээдэг вэ. Таны хүүхэлдэйтэй харьцах арга барил, нууц жор юу вэ? 

- Хүүхэлдэйгээ амьд мэт байлгахын тулд би хүүхэлдэйтэйгээ маш их ярьдаг. Хоёулаа одоо ийм зохиол дээр ажиллана гээд зохиолоо уншиж өгөөд, толинд харж байгаад хамтдаа жүжгээ бэлддэг. “Чиний даалгавар бол хүүхдүүдэд ийм юмыг ойлгуулах юм шүү” гээд л ярина шүү дээ. Тэгэхээр өөдөөс амьд юм шиг гайхаад л хөөрхөн хараад байдаг.  

Театрт хөл хорин ажлаа хийсэн өдрүүд 

Frame 1261158925 (1).pngАзийн хоёр дахь, Монголын анхны хүүхэлдэй ашиглан бүтээсэн уран сайхны кино “Пөөдөө” аль хэдийн олны хүртээл болж, театруудын дэлгэцнээ гарч байгаа. Уг киног Ковид-19 цар тахлын үеэр хийж эхэлсэн бөгөөд хоёр сарын хугацаанд театраас хэн ч гарахгүйгээр хөл хорионд киногоо бүтээсэн гэнэ. Хэн ч гарахгүй учраас гаднаас сайтар ариутгаж байж хүнс, хувцас зэргийг оруулж, эргэлт ирдэг байсан тухай жүжигчин Э.Билгүүн хуваалцсан юм.  

Кино бүтэх явцад яг цар тахал гарч тааран, эндээ хөл хорионд ажлаа хийж өнгөрүүлсэн. Танхимынхаа бүх сандлыг авч байгаад тайз болгон засаж, кинонд ашиглах тайзныхаа өвсийг өөрсдөө энд тарьж ургуулсан. “Пөөдөө” УСК-нынхоо зохиолыг анх уншаад яаж сэтгэл хөдлөлийг нь гаргая даа л гэж бодсон. Ямар текст дээр нь хүүхэлдэйнхээ юуг хөдөлгөх, хөмсгийг нь хэзээ яаж өргөх үү гэх мэтийг маш нарийн бодож үзсэн. Хүүхэлдэйн хэлсэн үгийг үйлдэл нь амилуулж өгдөг учраас ямар үгийн ардаас ямар үйлдэл хийх вэ гэдэг их чухал л даа. Нэг хүүхэлдэй дээр гурван хүн ажилладаг. Их бие дээр нэг хүн, хойд хөл, урд хөл дээр бас нэг нэг хүн ажиллана. Тэгэхээр би бүх бодож байгаа үйлдлүүдээ тэр хоёртоо ч хэлэх ёстой. Гурван хүн нэг хүн болж ажиллаж байж дүр бүтнэ. 

Түүнчлэн бид хүүхэлдэйнхээ доор нь орж ажиллаж байгаа учраас хүүхэлдэйгээ бүтэн харж чадахгүй байсан. Ингээд бидэнд дэлгэц холбож өгсөн юм. Хажуудаа дэлгэцээ харангаа хүүхэлдэйгээ удирдах маш хэцүү байсан. Пөөдөө маань бас “Эрэлхэг Пөөдөө” нэрээр тайзны уран бүтээл болж гарч байгаа.   

- Та Пөөдөөгийнхөө дүртэй яаж холбогдож, юугаараа адилхан гэж бодож байна вэ? 

- Сайн хэлж мэдэхгүй юм. Царай нь л жоохон адилхан юм болов уу. Манай хэд ч намайг дүртэйгээ адилхан гээд байдаг юм.  

Frame 1261158919.png- Хүүхэлдэйгээр жүжиглэж байхад техник, сэтгэл зүй, жүжиглэлт талаас хамгийн ур чадвар шаарддаг үе юу вэ? 

- Пөөдөө найз унагатайгаа бараг л киноны турш хамт явдаг. Унаганы хүүхэлдэйг хөдөлгөхөөр бас 3 хүн ажиллаж байгаа. Зөвхөн 2 дүрийн харьцааг хийхийн тулд 6 хүн хоорондоо зохицож ажиллана гэсэн үг. “Намайг ийм үйлдэл хийхэд та гурав тэр талд нь гарчихсан байх ёстой шүү” гээд л их ярилцана. Тэгэхээр багаар ажиллах чадварыг маш их шаарддаг. Жишээ нь, дээшээ цоройход би аль хэдийн толгойны техникээ бариад бэлдчихсэн байх ёстой. Цоройчхоод байхад гэнэт толгойг нь өргөж, эргүүлж болохгүй шүү дээ. Хоёр дүр ярилцах, нааш цааш зөрөх гээд л бүх тохиолдолд зургаан хүн ярилцаж хөдөлгөөнөө хуваарилана даа.  

“Монголд шижигнэсэн залуу хүүхэлдэйн жүжигчид бэлтгэгдлээ. Гэвч нэг айдас байна” 

Би 2014 онд сургуулиа төгсөөд өнөөг хүртэл хүүхэлдэйн театрт ажиллаж байна. Гэхдээ 2014-2018 онд жаахан орж гаран ажилладаг байсан л даа. Яагаад гэвэл 2014 онд төгсөж ирэхэд театрт маань 10 хүн ажилд авах орон тоо байгаагүй. Хийж бүтээх их хүсэл эрмэлзэлтэй эх орондоо ирсэн ч орон тоогүйн улмаас бид хэдэн тийшээ тарцгаасан. Өнөөдрийг хүртэл мэргэжлээрээ ажиллахдаа больё гэтлээ шантарсан үе байсангүй, сайхан л байлаа. Гэхдээ мэргэжилдээ эргэлзсэн тохиолдол нэгдүгээр курст л тохиосон юм. “Би яг юу хийгээд юугаар сураад байна аа” гээд ойлгохгүй, эргэлздэг байлаа. Тэгээд яг мэргэжлээ ойлгож, дурласнаас хойш дахиж эргэж буцаагүй. 

Одоо би СУИС-ийн Болормаа багшийн 3-р курсийн оюутнуудыг аваад энэ хавар хүүхэлдэйн жүжигчнээр бэлдэж, төгсгөх гэж байна. Манай оюутнууд утсан, таягт, сүүдрэн гэх мэт хүүхэлдэйн олон төрлөөр сайн суралцаж байгаа. Өмнө нь Монголд хүүхэлдэйн театрын жүжигчин бэлтгэгдэж байгаагүй. Харин одоо Монголдоо шижигнэсэн залуу үеийг бэлдлээ. Миний ганц айж байгаа юм өнөө л биднийг төгсөж ирэхэд орон тоо байгаагүй шиг орон тоогүй байгаад хүүхдүүд маань театрт орж чадахгүй байх вий л гэдэг байна. 

Frame 1261158936.png

“Эцэг эхийн хэлээд ойлгодоггүй зүйлийг хүүхэлдэй хэлэхэд л хүүхдүүд ухаардаг” 

Миний ажлын хамгийн гоё нь би дандаа хүүхдүүдтэй ажилладаг. Хүүхдүүд яг л цагаан цаас шиг үнэнч үзэгчид. Жүжигтээ дэндүү орж, итгэж үздэг. Танхим дүүрэн хүүхэд суугаад алга ташиж байгаа нь яг л бороо шаагьж байгаа юм шиг. Тоглолтын дундуур тэсэхгүй хөшигний завсраар хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийг хардаг шүү дээ. Манайх долоо хоног бүрийн амралтын өдөр тоглолттой байдаг бөгөөд тоглолт бүр доод тал нь 80 хувь дүүрдэг. Хүүхдүүдэд шүдээ угаа гэж хэн ч хэлээд ойлгодоггүй шүү дээ. Манай охин ч, хамаатны хүүхэд ч бас тийм байлаа. Тэгээд дүүгээ охинтойгоо цуг авч ирээд “Миний хөөрхөн шүдний аялал” жүжгээ үзүүлтэл орой нь шууд надад шинэ шүдний сойз аваад өг гээд л шүдээ угаагаад эхэлсэн. Тэгэхээр тэр хүүхдэд насанд нь тохирсон байдлаар эцэг эхээр биш жүжгийн дүрээр, хүүхэлдэйгээр дамжуулж зөв зүйлийг ойлгуулсан байгаа юм. Мөн пицца идэж, кола ууж болохгүй гэдгийг “Алтан залаат азарган тахиа” жүжгээр ойлгуулдаг. Манай охин ч одоо газтай ундаа ууж, түргэн хоол иддэггүй. Бидний жүжиг бүр ямар нэг мессежтэй байдаг.  

Ээж гэдэг хүнийг гомдоож болохгүй, дураараа аашилж муухай зан гаргаж болохгүй гэдгийг, ээжийгээ гомдоосоор байвал ээж нь жижигхэн хүүхэлдэй болчихдог жүжгээс хүүхдүүд ойлгодог. Хүүхдүүд бүр эхэр татаж уйлаад л гардаг даа. Манай охин одоо гуравдугаар анги. “Хүүхэлдэйн чинээ ээж” жүжигт би өөрөө охиных нь дүр байсан юм. Манай охин жүжиг бүтэх явцад тайзан дээгүүр гүйгээд л тоглоод явдаг мөртлөө жүжиг тоглох бүрд үзээд уйлдаг. Тэр хүүхдийн дүрд ээж нь тоглож байгаа гэдгийг мэдэж байгаа хэр нь уйлж орж ирээд байгаа нь хүүхэд тэр хүүхэлдэйг л амьд мэт төсөөлж, түүнд л итгэж байгаагийн шинж. “Өчигдөр би таныг тэгж цохисон, тийм ээ, ээж ээ. Уучлаарай” гээд л уйлаад байдаг. Хүүхдүүд ийм л үнэнч жүжигчид.   

Frame 1261158928.png

Чимээгүй ч хамгийн чанга алга ташилт 

Бид бас хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд зориулаад “Аз жаргалтай ханхүү” хэмээх жүжиг тавьсан юм. Дохионы хэлний багш нь хүүхдүүдэд хүргэхийн зэрэгцээ бид өөрсдөө ч дохионы хэл сураад текстээ хүргэсэн. Бас театрынхаа спикерүүдээр салхины шуум, бороо орж байгаа чимээг сайн тоглож өгсөн. Хараагүй хүүхдүүд шуум сонсоод жүжгээ маш сайн ойлгоод гардаг. Тэгээд алгаа ташихгүйгээр хоёр гараа өргөж алгаа харуулан, гараа сэгсэрч баяр хүргэдэг. Бүгд өөдөөс хараад гараа сэгсрэн баяр хүргэх хамгийн гоё мэдрэмж шүү.  Хамгийн чанга алга ташилт гэж тэрийг л хэлэх мэт.  

- Өдгөө олон улсад хүүхэлдэйн ямар төрөл илүү хөгжиж байна вэ. Бид хаана байна? 

- Хүүхэлдэйн театрт хуруун хүүхэлдэй, таягт хүүхэлдэй (доороо таягтай хүүхэлдэйг хэлнэ. Жишээ нь, Пөөдөө), утсан хүүхэлдэй, сүүдрэн хүүхэлдэй, маффет, ширээн хүүхэлдэй (ширээн дээр тоглуулдаг ардаа таягтай) зэрэг хүүхэлдэйн төрлүүд бий. Мөн хүүхэлдэй биш эд зүйлсийг хөдөлгөж, яриулж тоглодог төрөл ч бий. Жишээ нь, Про театрын “Инээмтгий хүн” жүжигт хувцаснууд өлгөөд, тэднийгээ тоглуулаад байгаа нь энэ төрөлд багтах юм. Олон улсад яг одоо энэ төрөл эрчимтэй хөгжиж байна. Тэр дундаа хүүхдийн жүжгээс гадна драмын жүжгүүдэд их ашигладаг.  

Түүнчлэн бид өдрийн цагаар хүүхдүүдэд зориулж хүүхдийн жүжгээ тоглоод, орой нь томчуудад зориулсан жүжгээ тоглох учиртай. Ер нь бол удахгүй манайд тийм болно. Үүнийг бид Хөхөө Намжилаас сэдэвлэсэн “Морин хуур” жүжгээр эхлүүллээ. Удахгүй “Одиссей”-г олны хүртээл болгохоор бэлдэж байна. Хүүхэлдэй орсон гэхдээ илүү драм тал руугаа жүжиг байх болно.  

“Хүүхэлдэйнүүд маань яг л миний хүүхэд юм шиг” 

Frame 1261158918.png

-Эргээд харахад хүүхэлдэйн театр, хүүхэлдэй таны хувьд ямар орон зай эзэлж, таны хувьд юу болсон байна вэ? 

Хүүхэлдэйнүүд маань яг л миний хүүхэд юм шиг санагддаг. Тэр хүүхэд маань өөр олон хүүхдэд миний санааг өөрөөрөө дамжуулж хүргээд ч байгаа юм шиг. Цаанаасаа л хувь тавилангаар энэ ажил мэргэжилтэй холбогдсон юм болов уу гэж боддог юм. Би жирэмсэн байхдаа театртаа ажиллахаар орж ирж байв. Тэгээд хэсэг гараад хүүхэд маань төрсний дараа 2018 онд буцаж ирсэн. Иймээс бэлгэшээгээд байдаг юм. Заавал энд байх ёстой гээд татаад ч байгаа юм шиг санадаг даа. Манай хүүхэд ч хүүхэлдэйн театрт ирэх их дуртай. Багаасаа л хүүхэлдэйнүүдээр маань тоглож дотно байдаг байсан. Өөр хүн хүрэхээр миний хүүхэлдэйг “Энэ чинь миний ээжийнх” гээд харамлаад байдаг. Их сайхан энергитэй газар шүү дээ.  

Дээр хэдийн дурдсан хүүхэлдэйн жүжигчин Жим Хенсон нэгэнтээ "Хүүхэлдэйн урлаг бол зүрх сэтгэлд маш ойр байдаг урлагийн төрөл. Энэ нь зөвхөн зугаацуулан, хөгжөөх тухай биш, сурч боловсрох явдал юм. Энэ бол ертөнцийг өөр нүдээр харах үйл явц” хэмээсэн байдаг. Цав цагаан цаас шиг гэнэн итгэмтгий хүүхдүүд хүүхэлдэйг амьд гэж итгэн, тэдний хэлсэн үгэнд хамгийн ихээр үнэмшиж, ёс зүйтэй, сайхан сэтгэлтэй иргэд болоход бэлтгэгддэг аж. Завгүй амьдралын хэмнэлд гэр бүлдээ цаг гарган хүүхдээ, дүүгээ дагуулан Хүүхэлдэйн театрыг зориорой. Ярилцлагыг шимтэн уншиж, бидний нэг болсон уншигч танд талархлаа.  

Холбоотой нийтлэлүүд