Залуусын орон зай

С.Чойдорж: Хат суусан орчуулагч болъё гэвэл хатуу хүтүүтэй сайн ноцолдоорой

Д.Жавхлан2025.12.117 минут унших
С.Чойдорж: Хат суусан орчуулагч болъё гэвэл хатуу хүтүүтэй сайн ноцолдоорой  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Монголд анх 1970 онд кино орчуулга хийгдэж байсан түүхтэй. Тэр цагаас хойш өдийг хүртэл тасралтгүй үргэлжилсээр байгаа энэхүү ажлын ард орчуулагч, дуу оруулагч, дууны найруулагч гээд олон хүний хөдөлмөр шингэсэн байдаг билээ. Иймд бид кино орчуулагчдын төлөөлөл болгож бидний сайн мэдэх “Хуан Жу Гэг”, “Бугын тэмдэгт тулга” зэрэг хятадын олон ангит киног монгол хэлнээ орчуулсан, орчуулагч С.Чойдоржтой ярилцлаа. 

Кино орчуулгын салбарт 10 гаруй жил ажиллаж 1,500 орчим хятад киноны ангийг эх хэлнээ буулгасан түүнийг кино орчуулгатай анх танилцуулж, хятад хэл заасан багш нь хятад хэлний нэрт орчуулагч, доктор, профессор Д.Болдбаатар ажээ. “Багш минь надад ‘хэцүү бодол бүү тээгээрэй, хятад хэл хэцүү юм байна гэж ерөөсөө бодож болохгүй шүү’ гэж захиж байсан юм. ‘Ухаантай байх амаргүй, гэвч тэнэг байх түүнээс хэцүү’ гэж үг бий. Тиймээс би хятад хэл сурахдаа өөрийгөө тэнэг хүн шиг л дайчлан зүтгэсэн” хэмээн анх хэрхэн хятад хэл сурж эхэлсэн түүхээр бидний яриа эхэлсэн юм.

“Орчуулга хийхэд монгол хэлээ ухах шаардлага илүү их тулгардаг” 

Хятадын хааны ордны тухай кинонд зуух шиг хэр нь дээрээс нь таглаад нүүрс түлдэг нэг сав гардаг юм. Хаан тэр сав руу гараа ээж дулаацдаг. Түүнийг монголоор юу гэж нэрлэх вэ гэсэн асуудал тулгарч байлаа. “Тулга” гэхээр манай тулга газарт байдаг тул тохирохгүй, “зуух” гэхээр бас яг биш. Ингээд хайж байтал баруун аймгийн нутгаар “ховон” гэж, тулгатай төстэй, дээрээ савтай зуухыг нэрлэдэг үг байдгийг олж мэдсэн. Бид мэдэхгүй ч өмнө нь хаа нэгтээ хэрэглэдэг газар байсан байж болно. Тиймээс орчуулга хийхэд хятад хэлнээс илүү монгол хэлээ ухах шаардлага илүү их тулгарч байдаг юм.

Монголоор яг дүйх үг олдохгүй бол зарим тохиолдолд шууд “тулга” гээд орчуулчих талтай. Гэхдээ номонд “тулга авчраад гарыг нь ээв” гэж бичиж ч болох ч кинон дээр илт тулга биш харагдаж байхад “тулга” гээд буулгачихвал болохгүй. Бичгийн орчуулгын алдаа, ялангуяа ном, киноны буруу орчуулга дэлгэцэнд, цаасан дээр үүрд үлддэг. Аман орчуулгын үед алдаа гарж байгаа л ажиглагддаг гэхдээ тэр үедээ тэгсхийгээд л өнгөрчихнө. Бичгийн орчуулга дунд гарсан алдаа бол кино дахин гарах үед ч давтагдана. Иймээс кино орчуулахад хариуцлагатай, нягт нямбай байх хэрэгтэй.

web cover.jpg

Хятад хэлэнд “Хүүхдээ хайрлаад байвал чоно барьж чадахгүй” гэдэг үг бий. Монгол хүн бол хэзээ ч чоно барихын тулд хүүхдээ тавьж өгөхгүй шүү дээ. Энэ жишээнээс л гэхэд хоёр орны сэтгэлгээ, соёлын ялгаа илэрч байна. Уг зүйр үг нь хятад хүний эрс шийдэмгий зан чанарыг илэрхийлдэг боловч монголчууд шиг өрөвч зөөлөн сэтгэлтэй, үр хүүхдээ энэрдэг ард түмний хувьд ингэж хэлэх хэр тохиромжтой вэ, гэдгийг бодолцож үзэж байж орчуулах хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ тухайн улсын соёл, онцлогийг үзэгчдэд таниулах нь орчуулагчийн үүрэг учраас энэ мэт хэлцийг аль болох монгол зүйр үгээр орлуулалгүй, шууд утгаар нь буулгавал илүү тохиромжтой гэж боддог юм. 

Яагаад гэхээр нэг хятад хүн “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гээд хэлчихээр манай монгол ахуй тэр хятад хүн рүү яваад орчихлоо гэсэн үг. Хятад хүн монгол ахуй яриад байж байх хэзээ ч тохирохгүй. Монгол, хятад хэлэнд зарим үед тохирдог, адилхан үгнүүд мэдээж байгаа. Тиймээс яг монгол зүйр үгээ ингээд шууд биччихэж болох юм уу, ямар үед хэрэглэх вэ гэдэг тийм нюансыг олох кино орчуулгад маш чухал. 

- Кино орчуулгын үйл явц ямар дарааллаар хийгддэг юм бэ?

Кино орчуулахад эхлээд киноны дүрс бичлэг ирдэг. Дараа нь орчуулах эх бичвэр нь ирнэ. Эх бичвэрээ уншаад тухайн киноны дүр хэн гэдэг, ямар ажил, мэргэжилтэй хүн болохыг тодруулж, гол мэдээллүүдээ олж авдаг гэсэн үг. Мөн мэдэхгүй үг, ханз таарвал киноны бичвэрээс тулгаж хардаг юм. Ингээд киногоо үзээд л эх бичвэртэйгээ нэг бүрчлэн тулгаад орчуулгаа хийж эхэлдэг.

Кино орчуулга монгол дуу оруулахад тухайн киноны дүрийн амны хайрцаг, ярианы хэмнэлтэй нийцэж байх ёстой. Тухайлбал, заримдаа монгол дуу оруулалт дуусчихсан байхад цаана нь киноны дүрийн амны хөдөлгөөн үргэлжлээд хэлж байгаа үг нь сонсогдоод үлддэг дээ. Энэ нь тэр орчуулга дутуу байна л гэсэн үг. Бүрэн орчуулга бол дүрийн ам бүрэн хаагдах хүртэл монгол орчуулга явж л байх учиртай.

Хятад хэл маш хурдан ярьдаг болохоор монгол хэлрүү хөрвүүлэхдээ “танах”, цөөн үгтэй болгох шаардлага гардаг. Монгол хэлэнд Сайн байна уу?” гэж асуухад бараг нэг секунд зарцуулдаг бол хятад хэл тэр хугацаанд хоёр өгүүлбэр хэлдэг. Тиймээс дуу оруулалтын хурдтай тааруулахын тулд орчуулгаа үгчлэх биш, утгачилж орчуулах хэрэгтэй. Гэхдээ орчуулагч хүн аливаа бүтээлийн зохиолчийн санаа, өгүүлэмжийг хүндэтгэх ёстой. Зүгээр ам тааруулж байна гээд үг, утгыг нь дураараа өөрчлөөд, өөрийнхөөрөө, монгол хүний үгээр орчуулах ёсгүй.

- Киноны дуу оруулагч, дууны найруулагчидтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?

Миний ажил өөртөө гаргасан төлөвлөгөө, хуваарийн дагуу л явдаг. Өнөөдөр аль киног орчуулж, маргааш аль ангийг нь хийх вэ гээд өдөр, хоногоор нарийн төлөвлөж, тэр зарчмаа чанд баримталж ажиллахгүй бол болохгүй. Учир нь миний ажлын ард дуу оруулагч жүжигчид, дууны найруулагчид гээд студийн маш олон хүний ажил давхар явж байдаг. Тэдний ажлыг би цалгардуулж, гацааж болохгүй шүү дээ. Тиймээс орчуулга бол асар их хариуцлага шаардсан ажил. Ер нь ямар ч ажил байсан ялгаагүй дээ, хариуцлага л чухал. Миний сэтгэл санаа таагүй байна уу, өөр асуудал байна уу, энэ бүхэн ажлын төлөвлөгөөнд огт нөлөөлж болохгүй гэж боддог.

Мөн орчуулгын хурдны талаар дурдмаар байна. 40 минутын киног хэзээ ч 40 минутын дотор орчуулдаггүй. Анх эхэлж байхдаа 10 минутыг бүтэн өдөр орчуулж л байлаа. Ер нь туршлагатай, сайн орчуулагч нараас л нэг өдөрт хэд хэдэн анги гарна шүү. Хятад киноны харилцан ярианы хурднаас шалтгаалаад эх бичвэр маш их үгтэй байдаг. Дундаж нэг ангит киноны харилцан ярианы текст 8 мянгаас 10 мянган ханз буюу 30 нүүр бол элбэг болно.

“Телевизүүдэд киноны үндсэн утга, логикийг алдуулахгүй барьж явах, чанарын хяналт тавих редакторын ажил дутагдаж байна”

Сүүлийн үед хятад контентын тоо ихсэх тусам олон нийт “зөөлөн хүчний бодлого, соёлын нөлөө” гэхчлэн ярьдаг болсон. Үнэндээ тэр кинонууд залуусын хайр сэтгэл, хүний амьдралын энгийн бүхнийг л харуулж байгаа, улс үндэстэн мөхөөх далд бодлого агуулаагүй. Зүгээр л хоёр улс бие биетэйгээ контент солилцож байгаа хэрэг. Монголд солонгос контентыг бодвол хятад киноны эзлэх хэмжээ харьцангуй бага. Бид бусад орны киног оруулж ирэх, өөрсдийнхөө киног гадагш гаргах боломжтой” хэмээн орчуулагч С.Чойдорж онцолж байв.

web cover (1).jpg

Орчуулга хамгийн гол нь үнэн зөв байх ёстой. Зарим сувгаар хятад киног өөр хэлнээс дам байдлаар орчуулж хүргэдэг тохиолдол бий л дээ. Өмнө нь нэг Манж Чин гүрний үеийн тухай түүхэн кино үзсэн чинь, Манжийн хаад ноёдын хэргэм зэргийг ялгалгүйгээр эрэгтэй байвал “ноён”, эмэгтэй байвал “хатан, хатагтай” гэж орчуулсан байсан. Түүнийг үзээд, орчуулагч хүний хувьд харамссан шүү. Киногоор дамжуулж хүмүүст боловсрол олгож байгаа гэдгийг бодох хэрэгтэй. 

Эфирийн шахуу хуваарийн улмаас олон ангит кинонд 3-4 орчуулагч ажиллах нь бий. Ингэхээр нэг цуврал дотор нэр томьёог хэд хэдэн янзаар орчуулсан алдаа гарч байна. Жишээ нь, эхний хүн “Мин групп” гэж орчуулсан байтал дараагийнх нь “Мин компани” гэж буулгах, эсвэл “Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга”-ыг өөр хүн “захирал” гээд биччихдэг гэх мэт. Тэгэхээр тэр нэршлүүдийг хэн нэгтгэж, хяналт тавих юм, гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм. 

Хэрэв үнэхээр кино орчуулгын чанарыг сайжруулъя гэж бодож байгаа бол хэн хямд дуугарсанд нь биш мэргэжлийн орчуулагчид л өгөх хэрэгтэй. Чадвартай хүн хэзээ ч муу орчуулга хийхгүй шүү дээ. Гэхдээ орчуулагч бүр заавал өндөр мэдлэгтэй, мэргэжлийн хүн байх албагүй, үнэхээр чин сэтгэлээсээ хийхийг хүсэж байгаа хүмүүс зөндөө бий. Харин телевизүүдэд киноны үндсэн утга, логикийг алдуулахгүй барьж явах, чанарын хяналт тавих редакторын ажил дутагдаж байна.

- Бусад орны кино орчуулагчид манайхаас хэр ялгаатай ажилладаг бол? Та энэ талаар судалж үзсэн үү?

Энэ салбарт үнэхээр сэтгэлтэй хүмүүс л тууштай ажиллаж байна уу даа гэж би боддог. Учир нь Монголын кино орчуулгын үнэлгээ бага, ачаалал их, хугацаа давчуу гээд бэрхшээл ихтэй. “Нэг кино орчуулж үзье” гэсэн сонирхолтой залуучууд оролдоод үздэг, тэгээд удалгүй больчихдог талтай. 

Би Өвөр Монголын Одон телевизийн орчуулагч нарыг мэдэх юм байна. Ихэнхийг нь танина. Бид нэг нэгнээсээ “Үүнийг юу гэж орчуулах вэ?” гэж зөвлөлддөг. Яагаад гэвэл бид чинь адилхан монгол хүмүүс нэг хэлээр ярих гэж зорьж байна шүү дээ. Харин ажлын ачааллын тухайд тэднийх манайхтай харьцуулахад харьцангуй бага. Цалин хангамж нь ч боломжийн, цагийн хуваарь нь тогтмол байдаг юм билээ. Бид мэт нь бол бараг өдөрт 2-3 анги гаргах гэж үзнэ шүү дээ. 

“Хэл гэдэг чинь ямар өргөн уудам далай юм бэ, гэдгийг мэдчихсэн байдаг учраас орчуулагч нар өөрсдийнхөө хэм хэмжээг мэддэг хүмүүс”

Аливаа нэр томьёог тухайн хэлнээс нь шууд авч хэрэглэхээс илүү монголчилж орчуулах нь чухал аж. Гэвч тухайн улсын түүх, соёлтой холбоотой үг болон орчин үеийн нэр томьёог галиглан буулгах тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байна. Учир нь “лайк дарах”, “лайв хийх” гэх мэт үгсийг монголчлон буулгах нь эсрэгээрээ “модон орчуулга” үүсэх эрсдэлтэй ажээ.

web cover (2).jpg

Ер нь ямар ч орчуулагч хүн “би тэр хэлэнд төгс гаршсан” гэж бардам хэлдэггүй. “Жаахан гайгүй гадарлана аа, доторлоно оо” л гэж ярина. Хэл гэдэг чинь ямар өргөн уудам далай юм бэ, гэдгийг мэдчихсэн байдаг учраас орчуулагч нар өөрсдийнхөө хэм хэмжээг мэддэг хүмүүс. Хүмүүс заримдаа “чи тэгвэл үүнийг орчуулчих даа” гэж сорьдог л юм. Асар өндөр түвшинд бичигдсэн, эртний сонгодог зохиолыг орчуулах үед бидэнд өвдөг сөхрөх үе ч гарна.

Миний хамгийн дуртай “Бугын тэмдэгт тулга” гэх хятад кино байдаг юм. Монгол хэл дээр орчуулагдаад гарчихсан. Энэ киног орчуулахдаа өөрийн монгол хэлний мэдлэг дутууг мэдэрч, жинхэнэ гацаанд орж байлаа. Орчуулж суухад хятад хэлээр бүрэн ойлгочхоод байгаа хэр нь Монголынхоо үгээр гоё уран яруу илэрхийлж чадахгүй үе тулгарсан. Тэгэхдээ багшийнхаа орчуулсан “...Гүр дуулал” гэдэг номыг сөхөж сууна. Хятад хэл үнэхээр уран яруу. Би тэр илэрхийллийг монгол хэл рүү яаж уран яруу буулгах вэ гэдэг дээр ёстой монгол хэлний мэдлэгээ гайгүй сайн шавхах хэрэг гарсан шүү.

“Эх хэлний мэдлэг сайн хүн ямар ч гадаад хэлийг илүү амархан сурдаг гэж би боддог”

Орчуулагч хүн тухайн хэлний бүтцийг маш сайн ойлгосон байх шаардлагатай ажээ. Учир нь аливаа бүтээлийг монгол хүн эх хэл дээрээ уншихад ойлгомжтой байдлаар буулгахын тулд өгүүлбэрийн бүтцийг задлан шинжилж, орчуулах хэрэгтэй юм. “Гэгээ” хэмээх хятад хэлний коллежийн нэг жижиг ангиас хятад хэл сурч, “Хубилай хаан” киноны орчуулгад оролцож явсан түүний хувьд хятад, монгол хэлний бүтцийн ялгаа бараг ялгаагүй санагдах болсон нь “хятад хэл хэцүү” гэх хэвшмэл ойлголтыг халж, гадаад хэл сурах тийм ч хэцүү зүйл биш, бас хүн сурсан зүйлтэй байна гэдэг ямар сайхан болохыг бусдад ойлгуулж чадсан гэдэгт итгэлтэй байна.

“Ном бол ертөнцийг харах цонх” гэдэг дээ. Түүнтэй адил гадаад хэл сурснаар хүний өмнө нэг шинэ ертөнц нээгдэж байдаг юм. Надад бол Хятад хэмээх өргөн ертөнц нээлттэй цонх болсон. Хятадад очих болгонд усандаа байгаа загас шиг санагдах нь элбэг. Харин би турк хэл мэдэхгүй учраас Турк гэдэг улс надад хаалттай, шинэ ертөнц хэвээрээ л байна гэсэн үг. Гэхдээ хэлийг сайн сурахын тулд юу юунаас илүү эх хэлний маш сайн суурьтай байх хэрэгтэй. Эх хэлний мэдлэг сайн хүн ямар ч гадаад хэлийг илүү амархан сурдаг гэж би боддог юм.

- Орчуулагчийн мэргэжлийг эзэмшиж буй залуучуудад хандаж та юу хэлмээр байна?

“Чи юу хийсэн юм бэ?” гэхэд “Би ийм зүйл хийсэн” гээд бусдад нүүр бардам харуулах бодит зүйл л хийгээрэй. HSK өндөр оноо энэ тэр бол нэг их чухал юм биш шүү дээ. Үнэхээр судалгаа хийж байгаа бол олон талын эх сурвалжтай гүн судалгаа хий, орчуулга хийж байгаа бол чанартай олон орчуулга хийгээд олон түмэнд хүргэ. Одоо үед фэйсбүүк дээр хятад, монгол орчуулгаа харьцуулж тавихад л хүн болгон санал бодлоо хэлж, чи тэр дороо суралцах боломжтой болсон цаг. Ямар ч хэлбэрээр байсан, хийсэн ажлаа нийтэд дэлгэж, шүүмжүүлж, засаж сайжруулах хэрэгтэй. Ингэж байж л сайжирна.

Ойр зуурын ярианы чадвартай байх нь энгийн л зүйл. Яриад, амархан ойлголцоод байхаар өөрийгөө өндөр түвшний хэлний мэдлэгтэй гэж эндүүрч болохгүй. Хэлний хамгийн доод түвшин нь ердөө яриа байдаг шүү дээ. Харин хэлний дээд түвшин бол сонссон, уншсан бүхнийхээ санааг бүрэн ойлгох явдал юм.

web cover (3).jpg

Орчуулгын ажилд ганц л үнэн байдаг нь “чи нэг үсэг цохихгүй бол нэг ч төгрөг авахгүй”. Өөрөөр хэлбэл, ажлаа бүрэн дуусгаж байж л чи цалин хөлс, шагнал урамшуулал ярина шүү дээ. Тийм учраас би хэзээ ч дундаас нь орхиж байгаагүй. Өнөөдөр ажилдаа ирээд сэтгэл санаа тиймхэн байна “жаахан сууж цаг нөхцөөж байгаад явъя, цалингаа бодуулчихъя” гэж хэзээ ч бодож болохгүй. Заавал нэг үсэг тавьж, нэг өгүүлбэр орчуулж байж л тэр ажил урагшилна шүү дээ.

“Хийсэн зүйлтэй байна гэдэг нүүр бардам сайхан”

Хүмүүс гаднаас нь хараад “гоё юм аа, кино үзээд л суучихна, хүссэн үедээ больчихно” гэж боддог. Үнэн хэрэгтээ тийм зав огт гарахгүй шүү дээ. Ер нь л суудлаасаа өндийх завгүй суудаг ажил учраас нүдний хараа муудах, нуруу өвдөхөөс эхлээд гарах золиос их бий. 

Харин энэ мэргэжлийн сайхан нь гэвэл, сая хэлсэнчлэн хэн нэгэн “Чи юу хийж бүтээсэн юм бэ?” гэж асуухад бардам үзүүлэх зүйлтэй байдагт оршино. Би гэхэд хятад киноны 1,500 гаруй ангийг монгол хэлнээ орчуулсан байна. Миний орчуулсан кино гараагүй телевиз, үзээгүй хүн бараг байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Тиймээс хийсэн зүйлтэй байна гэдэг нүүр бардам сайхан.

Мэдээж дэлгэцийн ард хэн орчуулсныг анзаарах хүн ховор. Гэхдээ миний хувьд орчуулга хийх явцдаа өдөр бүр шинэ зүйлийг сурч мэдэж, өөрийгөө сорих боломж олддог нь сайхан байдаг юм.

Бидэнтэй ярилцаж, орчуулагчийн жаргал зовлонгоос хуваалцсан танд баярлалаа!

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд

С.Чойдорж: Хат суусан орчуулагч болъё гэвэл хатуу хүтүүтэй сайн ноцолдоорой - Posted