Өөр оронд сурахаар очоод хэн ч биш байснаа ойлгосон


Хилийн дээс алхаад Монголоос гарахдаа өөрийгөө ямар жижигхэн сэтгэдэг байсныг ойлгосон.
Магадгүй ангидаа мундаг нь байж болно, улсдаа шилдэг нь байж болно. Гэхдээ энэ улсаас гараад өөр газарт очиход би хэн ч биш. Яг ийм мэдрэмжийг авахдаа олон зүйлийг ойлгосон. Хүн хэзээ ч өөртөө ханаж болохгүй. Үргэлж хөгжил рүү тэмүүлж, цаана юу байгааг сонирхож байх хэрэгтэй. Өдгөө миний зорилго тэнд л оршдог.
Гадаадад сурахад хамгийн түрүүнд сэтгэл зүйн хувьд бэлэн байх хэрэгтэй. Хүн гэнэт л нэг өдөр нүдээ нээхэд гадаадад ирчихсэн байхгүй нь тодорхой. Хаашаа явахаа мэдэж л байгаагаас хойш тухайн газрынхаа талаар сайн судалсан байх хэрэгтэй. Наад зах нь өвдсөн үед яах ёстой, эмчилгээний зардал нь хэр өндөр байдаг, холбогдох хүн байгаа эсэх, мөн хоолны соёл, амьдралын онцлог зэрэгтэй сайтар танилцахгүй бол балмагдах тохиолдол бий. Бас гэрээ санаж ганцаардана, ар гэрт хүнд асуудал тулгарна гээд үүсэж болохуйц нөхцөл байдлууд тоологдошгүй. Урт хугацааны асуудлуудаа харахгүй сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гарах байдал элбэг. Цаг заваас шалтгаалан гадуур хооллох эсвэл бэлэн зүйл авч идэх үе олон, улмаар санхүүгийн асуудалд ч орно.
Манай хотод цэнгээний газар нь үнэгүй. Түүнээс үүдээд наргиж цэнгэхээ гол болгон сурахаа мартчихдаг хүмүүс цөөнгүй байна. Анхнаасаа төлөвлөгөө, зорилгоо сайн гаргаад чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх, юу сурч, юутай танилцах вэ гэдгээ тодорхой болговол ийм явдал харьцангуй бага гарах болов уу.
Энэ улсаас гараад өөр газар очихдоо би хэн ч биш гэдгээ ойлгосон.
Хятад оюутнууд орой 10 цагт унтаад 5 цагт босдог.
Их эртэч, хөдөлмөрч хүмүүс. Би 8 цагаас өглөөний цайгаа уугаад хичээлдээ ирэх үед оюутнууд ихэнх нь дасгал сургуулилт хийж байгаад ирж байдаг. Маш сэргэг. Тэдний хажууд би нойр дутуугаасаа болж нойрмоглох явдал их гардаг. Хятад оюутнуудын дотуур байрны тог 10 цагт тасардаг. Амрах цагтаа амар гэсэн үг. Улмаар тухайн цагаас хойш дотуур байрны хөл хөдөлгөөнийг хорьдог. Харин гадаад оюутны байр нь 24 цаг тогтой, шөнө гарч орох нь чөлөөтэй, эмэгтэй эрэгтэй хоёр нэг оронд хэвтэж байсан ч огт тоодоггүй. Яг ийм нөхцөл байдал дээр сайн төлөвшөөгүй залуучууд бол их л асуудал гаргадаг. Гадаадад сурна гэдэг нь өөрөө маш том шалгуур юм. Хятад улсын бодлого айхтар шүү...
Гадаад оюутны санхүүгийн бололцоо бага тул завсарлагаагаар өрөөндөө очиж хоол хийж иддэг. Улмаар 1 цаг 40 минутын дийлэнх нь хоол хийж идэх ажилд зарцуулагдана. Харин хятад оюутнууд 10 минутад гарч бэлэн хоол авч идээд үлдсэн 1 цаг 30 минутад нь унтаж амардаг. Улмаар дараагийн хичээлүүдээ асар эрч хүчтэй эхлүүлдэг гэсэн үг. Гадаад оюутнууд яг эсрэгээрээ. Сургалтын үйл явцад системээс гадна маш олон зүйлс нөлөө үзүүлнэ. Шинэхэн оюутнууддаа энэ зүйлсийг сайн зохицуулж сурахыг зөвлөмөөр байна.
Туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй. Хүн заавал алдаж байж сурдаг шүү дээ.
Улмаар өмнөх үеийнхээ туршлагаас суралцаж чадвал цаг алдахгүй байх боломж бидэнд бий. Би асар жижиг зүйлээс эхлээд, хүмүүсийг асуултаар залхаадаг байлаа. Мөн доод үеийнхэндээ ч туулснаа ярьж, зөвлөж байхыг хичээдэг. Улмаар үг аваад амьдралдаа хэрэгжүүлэх нэг нь байхад, хэлээд байхад л яг адилхан алдааг давтдаг хүн ч бий.
Улмаар өөрөө илүү олон хүнд туршлагаасаа хуваалцах үүднээс бичлэг хийж эхэлсэн. Харамсалтай нь хэдхэн бичлэгийн дараа тоног төхөөрөмж дутагдаж, цаг зав ч бага болсон. Гол нь тухайн контентоороо мэдээлэл түгээгээд зогсохгүй, адилхан асуудалтай, ижил нөхцөл байдалд байгаа залуус хоорондоо амьд харилцаа үүсгэж, бие биетэйгээ холбогддог байгаасай л гэж хүссэн.