Залуусын орон зай

Өнөөдөр Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 119 жилийн ой тохиож байна

М.Энхмаа2025.11.172 минут унших
Өнөөдөр Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 119 жилийн ой тохиож байна

Өнөөдөр Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 119 жилийн ой тохиож байна. Тэрбээр 1906 оны 11 дүгээр сарын 17-нд хуучнаар Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр суманд төрж, богинохон боловч бүтээлч амьдралаараа Монголын уран зохиолын шинэ үеийг үндэслэсэн юм.

Д.Нацагдорж нь хорьдугаар зууны Монголын утга зохиолд хэл, найруулгын шинэчлэлийг авчирсан бөгөөд “Миний нутаг”, “Учиртай гурван толгой”, “Хуучин хүү” зэрэг бүтээлүүдээрээ эх орон, байгаль, хүмүүний амьдралын үнэ цэнийг гүнзгий, уран зохиолын өндөр түвшинд илэрхийлсэн байдаг. Мөн тэрбээр дэлхийн сонгодог уран зохиолын сод бүтээлүүдийг Монголын уншигчдад анх удаа, шат дараатайгаар танилцуулж, үндэсний оюуны соёлыг шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Түүний уран бүтээлийн өвийг өнөө үеийн залуу уншигчдад ойртуулах нэгэн сонирхолтой санаачилга бол “Найрагчийн мөрөөр” төсөл юм. Уг төсөл нь зуун жилийн өмнө Баруун Европ руу суралцахаар илгээгдсэн 43 сэхээтний түүхийг судалж, тэдний туулсан зам мөрийг баримтат кино, тэмдэглэл, гэрэл зургийн хэлбэрээр уншигчдад хүргэдгээрээ онцлог юм. Тэдний дунд Д.Нацагдорж, Д.Намдаг, Л.Намхайцэрэн зэрэг анхны мэргэжилтнүүд багтдаг бөгөөд тэдний амьдрал, суралцсан орчин, хатуу бэрх хийгээд тэндээс төрсөн бүтээлч тэмүүллийг судлах нь өнөө үеийн залууст мэргэжлээрээ эх орондоо хувь нэмэр оруулах, бүтээлчээр хөгжих урам зоригийг төрүүлэхэд чиглэсэн аж.

Жил бүрийн энэ өдөр эрдэмтэн, судлаачид, оюутан залуус, уншигчид зохиолчийн өвийг эргэн дурсаж, түүний уран бүтээлийн үнэ цэнийг урлаг, соёлын салбарын аргачлалд нийцүүлэн сурталчлах судалгааны болон боловсролын үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай.

Холбоотой нийтлэлүүд