Залуусын оролцоог реформ хийх нь


Залуусын оролцоог реформ хийх нь
Залуус үзэл бодол, санал санаачилгаа нэгтгэн бодлого тодорхойлогчдод хүргэх нээлттэй, хараат бус талбар бүрэлдэн тогтож байна. Тухайлбал, салбар салбарын залуус нэгэн дээвэр дор чуулж нийгэмд тулгамдаад буй олон асуудлыг тодорхойлон, тухайн асуудлын хүрээнд шийдэл, саналуудыг хэлэлцэж, олон нийтэд хүргэх боломжийг Mongolian Economic Forum 2024 | Youth Perspective үйл ажиллагаа бий болголоо.

БОЛОВСРОЛ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ЗАЛУУСЫН ХУВЬД НЭН ЧУХАЛ БАЙНА
TsoilogsoZ Youth Community хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй залуусыг бүртгэхтэй зэрэгцэн тэднээс нийгэмд тулгамдаж буй хамгийн чухал асуудлуудын талаар санал асуулгыг авав. Уг санал асуулгад нийт 590 гаруй залуус оролцсон ба тэдний хувьд нэн яаралтай шийдвэл зохих асуудлын нэгдүгээрт амьдралын өртөг, үнийн өсөлтийг сонгожээ. Сүүлийн жилүүдэд тогтмол өндөр түвшинд байгаа инфляц залуусын амьдралд шууд нөлөөтэй гэдэг нь үүнээс харагдах ба энэ оны төсвийн зардал, гадаад үнийн өсөлт зэргээс үүдэн инфляцын буурах хурд саарах төлөвтэй байгааг 2023 оны 12-р сарын “Инфляцын Тайлан”-д дурджээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд 9.8% байсан инфляцын асуудал цаашид ч залуусын хувьд хамгийн том асуудал нь хэвээр байх аж. Үүний араас залуус боловсролын салбарын асуудлыг хамгийн ихээр хөндсөн ба үүнд боловсролын хүртээмжтэй байдал, хоцрогдол, багш хөгжлийн асуудал, багш болон эцэг эх сурагчдын хоорондын харилцаа зэргийг онцгойлон дурджээ. Боловсролын дараа нийгмийн оролцоо, ажилгүйдэл хөдөлмөр эрхлэлт, ядуурал гэх мэт асуудлууд удаалж байна.

Mongolian Economic Forum 2024 | Youth Perspective арга хэмжээний хүрээнд
ЗАЛУУСЫН ӨНЦӨГ: ЗОРИЛГОТОЙ, УТГА УЧИРТАЙ ОРОЛЦОО ХАМГИЙН ЧУХАЛ
MEF 2024 | Youth Perspective үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг хэсэг болох салбар салбарын төлөөлөл 4 зочныг урин “Орчин үеийн залууст тулгамдаж буй гурван сорилт” сэдвээр ярилцлага өрнүүлэв. Энэ ярилцлагын хүрээнд дурдагдсан гол санаануудын нэг нь залуус зөв сэтгэлгээ, хандлагыг төлөвшүүлж байж эрүүл, үр дүнтэй оролцоог бий болгож чадах тухай байв.
-”Нийгмийн оролцоо, сайн дурын ажил гэх зүйлсийг зөвхөн CV дүүргэдэг өгүүлбэр гэж харалгүй, амьдарч буй нийгмийн хөгжилд шууд нөлөөтэй зүйл гэдгийг ойлгож зөв хандлага, зөв сэтгэлээр оролцдог байгаасай.” - Ц.Эгиймаа, ТэнГэр телевизийн гадаад мэдээний тоймч.
-”Чанга дуугаар эсэргүүцэл үзүүлээд явахаас илүү олны нүднээс далд ч нийгэмд бодит нөлөөтэй ажил хийгээд явж байгаа олон хүн бий. Тэд бол жинхэнэ нөлөөлөгчид. Харамсалтай нь бид тийм хүмүүст анхаарал хандуулдаггүй.” - О.Уламсайхан, “Noorog” хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал.
-”Бодит байдал дээр хүн бүрд нийгмийг өөрчилж, зөв чигт нь залах боломж үгүй. Гэхдээ эзэмшсэн мэргэжил, хийж буй ажлынхаа хүрээнд эерэг үр дүнг авчрах боломж үргэлж байдаг. Иймд карьерын чиглэлээ маш тодорхой гаргахыг залуустаа зөвлөмөөр байна. - М.Цацрал, “Тэсо Групп” төслийн удирдагч.
-”Нийт их дээд сургууль төгсөгчдийн 9% нь л байгалийн ухааны салбараар сурч төгсөж байна. Энэ тоо маш эмзэглэмээр сонсогдож болох ч нөгөө талаасаа бид бүхэн эдгээр салбарын удирдагч, манлайлагч болоод явах боломж бүрэн нээлттэй байгаа гэсэн үг. Улмаар тэр үйл хэрэгт залуус өөрсдийгөө бэлдэж, багаасаа мэдлэг ур чадвараа хөгжүүлээд яваасай гэж хүсдэг.” - М.Батмөнх, Глобал Шэйпэрс Улаанбаатар Хаб нийгэмлэгийн гишүүн.
Экспертүүдийн өнцөг
Оролцохоор ирсэн залуустай асуудал, шийдлийн талаар яриа өрнүүлэхээр эдийн засаг, боловсрол зэрэг салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн бөгөөд тус тусын салбарын чиг хандлага, залуусын зүгээс хэрхэн оролцох боломжтой талаар танилцуулав.
-”Бүсчилсэн хөгжлийн стратегийг тайлбарлахад 3 асуултад хариулахад хангалттай. Бид хаана байгаа вэ? Бид хаана очих вэ? Яаж хүрэх вэ? Өнөөгийн манай нөхцөл байдал нийт 330 сумтай, тэр болгоныг Засгийн Газар удирдаж чиглүүлээд байх боломжгүй. Улмаар бүсчилсэн хөгжлийн стратегийн дагуу 6 бүсэд хувааснаар бид дараагийн 20 жил хаана хүрч чадах вэ гэдгээ одоо тодорхойлж байна.” - Х.Цэвэлмаа, МУИС Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, профессор.
-”Алслагдсан сумдад хүний нөөц ихээр дутагдаж байна. Жишээ нь, физикийн багшгүй ерөнхий боловсролын сургууль өнөөдөр хичээллэж байна. Гэтэл бид тэндээс эмч, шинжлэх ухаанч төрөхийг хүлээгээд суугаад байж болохгүй. Улмаар энэ хоосон зайг бид төрийн бус байгууллагаар, залуусын оролцоогоор нөхөх бүрэн боломжтой.” - Г.Гантүшиг, Teach for Mongolia гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн гишүүн.
Улс төрд оролцоотой залуусын өнцөг
Арга хэмжээний хүрээнд УИХ-д суудалтай гурван намын төлөөлөл болгож залуу нарийн бичгийн дарга нарыг урин “Бүсчилсэн хөгжлийн талаар залуусын хэтийн төлөв” сэдвээр бүлэг хэлэлцүүлгийг өрнүүлэв. Улмаар өдгөө яригдаж буй бүсчилсэн хөгжлийн стратегийн давуу, сул талын тухай мөн эдгээр асуудлууд залууст хэрхэн нөлөөлөх талаар санал солилцов.
-“Монгол улс маш залуу орон. Улмаар залуус бид хэн нэгэн албан тушаалтан бодлого, шийдвэр гаргаж өгөхийг хүлээгээд суугаад байж болохгүй. Залуу хүн хаана амьдарч, хаана ажиллахаа өөрөө сонгодог, тэр сонголттой нь холбогдуулж бүсээ хөгжүүлэх ажлыг төр хийх ёстой. Иймд өөрсдөдөө мөн ирээдүйдээ эзэн болж нийгмийн өөрчлөлтийн төлөө идэвхтэй оролцдог байгаасай гэж хүсмээр байна. ” - С.Цэнгүүн, АН Нарийн бичгийн дарга.
-“Хөгжингүй улсуудын жишээнээс харахад тэд хамгийн түрүүнд бүс хоорондын боловсролын ялгааг, дараа нь хөдөлмөр эрхлэлтийн байдлыг нь шийдсэн байдаг. Үүнийг дагаад залуусын шилжих хөдөлгөөн идэвхтэй өрнөж эхэлдэг. Гэтэл өнөөдөр манай улсад нийт их дээд сургуулийн 96% нь нийслэлдээ төвлөрсөн байна, цаашлаад ажлын байр ч хангалттай биш. Энэ бол улс төржиж болохгүй, маш няхуур хандах ёстой сэдвүүдийн нэг.” - О.Батнайрамдал, МАН Нарийн бичгийн дарга.
-”Хөдөө орон нутагт одоо ч манай хүн амын тэн хагас нь амьдарч байна. Энэ орчныг төр сайжруулж хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн байдлыг нь сайжруулах тал дээр бодлого гаргаж ажиллах хэрэгтэй. Аялал жуулчлалын салбартайгаа холбож, соёлоо таниулах ажилд малчидтай, залуустай ч хамтарч ажиллах боломж бүрэн бий. Залуус бидний идэвхтэй оролцоо, дуу хоолой, санал шүүмжлэлийн үр дүнд энэ улс орон хөгжинө гэж итгэдэг.” - О.Билгүүн, ХҮН Нарийн бичгийн дарга.
Залуусын шийдэл

Дээр дурдсанчлан арга хэмжээнд оролцохоор бүртгүүлсэн залуусаас авсан санал асуулгын үр дүнд өнөөгийн нийгэмд боловсрол болон ажил эрхлэлтийн асуудал хамгийн ихээр тулгамдаж байгаа нь ил болсон. Тэгвэл үйл ажиллагааны хоёр дахь өдөр оролцохоор ирсэн залуус хоёр багт хуваагдан дээрх хоёр сэдвийн хүрээнд боломжит шийдлийн талаар саналуудаа солилцов. Тухайлбал, боловсролын салбарын хүрээнд залуус хүртээмж, чанар, агуулга, харилцааны асуудлуудыг онцолж байв. Улмаар, юуны түрүүнд ерөнхий боловсролын сургуулиудыг чадварлаг сэтгэл зүйчтэй болгох, багш нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, сурагч-эцэг эх-багш гэсэн гурван тал чөлөөтэй асуудлаа ярилцаж шийдэх боломжтой орчныг бүрдүүлэх гэх мэт шийдлүүдийг дэвшүүлжээ.
Харин хөдөлмөр эрхлэлтийн тал дээр жижиг зах зээл, бизнесийн таагүй орчин, цалин хөлсний асуудал, ажил олгогч болон ажилчдын ойлголт, хүлээлтийн зөрүү зэргийг онцолжээ. Үүнтэй холбогдуулан залуусын хөгжлийн төв, их дээд сургуулиудын карьер хөгжлийн төвийг хөгжүүлж, залуус руу чиглэсэн үйл ажиллагааг илүү олон болгох, ААН-үүдийн нийгмийн хариуцлага, хандлагыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатайг дурджээ. Мөн бүхий л хувь хүн, төрийн бус байгууллага, аж ахуй нэгж болон төр нийтлэг нэг зорилгыг бий болгож, түүн рүү тэмүүлэх нь улс орны хөгжлийн хамгийн гол түлхэц мөн гэдэг дээр санал нэгдэж байв.
Энэ мэт хоёр өдрийн арга хэмжээний хүрээнд залуус бүсчилсэн хөгжлийн стратегийн талаар мэдлэг, мэдээллийг солилцож, өөрсдөд нь нөлөөлж буй олон асуудлыг тодорхойлон шийдлийг эрэлхийлэв. Улмаар зохион байгуулагчдын зүгээс залуусын өнцөг, санал бодлыг нэгтгэн бодлого тодорхойлогчдод уламжилж байгаагаараа энэ удаагийн үйл ажиллагаа онцлог боллоо. Үүгээр дамжуулан залуус зөвхөн асуудлаа ярилцаж, тодорхойлоод зогсдог биш үр дүнтэй шийдлийг санал болгож, нийгмийн өөрчлөлтөд бодитой хувь нэмрийг оруулах боломж бүрэлдэж байгаа аж. Залуус санал дэвшүүлдэг, эргээд үр дүн нэхдэг эрүүл, хараат бус оролцооны систем бүрэлдэн тогтох эхлэл Mongolian Economic Forum 2024 | Youth Perspective арга хэмжээн дээр тавигдлаа.
