Залуусын орон зай

Баян-Өлгий аймгаар ганцаараа үүргэвчтэй аялахад хэрэгтэй 5 зөвлөмж

Ц.Очирбат2024.02.235 минут унших
Баян-Өлгий аймгаар ганцаараа үүргэвчтэй аялахад хэрэгтэй 5 зөвлөмж - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Хүн бүрд очиж үзэхийг хүсдэг мөрөөдлийн газар гэж байдаг даа. Танд ч мөн тийм газар байгаа байх. Миний хувьд багаасаа л Монгол орноороо үүргэвчээ үүрээд тойрон аялахыг мөрөөддөг байлаа. Тэр тусмаа Баян-Өлгий аймгаар ганцаараа аялах нь хамгийн том хүслийн нэг байсан юм.

Маш олон жилийн дараа энэхүү хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зориг шулуудан 2023 оны зун, нэг дулаахан шиврээ бороотой өдөр Өлгий хот руу үүргэвчээ үүрээд аяллын урт замдаа гарсан юм даа. Баян-Өлгий аймгаар нийт 14 хоногт Алтай Таван Богд, Сүүн гол, Бага түргэн зэрэг газруудаар үүргэвчтэй аялж олон гайхалтай адал явдал, хүмүүстэй учир ч мартахааргүй нэгэн аялал болсон билээ. 

Ochiroo_ATB2.jpg

Аяллыг гоё сайхан зургууд, байгалийн гоо үзэмжээс гадна тулгарч буй саад бэрхшээл, хүнд хэцүү үеүд илүү амттай болгодог юм шиг санагддаг. Аялалд гарахаасаа өмнө бэлтгэлээ сайн хангасан үед л тэр бэрхшээлүүдийг аз жаргалтайгаар давдаг юм байна лээ. Тиймээс эрс тэс уур амьсгалтай газраар ганцаараа үүргэвчтэй аялахад тус болох 5 зөвлөгөөг та бүхэндээ хуваалцъя.

  1. Хэрэгцээндээ тохируулан үүргэвчээ сонгоорой.
    Олон хоногийн аялалд явж байгаа тохиолдолд үүргэвчээ зөв сонгох нь чухал. Майхан, сав, мишок, идэж уух юм гээд юу авч явахаас хамаараад өөртөө тохирсон зөв сонголтыг хийгээрэй. 
     
  2. Аюулгүй байдлаа бүрэн хангах хамгаалах хэрэгслээ мартав аа.Мэдээж ганцаараа үүргэвчтэй аялж байгаа бол хамгийн чухал зүйлсийн нэг бол аюулгүй байдал. Миний хувьд цахилгаан бороохой, хутга, сүх гэх мэт зүйлсийг үргэлж биедээ авч явдаг.
     
  3. Дулаан хувцас заавал авч яваарай.
    Миний төсөөлснөөс илүү хүйтэн газар байсан. Мөнх цас уулс ихтэй далайн түвшнээс дээш маш өндөрт байрлаж буй газар болохоор гэнэт цаг агаар нь хэлбэлздэг юм билээ.
     
  4. Чийгний гудас хэрэгтэй шүү.
    Хөдөө хээр газар аяллаар явж байгаа үед доороосоо л даарч болохгүй. Даарвал ханиад хүрэх, бөөр өвдөх, хатгаа авах гээд өвдөж болзошгүй. Тийм болохоор зузаан бас ус нэвтэрдэггүй гудас байх нь чухал.
     
  5. Борц бол сайхан сонголт.
    Би Монгол орноороо үүргэвчтэй аялахдаа борцыг байнга авч явдаг. Ачаа тээш бага эзэлнэ, муудахгүй хаа ч явсан түргэн шуурхай хоолоо хийчихнэ. Сайхан борцтой будаатай шөлөө идэнгээ мөнх цаст уулсаар аялаад явж байх шиг жаргал гэж юу байх вэ.

Өөрийн туршлагаас үндэслээд 5 хэрэгтэй зүйлсээ та нартайгаа хуваалцлаа. Аялал хүнд олон гайхалтай мэдрэмж, дурсамжуудыг өгдөг шүү дээ. Баян-Өлгий аймгаар ганцаараа үүргэвчтэй аялсан 14 хоногийн хугацаанд  хүнд хэцүү олон саад бэрхшээлийг туулахын сацуу намайг маш олон сайхан сэтгэлт хүмүүстэй уулзуулсан. Анх Алтай Таван Богдыг нүдээрээ харах үед тухайн мөчид нэг л итгэж өгөхгүй хамгийн чангаараа хашхирмаар, миний оршихуй хийгээд оюун бодол санаа энэ байгаль дэлхийн хажууд үнэхээр өчүүхэн санагдсан шүү. Энийг уншиж буй та амьдралдаа ганц удаа ч болов Алтай Таван Богд дээр очоорой гэж хүсье! 

Доорх аяллын влогийг үзээд мэдрэмжээр минь аялна гэдэгт итгэлтэй байна. 

Таны үүргэвчтэй аялал болоод амьдралын аялалд нь амжилт хүсье!

Хүндэтгэсэн,
Дэлхийгээр аялагч Ц.Очирбат

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд