Залуусын орон зай

Монголчуудын оюуны гэгээрэл ба гоо зүйн боловсрол хаанаас эхэлсэн бэ?

М.Энхмаа2025.11.144 минут унших
Монголчуудын оюуны гэгээрэл ба гоо зүйн боловсрол хаанаас эхэлсэн бэ?

Өнөөдөр “соёл, урлагийн боловсрол” гэхээр олон хүн театр, музей, галерей, хөгжмийн их танхимыг төсөөлдөг. Гэхдээ монголчуудын хувьд урлаг өдөр тутмын амьдрал, ахуйтай салшгүй холбоотой байжээ. Монголчуудын амьдралын хэв маяг өөрөө урлаг байсан юм. Гэрийн хээ угалз, морин хуурын аялгуу, тал хээрт цуурайтах уртын дуу гээд энэ бүхний цаана гоо сайхны нарийн мэдрэмж, өнгө, хэмнэлийн ухаан оршдог. Иймд бид урлагийг “бүтээж ирсэн” гэхээсээ илүү, урлаг дунд амьдарч, урлагийн хэлээр бодож, сэтгэж, мэдэрч ирсэн ард түмэн юм. “Урлагийн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаараар бидний гоо зүй, урлагийн боловсрол хэрхэн бүрэлдэж, үеэс үед дамжин ирсэн талаарх оюуны өвийг эргэн сөхөж, он цагийн хэлхээсээр хамтдаа аялцгаая! 

Эртний монголчуудын гоо сайхны мэдрэмж байгальтайгаа харилцах хандлагаас урган гарчээ. Тэд байгаль ертөнцийг дотоод сэтгэлээ илэрхийлэх, оршихуйгаа тэнцвэржүүлэх эх булаг хэмээн ойлгодог байсантай холбоотой. Тухайлбал, монгол гэрийн хаалгыг нар мандах зүгт харуулан барьж, тавилга сэлтийг тогтсон хэв жаягаар байрлуулдаг заншил нь зүг чигийн зохирол, гэрэл сүүдрийн тэнцвэрийг эрхэмлэдэг оршихуйн ухааны илэрхийлэл юм. Мөн уртын дуу, үлгэр туульс, исгэрээ хөөмий зэрэг ардын аман уламжлал нь байгаль, хүн хоёрын харилцаанд орших гоо сайхныг мэдэрч, тэр мэдрэмжийг аялгуу, үг, дүрслэлээр дамжуулан үеэс үед хадгалж ирсэн нь монголчуудын урлагийн боловсролын үндэс суурь болж, бидний гоо зүйн мэдрэмж ахуйн түвшинд хэр гүнзгий шингэсэн байсныг харуулж байна.

зураг3.png

Арван долоодугаар зууны шинэ соёлын орон зай: Г.Занабазар ба урлагийн эхлэл

Арван долоодугаар зуунд Монголд урлаг, шашин, төрийн үзэл санаа нэгэн шинэ соёлын орон зайг бүрдүүлжээ. Энэ үеийн хамгийн тод төлөөлөл нь Өндөр гэгээн Занабазар (1635–1723) бөгөөд тэрбээр зөвхөн шашны тэргүүн төдийгүй монголын уран баримал, гоо сайхны сэтгэхүйн үндэслэгч байв. Түүний бүтээлүүдэд Төвөдийн хээ угалз, бусад орны урлагийн зохицол, монголчуудын оюун санаа, гоо зүйн мэдрэмж нийлж, хүний дотоод амгалан, ухаарал, аз жаргалыг илэрхийлсэн урлагийн шинэ дүрслэл бий болгосон юм. Ийнхүү Г.Занабазар урлагийг оюун санааны эрх чөлөөг илэрхийлэх арга, хэл болгон хөгжүүлж, монголчуудын соёлын шинэ эрин эхэлсэн байдаг.

Арван есдүгээр зуун: Уран зохиол ба хүмүүний сэтгэлд төвлөрсөн урлаг

Энэ арга барил, үзэл санааны үр нөлөө нь хүрээ хийдийн уран барилга, ханын зураг, сүмийн гоё чимэглэл зэрэгт тод илэрч, дэг сургууль болтлоо өргөжин, хөгжин, урлагийг боловсролын нэг хэлбэр болгон төлөвшүүлсэн билээ. Арван есдүгээр зуунд энэ уламжлал уран зохиолд дамжиж, В.Инжинаш “Хөх судар” зэрэг бүтээлээрээ гоо сайхныг гадаад хэлбэр бус, сэтгэлийн гэрэл, хүний сайхан сэтгэлээр хэмжигдэх хэмжүүр гэж тодорхойлжээ. Ийнхүү арван 17-19 дүгээр зуунд Монголд урлаг нь шашин, ёс суртахуун, уран сэтгэмжтэй холбогдон амьдралын салшгүй хэсэг, гоо зүй, урлагийн боловсролын үндэс суурь бүрэлдэн тогтжээ. 

Арван есдүгээр зууны төгсгөл, хорьдугаар зууны эхэн үед Монголын урлаг шинэ утга агуулгатай болж, шашны бэлгэдлээс ардын өдөр тутмын амьдрал руу чиглэв. Энэ үеийн гол төлөөлөгч нь уран зураач Балдуугийн Шарав буюу “Марзан Шарав” байлаа.

зураг 1.png

Түүний “Монголын нэг өдөр” бүтээл нь эгэл монголчуудын өдөр тутмын амьдрал, сэтгэл хөдлөл, баяр гуниг, хөдөлмөрийн гоо сайхныг дүрслэн харуулсан анхны бүтээл юм. Б.Шаравын зургууд монгол ахуй, хурим найр, хүүхэд багачуудын тоглоом наадгай гээд алив бүхнийг маш сайн ажиглаж, амьдралын нарийн хэсэг, хэмнэлээр дамжуулан бодит байдлыг илэрхийлж, урлагийг хүний амьдралын үнэ цэнийг харуулах “амьд урлагийн” шинэ үзэл болгожээ.

1921 оноос 1960-аад он хүртэл: Соёлын хувьсгал ба соён гэгээрэл

1921 оны Ардын хувьсгал Монголд төр, нийгэмд шинэ эхлэл тавьж, ард түмний ухамсар, соёлыг шинэ шатанд гаргасан “оюуны хувьсгал” болсон юм. Улс төрийн өөрчлөлтөөс илүү чухал нь соён гэгээрлийн үзэл санаа Монгол орны хөгжлийн үндэс суурь болсон явдал юм.

Хувьсгалын дараах анхны алхам нь 1924 онд байгуулагдсан Ардыг гэгээрүүлэх яам байв. Б.Цэрэндорж тэргүүтэй шинэ засгийн газрын зүтгэлтнүүд ард түмнийг боловсрол, урлаг, уран сайхны хүрээнд гэгээрүүлэх зорилт дэвшүүлжээ. Ордууд, сүм хийдүүдийг сургууль, номын сан, театр болгон өөрчилж, ард иргэдэд соёл, урлагийг түгээсэн нь Монголын анхны “соёлын хувьсгал” байсан юм. Улсын төв театрын байгуулалт нь урлагийг элит хүрээнээс гаргаж, бүх ард түмний хүртээл болгох анхны том алхам болжээ.

1959–1963 онд хэрэгжсэн “Соёлын довтолгоо” нь Монголын нийгэм, соёлын түвшинг эрс дээшлүүлсэн улс орон даяарх хөдөлгөөн байв. Тус хөдөлгөөнөөр зөвхөн бичиг үсэг сургаад зогсохгүй ард түмний соёлч ахуй, эрүүл мэнд, нийгмийн оролцоог хөгжүүлэх зорилготой байсан юм. Хөдөө орон нутагт “Улаан булан”, соёлын төвүүд, номын сан, кино үзвэрийн танхим байгуулагдан, иргэд урлаг, соёлыг өдөр тутмын амьдралдаа хүлээн авч эхэлжээ. Тайз, ардын дуу, бүжиг зэрэг нь хүмүүст уламжлалаа танин мэдэх шинэ туршлага олгосон юм. Улмаар Монгол орны хамгийн алслагдсан нутгуудад хүртэл оюуны гэгээрэл түгээж, урлагийг нийгмийн хамтын үнэт зүйл болгон хувиргажээ. Ийнхүү тус хөдөлгөөн 1920-иод оны соён гэгээрэлтэй үргэлжлэх холбоос болж, Монголын соёлын орон зайг өнөөг хүртэл тодорхойлж буй үндэсний ухамсрын тулгуур болсон юм.

Шинжлэх ухаан ба гоо зүйн боловсрол: Ц.Лувсанвандангийн хувь нэмэр

зураг.png

Хорьдугаар зууны дунд үеэс Монголын соёл, урлаг шинэ эрин рүү орсон бөгөөд энэ үеийн хамгийн чухал төлөөлөгч нь гоо зүйн ухааныг шинжлэх ухааны хэмжээнд хөгжүүлсэн эрдэмтэн Цэндийн Лувсанвандан (1912–1982) байв. Тэрбээр монголчуудын уламжлалт урлаг, ёс заншил, гоо сайхны мэдрэмжийг судлан, гоо зүйг бие даасан тусгаар шинжлэх ухаан болгон хөгжүүлжээ. Түүний бүтээлүүд урлаг, ёс суртахуун, гоо сайхны нэгдлийг шинжлэх ухааны түвшинд тайлбарласан анхны судалгаануудын нэг юм. Ийнхүү монголчуудын соёлын хөгжил зөвхөн уран бүтээлээр хязгаарлагдахгүй, оюуны онолын түвшинд үндэслэх шинэ үе эхэлсэн билээ.

Ийнхүү монголчуудын урлагийн боловсрол, гоо зүйн мэдрэмж, сэтгэлгээний тухай ойлголт нь байгаль, эх дэлхийтэйгээ харицлах хүйн холбоогоос эхлэн, ардын дүрслэл, шинжлэх ухаанд суурилсан ухамсар хүртэл тасралтгүй хөгжиж иржээ. Үе үеийн уран бүтээлчид, эрдэмтэд нэг зүйлд итгэж ирсэн нь соёл бол ард түмний сэтгэлгээ, ухамсрын үндэс юм.

Өнөөдөр урлаг олон хэлбэрээр амьдарч, залуу үе үүнийг өөрийгөө илэрхийлэх, нийгмийн өөрчлөлтийн хүч хэмээн үнэлж байна. Иймд монголчууд бидний соёл, урлагийн үнэт баялаг, өв түүх нь өнгөрсөн үеийн дурсамж төдийгүй өнөөгийн бидний бүтээж буй оюуны гэрэл бөгөөд түүнийг үргэлжлүүлэн тэтгэх нь бидний хариуцлага билээ.

Холбоотой нийтлэлүүд