Бид гэрэл зургаас ч алсраад, бодит амьдралаас ч алсраад байна


Сүүлийн хэдэн жилд техник, технологи хэтэрхий хурдан хөгжиж хүмүүс бид сүүлдээ түүнийгээ гүйцэхээ болиод байгаа юм шиг санагддаг.
Үүнийг би гэрэл зургийн салбараас ч бас мэдэрч байна. Мөнгө нь байвал хэн ч байсан сайн камер худалдаж аваад бүгдийг нь автомат дээр нь тааруулж байгаад зураг дарчихдаг болсон. Угтаа бол баримтат гэрэл зураг нь хүмүүсийг амьдралтай илүү ойртуулдаг урлаг шүү дээ. Бид гэрэл зургаас ч алсраад, бодит амьдралаас ч алсраад байна.
Улаанбаатарын залуус бид хотын төвийн тав, зургаахан километр дотроо тойрч амьдардаг. Уг нь ойрхон юм шиг мөртлөө улам л хаагдмал, улам л биесээсээ алсад байгаад байх шиг.
Мэнд устай, гудамжинд таараад таван үг солиод өнгөрдөг соёл бага багаар алга болж байна. Бүгд л дараа ярья, бичье гээд завгүй алхаад өнгөрдөг болж. Технологи яаж ч дэвшиж хөгжсөн амьд харилцааг орлохгүй шүү дээ. Тийм болохоор л бид нэгдмэл байж аль болох бие биетэйгээ ойр байх хэрэгтэй юм болов уу.
Би ажил мэргэжлийн онцлогоосоо болоод захын дүүргүүд, хөдөө сумдуудаар ойр ойрхон очдог. Тэндхийн амьдралаас бид яг адилхан хүмүүс мөртлөө биесээсээ маш их холдсоныг анзаарсан. Тэр бүх амьдралыг гэрэл зургаараа дамжуулж бага ч болов хүмүүст ойртуулж чадвал миний зурагчин болсны хэрэг гарна гэж боддог. Гэхдээ амьдрал гэхээр заавал зовлонтой, хар бараан байх албагүй л дээ. Зүгээр л хүүхдийн инээмсэглэж байгаа зураг ч гэсэн үнэ цэнтэй. Шинэ залуу уран бүтээлчид үүнийг ойлгоосой гэж хүсдэг. Тийм ч учраас бид баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангийн дэргэдэх “Стрийт Фото Клуб” гэрэл зурагчдын нэгдлийг байгуулж өөр хоорондоо туршлага солилцож үзэл бодлоо хуваалцахыг хүсдэг. Хуваалцах нь л биднийг амьдралтай, бие биетэйгээ ойр байлгаж чаддаг гэж боддог доо.
![]()
Уг ярилцлага нь"Global Dignity Day" буюу "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийн хүрээнд хийгдсэн бөгөөд уг санаачлагын гол зорилго нь хүн бүрийн төрөлхөөс заяагдсан нэр төртэй амьдрах эрхийг дэлхий даяар хэрэгжүүлэн, нэр төртэй амьдралд хөтлөхөд оршино.
Ярилцлагыг бэлтгэсэн: Б.Урнаа
Гэрэл зургийг: Л.Буд