Дуртай зүйлээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй


Би төрөлхийн дотогшоо, бүрэг хүн.
Чимээгүй газар ганцаараа байх хамгийн тухтай санагддаг. Анх 4-р ангид байхад “Нобелийн шагналтнууд” гэх хувийн номын сан манай сургуулийн ойролцоо байгуулагдсан юм. Манай ангийнхан ч идэвхтэй үйлчлүүлдэг байсан учраас сонирхох зорилготой очтол үүсгэн байгуулагч нь маш халуун дотноор угтаж авч байсан. Тэрнээс хойш тэр номын сангаас салахаа больсон. Тухайн номын санд сууж байгаа бол нэг даалгавар биелүүлэх ёстой байдаг бөгөөд өдөрт таван үлгэр, эсвэл өгүүллэг уншиж бусад хүмүүст танилцуулах ёстой. Хэдийгээр над шиг дотогшоо хүмүүст ийм зүйл хэцүү санагдаж болох ч, энэ газарт ном унших би их дуртай. Улмаар өөрийгөө хүчлээд ч хамаагүй хүмүүстэй уншсан номныхоо талаар ярилцаж эхэлсэн. Энэ явцад миний харилцааны чадварт ч ахиц гарч, илүү нээлттэй хүн болоход түлхэц болсон юм.
Дунд ангид орохдоо сурагчдын зөвлөл, дүүргийн хүүхдийн холбоо, "Өсвөрийн дуу хоолой" гэх мэт олон байгууллагад элсэж, олон ч зүйл сурч авсан. Түүгээр ч зогсохгүй өөрөө гарааны бизнес эхлүүлэх гэж үзсэн ч хэтэрхий том зүйл барьж авснаас үүдээд амжилттай үргэлжлүүлж чадаагүй.
Хөл хорионы үеэр бүх зүйлээс завсарлага аваад өөрийнхөө талаар нухацтай бодож, эргэцүүлэх цаг гарсан юм.
Дотоод хүнтэйгээ ярилцаж, тулж ажилласан гэсэн үг. Ер нь л бидэнд маш олон боломж бий. Дараа нь юу ч болсон харамсахааргүй сонголт хийх нь л чухал. Яг ийм сонголт миний хувьд зураг зурах байсан юм. Багадаа зурах дуртай байсан ч, сүүлдээ зөвхөн уйдах эсвэл бодолд автахаараа л зурдаг болчихсон байсан. Улмаар зурдаг ч юм шиг, зурж чаддаггүй ч юм шиг явахаар илүү мэргэшье гэж шийдэн өдөр бүр тогтмол зураг зурах зорилт тавьсан.
Бусдын сайхан гэж тодорхойлж байгаа амьдрал надад тэгж санагдахгүй байж болно. Гол нь чамд юу таалагдаж байна, тэр зүйлээ л хийж амьдрах нь хамгийн сайхан амьдрал болов уу.
Tomujin академид байх үед надад зураг зурах санал тавьхад нь ямар ч эргэлзээгүй зөвшөөрсөн. Энимейшн зурах, цаасан дээр зурах нь асар ялгаатай хоёр зүйл. Анх миний зургууд бага ангийн хүүхэд сараачсан цаас шиг л харагддаг байлаа. Эхний долоо хоногт шантарч, уйлмаар ч санагдах өдрүүд байсан. Багийнхан, багшдаа ам гарчихсан байсан болохоор бууж өгөх ч сонголт байгаагүй. Академи дээр цуг суралцаж байсан хүүхдүүд хийж байгаа зүйлсээ тайлагнаж, үр дүнгүүдээ танилцуулдаг байсан. Харин би компьютер ширтээд л сууж байгаадаа ихээр гутардаг байлаа. Гэхдээ өөрийн сонирхолдоо нийцсэн зүйлийг хийж байсан учраас маш хурдан шаардлагатай чадваруудаа эзэмшсэн. Өглөөнөөс орой болтол шантралгүй хөдөлмөрлөсний эцэст одоо хавьгүй дээр зурдаг болжээ. Зураг зурахын хамгийн гол давуу чанар нь хүн өөрийн сул талаа тодорхой олж хардаг явдал юм. Бүтээлээ харах бүртээ энэ хэсгийг ингэж засварлая, энд ийм алдаа гарсан байна гэх мэтчилэн алдаагаа анзаарч, түүнээсээ суралцаж явдаг. Өөрийгөө хэчнээн голж байсан ч, шүд зуун эхлүүлсэн ажлаа дуусгах үнэхээр урамтай. Тэр үед яг л миний өмнө шинэ цонх нээгдэж буй мэт мэдрэмж төрдөг. Энийг хийж чадсан бол дараагийн ажлыг яагаад чадахгүй гэж хэмээн боддог хэрэг. Өмнө нь энимейшн зурна гэдэг маш холын зүйл шиг сонсогддог байсан, гэтэл үнэндээ тийм биш байсан юм байна лээ.
Эхэндээ зураг зурах нь яг миний хийх зүйл мөн үү, би энэ мэргэжлээр ажиллаад амьдарч чадах уу гэх мэт эргэлзээ их л төрдөг байв.
Одоо бол өөртөө итгэлтэй байдаг. Tomujin академиас өөр нэг төсөл дээр ажиллах санал авсан. Төгсөх хүртлээ гурван жилийн хугацаанд надад олон зүйлд суралцах боломж бий. Бүх чадлаа дайчилж, мэргэжлийн түвшний зураачидтай дүйцэхүйц бүтээл гаргадаг болмоор байна, үүнтэй холбоотой хийхийг хүсдэг ч олон зүйл бий. Магадгүй өөр мэргэжил сонгосон ч, зургаа хаяж чадахгүй байх.
Хувь хүн өөрөө мэддэг ч бай, мэддэггүй ч бай хүн бүрд нэг сайн чаддаг зүйл байдаг. Цаг хугацааны эрхээр өөрийгөө илүү сайн таних байх, тийм учир дуртай зүйлээ түлхэлгүй улам бүр дурлаж хийх хэрэгтэй. Сонирхолгүй зүйлээ хийж хураасан мөнгө ч тодорхой хугацааны дараа онц санагдахаа больж болно. Бусдын сайхан гэж тодорхойлж байгаа амьдрал надад тэгж санагдахгүй байж болно. Гол нь чамд юу таалагдаж байна, тэр зүйлийг л барьж амьдрах нь хамгийн сайхан болов уу.