Спорт

Хязгаарыг дахин тодорхойлох нь: ПАРАЛИМПЫН ХҮЧ

Г.Дашням -- 2024.08.264 минут унших

“Хөгжлийн бэрхшээл” гэдэг үгийг чадваргүй, чадамжгүй, боломжгүй, хязгаарлагдмал, орхигдмол, хүнд хэцүү, төвөгтэй, өрөвдөлтэй гэх мэт утгаар ойлгож, тархиа угаадаг цаг саяхан гэлтгүй одоог хүртэл бидний эргэн тойронд байсаар байгаатай санал нийлнэ биз. Тэгвэл бид асуудалд хэт төвлөрөөд боломжоо орхидог юм биш биз? Бидний хурд хүч, оюун ухаан, сэтгэл зүрх, боломжуудын хязгаар бидний төсөөлснөөс ч гайхалтай юм биш биз? Ялаатай байдал нь муу эсвэл сонин зүйл биш харин ч биднийг илүү онцгой болгодог юм биш үү? гэх мэт бодлуудаар энэхүү нийтлэлээ эхэлье. 

Тэгвэл амжилт, ур чадварын ердийн тодорхойлолт дээр тогтдог дэлхийд Паралимпын наадам нь итгэл найдвар, хайр энэрэл, урам зориг, хүний гадаад болон дотоод хязгаарыг дахин тодорхойлж, эргэлзээг тайлдаг гэрэлт цамхаг мэт хүн төрөлхтний чухал үйл явдал юм. Гэвч бид төдийлөн тоодоггүй нь харамсалтай... 

Дайнтай дайтсан нь: Олимпизмын утга учрыг улам тодруулсан Паралимп 

Хязгаарыг дахин тодорхойлох нь: ПАРАЛИМПЫН ХҮЧ

Дэлхийн 2-р дайны дараачаар дайны үеэрх шархадсан олон тооны ахмад дайчин, энгийн иргэдийг эмчлэх, нөхөн сэргээх зорилгоор тэдний дунд эмчилгээний зорилгоор тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн нь өдгөө Паралимп болтлоо хөгжжээ. Улмаар 1948 оны долоодугаар сарын 29-нд буюу 1948 оны Лондонгийн Олимпын наадмын нээлтийн ёслолын өдөр доктор Гуттман тэргэнцэртэй тамирчдын анхны тэмцээнийг зохион байгуулж, паралимпын түүхэн дэх энэхүү мөчийг Сток Мандевиллийн наадам гэж нэрлэж байж. Тэд гэмтэж бэртсэн 16 цэргийн албан хаагч, эмэгтэйчүүдийн хамт байт харвааны тэмцээн зохион байгуулж байв. Иймээс бид зүгээр нэг хөгжлийн онцлогтой хүмүүст зориулсан тэмцээн гэхээс илүүтэй Олимпизмын утга учрыг улам тодруулсан үйл явдал гэдгийг санах нь зүйтэй. 

Зэрэгцээ = Ижил 

1988 оны Мексикийн Олимпын наадмаас хойш Паралимп нь үндсэн Олимптой ижил хот, ижил цэнгэлдэх хүрээлэн, ижил дэвжээ, ижил хэлбэрээр зохион байгуулагддаг болсон. Учир нь Паралимп гэдэг үгийн “para” угтвар нь грек хэлээр “зэргэд” гэсэн утгатай. Тиймээс Паралимпын наадам нь Олимпын наадамтай зэрэгцэн оршдог гэсэн санаа болохоос ямар нэг зүйлийн дутуу хэсэг эсвэл дэд хэсэг биш юм. Тиймээс ч анх 23 орны 400 тамирчин өрсөлдөж байсан тус тэмцээн өдгөө спортын 22 төрөлд 4,000 гаруй тамирчин оролцохоор бэлтгэлээ хангаж буй нь энэхүү нэрийн утга учрыг улам тодотгож байна. 

“ГҮЙ” биш 

Хязгаарыг дахин тодорхойлох нь: ПАРАЛИМПЫН ХҮЧ

Бид хэвшмэл төөрөгдөл дунд амьдарч байгааг сануулж, өөрсдийн өрөөсгөл бодолд эргэлзээ үгүй итгэж амьдрах, түүгээрээ өөрсдийгөө хязгаарлаж буйг Паралимпын тамирчид бидэнд сануулдаг. Жишээ нь, бид гараараа зурдаг, хөлөөрөө гүйдэг, дөрвөн мөчөөрөө сэлдэг, харж байж онодог гэж боддог. Хэрэв байхгүй л бол БОЛОМЖГҮЙ мэт амьдралаас боломжийг харж чадсан хүмүүс бий. Египетийн тамирчин Ибрахим Хамадтоу хоёр гаргүй боловч амаараа аркетаа барьж, бөмбөгөө хөлөөрөө тоглолтод оруулж Паралимпад хүчтэй өрсөлдөөнөөр бидний төсөөллийн хязгаарыг эвдсэн.  

Пара хөнгөн атлетикийн тамирчин Маркус Рем уртын харайлтын Пара төрөлдөө дэлхийн рекордыг шинэчилсэн /8.72м/ нь уртын харайлтын үндсэн төрөлд Майк Повел дэлхийн рекордыг эзэмшдэг /8.96м/.  Ердөө 14 см. Триша Зорн Паралимпаас нийт 55 медаль хүртэж, түүний 41 нь алтан медаль бөгөөд усанд сэлэлт төдийгүй спортын түүхэнд онцгой амжилт болсон юм. Энэ мэт бодлын хязгаараа давж, боломжоо алдалгүй атгасан олон түүх бидэнд хязгаарыг дахин тогтоож өгөв. 

Давхар саад 

Хүмүүс бид энэ ертөнцийн эзэн мэт байгаль дэлхий, ан амьтан, хүрээлэн буй орчноо өөрсдийн шунал хүсэл, үл хайхралд автуулан сүйтгэсээр горыг нь амсаж эхэлж буйг бид мэднэ. Үүнтэй адил хүн төрөлхтөн дотроо ч арьс өнгө, хөгжлийн онцлог, нас хүйсээр ялгаварлан өөрсдийн зохиомол стандартыг тавьсаар ирсэн нь түүхэнд тод ул мөртэй. Бидэнд заавал шат хэрэг байсан уу? Бидэнд заавал босго хэрэг байсан уу? Бидэнд заавал тусгаарлах хэрэг байсан уу? гэдэг олон давхар асуулт болоод асуудлын ханыг Паралимпын тамирчид даван туулсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, Паралимп нь зөвхөн бие махбодын бус сэтгэл зүрхний хязгаарыг эвддэг, хэнийг ч үл харгалзан дэлхий даяар урам зориг, итгэл найдварыг түгээдэг эерэг нөлөөлөл билээ.  

Даруухан амжилт 

Хязгаарыг дахин тодорхойлох нь: ПАРАЛИМПЫН ХҮЧ

2008 онд бид гурван алтан медаль хүртсэн. Паралимпын медалийн салхийг Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Баатаржав байт харвааны төрөлд АЛТАН медалиар хагалж Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ /пауэрлифтинг/ “Рио-2016” Паралимпын наадмаас хүрэл хүртсэн бол “Токио-2020” Паралимпын наадмаас алтан медаль, МУГТ Б.Ууганхүү /Жүдо/ “Рио-2016” Паралимпын наадмаас хүрэл медаль хүртсэн юм. Тэд үргэлж даруухан хэрнээ бахдам амжилтуудаар бидний дунд хөдөлмөрлөж, үлгэрлэж, үргэлжилсээр байгаа. Энэхүү амжилт болоод түүний ард буй сэтгэл хөдөлгөм түүх бидэнд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгаж, өөрөө өөрийгөө танин мэдэх аялалд тус болно гэдэгт итгэлтэй байна.  

Энэ удаагийн Паралимпын наадамд 4,400 гаруй тамирчин, 22 спортын төрлөөр өрсөлдөх бөгөөд Монгол Улсын хувьд эх орноо төлөөлөн эрхээ авсан 12 тамирчин оролцох юм.  

Бид “Парис 2024” зуны XXXIII Олимпын наадамд түүхэн хамгийн бага амжилт үзүүлж, ард түмний хувьд сэтгэл дундуур үлдсэн ч ирээдүйд боломж хэзээд нээлттэй байгаа билээ. Ирээдүй тийм ч хол биш, учир нь Паралимпын наадамд бид хязгаарыг дахин тодорхойлно гэдэгт итгэж байна.  
 
Ялсан, ялагдсан бүх цаг үед монголчууд бид хамтдаа. 

Go Team Mongolia!