Нийгэм

Мянган жилийн тэртээгээс өвлөгдөж ирсэн хайр: Монгол бичиг

Г.Цэнд-Аюуш -- 2024.03.044 минут унших

Монголчуудын бичиг үсгийн түүх соёлыг нэхэн үзвэл өнөөдрийг хүртэл 10 орчим бичгийг зохион хэрэглэсэн байх бөгөөд үүнээс мянган жилийн тэртээгээс үеийн үед уламжлагдан бидний үйл хэргийг залгуулсаар, дэлгэрүүлсээр, хадгалж үлдсээр ирсэн нь монгол бичиг билээ. Өөрөөр хэлбэл, бидний тухай үнэн түүхийг өгүүлэх олон сурвалж, судар ном монгол бичгээр уламжлагдан иржээ. 

Тэгвэл бидний монгол бичиг хаанаас гаралтай, хэзээ бий болсон юм бол? 

Монгол бичиг Арамей гаралтай Согд бичгээс үүссэн бол монголчууд бидний энэхүү бичгийг хэрэглэж эхэлсэн он цагийн тухайд эрдэмтдийн санал хуваагддаг байна. 

Мянган жилийн тэртээгээс өвлөгдөж ирсэн хайр: Монгол бичиг
Зураг 1. Ханын зураг @Хүнсний нэгдүгээр дэлгүүр (Гэрэл зургийг: Л.Буд)

Санал 1.

Зарим эрдэмтэн монголчууд 13-р зуунд согд гаралтай бичгийг Уйгураар дамжуулан авсан гэж үздэг бөгөөд нэг талаас энэ нь бидэнд олдоод буй монгол бичгээрх хамгийн эртний дурсгал 13-р зуунд холбогдох, нөгөө талаас зарим сурвалжуудад 13-р зуунд монгол бичгийг албан ёсоор хэрэглэх болсон тухай домгийг тэмдэглэсэн байдагтай холбоотой ажээ.

"Юань улсын судар", “Мэргэн гэгээний Алтан товч” зэрэг сурвалжид уйгур түшмэл Тататунгагийн тухай домог бий. Тэрхүү домогт Чингис хаан Наймантай дайтаж байх үед Найманы Тататунга нэгэн тамгыг авч ганцаар зугтааж байхад нь барьж, тамгын тухай асуувал аливаа үйлд хэрэглэж итгэмж болгодог, энэ тамгыг сайтар хамгаалахыг тушаасан хийгээд эргүүлж өгөх хэрэгтэй тухай өгүүлэхэд Чингис хаан Тататунгаг үнэнч шударга хүн хэмээн үзэж, шадар түшмэлд өргөмжлөхийн зэрэгцээ хүмүүст уйгур үсгээр улсын хэлийг тэмдэглэхийг сургах зарлиг буулгасан хэмээн өгүүлсэн байдаг байна.

Мянган жилийн тэртээгээс өвлөгдөж ирсэн хайр: Монгол бичиг
Зураг 2. Манихейн тахилч нар, согд бичгээрх гар бичмэл, VIII-IX зуун

Харин XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон "Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани" хэмээх хэл зүйн бичигт Сажа Бандид Гунгаажалцан (1182-1251) монголчуудад үсэг зохиож өгөх тухай өдөр шөнөгүй бясалгаж суухад нэгэн өглөө мөрөн дээрээ хэдрэг мод үүрсэн бүсгүй хүн ирж мөргөснийг бэлгэшээж, улсын үсгийг хэдэргэнийн дүрсээр зохиосон тухай өгүүлсэн домог байдаг байна. 

Санал 2. 

Өөр нэгэн санал дээрх үзлийг үгүйсгэдэг бөгөөд монголчууд монгол бичгийг 13-р зуунаас өмнө хэрэглэж эхэлсэн гэж тайлбарладаг. Энэхүү саналыг монгол бичгийн хэлний шинж, тухайн үеийн монгол хэлний онцлог зэргийг судалсан судалгаанууд дээр тулгуурлан боловсруулжээ. Бичиг үсэг анх зохиогдож байсан үеийн хэлнийхээ онцлогийг тусгасан байдаг бөгөөд монгол бичгийн онцлог нь 13-р зуун буюу дундад үеийн монгол хэлний он цагаас өмнөх үе болох эртний монгол хэлний хэв шинжийг тусгасан байдаг аж. Тухайлбал, бидний сайн мэддэгчлэн монгол бичгээр урт эгшгийг “эгшиг-гийгүүлэгч-эгшиг” гэсэн бүтцээр тэмдэглэдэг нь эртний монгол хэлний онцлог бөгөөд дундад үеийн монгол хэлний бичгийн дурсгалыг шүүн үзвэл “эгшиг-гийгүүлэгч-эгшиг” гэсэн бүтэц өөрчлөгдөж, хоёр эгшгийн дундах гийгүүлэгч сугаран орчин цагийн монгол хэлний урт эгшгийн хэлбэрт дөхсөн шинжтэй байх ажээ. Жишээлбэл, одоогийн "уул" гэх үгийг монгол бичгээр "а-г-у-ла" (ᠠᠭᠤᠯᠠ) гэсэн хэлбэрээр бичдэг бол, дундад үеийн монгол хэлний баримтыг тэмдэглэсэн дөрвөлжин бичгийн дурсгалд "а-у-ла" гэж бичдэг байна. Тиймээс, согд гаралтай бичгийг авсан нь 13-р зуун биш гэдгийг бичиг өөрөө баталж байгаа хэрэг юм.

Үүнээс гадна, энэхүү саналыг дэмжих нь зүй ёсны хэрэг хэмээн тайлбарлах өөр нэгэн үндэслэл бол 13-р зууны үед Согд болон Уйгур лалын шашинд орон, үндэсний бичгээ араб бичгээр сольсон байжээ. Тэгэхээр өөр улсын хэдэн зуун жилийн өмнө орхисон бичгийг монголчууд авсан гэж үзэх нь эргэлзээтэй юм. Үүн дээр үндэслээд монгол бичгийг монголчууд Уйгурууд мандан бадарч байх үе буюу 8-р зууны үед, цаашлаад Уйгуруудтай зэрэг 5-р зуунд Согдоос авч хэрэглэсэн зэрэг саналыг олонх эрдэмтэн дэмждэг байна.

Монголчууд ийнхүү согд гаралтай уйгур үсгийг өөрсдийн хэлний онцлогт тааруулан сайжруулж, улам боловсронгуй болгосоор 13-р зууны үед нийт 44 үсэгтэй байсан гэдгийг Сажа Бандид Гунгаажалцаны 1243 онд бичсэн “Зүрхэн толт” хэмээх хэлзүйн бичигт тэмдэглэсэн байдаг. Ингэж сайжруулж ирэхдээ 14-17-р зууны үе хүртэл тигийг* нь хадгалж ирсэн байх агаад үүнээс улбаалан 16-17-р зууны үеийн өмнөх монгол бичгийг “уйгуржин монгол бичиг”, түүнээс хойших үеийнхийг “монгол бичиг” хэмээн нэрлэж заншжээ.

Мянган жилийн тэртээгээс өвлөгдөж ирсэн хайр: Монгол бичиг
Зураг 3. Ханын зураг @Хүнсний нэгдүгээр дэлгүүр (Гэрэл зургийг: Л.Буд)

Эрдэм сурахад хэл бүхэн сайхан Эх хэлийг минь гүйцэх сайхан хэл үгүй… Б.Ринчен

Нэр томьёоны тайлбар
Тиг:
Хэвшсэн янз, хэлбэр маяг: бурхны тиг (бурхан бүтээх нарийн хэмжээ, харьцаа), үсгийн тиг (үсгийн тогтсон дүрс хэлбэр), хар тиг шашин (халуун тамын хоёрдугаарх нь), тэг янз ~ тэг маяг [хоршоо] (бичиг үсгийн тогтсон хэв маяг);
Дэлгэрүүлж унших:
Монголчуудын зохиож, хэрэглэж байсан байсан бичиг үсгүүд
БичигХамаарах он цагЗохиогч
1Монгол бичигV-IX зуун-
2Али-гали үсэг1587 онАюуш гүүш
3Тод бичиг1648 онЗая Бандид Намхайжамц
4Вагиндрагийн үсэг1905 онАгваандорж
5Дөрвөлжин бичиг1269 онПагва лам
6Соёмбо үсэг1686 онӨндөр гэгээн Занабазар
7Хэвтээ дөрвөлжин үсэг1686 онӨндөр гэгээн Занабазар
8Латин үсэгМЭӨ 700-аад он (Монголд 1941 он)-
9Кирилл үсэгIX-X зуун (Монголд 1946 он)Кирилл, Мефодий
Ашигласан эх сурвалж:
  • Д.Төмөртогоо нар, Монгол хэл судлал (Боть I): Монгол хэл аялгуу, үсэг бичиг, авиа судлал, УБ., 2022
  • Э.Мөнх-Учрал, Монгол бичиг - Монгол түмний өв, “Эх хэл бичиг" сэтгүүл (I), ХЗХ, УБ., 2012