Спорт

Д.Отгондалай: Монгол улсаас Олимпын аварга төрөхөд монголчууд та бидний дэмжлэг чухал шүү!

М.Энхмаа -- 2024.07.282 минут унших

Тив дэлхийн өнцөг булан бүрд суугаа найман тэрбум зүрх нэгэн хэмнэлд цохилж, найман тэрбум ертөнцийг нэгэн зорилго тэмүүллийн дор нэгтгэдэг хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон Олимпын наадам ийнхүү эхэллээ.

Эх дэлхийн эв найрамдлын бэлгэ тэмдэг болж буй “Парис 2024” зуны XXXIII Олимпын наадамд спортын есөн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй 32 тамирчин 3.5 сая иргэний итгэл найдвар, хүсэл тэмүүллийг өвөртлөн өрсөлдөж буй энэ торгон агшинд монголчууд бидний баг тамирчдаа дэмжих халуун дэмжлэг, урмаар тэтгэх сэтгэлийн үгс бол тамирчдын маань урагш тэмүүлэх хүч, маргаашийн амжилтыг бүтээлцэх итгэлийн гүүр билээ.

Д.Отгондалай: Монгол улсаас Олимпын аварга төрөхөд монголчууд та бидний дэмжлэг чухал шүү!

Бидний эрхэмлэх үнэт зүйл “Go MonGOlia”

Улс орны хөгжлийн тулгуур, үндэсний соёлын дархлаа нь бидний эв нэгдэл, түүнийг бүтээж буй нэгдмэл үнэт зүйлээс эхтэй. Тэр ч утгаараа аливаа улс орон эх орныхоо соёл уламжлал, үндэсний онцлогийг илтгэх үндэсний брэндтэй байдаг нь дэлхийн жишиг. Монгол Улсын баг тамирчид энэ удаагийн олимпод бидний нэрийн хуудас, эрхэмлэвэл зохих үнэт зүйлсийн цогц болсон “Go MonGOlia” үндэсний брэндээ төлөөлөн оролцож байна. Мянга мянган жилийн туулж өнгөрүүлсэн бахархам түүх, гашуун сургамжууд бол бидний зогсолтгүй урагш тэмүүлэх эрэмгий дайчин, эрч хүчтэй эрэлхийлэгч шинж, элгэмсүү найрсаг, эвийг эрхэмлэгч чанарын илэрхийлэмж юм. Энэ бол бидний онцлог. Энэ бол бидний ялгарал. Эдгээрийг цогцлоогч нь БИД. 

Д.Отгондалай: Монгол улсаас Олимпын аварга төрөхөд монголчууд та бидний дэмжлэг чухал шүү!
Боксын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Отгондалай

Монгол улсаас Олимпын аварга төрөхөд монголчууд та бидний дэмжлэг чухал шүү. “Парис 2024” зуны XXXIII Олимпын дараа бүгдээрээ хамт баярлая.

Монголчууд бол тамирчдынхаа “сэтгэл зүйч” нь

Амжилт гэдэг амархан олддоггүй. Тамирчны ялалт хямдхан олддоггүй. Магадгүй алдаа, оноо бүхэн амжилтыг улам амттай болгодог. Спорт хэмээх өрх айлаар овоглож эхэлсэн он цагаас авхуулаад олон сорилт, бэрхшээл тэдний өмнө тулгарсан ч өмнөө тавьсан зорилго тэмүүлэл, Монгол хэмээх нэрийг тив дэлхийд илүү тодоор цуурайтуулах гэсэн чин хүсэл тэднийг Олимпын дэвжээнд ийн хүргэв. Харин баг тамирчдынхаа ялалт, ялагдал, амьдралд тохиож буй агшин бүртэй нь хамтдаа байж, эргээд босох урам зориг, итгэлийн дөлийг бадраах нь та бидний үүрэг гэлтэй.

Д.Отгондалай: Монгол улсаас Олимпын аварга төрөхөд монголчууд та бидний дэмжлэг чухал шүү!
Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар

Монголчууд бол тамирчдынхаа хамгийн том сэтгэл зүйч нь. Монгол хүний онцлогийг шингээсэн, үргэлж урагш тэмүүлдэг, зогсолтгүй дайчин Go MonGOlia бол том сэтгэл зүй. Монголын ард түмэн тамирчдаа давахаар тэнгэрт гаргах гээд л, нэг ялагдахаар хэмлээд л… Энэ үйлдэл тамирчдын сэтгэл зүйд хүндээр тусдаг гэдгийг ойлгоосой. Хэрэв бид унасан ч, боссон ч баг тамирчидтайгаа хамтдаа байх юм бол монгол хүүхдүүд сэтгэлээсээ зүтгэж чаддаг юм шүү.

Баг тамирчдынхаа ялалт, ялагдал, бүхий л агшинд хамт байж, сэтгэл догдлом торгон мөчүүдийг хамтдаа бүтээцгээе. Монгол Улсын төрийн дуулал Парисын тэнгэрт олонтоо эгшиглэж, Монгол Улсын төрийн далбаа Парисын тэнгэрт олонтоо мандах болтугай!

Go team MonGOlia!