Залуусын орон зай

Л.Пүрэвхүү: Чөлөөт цагаа гэр бүлээрээ зөв боловсон өнгөрөөх том боломж энд байна

Б.Отгонзаяа2024.12.305 минут унших
Л.Пүрэвхүү: Чөлөөт цагаа гэр бүлээрээ зөв боловсон өнгөрөөх том боломж энд байна - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Дэлхий дахинд 2.2 тэрбум хөгжөөн дэмжигчтэй сагсан бөмбөгийн спорт 1940-өөд оны сүүл үеэс манай улсад нэвтэрсэн түүхтэй. 1994 онд Дээд лигийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээ зохион байгуулж, 30 дахь улирлынхаа нүүрийг үзэж буй сагсан бөмбөгийн спорт Монголын хамгийн их хөгжөөн дэмжигч, үзэгчидтэй спортын нэг болж чадсан нь ордны уур амьсгалаас илт мэдрэгдэнэ. UG Arena-г зорин ирэх үзэгчид өөр өөрсдийн дэмждэг багийнхаа өмсгөлөөр гоёсон байгаа нь зааланд өнгө нэмж, тэдний алга ташилт, сэтгэл хөдлөл, дэмжлэг нь тоглолтын уур амьсгалыг улам “халуухан” болгох аж. Бид энэхүү нийтлэлдээ сагсан бөмбөгийн тоглолтуудыг найм дахь жилдээ алгасалгүй үзэж буй, сагсан бөмбөгийн спортын үнэнч фанатуудын төлөөлөл гэр бүлийг онцолж, тэдний дуу хоолойг хүргэж байна. 

Хамгийн анх холбон тоглогч О.Сэргэлэнг дэмжиж, дараагаар нь түүний тоглодог Хасын Хүлэгүүд багийг дэмжих болсноор 2016 оноос хойш Л.Пүрэвхүүгийн гэр бүл Дээд лигийн сагсан бөмбөгийн тоглолтуудыг алгасалгүй үздэг болж, сагсан бөмбөгт хайртай хөгжөөн дэмжигч гэр бүлийн тоо нэгээр нэмэгдсэн байна. Одоо бол тэд Хасын Хүлэгүүд багийн хөгжөөн дэмжигчдийг нэгтгэж чадсан нэр хүндтэй эрхмүүд

Л.Пүрэвхүү: Чөлөөт цагаа гэр бүлээрээ зөв боловсон өнгөрөөх том боломж энд байна нийтлэлийн зураг

Хасын Хүлэгүүд багийн  дэмжигч Л.Пүрэвхүү

“Гэр бүлээрээ нэг сонирхол, хоббитой байна гэдэг нь өөрөө их гоё”

“Миний хувьд эхлээд Хасын Хүлэгүүд багийн холбон тоглогч О.Сэргэлэнг дэмждэг болж, дараа нь баг хамт олноор нь гэр бүлээрээ дэмжих болсон. 2016 оноос хойш найман жил тууштай Хасын Хүлэгүүд багаа дэмжиж, тоглолтуудыг нь алгасалгүй үзсээр иржээ. Эхлээд эхнэр бид хоёр, том ач хүүгээ дагуулаад Дээд лигийн тоглолтуудыг үзэхээр Спортын төв ордонг зорьдог байлаа. Одоо бол дунд ач хүү У.Өнөмөнхтэйгөө лигийн тоглолтуудыг тогтмол үзэж байна. Энэ чинь тэтгэврийн бидэнд бол ач, зээгээ дагуулаад чөлөөт цагаа гэр бүлээрээ зөв боловсон өнгөрөөх том боломж. 

Гэр бүлээрээ нэг сонирхол, хоббитой байна гэдэг нь өөрөө их гоё. Өмнө нь сагсан бөмбөг үздэггүй байхад гэр бүлийн бүх гишүүд оролцож ярьдаг яриа манайд бараг л байгаагүй. Хүүхдүүдийнхээ хичээл ном гэрийн даалгаврыг л ярина уу гэхээс бусдаар ярилцдаггүй байсан. Дээд лигийн тоглолтуудыг үздэг болсноос хойш манай гэр бүлийн ярианы сэдэв сагсан бөмбөг болж өөрчлөгдсөн. Одоо бол манай гэрт Хасын Хүлэгүүдгүй юм байхгүй. Лиг дуусчихсан ч гэсэн тухайн үеийн тэр тоглолт гээд дурсаж ярина. Сүүлийн үед UG Arena-д сагсан бөмбөгийн тоглолтуудыг залуус гэр бүлээрээ ирж үзэх нь элбэг болж. Хуучин спортын төв ордонд лиг болдог байхад орчин нөхцөл ч хэцүү байлаа. Суудал олдохгүйгээс эхлээд яг л зорьж ирж тоглолт үзнэ үү гэхээс чөлөөт цагаа гэр бүлээрээ зөв боловсон өнгөрөөх нь дараагийн асуудал байлаа.  

“Яг л өөрийнхөө хүүхдүүдийн тоглолтыг үзэж байгаа юм шиг догдолно”

Л.Пүрэвхүү: Чөлөөт цагаа гэр бүлээрээ зөв боловсон өнгөрөөх том боломж энд байна нийтлэлийн зураг

Л.Пүрэвхүүгийн эхнэр Г.Энхтуяа 

“Миний хувьд 2017 оноос хойш сагсан бөмбөгийн тоглолтуудыг тууштай  үздэг болсон. Анхандаа бол О.Сэргэлэнгээ л үзэхээр очно. О.Сэргэлэнгээ дэмжихийн тулд тоглож буй багийг нь дэмжих хэрэгтэй болно. Тэгээд л Хасын Хүлэгүүд багийнхаа хүүхдүүдийн нэрийг нь тогтоож эхэлсэн. 

2017 онд багаа 5 дахь удаагаа лигийн аварга болчхоосой гэж бэлгэшээн нөхөр маань 20, би 17, том ачдаа 5 номерын өмсгөл зориулж хийлгээд тоглолтуудыг нь тасралтгүй үзэж, баг маань ч аварга болсон. Тэр цагаас хойш хүүхдүүддээ илүү хайртай болж, яг л өөрийнхөө хүүхдүүдийн тоглолт үзэж байгаа юм шиг догдолно. Заримдаа хожигдсон тоглолтыг нь зүүдэлж сэтгэлээр унана. Хожсон үед нь хөөрч дэгдэнэ гээч. Хүүхдүүдийнхээ бэртэж гэмтэхийг харах их хэцүү. Бэртэл гэмтэл хүүхдүүдээс минь холуур байгаасай л гэж залбирна шүү дээ. 

Бусад баг талбай дээр хоёр легионер тоглогчтой тоглож байхад манай дасгалжуулагч хүүхдүүдээ дангаар нь гаргаад тоглуулж байна. Тэгж байхад л ямар мундаг уран тоглолтуудыг үзүүлж байгааг хүмүүс харсан байх. Манай багийн тамирчид бол өөр өөрсдийн хийх ёстой үүргийг мэддэг. Түүнийгээ давуулан биелүүлж чаддаг мундаг залуус. Тэдэн дундаас би Ч.Ихбаярыгаа онцолмоор байна. Чадварлаг тамирчнаас гадна даруу төлөв зантай. Талбай дээр алдаа гаргаад, эрсдэлтэй үйлдэл хийсэн ч инээгээд л явж байдаг хөөрхөн хүүхэд.”

“Илүү их бэлтгэл сургуулилалт хийгээд О.Сэргэлэн багш шигээ мундаг тамирчин болно”

Л.Пүрэвхүү: Чөлөөт цагаа гэр бүлээрээ зөв боловсон өнгөрөөх том боломж энд байна нийтлэлийн зураг

Л.Пүрэвхүүгийн ач хүү У.Өнөмөнх

“Би дөрвөн настайгаасаа хойш өвөө эмээтэйгээ Дээд лигийн сагсан бөмбөгийн тоглолтуудыг үзсэн. Тамирчдын хурдтай бөмбөг залж, эсрэг багийнхаа довтолгоог тасалж, багаараа хамтарч ажиллаж байгаа нь  надад таалагдсан болохоор би сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн. Манай ангиас намайг дагаад нэлээн олон хүүхэд сагсан бөмбөгт сонирхолтой болсон. Одоо сагсан бөмбөгөөр хичээллэж байгаа. Миний хувьд цаашдаа илүү их бэлтгэл сургуулилалт хийгээд О.Сэргэлэн багш шигээ мундаг тамирчин болно. Сэргэлэн багшийнхаа талбай дээр биеэ  авч яваа байдал, багийнхаа болон бусад тамирчидтай харьцаж байгаа харилцаа зэргээс нь үлгэрлэдэг. Сагсан бөмбөг сонирхдог хүмүүс мэдэх л байх. Манай багш бол бүхий л сагсан бөмбөг сонирхогчдын хайрыг татсан тоглогч. “Зөв хүн” хочтой.”

Бүхий л спортод хөгжөөн дэмжигч, үнэнч фанатууд чухал. Хөгжөөн дэмжигчдийн дуу хоолой, уухай, шүгэл зэрэг дэмжлэг нь тэмцээний уур амьсгалыг илүү “амьд” болгож, тамирчдад эрч хүч, сэтгэл зүйн маш том дэмжлэгийг үзүүлдэг байна. Тамирчид хөгжөөн дэмжигчдийнхээ уухайгаар илүү хичээж, сайн тоглолт үзүүлэх хандлага ч бас ажиглагдаж байв. Тиймээс үнэнч хөгжөөн дэмжигчид нь суудал авахдаа хүртэл ач холбогдол өгдөг байна. 

Л.Пүрэвхүү: Чөлөөт цагаа гэр бүлээрээ зөв боловсон өнгөрөөх том боломж энд байна нийтлэлийн зураг

“Зодолдох нь холгүй, гар хөл нь хөхөрчихсөн арай гэж л суудал авч байсан”

Хасын Хүлэгүүд багийн дэмжигч Л.Пүрэвхүү

“Суудал авахад их учир бий. Талбайн эзэн эсвэл зочин баг болсноос нь хамаараад багийнхаа арын эгнээнүүдэд суудлаа авна. Тоглолтын завсарлага, тамирчид хоорондоо солигдох үед тамирчдадаа урмын үг хэлэх боломж олдоно шүү дээ. Нөгөөтээгүүр эсрэг багийн хөгжөөн дэмжигчдээс тамирчдынхаа сэтгэл зүйг хамгаалж байгаа хэрэг. Спортын төв ордонд тэмцээн болдог байхад манай баг ордны зүүн хойд талын суудлыг эзэлдэг байсан. Хүлэгүүд багаа дэмждэг хүн олон болоосой гээд тэр хавьдаа суудал авна. Хажууд суусан хүндээ илүү өмсгөл тарааж, үүнийг өмсөөд манайхыг дэмжээрэй гэж багтаа урвуулна. Тухайн үед тасалбараараа суудал авдаггүй байлаа. Аль түрүүлж ирсэн нь хүссэн суудлаа авна. Тэгээд л түрүүлж очоод “Хасын Хүлэгүүд” гэж хэвлүүлсэн цаасаа суудлууд дээр тавина. Эрдэнэт майнерс багтай тоглож байхад манайхан Тавантолгой түлш ХХК-ийн ажилчидтай зодолдох нь холгүй, гар хөл нь хөхөрчихсөн арай гэж л суудал авч байсан. Тэр үе санаанаас ер гардаггүй юм. Ер нь л спортын тоглолт үзэж, эд эсээ сэргээх шиг сайхан юм хаана байх вэ дээ.” 

Л.Пүрэвхүү: Чөлөөт цагаа гэр бүлээрээ зөв боловсон өнгөрөөх том боломж энд байна нийтлэлийн зураг

“Бид чинь нэг гэр бүл л гэсэн үг”

Спорт бол хүмүүсийг арьс өнгө, хэл соёл, шашин шүтлэг, нийгмийн ялгаанаас нь үл харгалзан нэг сонирхол дор нэгтгэж чаддаг гүүр. Хүн бүр өөрийн дуртай баг, тамирчныг хөгжөөн дэмжихдээ ялгаагаа мартаж, зүрх сэтгэл, уухайгаараа нэгддэг. Хасын Хүлэгүүд багийн үнэнч дэмжигчид ч гэсэн нэгэн зүрх сэтгэлээр нэгдэж чаджээ. Тэд жил бүр багийнхаа ялалт, ялагдлыг хамтдаа хуваалцаж, нэг өдрийг хөгжилдөж өнгөрүүлдэг уламжлалтай. Бүр тэдний дундаас хоёр ч хос төрсөн гэнэ. 

“2019 онд манайх хэдий аварга болоогүй ч О.Сэргэлэн маань MVP тоглогчоор шалгарч, түүнийг тэмдэглэхээр манай хөгжөөн дэмжигчид, тамирчид маань манай зусланд очиж тэмдэглэж байсан. Түүнээс хойш жил болгон манай дэмжигчид, баг тамирчидтайгаа нэг өдрийг хөгжилдөж өнгөрөөдөг уламжлал тогтчихсон. Сүүлийн үед Цагаан сараар хүртэл лигийн тоглолтууд болдог болсон. Дэмжигч залуус маань манайхаар ирж бид хоёртой золгочхоод UG Arena руу явж тоглолтоо үзнэ. Бид чинь нэг гэр бүл л гэсэн үг. Манайхан дундаас Хүлэгүүд багаа дэмжиж яваад танилцаж, гэр бүл болсон хоёр хос төрсөн.” 

“Өөрийн багийг дэмжихээс гадна өрсөлдөгчдөө хүндэтгэх, ёс зүйтэй байх хэрэгтэй”

-Хэдий нэгэн сонирхлоор үзэгчид нэгдэж, тодорхой баг хамт олныг дэмждэг ч гэсэн нөгөөтээгүүр үзэгчид соёлтой байх хэрэгтэй. Энэ тал дээр та ямар бодол, байр суурьтай байдаг вэ, үзэгчдийн соёл манайд ямар түвшинд байна?  

Л.Пүрэвхүү: Чөлөөт цагаа гэр бүлээрээ зөв боловсон өнгөрөөх том боломж энд байна нийтлэлийн зураг

Л.Пүрэвхүүгийн эхнэр Г.Энхтуяа 

-Өөрийн багийг дэмжихээс гадна өрсөлдөгчдөө хүндэтгэх, ёс зүйтэй байх хэрэгтэй. Гэр бүлийн хос хоёр, хоёр өөр багийг дэмжээд өөр өөр өмсгөл өмсөөд сууж байгаа харагддаг. Тэр бас л гоё харагдаж байсан. Одоо бол үзэгчдийн соёл харьцангуй дээрдэж байгаа юм шиг санагдсан. Спортын  төв ордонд тэмцээн болдог байхад тамирчид руу лааз, ундааны сав шидэх зэрэг бүдүүлэг үйлдлүүд мэр сэр гардаг байлаа. Сүүлд харин Хятад Монгол хоёрын тоглолтоор бидний эсрэг талын суудлаас нэг үзэгч Хятад тоглогч руу сав шидэж харагдсан. Болохгүй шүү дээ. Баг тамирчдаа хүндлээд зөв боловсон үзэх хэрэгтэй.  Мөн нэгэнт л ийм гоё тав тухтай ордонтой болсон юм чинь баг хамт олноо дэмжчихээд тарьсан хогоо аваад гардаг соёлыг хэвшүүлчихвэл их зүгээр. Цаашдаа илүү соёлтой боловсон болно гэдэгт итгэлтэй байна. 

Стресс бухимдал ихтэй байгаа энэ цаг үед чанартай цагийг гэр бүлдээ зориулж буй Л.Пүрэвхүүгийн гэр бүлээс сагсан бөмбөгийн спортын эрч хүч, үнэ цэн, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хамгийн ихээр мэдрэгдэж байв. Уншигч та ч гэсэн сагсан бөмбөг гэлтгүй, өөрийн сонирхдог спортынхоо тоглолтуудыг соёлтой үзэж, чөлөөт цагаа хайртай дотнынхоо хүмүүстэйгээ өнгөрөөгөөрэй. 

Холбоотой нийтлэлүүд