Б.Маралгуа: Миний сэтгэл зүйн тусгал бол төгөлдөр хуур
Сонгодог урлаг
М.Энхмаа
М.Энхмаа
2024.05.08
4 минут
Б.Маралгуа: Миний сэтгэл зүйн тусгал бол төгөлдөр хуур

Үзэгчдийн суудлаас “соль” гэх багшийн хоолойг сонсоод мартсан ая минь “дон” гээд л ороод ирсэн.

“Бид “Оюутан” театрт жилд хоёр удаа нэгдсэн шалгалт өгдөг юм. Хэчнээн бэлтгэл сайтай байсан ч тайзан дээр гараад сандрах, хөгжмийн зохиолоо мартах, хэмнэлээ алдах тохиолдол гардаг. Танхимд шалгалтын комисс, мэргэжлийн багш нар, оюутнууд гээд олон хүн суудаг учраас анхаарал сарних, тоглож буй зохиол биш эргэн тойрон дахь хүмүүсийн яриа толгойд эргэлдэх нь ч бий. Шалгалтын үеэр нэг удаа тоглож буй зохиолынхоо гол хэсгийн нотоо мартчихсан. Яахаа мэдэхгүй, төгөлдөр хуурын даралтуудыг товшиж ядан байхад үзэгчдийн суудлаас “соль” гэх багшийн хоолойг сонсоод зохиолоо үргэлжлүүлж байсан юм.” хэмээн инээмсэглэх түүнийг Б.Маралгуа гэдэг. СУИС-ийн хамсраа төгөлдөр хуурч буюу концертмейстерийн ангийн гуравдугаар түвшний оюутан. 

Бид “А” үсгээс эхэлж бичиг үсэг сурдагтай адил хөгжмийн суурь төгөлдөр хуураас эхлэлтэй аж. Тэр ч утгаараа СУИС-д хөгжмийн боловсрол эзэмшиж буй хүүхдүүдэд төгөлдөр хуурын анхан шатны мэдлэг олгох зорилгоор ерөнхий төгөлдөр хуурын хичээл хүртэл ордог байна. Харин түүний эзэмшиж буй мэргэжил болох хамсраа төгөлдөр хуурч гэдэг нь дуурийн дуучин, гоцлол хөгжимчин, морин хуур, хийл зэрэг хөгжмийн аялгуунд төгөлдөр хуурын аязаар хөг нэмдгээрээ онцлог юм.

Б.Маралгуа: Миний сэтгэл зүйн тусгал бол төгөлдөр хуур

Кино зураглаач, төгөлдөр хуурын багш хоёрын гэр бүлд өссөндөө ч тэр үү багаасаа л  урлагт хайртай нэгэн болж төлөвшжээ. Хүүхдийн хүмүүжилд хөгжмийн боловсрол ямар чухал болохыг анзаарсан ээж нь хоёрдугаар ангийн сурагч охиноо өөрийн багшид шавь оруулсан тэр өдрөөс хойш амьдралын олон өнгийг хөгжмөөр дамжуулан мэдэрч яваа нь энэ аж.

“Хөгжмөө тоглоход маш олон төрлийн мэдрэмж төрдөг. Бага байхаас багш минь зохиолын нот бүрийг ягштал цээжлүүлэхээс илүү дүрслэлтэйгээр тайлбарладаг байсан нь мэдрэмжийг минь хөглөсөн гэж боддог юм. Гэхдээ мэргэжлийн ангийн оюутны хувьд хөгжим тоглож эхлээд л шууд тайтгарлыг мэдэрнэ гэдэг бараг боломжгүй зүйл. СУИС-д орсон эхэн үеүдэд шантрах явдал бишгүй л олон байсан. Шалгалтын өмнө сандарна, авсан зохиол маань надад томдоод, тоглож чадахгүй үед сэтгэлээр унаад уйлна. Тэр үед “Би ер нь чадахгүй юм биш үү дээ. Хөгжим бүжгийн хүүхдүүд нэгдүгээр ангиасаа эхлээд арав гаруй жил суралцаж байхад би дөрөвхөн жилийн дотор академик түвшний мэдлэг эзэмшиж, өрсөлдөхүйц нэгэн болж чадах уу?” гэх мэт олон бодол сэтгэл чилээнэ. Харин цаг хугацаа өнгөрөх тусам тайзнаас арай өөр зүйлийг мэдэрч эхэлсэн юм. Сандрал, догдлолтой хэр нь айдас биш. Хөгжмийн зохиол дотроо өөрөө орчихсон мэт нэг тийм үгээр илэрхийлэх аргагүй, орчлонгоос тасарч байгаа юм шиг мэдрэмж төрөх болсон. Тэр мэдрэмж л намайг хамгийн ихээр татсан байх…”

Б.Маралгуа дунд ангиа төгсөх үед мэргэжил сонголттой нүүр тулав. Биологийн хичээлдээ сонирхолтой учраас эмч болох аль эсвэл сэтгэл судлалаар суралцах уу гэх бодолд автах болжээ. Харин энэ үед төгөлдөр хуурын багш нь СУИС-ийн харьяа Бадмаараг ахлах сургуульд суралцах санал тавьснаар түүний амьдралын нэгэн шинэ хуудас эхэлсэн байна. Ерөнхий боловсролын 50 дугаар сургуульд суурь боловсрол эзэмшиж, гурван жил Бадмаарагт суралцсан түүний хувьд “Соёл Урлагийн Их Сургууль” цоо шинэ ертөнц байлаа. Сургуулийн босгоор анх алхахад театр урлагийнхны хаа сайгүй жүжгээ бэлдэх, хоёр давхраас сопрана, тенор гээд олон төрлийн хоолой эгшиглэх, гурван давхарт энд ч нэг морин хуур, тэнд ч нэг хийлийн ая сонстох нь жир биш санагдаж байсныг тэрбээр нуусангүй.

Хөгжим бол зүрх сэтгэлийн урлаг

“Залуу нас” гэдэг нэг талаараа өөрийн дотоод мэдрэмж, зүрх сэтгэлийн тусгал руу өнгийх үе мэт. Өөрийгөө ойлгох гэж хичээж ядан яваа энэ л мөчид хөгжим түүнд “хань” болсоор иржээ. Гуниглаж, ганцаардсан, хөөрч догдолсон гээд хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцмаар санагдах үед түүний дотоод мэдрэмж сэтгэлээс урсах аялгуу болж эгшиглэнэ. Тэр ч утгаараа хөгжим гэгчийг зөвхөн хуруугаараа тоглохоос илүү зүрх сэтгэлээрээ тоглодог гэхэд хилсдэхгүй. Учир нь тухайн бүтээлийг тоглох үед уран бүтээлч ямар сэтгэл зүйтэй байгаагаас шалтгаалж өөр, өөрөөр мэдрэгддэг нууцлаг ертөнц билээ.

Б.Маралгуа: Миний сэтгэл зүйн тусгал бол төгөлдөр хуур

“Миний сэтгэл зүйн тусгал бол төгөлдөр хуур. Тухайн үеийн минь сэтгэл хөдлөл төгөлдөр хууртай хоршиж хэмнэл болон “амилдаг”. Энэ тухай багш маань хүртэл хэлж байсан юм. “Марал аа, чи өнөөдөр нэг л хөөрчихсөн яваад байх чинь. Хэмнэл чинь нэг л өөр, дэврүүн байна. Өнөөдөр чи шалдаа буучхаж дээ? Хэдий нот алдаагүй ч нэг л өлбөгөр сонсогдоод байна шүү” гээд л. Үнэн мэдрэмжээ урлагаар дамжуулж илэрхийлдэг учраас урлаггүйгээр би амьдралаа төсөөлшгүй. Саарал, юу ч байхгүй. Нэг тийм хов хоосон. Бодох төдийд айдас төрж байна.”

Хамсраа төгөлдөр хуурчаар суралцдаг дөлгөөхөн охин хөгжмийн зохиолч болох чин хүсэлд хөтлөгдөх болсон нь өнгөрсөн жилээс эхлэлтэй. Дээд курсийнх нь ах өөрийн зохиосон төгөлдөр хуурын зохиолоо Маралаагийн мэдрэмжээр анх удаа үзэгчдэд хүргэх хүсэлт тавьснаар хос мэргэжил эзэмшихээр зориг шулууджээ. Одоо тэрбээр Монгол Улсын Консерваторийн хөгжмийн зохиолчийн ангийн нэгдүгээр түвшний оюутан. Зөвхөн бусдын зохиолыг тоглохоос гадна өөрийн аялгууг үзэгч олонд хүргэх хүсэлд хөтлөгдөн хоёр сургуульд давхар суралцаж буй нь энэ аж.

Уран бүтээлч хүний онгод хаанаас төрдөг бол. Онгод гэж ярьдаг ч чухам юуг хэлнэ вэ? 

Б.Маралгуа: Миний сэтгэл зүйн тусгал бол төгөлдөр хуур

“Манай багш хэлж байсан юм. “Онгод орсон үедээ л шинийг хийж бүтээнэ гэдэг бол хөгжмийн зохиолч, хөгжимчин хүний хувьд байж боломгүй явдал” гэж. Тэгэхээр миний хувьд онгод гэж байхгүй. Тууштай байдлын үр дүнд урлаг төрдөг болохоос онгодоос биш. “Онгод” гээд байгаа тэр хийсвэр зүйлийг үргэлж өөртөө байлгахын тулд өдөр болгон бэлдэх хэрэгтэй. Иймд миний шаардлага бол өдөрт хамгийн багадаа 3-5 цаг бэлтгэл сургуулилт хийх.” 

Хөгжим бол сонсоод л өнгөрөх төдийхөн зүйл биш. Хөгжмөөр дамжуулан бид аливааг ойлгож, таньж мэдэн дотоод өөрийгөө эдгээж бас гэмтээдэг. Хөгжим хүний сэтгэл зүйд тийм хүчтэй нөлөөлдөг. Иймд хөгжмийн зохиол бичнэ гэдэг амаргүй даваа шиг санагдах юм. Гэхдээ хийж бүтээх хүсэл оргилон буй тэр нэгний хувьд сэтгэлийн таашаал гэлтэй. Б.Маралгуагийн хувьд зохиолоо бичихдээ тухайн үеийн бодол, мэдрэмжийг шингээн тэр л агшныг бүтээл болгохыг зорьдог аж. Хичээл дээр үзсэн онолын агуулга, амьдрал дээрх өнгө будгийн нийлэмж бол түүний бүтээлүүд. Тухайн зохиолыг анх удаа сонссон ч сонсогчид төсөөлөлдөө амилуулж, зүрхэндээ мэдэрч, илэрхийлэх гэсэн өгүүлэмжийн үзүүрээс атгаж чадвал түүний зорилго нэгэнтээ биелжээ гэсэн үг. Анхаарч сонсох хэмжээний зохиол бичих нь түүний хүсэл. 

Б.Маралгуа: Миний сэтгэл зүйн тусгал бол төгөлдөр хуур

“GenZ үеийнхнийг сэтгэлийн хатгүй, ажил хийх чадамжгүй гэх ойлголт нийгэмд газар авсаар ирсэн. Гэтэл манай үеийнхэн илүү нээлттэй харилцааг эрхэмлэж, мэдрэмжээ илэрхийлэхээс айдаггүй, өөрийн болоод бусдын сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаардаг болсон. Түүнийгээ дагаад урлагийн сургуулийн оюутнуудын зохиол, хөгжимдөө хандах хандлага ч өөрчлөгдөж байгаа гэж би боддог. Ер нь дан ганц урлагийн салбарынхан гэлтгүй нийгэм өөрөө урлагийг ойлгодог, хүндэлдэг, хүний амьдралд ямар чухал нөлөөтэйг мэдэрч эхэлж байна шүү дээ. Урлаг гоо зүйн таашаалаас гадна өөрийн бие даасан өвөрмөц шинжээрээ хүнийг асар ихээр төлөвшүүлдэг. Хэдий өөр салбарын мэргэжилтэй ч чөлөөт цагаараа дуртай хамтлагийнхаа тоглолтыг үздэг, уран бүтээлчдийн үзэсгэлэнг зорих хүмүүс олширсон байна. Иймд манай үеийн залуус өөрийн сонирхол, эзэмшиж буй мэргэжил, харилцаа хандлагаараа дамжуулан нийгэмд гэрэл гэгээ авчирч байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид аливаа зүйлсийг ойлгож, нэгнээсээ суралцаж, эерэг мэдээллийг бусадтайгаа хуваалцахад суралцаж яваа шүү дээ.”