Залуусын орон зай

“Залуусын оролцоо: Хэрхэн оролцох ёстой вэ?”

Б.Хонгор2024.01.277 минут унших
“Залуусын оролцоо: Хэрхэн оролцох ёстой вэ?” - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

“ЗАЛУУСЫН ОРОЛЦОО: ХЭРХЭН ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ?”

Залуусын идэвх, оролцоо үнэхээр нэмэгдэж байна уу? Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийг харахад 20-24 насны залуус бүх насны сонгогчдоос хамгийн бага ирцтэй байв. 2021 онд “Нийгэм улс төрийн боловсрол” ТББ-аас явуулсан “Z үеийн залуусын улс төрийн оролцоо” судалгаанд хамрагсдын 62% нь улс төрийг “хааяа л сонирхдог” буюу “нэг их сонирхдоггүй”, “огт сонирхдоггүй” гэсэн хариуг өгсөн ба 58% нь өөрсдийн улс төрийн оролцоог “Зарим үед л оролцдог” хэмээн тодорхойлжээ. Мөн тэдний 84.8% нь ямар нэг улс төрийн нам, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагад харьяалалгүй буюу улс төрийн статусгүй гэсэн хариу гарсан байна. Энэ бүгдээс харахад залуусын идэвх оролцоо одоо ч хангалтгүй түвшинд байгаа нь илт.

Үүний учрыг манай оронд уг сэдвийн хүрээнд хийгдсэн нарийн судалгаа дутмаг, залуусын оролцооны хэлбэрийг системчилж, тодорхой болгосон модель байдаггүйтэй холбон ойлгож болно. Жишээ нь, Канад улсад хийгдсэн нэгэн судалгаанд тухайн орны залуусын (15-24 нас) нийгмийн оролцооны хэлбэр, төрөлжилт, хамрах цар хүрээ, үр дүн зэргийг жагсаан гаргаж, хоорондын уялдаа холбоог нь тодорхойлжээ. Уг судалгаа нь ямар асуудалд, хэрхэн хандвал зохистой талаар баримжаа олгож, залуусын идэвхтэй оролцоог дэмжих загварыг гаргаж өгснөөрөө чухал ач холбогдолтой юм. Улмаар энэ бичвэрийн хүрээнд тухайн судалгаанд дурдагдсан залуусын оролцооны 4 хэлбэрийг онцлон, дэлхийн түүхэнд гарч байсан бодит жишээтэй холбон тайлбарлахыг зорив. 

ЗАЛУУСЫН ОРОЛЦООНЫ МОДЕЛЬ СУДАЛГАА

2015 онд Канад улсад хийгдсэн “Залуус манлайлах нийгмийн өөрчлөлт” нэртэй судалгаа нь 1978 оноос 2012 оны хооронд нийт 35 жилийн хугацаанд, залуусын голчлон оролцсон нийгмийн томоохон үйл явдлуудыг цуглуулж, нийт 264 тохиолдлыг сонгон анализ хийжээ. Улмаар эдгээр үйл явдлууд дээр тулгуурлаж залуусын оролцооны хэлбэр, хамрах хүрээ, үр дүн, нөлөөлөх арга хэрэгсэл зэргийг доорх байдлаар ангилсан байдаг. 

ХАМРАХ ХҮРЭЭТАЙЛБАР
Хүний эрх, ардчилалУлс төр, болон системтэй холбоотой асуудлуудад оролцох. Хуулийн төслийн санаа боловсруулах эсвэл эсэргүүцэх, сонгууль болон засгийн газрын тухай асуудал.
Тэгш эрх, шударга ёсТэгш байдал, төрийн үйлчилгээний хүртээмж, санхүүгийн ялгаатай байдал зэрэг асуудлууд.
Хүрээлэн буй орчинЭрүүл мэнд, халамжийн салбар, байгаль хамгаалал зэрэг асуудлууд.
Эрүүл мэнд, аюулгүй байдалХүний бие махбод болон оюун санааны талаарх асуудлууд.
БоловсролБоловсролын хүртээмжтэй байдал, шинэчлэл зэрэг асуудлууд.
СоёлСоёл болон шашин шүтлэгтэй холбоотой асуудлууд.
Хүснэгт 1. Залуусын оролцооны хамрах хүрээ. Youth-led social change.
НӨЛӨӨЛӨХ АРГА ХЭРЭГСЭЛТАЙЛБАР
Сайн үйлсийн аянСанхүүжилт цуглуулж, хандив өргөх.
Сайн дурын ажилАшиг харалгүй бусдад тустай ажил хийх.
Улс төрийн оролцооУлс төрийн үйл ажиллагаанд ямар нэг байдлаар оролцох.
Төрийн бодлогоОлон улсын томоохон байгууллагуудтай залуус бодлогын түвшинд хамтарч ажиллах.
Нийгмийн хариуцлагаНийгмийн хариуцлагын хүрээнд шаардлагатай газруудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
УрлагУрлагаар дамжуулж бусдад нөлөөлөх.
Судалгаа, инновацНийгмийн асуудлуудад шинэ, үр дүнтэй шийдлүүдийг дэвшүүлэх.
БусадБусад төрлийн арга хэрэгслүүд.
Хүснэгт 2. Залуусын нөлөөлөх арга хэрэгсэл. Youth-led social change.
ҮР ДҮНТАЙЛБАР
Хувь хүнНэг болон хэсэг бүлэг хүмүүст нөлөөтэй үр дүн.
Коммюнити, байгууллагаХүмүүсийн нэгдэл, тодорхой байгууллагуудад нөлөөтэй үр дүн.
Улс орон, олон улсИнститут буюу системийн түвшинд нөлөө үзүүлэхүйц үр дүн.
Хүснэгт 3. Залуусын оролцооны үр дүн.. Youth-led social change.

Харин одоо залуусын оролцооны хэлбэрүүдийн талаар дэлгэрэнгүй авч үзье.

ЗАЛУУСЫН ОРОЛЦООНЫ ХЭЛБЭР

1. НИЙГЭМШҮҮЛЭХ (Socialization)

Тодорхой нийгмийн асуудлын талаар бусдад мэдлэг мэдээлэл түгээж, ухамсар суулгахыг хэлнэ. Лекц, уулзалт, хэлэлцүүлэг зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж асуудлыг танилцуулан, шийдлийг хүргэхээс гадна маркетингийн арга хэрэгслийг ашиглах боломжтой. 

Жишээ: Энэ хэлбэрийн жишээгээр хамгийн залуу Нобелийн шагналт Малала Юсуфзайгийн түүхийг дурдаж болно. Тэрээр ердөө 11 насандаа Талибан бүлэглэлийн эсрэг тэмдэглэлүүдээ BBC-гийн Урду хэл дээрх редакцад нийтлүүлж, улмаар CNN, The New York Times ч түүний тухай ярилцлага, баримтат киног бэлтгэн хүргэсэн байдаг. Үүнийхээ төлөө тэрээр Талибан бүлэглэлийн хараанд өртөж, амь насаа алдах шахаж байв. 2013 онд буюу 16 настайдаа “Малала сан”-г үүсгэн байгуулж, бага насны охидын сурч боловсрох эрхийн төлөө идэвхтэй тэмцэж эхэлсэн. Түүнчлэн тухайн жилдээ НҮБ-ийн индэр дээрээс энэ сэдвээр илтгэл тавьж байсан удаатай. Улмаар энэ үйл хэргийнхээ үр дүнд 17 насандаа буюу хамгийн залуудаа Нобелийн шагналыг хүртсэн билээ.

GCE00212.jpg
Зураг 1. Малала Юсуфзай. Эх Сурвалж: Malala Fund Official Website.

2. НӨЛӨӨЛӨХ (Influence)

Шууд бус байдлаар бусад хувь хүн, байгууллага, институт, шийдвэр гаргагчдад нөлөөлж тодорхой асуудлын талаар үйлдэл хийлгэх хэлбэр. 

Жишээ: Энэ хэлбэрт ахлах сургуулийн сурагч байхдаа АНУ-ын 50 одтой далбааны загварыг гаргаж байсан Боб Хэфтийн түүхийг өгүүлж болно. 1958 онд түүхийн хичээлийн хүрээнд ямар нэг бүтээлч зүйл хийх даалгавар авсан Боб Хэфт АНУ-ын далбааг 50 одтой болгон өөрчилсөн бөгөөд түүнээсээ болж багшаасаа ихээхэн шүүмжлэл сонсож байжээ. Учир нь тухайн үед АНУ 48 мужтай байв. Багш нь түүнийг Засгийн газартай холбогдож өөрийн загвараа зөвшөөрүүлж чадвал дүнг нь ахиулъя гэж ёжтойгоор хэлсэн бөгөөд Хэвт тухайн үеийн ерөнхийлөгч рүү 21 удаа захидал илгээсэн байдаг. Улмаар хоёр жилийн дараа Аляска, Хавай мужууд АНУ-ын засаг захиргааны нэгжид нэмэгдэж, далбаагаа өөрчлөх шаардлагатай болсон ба Засгийн газраас Хэфттэй холбогдож түүний загварыг ашиглах санал тавьж байжээ. 

3e344ec8-2249-4156-8c66-466d19140ce1-large16x9_BenLancasterflagmaker.webp
Зураг 2. Боб Хефт. Эх сурвалж: ABC6

3. ЭРХ МЭДЭЛ (Power)

Шийдвэр гаргах түвшний эрх мэдэлд хүрснээр аливаа нийгмийн асуудалд шууд нөлөөтэй ажлуудыг эхлүүлэх хэлбэр. 

Жишээ: Энэ хэлбэрт залуу зохион бүтээгч Гитанжали Раог дурдаж болно. Тэрээр цэвэр усны дутагдал, цахим хүчирхийлэл зэрэг асуудлуудтай идэвхтэй тэмцдэг нэгэн бөгөөд 15 настайдаа усан дахь хар тугалганы хольцыг илрүүлэх гар утасны төхөөрөмж бүтээж, хиймэл оюун ухаанд суурилсан цахим гэмт хэрэгтэй тэмцэх Kindly программыг бичжээ. Улмаар 2019 онд TIME сэтгүүлээс анх удаа тодруулсан “Оны шилдэг хүүхэд”, болон “Шилдэг залуу зохион бүтээгч”-ээр нэрлэгдэж байв.

joi-rao-cropped-ysc-2017-presentation-2b.jpg
Зураг 3. Гитанжали Рао. Эх сурвалж: USPTO

4. ХАМТРАН АЖИЛЛАХ (PARTNERSHIP)

Зорилго, алсын хараа ижил хувь хүн, байгууллага, институттэй хамтран ажиллаж нийгмийн асуудлуудад шийдэл олох хэлбэр.

Жишээ: НҮБ-ийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дээд түвшний уулзалтад хэлсэн үгээрээ дэлхий нийтийн анхаарлыг татаж, 16 насандаа TIME сэтгүүлийн “Оны шилдэг хүн”-ээр нэрлэгдэж байсан Грета Тонберг энэ хэлбэрийн тод жишээ. Тэрээр зөвхөн уур амьсгал, байгаль орчны талаарх асуудалд хувь нэмрээ оруулаад зогсохгүй КОВИД-19 халдварын үед хүүхдийн эрхийн төлөө хүчтэй дуугарч байв. Тухайлбал, 2020 онд Дани улсын “Human Act” ТББ-тай хамтран НҮБ-ийн Хүүхдийн сангаас зохион байгуулсан хандив, тусламжийн аянд биечлэн оролцож орон орны хүүхдүүдэд хоол хүнс, эрүүл мэндийн тусламж үзүүлж байв.

_121302481_micgreta.jpg
Зураг 4. Грета Тонберг. Эх сурвалж: BBC

 

Дэлхий нийтийн хэмжээнд нийгмийг хөдөлгөгч хамгийн гол хүчин зүйлүүдийн нэг бол залуусын үйлдэл гэдэг дээр санал нэгджээ. Гагцхүү тухайн үйлдэл нийгэмдээ нөлөө үзүүлэхүйц бодитой, бас эрүүл байж чаддаг эсэх нь асуудлын гол аж. Залуусын үйлдлийг ийм шинжтэй байлгахын тулд тэдэнд оролцооны тухай мэдлэг, тодорхой загварыг таниулах шаардлагатай бөгөөд манай орны хувьд энэ талын судалгаанууд дутмаг байна. Энэ мэт асуудлуудаа тодорхойлж, залуус өөрсдийн үзэл бодол, харах өнцөг, санал санаачилгаа солилцох талбарыг бий болгох нь юу юунаас чухал бөгөөд энэ үйл хэргийг эхлүүлэх MEF Youth 2024 арга хэмжээ тун удахгүй зохион байгуулагдах гэж байна.

Ашигласан материал:

  • “Z үеийн залуусын улс төрийн оролцоо”, 2021, Нийгэм улс төрийн боловсрол ТББ.
  • “Youth-led social change: Topics, engagement types, organizational types, strategies, and impacts”, 2015, Elaino Ho, Amelia Clarke, Ilona Dougherty.
  • “Emphaty for Social Justice: The Case of Malala Yousafzai”, 2019, Ana Belen Martinez Garcia.
  • “Youth trends in activism and civic space expansion”, 2022,  Yi Kang Choo, Mehjar Azzouz, Kejal Savla.
  • “Malala Yousafzai: Portrait of the Girl Blogger”, BBC Article.
  • “The High Schooler Who Designed The 50-Star American Flag”, Mark Soroka.
Товчилсон нэрийн тайлбар 
ТББТөрийн бус байгууллага
НҮБНэгдсэн үндэсний байгууллага
BBCThe British Broadcasting Corporation
CNNThe Cable News Network
USPTOUnited States Patent and Trademark Office

 

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд