Залуусын орон зай

Зах зээлд анхдагч байх нь чухал уу?

Г.Бадамсэрээжид2024.05.092 минут унших
Зах зээлд анхдагч байх нь чухал уу? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Суусан цэцнээс явсан тэнэг нь дээр гэж сонсож л байсан биз дээ?

Та зах зээлд анхдагч байх нь чухал, бусдаас түрүүлж сэтгэж байж л амжилтад хүрнэ гэсэн үг сонсож байсан уу? Стартапын ертөнцөд ч гэсэн ийм ойлголт анхнаасаа л байсан. Гэтэл үнэндээ зах зээлд анхлан нэвтэрсэн шив шинэ бизнес байх нь өөрийн гэсэн давуу болон сул талуудтай шиг хоёрдогч, гуравдагч байх нь ч өөрөө давуу болон сул талтай. Өөрөөр хэлбэл, түрүүлж алхлаа гээд заавал амжилтад хүрнэ гэсэн үг биш, нэгэнт зах зээл дээр байгаа санааг давтлаа гээд бүтэлгүйтнэ гэсэн үг ч бас биш юм.

web cover-2.jpg

Анхдагч нь байгаагүй ч зах зээлийг бараг бүхэлд нь эзэлсэн жишээнүүд цөөнгүй бий. Бидний өдөр тутамдаа ашиглаж буй Фэйсбүүк (Facebook) хамгийн анхны олон нийтийн сүлжээний платформ байгаагүй, Гүүгл (Google) ч мөн адил хамгийн анхны хайлтын систем биш. Гэхдээ тэдний зах зээлийг эзэрхийлж, дэлхийн хамгийн хүчирхэг корпорацуудын нэг болж чадсан нууц нь гагцхүү хоёрдогч байхын давуу талуудыг төгс ашиглаж чадсанд нь оршдог.

Тэгвэл хоёрдогч (гуравдагч) байхын давуу тал юу вэ?

  1. Анхдагчдын хувьд тухайн зах зээлд хэрэглэгч, эрэлт бодитоор оршин байгаа эсэхийг баталж харуулах хүндхэн даалгавартай үйл ажиллагаагаа эхлүүлдэг. Үүнийгээ дагаад бүтэлгүйтэх эрсдэл нь ч нэмэгддэг. Харин зах зээлд анхдагчийн араас орж ирсэн байгууллагууд тэдний алдаа, туршлагаас суралцан судалгаа, анализад зарцуулах төсөв болон хөдөлмөрөө хэмнэх боломжтой. Мөн үүнийг дагаад гарч болох эрсдлүүд ч багасдаг.
  2. Зах зээлд гарсан хамгийн анхны бүтээгдэхүүн нь туршилтын үүрэг гүйцэтгэдэг тул уг бүтээгдэхүүний дутагдлыг арилгаж сайжруулах боломжийг олгодог. Жишээлбэл, МайСпэйс (MySpace) платформ замбараагүй интерфэйстэй байсан учир Фэйсбүүк (Facebook) тэрхүү асуудлыг шийдэж, хэрэглэгч харахад илүү хялбар дизайнтайгаар гарч ирж байв.
  3. Зах зээлийн тодорхой сегментэд чиглэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, нийт зах зээлд бага хувийг эзлэх бус зах зээлийн тодорхой хэсгийг сонгож амжилт үзүүлэн цаашлаад зах зээлийг бүтэн эзлэх эхлэлийг тавьдаг байна.

web cover.jpg

Зах зээлд хамгийн эхэнд нэвтрэх:

Дээр дурдсанчлан анхдагчдын хувьд судалгаа, бүтээгдэхүүн туршилт зэрэгт их хэмжээний мөнгө зарцуулдаг. Гэхдээ таны хойноос гарч ирсэн өрсөлдөгчид танай бүтээгдэхүүнийг давуулж хийхийн тулд бүр их төсвийг зарцуулах шаардлагатай болно. Жишээлбэл, олон нийтийн сүлжээний Нип (Gnip) гэх компани зах зээлд нэвтрэхдээ ердөө 7.5 сая ам.долларыг зарцуулж амжилттай үйл ажиллагаагаа явуулж байв. Улмааар тэд Твиттер (Twitter)-д 175 сая ам.доллароор зарагдаж байв. Гэтэл тэдний өрсөлдөгч компани өөрсдийн программ хөгжүүлэлтийн зардалд нийт 75 сая ам.долларыг зарцуулсан байдаг аж.

Хэтэрхий эрт эсвэл хэтэрхий орой гэсэн ойлголт байдаг уу?

Энэ нь цэвэр танай компаниас хэрэглэгчдэд санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог болон өрсөлдөгчидтэй шууд холбоотой. Зарим бизнесүүдэд анхдагч байх нь чухал бол, заримд нь хоёрдогч, гуравдагч тоглогч байх нь илүү амжилттай ажиллах боломжийг олгодог. 

Хэрэв та онилж буй зах зээлдээ хамгийн анхдагч нь болохыг хүсдэг бол танай байгууллагын хувь заяа өрсөлдөгчидтэй чинь салшгүй хамааралтай гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Магадлалын онолын дагуу хамгийн эхний тоглогч байх нь эрсдэл ихтэй учир эхний тоглогчдын нэг болж, зах зээл өргөжихийн хэрээр түүнийг даган байр сууриа бататгаж явах нь оновчтой болов уу.

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд