Лондон хотод “Гэртээ ганцаараа” киног найрал хөгжим, найрал дуучдын хамтаар үзэгчдэд толилуулна


Зул сарын тухай өгүүлэх дэлхийн хамгийн алдартай кинонуудын нэг болох “Гэртээ ганцаараа” (Home Alone) уран сайхны кино нь Английн Лондон хотноо 12 дугаар сарын 06-наас 13-ны хооронд Royal Albert Hall танхимд амьд оркестрын хамт өргөн дэлгэцээр гарах ажээ. 5,200 хүний суудалтай уг танхимд үзэгчид кино болон амьд хөгжим, найрал дууны гайхамшгийг нэг дор мэдрэх боломжтой юм.
Тус үзвэрийн үеэр киноны дуу, болон хөгжмийг Английн Хааны Их найрал тоглож, Найрал дууны Крауч Энд Фестиваль амьдаар дуулах тул энэ жилийн баярын онцгой үзвэрүүдийн нэгээр нэрлэгдээд байгаа юм. Крауч Энд Фестиваль нь үндсэн болон гэрээт уран бүтээлч болох 150 хүний бүрэлдэхүүнтэй Лондон хотын томоохон тоглолт, шоу, кино урлагийн төслүүдэд оролцож байсан туршлагатай Английн алдартай хамтлагуудын нэг билээ. Харин Английн Хааны Их Найрал нь анх 1946 онд байгуулагдсан бөгөөд “Гэртээ ганцаараа” тоглолтоос өмнө “Харри Поттер”, “Оддын дайн” зэрэг тоглолтуудыг амжилттай тоглож байсан аж.
“Гэртээ ганцаараа” киноны хөгжмийг үзвэрийн үеэр амьдаар тоглох нь үзэгчдэд илүү бодит мэдрэмжийг төрүүлж, удахгүй болох зул сарын баярын уур амьсгалыг мэдрэх гайхалтай боломж хэмээн үзэгчид өндөр хүлээлттэй байгаа юм. Мөн үзвэрийн тасалбар 35 фунтээс 77 фунтын хооронд зарагдсан бөгөөд 8 өдрийн тоглолтын тасалбар онлайн урьдчилсан захиалгаар аль хэдийн зарагдаж дууссан байна.