Youth Conference 2024: "To The World" арга хэмжээг тоймлох нь
Хувь хүний хөгжил
Enkule
Enkule
2024.05.22
5 минут
Youth Conference 2024: "To The World" арга хэмжээг тоймлох нь

Залуусын санаачилгаар анх удаа олимпод оролцох баг тамирчдаа алдаршуулах зорилгоор зохион байгуулагдсан  Youth Conference: “To The World” арга хэмжээ 2024 оны 05 дугаар сарын 19-ны өдөр амжилттай болж өрнөлөө.

ЦойлогсоZ залуусын нэгдэл Монголын Үндэсний Олимпын Хороо хамтран зохион байгуулж, хагас өдрийн турш үргэлжилсэн энэхүү арга хэмжээнд Монгол улсын баатар, сансрын нисгэгч, ЗХУ-н баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа, “Gobi Cashmere” гүйцэтгэх захирал Б.Амарсайхан тэргүүтэй тив дэлхийд Монгол хэмээх нэрийг тодоор цуурайтуулж, өөр өөрийн замаар жим гаргаж яваа түүчээлэгч 13 илтгэгч өөрсдийн туршлагаа хуваалцсанаараа онцлог юм.

Youth Conference 2024: "To The World" арга хэмжээг тоймлох нь

“To The World” буюу “Монголоос дэлхийд” сэдвийн дор зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээг Монгол улсын баатар, сансрын нисгэгч, ЗХУ-н баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа нээж, үг хэлсэн юм. Тэрбээр “Сансрын тойрогт  гарсан хүн эх дэлхийгээ хараад ямар сайхан өнгө үзэмжтэй, жижиг болохыг анзаарч үр хойчдоо энэ л хэвээр нь үлдээхийг хүсдэг. Үүнтэй адил хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд оролцож буй тамирчид маань “Бид дэлхий гэх нэг л гараг дээр амьдарч буй учраас эх дэлхийгээ хайрлах ёстой” гэдгийг ойлгодгоороо онцлог наадам юм” хэмээн олимпод оролцож буй нийт баг тамирчдадаа амжилт хүслээ. 

To The World

Youth Conference 2024: "To The World" арга хэмжээг тоймлох нь

Олон улсын түвшинд хөдөлмөрлөж, монгол өв соёл, ондоошлоо эрхэмлэн, үндэсний онцлогоо сурталчлан түгээн дэлгэрүүлж яваа амжилттай бизнес эрхлэгчдийн төлөөлөл болох “Gobi Cashmere”-ын гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, “Lhamour” гүйцэтгэх захирал Д.Хулан, “Intermind ХХК “ гүйцэтгэх захирал Ц.Мэндбаяр, “Faro Foundation”-ны тэргүүн А.Бямбажаргал нар өөрсдийн туршлагад үндэслэн олон улсад өрсөлдөхийн давуу тал болоод сорилт бэрхшээлийг арга хэмжээнд оролцогчидтой хуваалцаж, бидэнд буй боломжуудын талаар халуун яриа өрнүүлсэн юм. 

“Өнөөдөр таны боломжгүй гэж бодож буй зүйл “хэцүү” болохоос огт боломжгүй гэсэн үг биш. Иймд “боломжгүй” гэх хар цагаанаар орчлонг харж буй хүмүүст хийж, бүтээж буй зүйлсээрээ дамжуулан “бид чадна” гэх солонгын өнгийг түгээцгээе.”

“Gobi Cashmere”-ын гүйцэтгэх захирал Б.Амарсайхан

“Технологийн том компаниуд манай орныг тухайн бус нутагт нэвтрэх боломж гэж хардаг. Хүн амын 60 хувийг 35-аас доош насныхан эзэлдэг “залуучуудын нийгэм” бол бидний давуу тал. Залуучууд шинэ технологид хурдан нэвтэрч, туршиж үзэн, сэтгэгдлээ хуваалцдаг нь технологийн компаниудын анхаарлыг хамгийн ихээр татдаг.”

“Faro Foundation”-ны тэргүүн А.Бямбажаргал

Go for the WIN!

 Youth Conference 2024: "To The World" арга хэмжээг тоймлох нь

Арга хэмжээний энэхүү хэсэгт дэлхийн хэмжээний томоохон тэмцээн уралдаан, тэр дундаа хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд “Монгол улсын тамирчин” гэх эрхэм алдраар овоглож яваа тамирчид тухайн спортоор хичээллэх болсон шалтгаан, төдийгөөс өдийг хүртэлх уналт босолт буюу тамирчин хүний  сэтгэл зүй болоод баяр жаргалын мөч, тэсвэр хатуужлын талаар бидний тэр бүр анзаардаггүй “тамирчин хүний амьдралын талаар” ярилцсан юм. Буудлагын спортын төрлөөр Монгол улсын Хөдөлмөрийн баатар, “Бээжин 2008” олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа, таеквондогийн спортын төрлөөр “Рио 2016” олимпод оролцсон Үндэсний шигшээ багийн тамирчин П.Тэмүүжин, усан сэлэлтийн спортын төрлөөр Д.Дөлгөөн, чөлөөт бөхийн олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга, Гавьяат тамирчин С.Батцэцэг нар олимпын эрхээ авах үеийн торгон мөчийн талаар болон олимпод оролцох үеийн догдлол мэдрэмжээ хуваалцсан бол "Токио-2024” марафонд 2:26:32 цагийн амжилт үзүүлж “Парис 2024” олимпын наадамд оролцох эрхээ аваад буй Олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан гүйлтийн спортод дурлах болсон нандин дурсамж, олимпын наадамд оролцох гэж буй сэтгэгдлээ хуваалцсан юм.

Youth Conference 2024: "To The World" арга хэмжээг тоймлох нь

“Тамирчин хүн гэдэг бол “Монгол” гэх энэ нэрийг дэлхийд цуурайтуулж, ард олныхоо итгэлийг алдахгүйн төлөө оролцож буй тэмцээн уралдаандаа аль болох амжилттай оролцохыг зорьдог. Гэвч хэдий тэсвэр хатуужилтай “тамирчин” ч гэлээ бусдын л адил хүн шүү гэдгийг ойлгоосой гэж хүсдэг. Үргэлж амжилттай, эр зоригтой, эрч хүчтэй байна гэж байхгүй шүү дээ. Тэр болгоныг ойлгож, алдахад нь түшиж, оноход нь бахархдаг байгаасай хэмээн хүсдэг” тухайгаа тэд нуусангүй.

“Хүсэл, тэмүүлэл, зорилго, мөрөөдөл байхад ямар ч саад бэрхшээлийг даван туулдаг. Өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулахын оронд чадахгүй байгаа сул талаа хөгжүүлж чадвал илүү чадварлаг нэгэн болох боломжтой.”

Олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан 

“Аливаа зүйлсийг бусадтай ижил түвшинд хийгээд байвал чи бусдын л адил нэгэн болно. Иймд бусдаас ялгарах өөрийн онцлогийг бий болгох нь чухал.”

Үндэсний шигшээ багийн тамирчин П.Тэмүүжин

Арга хэмжээний оргил мөч бол арга хэмжээнд оролцогч болоод арын албанд ажилласан 2000 орчим залуус хамтдаа “Парис 2024” олимпын наадамд оролцох олимпын эрхээ аваад буй тамирчдаа алдаршуулан зарласан явдал байлаа.

Youth Conference 2024: "To The World" арга хэмжээг тоймлох нь

Аливаа улс орон эх орныхоо соёл уламжлал, үндэсний онцлогийг илтгэх брэндтэй байдаг нь дэлхийн жишиг билээ. Тэгвэл “Парис 2024” зуны 33 дахь удаагийн олимпын наадамд монгол улсын баг тамирчид маань “Go MonGOlia” үндэсний брэндийн дор  эх орноо төлөөлөн оролцох юм. 

Youth Conference 2024: "To The World" арга хэмжээг тоймлох нь

Арга хэмжээний үеэр олимпод оролцох баг тамирчдын ёслолын хувцсыг Michel & Amazonka брэнд танилцуулсан юм. Энэ удаагийн ёслолын хувцсыг Монгол Улсын Төрийн Далбааг илтгэх  таван өнгөөр урласан бөгөөд төрийн их 9 хөлт цагаан туг, олимпын бамбар, Парисын олимпын бэлгэдэл, нар сарны дүрслэл, гоо марал зэрэг үндэсний болоод олимпын бэлгэдэл болсон үнэ цэн бүхий дүрслэх хэрэглүүрүүдийг алтан утсаар хатгаж урласнаараа онцлог аж.

Youth Conference 2024: "To The World" арга хэмжээг тоймлох нь

Youth Conference: “To The World” арга хэмжээнд өнгө нэмсэн хөтөлбөрийн нэг бол энтертайнмент үзүүлбэрүүд байв. Уран бүтээлч Jojo, Uka, Young Mo’G, Nene, Magnet нар олимпод оролцох баг тамирчдаа дэмжин уран бүтээлээ толилуулсан бол “Fat Cat” жазз клубийн уран бүтээлч, хөгжимчид арга хэмжээний турш уур амьсгалыг амьд хөгжмийн эгшгээр хөглөсөн юм.

Youth Conference 2024: "To The World" арга хэмжээг тоймлох нь

Улс орны хөгжил, дэвшил, үндэсний соёлын дархлаа нэгдмэл үзэл санаа, эв найрамдлаас эхтэй билээ. Энэ л үнэт зүйлийг эрхэмлэн нэгдсэн 1900 гаруй залуус олон улсын түвшинд хөдөлмөрлөж буй залуусын туршлагаас суралцан, дэлхий дахинаа алдраа цуурайтуулсан тамирчдын түүхээр бахархаж, нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэн, хийж бүтээж буй нэгнээ дэмжих, алдаршуулах соёлыг эхлүүлсэн нь энэ юм. 

Together to the World!

 

Гэрэл зургийг: Л.Буд