Сэтгэл судлаачид хэт бие даасан байдлыг “эрүүл бус” хандлага гэж үзэж байна


Бие даасан байдал нь эерэг чанар гэж олон улсад үздэг ч хэт туйлширсан тохиолдолд харилцаа, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг сэтгэл судлаачид онцолжээ. Үүнийг “hyper-independence” буюу хэт бие даасан байдал гэж нэрлэдэг бөгөөд бусдаас тусламж авахаас зайлсхийж, бүх асуудлаа ганцаараа шийдэхийг оролдох хандлагаар илэрдэг байна.
Сэтгэл заслын эмч нарын тайлбарласнаар хэт бие даасан хүн ажлын байран дээр тусламж хүсэхгүй байх, харилцаанд хамтрагчаасаа дэмжлэг авахаас татгалзах, бусдад итгэхэд бэрхшээлтэй байх зэрэг шинж илэрдэг аж. Ийм байдал нь ихэвчлэн хүүхэд насанд тулгарсан итгэл алдрах, урвалт, сэтгэлзүйн шарх зэрэг туршлагаас үүдэлтэй байдаг аж.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хэт бие даасан байдал нь стресс, ядаргаа, ганцаардал үүсгэхээс гадна романтик харилцаа, нөхөрлөл, гэр бүлийн холбоонд сөргөөр нөлөөлдөг. Учир нь эрүүл харилцаа нь харилцан дэмжлэг, итгэлцэл, эмзэг байдлаа хуваалцах дээр тогтдог бол хэт бие даасан байдал нь үүнийг сааруулдаг байна.
Эрүүл зөв бие даасан байдал ба хэт бие даасан байдлын ялгаа
Эрүүл зөв бие даасан байдал нь өөрийн хэрэгцээг ухамсарлаж, шаардлагатай үед бусдаас тусламж хүсэж, харилцаанд дэмжлэг, итгэлцлийг хадгалах чадварыг хэлдэг бол хэт бие даасан байдал нь бүхнийг ганцаараа зохицуулахыг хичээж, тусламж авахаас зайлсхийх, бусдад найдахгүй байх хандлагаар илэрдэг. Эрүүл зөв бие даасан хүн бие дааж чаддаг атлаа хамтдаа байх, дэмжих, дэмжүүлэх боломжийг өөртөө нээлттэй байлгадаг бол хэт бие даасан байдал нь харилцааг хааж, стресс, ганцаардлыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд онцолжээ.
Хэт бие даасан байдлаас ангижрахын тулд эхлээд энэ зан төлөв өмнө нь тухайн хүнийг хамгаалж ирсэн байж болохыг хүлээн зөвшөөрөх, дараа нь амьдралын аль хэсэгт тусламж авах нь илүү үр дүнтэй вэ гэдгийг ойлгож, алхам алхмаар бусдад найдаж сурах нь чухал гэдгийг зөвлөжээ. Мөн тусламж хүсэх нь сул доройгийн шинж бус, харин эрүүл харилцаа, дотоод тогтвортой байдлын суурь гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: Huffpost