Б.Баярцэнгэл: Хийл намайг илэрхийлэгч бас хамгийн сайн сонсогч минь болжээ


Мэдрэмжээр хөглөгдсөн чимээгүй хувьсгал. Түүний хөгжмийн зэмсэг хийл. Гэхдээ таван утастай цахилгаан хийл. Тэр хийлээ нот уншихаас илүү мэдэрч тоглодог. Гитар шиг олон төрлийн эффектээр дүүргэж, жазз хөгжим шиг аккордын хүрээнд чөлөөтэй сэтгэн илэрхийлдэг. Амьдралын ээдрээтэй атлаа ухаарал дүүрэн мөчүүдийг хөгжимд шингээдэг түүнийг “Бидний нэг” булангаараа онцолж байна. Энэ удаад бид уран бүтээлч Bay буюу Б.Баярцэнгэлийн дотоод ертөнцөөр аялж, кофе шопын ширээнээс эхэлсэн аялгуу хэрхэн олон хүний сэтгэлийг хөглөж буйг тольдлоо.
“Чи одоо тэнцэхгүй бол дахиж хэзээ ч дуулахгүй шүү!”
“Амьдралаа би хөгжимтэй холбоотой үеүдээр нь хувааж болно. Хийлтэй танилцахаас өмнөх үе, хийлтэй анх танилцсан үе, түүнийгээ орхимоор санагдсан үе, тэгээд буцаад хөгжим бол миний оршихуй гэдгийг ухаарсан үе...”
Аав, ээж маань ер нь залуухан хүмүүс. Тиймээс эмээ, өвөө, эгч нар дээрээ өссөн гэж болно. Ялангуяа аавын минь эгч намайг гурван настайгаас минь өөрийн хүүхэд шиг л өсгөсөн. Эгчийнхээ ач буянаар таван насандаа уншиж, бичиж, тоо боддог болсон байсан. Гурван настайгаасаа гимнастикт явж, Жанжин клубт дууны уралдаанд оролцдог байсан минь миний цэцэрлэгийн насны дурсамжийг дуу хөгжим, урлагаар чимсэн байдаг. Гэр бүлд маань сайхан хоолойтой, гоё дуулдаг хүмүүс бий ч яг уран бүтээлч хүн байгаагүй. Би анхны урлагийн мэргэжилтэй хүн нь.
Зургаан настайдаа эгчтэйгээ Хөгжим бүжгийн консерваторийн шалгалтад очиж орсон юм. “Чи одоо тэнцэхгүй бол дахиж хэзээ ч дуулахгүй шүү!” гэж эгч хэлж байв. Би шалгалтаа амжилттай өгч гарч ирээд “За, одоо дуулж болно биз дээ” гэж билээ. Уг нь анх морин хийлийн ангид тэнцсэн ч эгч маань “Том болоод ийм том хөгжмийг үүрээд явахаар чинь яах билээ” гээд намайг хийлийн ангид оруулсан. Тэр шийдвэрт нь одоо ч баярладаг юм. Хэрвээ морин хийлч болсон бол өөр хүн, өөр амьдрал, өөр “Bay” байх байсан биз.
“Энэ хөгжимгүй бол би би биш юм шиг, оршихуй минь хагас болох мэт”
Мэдээж хүн бүрийн амьдралд нэг л өдөр бүхнийг орхиод холдмоор, чимээгүйхэн алсрахыг хүсдэг мөч тохиодог. Уран бүтээлч Б.Баярцэнгэлийн хувьд ч ялгаагүй ийм үе тохиож байв.
1-3 дугаар ангид Ж.Энхтуяа багшаар хийл заалгаж байв. Харин тэр багш маань хоёр жил гадагшаа сурахаар явсан. Тэр хооронд өөр багшаар заалгасан нь арга барилаас эхлээд бүхнийг өөрчилсөн. Хуучин багш маань ирэхэд би их өөр болсон байсан л даа. Тэгээд ойлголцлын зөрүү гарч, 3-4 жил бага зэрэг дарамт мэдэрсэн үе бий. Эрэгтэй хүүхэд болохоор тоглож, сахилгагүйтэх үе ч гарч байв. Зарим үед хөгжмөө орхимоор санагдах нь ч бий. Аав, ээж хоёр надтай тулж ярилцаад “Чи үнэхээр гармаар байвал гарч болно” гэж байсан. Тэр үед өөрөөсөө “Би үнэхээр гарахыг хүсэж байна уу?” гэж асуухад, үгүй л байсан. Энэ хөгжимгүй бол би би биш юм шиг, оршихуй минь хагас болох мэт санагдсан юм. Тайзан дээр гоё зүйл хийж, үзэгчдэд ямар нэгэн мэдрэмж төрүүлмээр, үзэгчдийг байлдан дагуулмаар тийм хүсэл эрмэлзэл анхнаасаа л зүрхний гүнд минь асаж байсан юм. Тэр мэдрэмжийг мэдэрч амжаагүй байж, бүхнийг орхино гэдэг их харамсалтай шүү дээ.
-Тэр мэдрэмжээ одоо мэдэрч байна уу?
- Тайзнаас бусдыг байлдан дагуулах тэр мэдрэмж минь өдгөө тодорхой хэмжээнд хэд хэдэн удаа биеллээ олсон. Багадаа үзэж, сонсож өссөн хүмүүстэйгээ хамт уран бүтээл хийж, нэг тайзан дээр гарах завшаан олдож байлаа. Шүтэж явдаг байсан гадаадын томоохон хамтлагтай ч нэгэн тайзан дээр гарах аз тохиосон юм. Харин одоо би хүмүүсийг хамтдаа бүтээсэн хөгжмөөрөө биш, өөрийнхөө бүтээсэн дуугаар байлдан дагуулахыг хүсэж байна.
Нот биш, мэдрэмжээ дагадаг цахилгаан хийлч
Б.Баярцэнгэл уламжлалт хийлийн хэв маягийг эвдэж, сонгодог хөгжмийн зэмсгийг шаталсан эффект, таван утсаар дамжуулан цахилгаанжуулж байгаа уран бүтээлч. Энэ бол түүний ялгарал юм.
Хийл бол миний ялгарал, миний үнэт зүйл болжээ. Би таван утастай цахилгаан хийлээр тоглодог. Гитар дээрх шиг олон төрлийн эффект ашиглаж, нот уншихын оронд жазз хөгжим шиг өгсөн аккордуудыг өөрийнхөөрөө илэрхийлдэг. Indie, Rock, Jazz гээд төрөл бүрийн урсгалаар тоглохыг зорьж байна. Бас өөрөө хөгжим зохиодог учраас бөмбөрийн бийт, хөгжмийн хэмнэл, чангарч сулрах хэсгийг сайн мэдэрч, бүх зүйлээ тааруулж тоглодог гэж боддог.
Багадаа яагаад ч юм дутуу үнэлэгддэг, чадвартай гэж тооцогддоггүй байсан юм шиг. Тэгэхээр би хийж буй бүхнээрээ өөрийгөө харуулах ёстой гэж боддог байсан. Магадгүй дотроо ийм бодолтой байсан учраас уран бүтээлдээ “Би чаддаг юм аа” гэсэн мессеж өгөх гэж бас оролддог байх. Классик хөгжимд мундаг хийлчид олон, иймээс миний ялгарах онцлог юу вэ гэдгийг үргэлж эргэцүүлдэг. Б.Дөлгөөнзаяа гэх чадварлаг классик хийлчтэй Fat Cat-ын тоглолтын дараа таарч, түүнээс “Монголд яг ийм шинэ хэв маягийн хийлч байгаа нь сайхан байна, хөгжмийн талбарт хийл энэ чиглэлээр хөгжиж байгаад баяртай байна” гэсэн үг сонсоход дотор минь сайхан дулаан мэдрэмж төрж билээ.
-Уран бүтээлд тань шингэдэг Баярцэнгэлийнх гэх зүйл юу байдаг вэ?
- Тухайн цаг мөчид мэдэрч буй сэтгэл хөдлөлөө шингээхийг хичээдэг. Хөгжмөө хийж байхдаа “Энэ аялгуу энд ороод ирвэл илүү сайхан болох юм байна” гэдэг санаа бодол, эсвэл зүгээр л цагны чимээ, хүмүүсийн ярилцах чимээг шигтгэх нь бий. Жишээ нь, Маралжингоо эгчтэй хамтран хийсэн “Affection” дуу маань байна. Тэр үед бид хоёр яг л тухайн мөчид мэдэрч буй зүйлээ яриа болгож дуундаа оруулсан нь илүү амилуулж, бодит болгосон юм болов уу гэж боддог.
“Нэг хуудсаа хаагаад, нөгөөг нь нээсэн мэт”
“San Juniper” хамтлагийнхантайгаа учирсан мөч бол амьдралын минь бас нэгэн бүлгийн эхлэл байсан. Одоо бол би өөрийгөө хамтлагтаа зориулах үеэ хааж, 100 хувь өөртөө зориулах шинэ үеийнхээ босгон дээр ирээд байна. Хамтлагийн уран бүтээлчээс соло уран бүтээлч болоход хүнд хэцүү санагдсан зүйл бараг л байсангүй. Харин ч эсрэгээрээ, нэг хуудас хаагдахад дараагийнх нь яг л тэр мөчид нээгдсэн юм шиг мэдрэмж төрсөн. Өмнө нь хамтарч уран бүтээл дээр ажиллаж байсан найзтайгаа огт өөр байдлаар, илүү шинэ өнгөөр дахин уулзаж, хамтарч ажиллана гэдэг сонин. Ж.Тэмүүлэн бид хоёр энэ оны хоёрдугаар сард уулзаж, “Mousetache” студийг байгуулахаар ярилцсан. Бид 2018 онд Берлинд Монгол, Герман, Австрийн оюутнуудын хамтарсан пост драма жүжгийг тавиад ирсэн сайхан дурсамжтай. Үүний дараа бараг 3–4 жил айхтар холбоогүй явсан юм. Харин Тэмүүлэн маань Австралид найруулагчаар мэргэжлээ дээшлүүлж ирсэн үе таарч, надад студи байгуулах санал тавьсан.
Гэвч бид яг юунаас эхлэхээ мэдэхгүй хоёр сар гаруй явсан. Тиймээс байгаа зүйлээсээ эхлэхээр шийдэж, клипээр анхны ажлаа эхлүүлсэн дээ. Ингээд “Wing” манай эхний уран бүтээл болж төрсөн юм. Одоо үр дүнг нь хараад сэтгэл үнэхээр хөдөлж байна. Маш сайхан санагдаж байгаа. Ар араасаа олон уран бүтээл хүлээж байна. Миний хувьд гэхэд тун удахгүй “Rollercoaster” нэртэй шинэ уран бүтээлээ толилуулахаар ажиллаж байгаа. Клипийг нь ч “Mousetache” студи маань хийнэ.
-Яагаад эхний дуугаа “Wing” гэж сонгосон бэ?
-“Wing” дуу маань бүтэц, агуулгын хувьд их сонирхолтой. Түүх өгүүлж байгаа мэт сэтгэлд хүрч, гүнзгий мэдрэмж төрүүлдэг. Гол хэсэг нь маш урлаглаг, мэдрэмжтэй. Тийм ч учраас бид хамгийн урлаглаг дуундаа бүх анхаарлаа хандуулж, түүгээрээ анхны бүтээлээ эхлүүлсэн.
Энэ дуу анх ямар ч үггүй, ая л байсан юм. Гурван жилийн өмнө кофе шопд сууж хийж байлаа. Doid-той уулзаж аяа сонсуултал үгээ маш хурдан биччихсэн. Гэтэл би үгээ бичээгүй үлдчихлээ. Тэгээд дахин уулзахдаа ямар үг байвал зүгээр вэ гээд ярилцахад Doid надад “Алив, чи нэг өөрөө бичээд үз дээ” гэсэн. Doid бол хүнийг хөглөдөг уран бүтээлч. Тиймдээ ч би “Тэнгэрээс газар луу унасан сахиусан тэнгэр минь чи” гээд нэг мөр бичиж үзсэн. Тэгээд “Энэ байвал яаж байна” гээд ярьж эхэлсээр, аажмаар бичсээр байгаад өөрөө дууныхаа үгийг бичиж дуусгасан. Үгийн гол санаа бол хүн бүрийн дотор сахиусан тэнгэр, чөтгөр хоёр зэрэг оршдог. Энэ хоёрын зөрчил, дотоод тэмцлийг илэрхийлж, дууны үгсээ бүтээсэн.
-Кофе шопд аяа хийсэн гэж байна. Ер нь уран бүтээлээ хаана хийж, хаана төвлөрдөг вэ?
![]()
-Хөгжим бүтэх газар гэхээр студи төсөөлөгдөх байх. Харин миний хөгжим бүтдэг гол орчин бол кофе шоп. Ихэнх уран бүтээл маань олон хүний дунд, харилцан яриатай орчинд төрсөн. Зарим уран бүтээлч студид ганцаараа сууж, нам гүмд төвлөрч бүтээдэг бол би эсрэгээрээ хүмүүсийн яриа, кофены машин ажиллах чимээ, кофены үнэр, тэр бүх жижиг мэдрэмжээс урам авдаг. Санаа шавхагдах үед хажуугаар өнгөрөх хүмүүс, санаандгүй харц, хүмүүсийн ярилцах чимээ хүртэл надад шинэ санаа өгөх үе бий. Тэр бүх мэдрэмжүүд дундаас л миний хөгжим төрдөг юм шиг санагддаг.
– Кофе шопд урлаг хийдэг учраас өөрийн урлаг хийх орчин болгож кофе шопоо байгуулсан уу?
-Анх “Лотус” кофе шопоо яг л энэ зорилгоор нээсэн. Урлагийн бүтээл төрдөг уур амьсгал, бүтээлч орчныг бусадтай хуваалцахыг хүссэн юм. Гэхдээ бодит байдал дээр өөрийн кофе шопд ирэхээр уран бүтээлээ хийгээд суухын оронд бараагаа зөөж, үйл ажиллагаа хариуцаж, ажлаа л хийдэг болсон. Ингээд өөрийн биш өөр кофе шопд хөгжмөө хийдэг дээ.
“Хэлний мэдлэг дутмагаас монгол уран бүтээлчид олон боломж алдаж байна”
Урлагийн салбарт буцалж яваа түүний хувьд манай хөгжмийн салбар хөгжихөд юу дутагдаж байгааг асууж сонирхлоо.
Манайхны хувьд хамтрал, хамтын бүтээл хийхийг хүсвэл эхлээд хэлний мэдлэг тулгардаг. Продюсер, артистууд маань гадаад хэлээр чөлөөтэй харилцаж чадахгүй байгаагаас боломж алддаг. Хоёрдугаарт, хүний нөөц маш бага. Хөгжмийг зөвхөн зохиох биш, дууны чанарыг гаргах, эцсийн бүтээгдэхүүн болгох инженерүүд, студиуд цөөхөн. Артистууд ихэвчлэн тайзан дээр гарч байж л орлого олдог. Тэгэхээр дуу нь олны таашаалд нийцэж, зарагдахуйц байх хэрэгтэй болдог.
Цаашлаад дижитал орчин дахь орлогын зохицуулалт ч сул. Youtube-ээс орлого олох боломж бий ч манайд реклам, контентын хамтын гэрээ байдаггүй тул уран бүтээлчид мөнгө олж чаддаггүй. Гэтэл АНУ, Японд 2-3 сая үзэлт авбал дараагийн дуугаа хийх хөрөнгө нь цуглачихдаг. Манай уран бүтээлүүд монгол хэл дээр учраас зөвхөн монгол хэрэглэгчдэд чиглэнэ, тэр хэрээр реклам үзүүлэх хүрээ хязгаарлагддаг. Заримдаа бүр зориуд дэмжихгүй байгаа ч юм шиг сэтгэгдэл төрнө. Хэрвээ уран бүтээлчид интернэтээрээ хангалттай орлого олоод эхэлбэл улс төрчид тэднийг худалдаж авах боломжгүй болохоос айдаг ч юм шиг...
Тэрбээр ийнхүү яриад бидэнд пянзны цуглуулгаа үзүүлж, дуртай пянзаа сонсгосон юм. Уран бүтээлч хүнийг ер нь пянзгүйгээр төсөөлөх аргагүй мэт. Б.Баярцэнгэлийн хувьд пянз бол хөгжмийн урам зориг төдийгүй түүний дотоод мэдрэмжтэй холбогдох гүүр ажээ.
Пянз миний сэтгэлийн нэг нандин хэсэг. Манай хамтлаг ковидын үед Японд 7 инчийн, хоёр дуутай пянз хийлгэж байсан юм. Түүнийг авчрах гэж бөөн юм болж байж, эцэст нь гар дээрээ авсан нь одоо ч сайхан дурсамж болон үлдсэн. “Харанга” хамтлагийн ах нар маань гарын үсэгтэй пянзаа дурсгаж байсан нь бас нандин бэлэг болж үлджээ. Солонгосын “Thornapple” хамтлагт би их дуртай. Дуртай хамтлагийн маань пянз ч бий.
“Хөгжим миний амьдралын хэл, миний оршихуйн утга болжээ”
![]()
– Эргээд харахад урлаг, хийл хоёр таны амьдралд ямар байр суурь эзэлж байна вэ?
-Миний хувьд урлаг, тэр дундаа хөгжим биеийн маань нэг эрхтэн болжээ. Сонсох, харах, үнэрлэх шиг л хөгжмийг мэдэрч байна. Хөгжим бол намайг илэрхийлдэг зүрхэн дэх дуу хоолой, надтай хамгийн сайн ярилцаж чаддаг зүйл. Заримдаа ертөнц хэтэрхий шуугиантай, хэтэрхий хурц, ойлгомжгүй санагдах үед хөгжим бүхнийг тунгалаг болгоод өгчихдөг. Би өөрийгөө зөвхөн хөгжмийн дунд л бүрэн ойлгодог. Хөгжим миний амьдралын хэл, миний оршихуйн утга болжээ.
Гэрэл зургийг: Д.Занданбат