Ж.Золзаяа: Улс орнуудын технологийн парк нь хүчтэй тохиолдолд хүчтэй бизнесүүд төрдөг


Дэлхий дахинаа дижитал шилжилт эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг болж буй энэ үед улс орнууд мэдээллийн технологийн салбарыг стратегийн тэргүүлэх чиглэлээ болгон хөгжүүлж байгаа билээ. Энэхүү эгзэгтэй цаг үед Монгол Улсад мэдээллийн технологийн салбарын суурь экосистемийг төлөвшүүлэх, дотоодын стартапуудыг олон улсын зах зээлд нэвтрүүлэх, залуу мэргэжилтнүүдийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилгыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж буй байгууллага бол Мэдээллийн технологийн үндэсний парк юм. Иймд “БИДНИЙ НЭГ” булангийн энэ удаагийн дугаарт инновацын орчныг тогтолцооны түвшинд бэхжүүлж, аливаа санал санаачилга, бодлого, шийдвэрүүдээрээ салбар хоорондын гүүр болж яваа Мэдээллийн технологийн үндэсний паркийн анхны эмэгтэй захирал Ж.Золзаяаг онцолж байна.
“Эргээд бодох нь ээ, би тавдугаар анги хүртлээ их ичимхий хүүхэд байж. Харин дунд ангиасаа илүү нээлттэй болж эхэлсэн. Урлаг, спортын арга хэмжээ, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, анги хамт олноо манлайлан, аливааг зохион байгуулна. “Яагаад үүнийг ингэж хийж болохгүй гэж?” гэх бодлоор юманд ханддаг, их сониуч, идэвхтэй байсан учраас сургуульдаа нэр хүндтэй хүүхэд байлаа. Ингээд харахад өөрөө урд нь гардаггүй хэр нь бүх зүйлийн ард маш сайн зохион байгуулагч байж, хамт олноо нэгтгэдэг байсан нь өнөөгийн ажил карьертай салшгүй холбогдсон болов уу.” хэмээх түүний бага насны дурсамжаар бидний ярилцлага эхэлсэн юм.
Бага насны сониуч зан ба манлайлах чанар

“Би өөрийгөө маш эрт биеэ даасан гэж боддог юм. Учир нь 15 насандаа Отгонтэнгэр Их сургуулийн герман хэлний багш, орчуулагчийн ангид элсэж, 19 насандаа сургуулиа амжилттай төгссөн. Бидний үед мэргэжил сонголтын тухай ойлголт хомс, аав ээжийн үгээр л явдаг байлаа шүү дээ. Аав маань жижиг бизнес эрхэлдэг, ээж маань эмч тул эгэл айлын жишгээр сургалтын төлбөрийн асуудал тодорхой хэмжээнд хөндөгдөнө. Тиймээс Германы их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах боломжтой хэмээн герман хэлний ангид орсон юм. Сургуульдаа хамгийн жоохон нь мөртөө багш нарынхаа хайрыг татсан, нэр хүндтэй оюутан байсан бөгөөд тэр ч утгаараа шилдэг төгсөгч болж байлаа. 17 наснаасаа хойш аав ээжээсээ халаасны мөнгө авч үзээгүй. Зуны амралтаараа герман, англи, монгол хэлний 10 хурууны бичээчийн дугуйлан, гоо сайхны дамжаа гэх мэт амьдралд хэрэгтэй, сурахад илүүдэхгүй ур чадваруудад суралцдаг байсан нь надад орлого олох боломж болсон гэх үү дээ.
Сургуулиа төгсөөд хэвлэл мэдээллийн эдийн засаг, медиа менежмент чиглэлээр суралцахаар 19 настай охин, аав ээжийнхээ өгсөн 200 евротой анх Германд хөл тавьж байлаа. Хүний нутагт амьжиргаагаа залгуулахын тулд шоколадны хайрцгийн үйлдвэр, бенз автомашины үйлдвэр, ресторан зэрэг газарт ажиллана. Хэдий гэр бүлийн шалтгааны улмаас сургуулиа төгсөж чадалгүй Монголдоо буцаж ирсэн ч 2.5 жилийн хугацаанд герман хүмүүсийн цаг баримтлах соёл, үнэнч шударга байх, аливаад бэлтгэлтэй, хариуцлагатай хандахыг сурсан. Багаасаа биеэ даасан учраас “хэн нэгэн надад тусална” гэж хүлээх бус, бүхнийг өөрөө хийх хэрэгтэй гэсэн хандлага маань өнөөдрийн миний ажил, шийдвэр гаргалтын суурь болсон гэж бодож байна.”
Маркетинг гэдэг бол стратеги: Залуу маркетеруудыг нэгтгэх санаачилга
“2008 онд Германаас ирээд Монголын Маркетингийн Холбоонд менежерээр ажиллаж эхэлсэн юм. Тэр үед Монголд маркетингийг ихэнхдээ зар сурталчилгаа, сонинд зар өгөх, реклам хийхтэй л холбож ойлгодог байлаа шүү дээ. Гэтэл маркетинг гэдэг чинь өөрөө эдийн засгийн маш том шинжлэх ухаан, бизнесийн амжилтад шууд нөлөөлдөг стратегийн салбар гэдгийг би ажлын явцдаа улам ойлгож эхэлсэн юм.
Тухайн үед залуу маркетерууд хоорондоо цугларч, туршлага солилцдог, нэгнээсээ суралцдаг коммьюнити огт байгаагүй. Тиймээс “Залуу маркетерууд” клубийг санаачилж, “Залуу маркетеруудын зангиагүй уулзалт”-ыг санаачлан зохион байгуулж эхэлсэн юм. Энэхүү арга хэмжээгээр дамжуулан бүх салбарын, топ компаниудын маркетеруудыг нэг дор цуглуулж, чөлөөтэй ярилцаж, танилцах орон зайг бий болгохыг зорьсон. Хоёр жилийн хугацаанд давхардсан тоогоор 10 мянга гаруй залуус хамрагдсан нь салбарын залуусаа нэгтгэх итгэлийг улам нэмэгдүүлсэн юм.

2010 он гэхэд миний хувьд маркетингийн мэргэжлийг олон нийтэд зөвөөр таниулах, нийгэм дэх маркетеруудын үнэ цэнийг өсгөх, тэднийг илүү мэргэшсэн, чадварлаг болгох чиглэлд илүү төвлөрч эхэлсэн. Хэдий өөрөө энэ салбарын хүн биш ч гэсэн, багаасаа л бодит амьдрал дээрээ маркетер хүн байсан юм билээ. Хүмүүсийг нэгтгэдэг, борлуулалт хийдэг, ятган үнэмшүүлдэг гээд цаанаасаа мэдрэмжтэй хүн гэж найзууд маань хэлдэг юм.
Энэ л итгэл дээрээ тулгуурлан маркетеруудын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 20-нд тэмдэглэх санаачилгыг гаргаж, 2018 оноос тус өдрийг “Маркетеруудын өдөр” хэмээн шийдвэрлэсэн. Найман жилийн хугацаанд маш олон маркетеруудыг хооронд нь холбож, маркетинг гэдэг мэргэжил бол зүгээр л “мөнгө үрдэг ажил” биш, харин борлуулалтад хамгийн чухал нөлөөтэй алтан гурвалжны нэг гэдгийг ойлгуулахыг зорьсон.
Энэ хугацаанд би өөрөө өөртөө ажил олгогч байж, алдах үедээ алдаж, онох үедээ оносон байна. Ер нь бүтэлгүйтсэн гэж бодож байсан үе бараг байхгүй бөгөөд бүхнийг алхам алхмаар хийдэг байсан. Одоо эргээд харахад өөрийгөө нэлээд зоригтой байсан юм байна гэж бодогддог. Миний амьдралдаа баримталдаг гол зарчим бол А-Я хүртэл оролдох. Олон хүн A, B, C гэсэн хэдхэн хувилбарыг туршаад л “болохгүй юм байна” гээд шантардаг. Харин би тэгж зогсдоггүй. Боломжит бүх хувилбарыг эцсийг нь хүртэл туршиж үзэж байж л шийдэлд хүрдэг. Тиймээс “Би энэ мэргэжлийн хүн биш юм чинь чадахгүй байх” гэсэн айх айдасгүйгээр том мөрөөдөж, зорилгынхоо төлөө урагшилсаар иржээ.”
Стартап Маркетинг Спэйс: Стартапуудыг дэмжих нь
Эдгээр туршлага нь түүнийг дараагийн бизнесийн санаа, илүү том зорилго руу чиглүүлжээ. Хуримтлуулсан мэдлэг, эзэмшсэн ур чадвар, шинийг эрэлхийлэгч, бүтээлч санаа зэрэг нь Монголд үндэсний үйлдвэрлэл, үндэсний брэндүүдийг нэг дор цогцоор нь дэмжих төв байгуулах мөрөөдөлд хөтөлсөн байна. Тэрбээр үүнийг “М товер” буюу “Marketing Tower” гэх нэртэйгээр төсөөлж, компани байгуулахаас эхлээд брэндинг, судалгаа, хөгжүүлэлт, зар сурталчилгаа, маркетингийн үйлчилгээг нэг дороос үзүүлдэг бизнесийн нэг цэгийн шийдэл бүхий төвийг бий болгохоор зорьжээ.
“Анх “М товер” хэмээх концепцийг компани байгуулахаас эхлээд брэндинг, судалгаа, хөгжүүлэлт, зар сурталчилгаа, маркетингийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх бизнесийн нэг цэгийн төв бий болгохоор төсөөлдөг байсан юм. Энэ ойлголт маань 2013 оноос маркетеруудын чуулган зохион байгуулж, үндэсний брэндүүдийг олон улсын зах зээлд гаргах, Монгол Улсыг сурталчлах бодит алхмуудаар үргэлжилсэн юм.

Ийнхүү 2016 оны маркетеруудын чуулган дээр анхны co-working space байгуулах санаагаа хөрөнгө оруулагчид танилцуулж, 48 цагийн дотор судалгаа хийж, ТЭЗҮ болон танилцуулга бэлтгэн, хөрөнгө оруулагчид зориулсан төслийн 30 минутын танилцуулгаар 576 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татах боломж бүрдсэн. Ингэснээр 2017 онд “Стартап Маркетинг Спэйс” буюу SMS-ийг байгуулж, стартапууд, залуус, бизнесийн оролцогчдод зориулсан эвент заал, хурлын өрөө, зөвлөх үйлчилгээ бүхий цогц орчныг бүрдүүлсэн. Энэ орон зайгаар дамжуулан 300 гаруй бизнесийг зах зээлд нэвтрүүлж, 9 тэрбум төгрөгөөс давсан хөрөнгө оруулалтыг татахад хувь нэмэр оруулсан байна.
SMS байгуулагдсаны дараа дэлхийн 95 улсад салбартай Seedstars стартап коммьюнитигийн Монгол дахь амбасатороор ажиллах боломж олдсон нь гарааны бизнесийн экосистем хөгжих зүй тогтол, хөрөнгө оруулалт татах, төслийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, анхан шатны санхүүжилт авах механизм олон улсын түвшинд ямар стандарт, шалгуурт нийцдэгийг бодитоор танин мэдсэн.”
ICT Expo: Бодит хөрөнгө оруулалт, “Mining to Mind” концепц
Түүний энэхүү туршлага нь мэдээллийн технологи, инновацийн салбарт өндөр амбицтай залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх шаардлагатайг улам тодорхой болгосон юм. Үүний үндсэн дээр SMS-ийн хүрээнд “Мөрөөдөгчид” буюу Dreamers ТББ-ыг байгуулж, залуусыг нэгтгэн салбарын бодлогын зорилт, чиглэлийг тодорхойлжээ. Энэ үйл ажиллагаа нь улмаар өндөр технологи, инновацын чиглэлийн төрийн бодлогын бүтэц бий болгох, инновацын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, мэдээллийн технологийн салбарын экспортыг дэмжих, татварын бодлогыг олон улсын жишигт нийцүүлэх санаачилгуудыг бодит түвшинд хэрэгжүүлэх суурь болсон байна.
Ийнхүү салбарын бодлогын асуудлуудтай нягт ажилласан туршлагын үр дүнд түүнд Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирлаар ажиллах санал иржээ. Тэрбээр салбарын хөгжлийг гаднаас нь шүүмжлэхээс илүү, төрийн бодлогын дотор орж, бодит өөрчлөлт хийх нь илүү үр дүнтэй гэж үзэн, хувийн карьерын боломжуудаа хойш тавьж, олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн сонголтыг хийсэн байна.
“Анх төрд орж ажиллана гэхээр “төр” гэдэг ойлголт өөрөө их сүрдмээр шүү дээ. Мэдээллийн технологийн үндэсний парк нь үндэсний хэмжээнд нэр хүндтэй байгууллага учраас “би үүнийг удирдаж чадах болов уу” гэсэн эргэлзээ надад байсан. Гэхдээ өмнөх туршлагаасаа харахад салбарын санал, төлөвлөгөө төрийн түвшинд удаан хэрэгждэг байсан тул харин ч дотроос нь орж, хурдтай өөрчлөлт хийх боломж гарч байна гэж харсан. Тиймээс олон улсын мэдээллийн технологийн паркуудын туршлагыг судалж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлон шууд ажилдаа орсон.
2023 оны гуравдугаар сарын 7-нд, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөх өдөр Мэдээллийн технологийн үндэсний паркийн анхны эмэгтэй захирлаар томилогдож, гуравдугаар сарын 9-нд ажлаа албан ёсоор хүлээн авсан. Тухайн үед салбарын сайд надад энэ үүргийг хүлээлгэхийн зэрэгцээ ICT Expo-гийн ажлын хэсгийн даргаар давхар томилсон нь богино хугацаанд зэрэгцэн тулгарсан томоохон сорилтууд байлаа. Ингэснээр төрийн үйл ажиллагааны процесс бодитоор хэрхэн ажилладгийг дотор нь орж ойлгож эхэлсэн.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн ICT Expo-г илүү үр бүтээмжтэй, салбартаа бодит нөлөө үзүүлдэг, бодлогын түвшинд хэмжигдэхүйц үр дүн гаргах арга хэмжээ болгох зорилт тавьсан. Байгууллагууд тухайн хугацаанд бодитоор хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагаа эхлүүлэх боломжтой байя гэсэн үүднээс бүх ажлыг тоон зорилготойгоор төлөвлөсөн. Энэ удаагийн экспо нь технологийн арга хэмжээ учраас анх удаа нэг ч цаасан материал хэвлэхгүй, бүрэн дижитал шийдлээр зохион байгуулсан.”
Хүүхдийн паркад зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээний хүрээнд нийт 198 компани 495 бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулж, давхар ICT Forum-ыг амжилттай зохион байгуулжээ. Форумын үеэр “Мэдээллийн технологи, үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн хэлэлцүүлэг өрнөж, бодит ажил хэрэг болгосон нь салбарын бодлогын түвшний үр дүнг харуулж байв. Үүнтэй зэрэгцэн “Mining to Mind” гэсэн концепцийг дэвшүүлж, уул уурхайгаас оюун ухаанд суурилсан эдийн засаг руу шилжих стратегийн чухал зорилгыг олон нийтэд ойлгуулахад онцгой анхаарал хандуулжээ.
“Экспо гурван өдрийн хугацаанд 4.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, давхардсан тоогоор 185 мянган иргэн оролцсон бөгөөд 2 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татаж чадсан. Энэ үеэр байгуулагдсан гэрээ, хэлэлцээрүүд өнөөдөр ч бодит үр дүнгээ өгсөөр байна. Мөн JICA Mongolia-тай анх удаа IT Park-ийн түвшинд санамж бичиг байгуулж, 2026–2028 онд мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх 3 сая ам.долларын төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон. Astana Hub-тай хамтын ажиллагаа эхлүүлж, Google for Startups хөтөлбөрт Монголын гарааны бизнесүүдийг хамруулах боломж нээгдсэн бөгөөд өнөөдөр олон стартап гурван сарын хугацаанд уг хөтөлбөрт хамрагдаж байна.
Экспо болон түүнийг дагасан кампанит ажлуудаар дамжуулан иргэдэд технологи бол айдас төрүүлэх зүйл биш, харин өдөр тутмын амьдралыг хялбарчилж, сайжруулах хэрэгсэл гэдгийг ойлгуулахыг зорьсон. “Tech is easy”, “Tech is simple” гэсэн уриан дор оролцогч компаниуд өөрсдийн мессежийг нэгтгэн хүргэж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ивээн тэтгэлэгт тулгуурлан төрөөс нэг ч төгрөг зарцуулахгүйгээр IT Park анх удаа ийм хэмжээний томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Нийт 30 хамтран зохион байгуулагч, 28 дэд арга хэмжээ багтсан нь салбарын идэвхжил, оролцоог эрс нэмэгдүүлсэн арга хэмжээ болсноороо онцлог юм.”
Технологиор амьсгалсан долоо хоног
Энэ жилийн хувьд анх удаа “Технологийн 7 хоног” буюу Tech Week-ийг улс даяар зохион байгуулж, АНУ-ын Нью-Йорк, Лос Анжелес, Сан Франциско зэрэг хотын туршлагыг судалсны үндсэн дээр төвлөрсөн бус, орон зай, хугацаанаас үл хамааран хэрэгжүүлэх боломжтой гэдгийг тогтоожээ. Ингэснээр 21 аймаг, Улаанбаатар хотод зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж, хэн ч, хаанаас ч сургалт, ажлын байр, хөрөнгө оруулагчдад төслөө танилцуулах боломж нээлттэй болсон байна. Бүх арга хэмжээг нэг платформд бүртгэж, долоон хоногийн хугацаанд нийт 70 арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд зарим өдөр улс даяар 16 арга хэмжээ зэрэг явагдсан нь анх удаа ийм өргөн цар хүрээтэй, хэмжих боломжтой арга хэмжээ болсон гэдгийг тэрбээр онцолж байлаа.

“Технологийн 7 хоногийн бүхий л арга хэмжээг хэмжих боломжтой байдлаар төлөвлөж, ямар асуудалд ямар шийдэл санал болгож, ямар үр дүнд хүрч байгааг нэгтгэн, хаалтын өдөр Төрийн ордонд зохион байгуулсан ICT Forum-оор дамжуулан Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргад албан ёсоор хүлээлгэн өгсөн. Үүний дараа “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль” батлагдсантай уялдуулан хамгийн чухал хоёр журмыг баталж, Монгол Улс анх удаа цахим буюу виртуал бүстэй боллоо.
Энэхүү цахим бүсээр дамжуулан зөвхөн IT Park-д бойжиж буй компаниуд төдийгүй Монгол Улс даяар мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж буй бүх компани хамрагдах боломж бүрдсэн. Эхний зорилт нь салбарын бодит тоон мэдээллийг бүрдүүлэх байв. Хэчнээн гарааны бизнес байна, ямар хэмжээний хөрөнгө оруулалт татаж байна, экспортын хэмжээ ямар түвшинд байгаа зэрэг мэдээлэл өнөөг хүртэл системтэй байгаагүй тул Виртуал бүсийн платформоор дамжуулан бүртгэлжүүлж, бүртгэлтэй компаниудад татварын бус есөн төрлийн дэмжлэг, тэтгэлэг, хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг бий болгосон. Мөн бүртгэлтэй компаниудад хөрөнгө оруулалт, хандив үзүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын нэг хувийн хөнгөлөлт эдлэх боломж олгосон нь олон улсын жишигт нийцсэн, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх томоохон алхам болсон. Энэхүү Виртуал бүсийн ажлын алба нь өөрөө IT Park байх бөгөөд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Үүнтэй зэрэгцэн дэлхийн 70 гаруй улс үндэсний хиймэл оюун ухааны стратегиа баталсан энэ үед Монгол Улс ч хоцрох ёсгүй гэж үзэн Tech Week-ийн хүрээнд хиймэл оюун ухааны үндэсний стратегийг Засгийн газарт танилцуулж, “Digital First” хөтөлбөрийг бодлогын түвшинд эхлүүлсэн. Tech Week-ийн 70 арга хэмжээнээс гарсан шийдэл, саналуудыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2026 оны төлөвлөгөөндөө тусгахаар ажиллаж байна. Энэ бүхнийг хувийн хэвшлийн дэмжлэг, ивээн тэтгэлэгт тулгуурлан, төрөөс нэг ч төгрөг зарцуулахгүйгээр хэрэгжүүлсэн нь хамтын ажиллагаанд суурилсан шинэ загварыг бодитоор харуулсан туршлага болсон юм.
Цахим шилжилт ба хамтын ажиллагаа
Түүний онцолж буйгаар, өнөөдөр дэлхий даяар технологи өдөр бүр шинэчлэгдэж, улс орнууд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, хувийн хэвшил өндөр хөрөнгө оруулалт хийж байна. Ийм нөхцөлд Монгол Улс хурдтай хөгжихгүй бол хоцрох эрсдэлтэй ч, хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй. Тиймээс цахим шилжилтэд төр, хувийн хэвшил, иргэдийн идэвхтэй хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай бөгөөд иргэд технологийг ойлгож, хэрэглэх ур чадвартай байх нь амин чухал аж.

“Дэлхийн бусад улс орнууд цахим шилжилтийг үндэсний бодлогоо болгосон энэ цагт Монгол Улс ч мөн хурдтай өсөх боломжтой. Сүүлийн жилүүдэд хэрэгжсэн төрийн цахим шилжилтийн бодлого, тухайлбал E-Mongolia платформын үр дүнд Монгол Улс цахим засаглалын индексээр 46-д, стартапын экосистемийн үзүүлэлтээр 86-д жагсаж байна. Энэ нь боломж байгааг илтгэхийн зэрэгцээ хамтдаа хийх “гэрийн даалгавар” их байгааг сануулж байгаа дохио юм. Аливаа хөгжил ганц байгууллага, ганц салбараар бус, экосистемийн хэмжээнд уялдаа холбоотойгоор хэрэгжих шаардлагатай. Стартапуудын хувьд ч мөн адил шүүмжлэгч бус, бодит оролцогч байх нь чухал.
Нөгөө талаас олон улсын зах зээлд төслөө танилцуулж, хөрөнгө оруулалт татах явцад манай зарим гарааны бизнесүүд тоон судалгаа дутуу, үнэлгээгээ бодит бус тогтоох сул тал ажиглагддаг. Суралцах, сайжруулах шаардлага бий ч том зургаараа харвал олон улсад амжилттай гарч, бодит үр дүн үзүүлж эхэлсэн Монгол компаниуд хэдийнээ бий болсон нь чухал дохио юм.
Иймд иргэд, хувийн хэвшил, хүний нөөц бэлтгэж буй их, дээд сургуулиуд, төрийн дэд бүтэц зэрэг бүх оролцогч талууд нэгдсэн ойлголт, зорилготойгоор хамтран ажиллах шаардлагатай. Саяхан Солонгос улсад очиход хиймэл оюун ухааныг төрийн цахим шилжилтэд системтэйгээр нэвтрүүлсний үр дүнд OECD-ийн судалгаагаар хоёр жил дараалан нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй жишээг харлаа. Тэд үндэсний хиймэл оюуны стратегийн хүрээнд 260 мянган GPU ашиглахаар төлөвлөж байгаа бол манай улс ирэх жил хоёр GPU-тэй болно гэж ярьж байгаа нь хөрөнгө оруулалт, бодлогын ялгаа ямар их байгааг тодорхой харуулж байна.
Үүнтэй зэрэгцэн чадварлаг стартапууд, үүсгэн байгуулагчдаа гадаад орнуудад алдах эрсдэл бодитоор тулгарч байна. Астана, Узбекстан, АНУ, Герман зэрэг улс “татвар, дэд бүтцийг бүрэн шийдэж, хөрөнгө оруулна” гэж урьж байхад манай улсад дата төв байгуулахад эрчим хүчний асуудал яригдсаар байна. Гэхдээ асуудал байна гээд хөгжлөөс ухрах ёсгүй. Харин ч мэдээллийн технологи, инновацийг стратегийн тэргүүлэх бодлогын чиглэл болгож, илүү зоримог хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.
Тиймээс бид Монгол Улсаас технологийн экспорт гарах, анхны юникорн төрөхийн тулд 2030 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан. Үүний тулд стартапуудыг бойжуулах хурдасгуур хөтөлбөр, хөрөнгө оруулалтын сан, бүтээгдэхүүн, үйлчилгээ турших орчинг бүрдүүлсэн. Сүүлийн 3 жилийн хугацаанд бид 50 гаруй байгууллагатай 30 гаруй улстай хамтарч ажиллаж, олон улсын харилцаагаа эрчимтэй хөгжүүлж байна.

Манай IT Park төрийн өмчийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар бөгөөд улсаас нэг ч төгрөгний санхүүжилт авдаггүй. Өмнө нь төрийн буруу бодлогоос үүдэн “тусгаарлагдсан” байдалтай байсан ч 14 жилийн дараа бүрэн чадлаараа үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо. Энэ нь 2030 он гэхэд Мэдээллийн технологийн салбарын ДНБ-д оруулах хувь хэмжээг 5%-д хүргэх, салбарын мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх гол суурь болж байна.
Мэдээллийн технологийн салбар хөгжсөнөөр уул уурхайгаас хамааралтай зах зээлийг тэнцвэржүүлж, хамгийн хурдтай өсч болох салбарыг бий болгоно. Тиймээс төр, хувийн хэвшил, стартапууд, хүний нөөц бэлтгэх байгууллагууд нэгдсэн ойлголт, хамтын ажиллагаатай ажиллах нь чухал.
2024 оны 8 сард бид ASPA-гийн 27 дахь их хурлыг Монголд зохион байгуулж, Монгол Улсаа төлөөлөн удирдах зөвлөлд орсон нь манай улсын харизма, хүсэл тэмүүллийг олон улсад харуулсан том амжилт байлаа.
Бидний хамгийн том давуу тал бол бүхнийг өөрсдөө хийж чаддаг, чадварлаг үүсгэн байгуулагчид, залуус юм. Монгол Улсын хүн амын 65 хувь нь 35 хүртэлх насныхан бөгөөд энэ нь манай хамгийн том капитал. Тиймээс хүний нөөцөө бэлтгэх асуудал нэн тэргүүний ач холбогдолтой. Одоогоор манай экосистемд бойжиж буй 40 компанийн үүсгэн байгуулагчид бол потенциал өндөр, олон улсад өрсөлдөх бүрэн боломжтой залуус. Энэ бол бидний бахархал төдийгүй ирээдүйн хамгийн том боломж юм.”

Мэдээллийн технологи, инновацийн салбарын ирээдүйг тодорхойлж, залуусын хүсэл мөрөөдөлд орон зай бий болгох гүүр болж яваа нэгэн бол Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа юм. Стартапуудыг олон улсын жишигт нийцсэн орчинд бойжуулж, төр, хувийн хэвшил, иргэдийг нэгтгэн хамтарч ажиллах боломжийг бүтээж яваа тэрбээр энэ удаа бидний нэг боллоо. Нийтлэлийг уншиж мөн бидний нэг болсон уншигч танд талархъя.