Миний амьдрах нас уншсан номны минь тооноос бага байгаасай


Дүүрээд ирэх тусмаа дутуу гэдгээ мэдрэх оюуны их тачаал.
Дүрэлзэн асаад шатаж дуусдаг итгэл найдвар. Гаднаа бүтэн хэрнээ дотроо зэрэмдлэгдэн орших хоосон цогцос. Энэ уудам тэнгэрийн дор хаана очиж уйлахаа мэдэлгүй сүүдэрт орон мэгшиж, сүнсээ хууран инээсээр. Бага нас- тэндээ үлдсэн. Эргэж харахгүй орхиод одсон хүн сүргийн чандартай цуг...
Зарим хүмүүс гадагшаа ургадаг бол би дотогшоо үндсээ ургуулдаг нэгэн гэж өөрийгөө боддог. Хаанаас эхлэхээ мэдэхгүй ч дурсамжаа тархиндаа бичиж эхэлсэн үеэс ээжийн маань ном уншаад хэвтэж буй нь санаанд буудаг юм. Ээж минь өөрөө уран зохиол, монгол бичгийн багш хэрнээ хэзээ ч намайг "ном унш" гэж захирч байгаагүй. Анх удаа найзаасаа ном цүнхлээд ирэхэд одоо л түүний санаснаар болж байгаа мэт сэтгэл хангалуун инээмсэглэсэн сэн. Хүн чинь заавал хэлүүлж, чичлүүлэхээсээ илүү өөрөө харж өссөн замаараа л амьдардаг юм шиг. Угаасаа хэн нэгэн надад тэгэх ёстой гээд хэлчих юм бол би ямартаа ч тэр зүйлийг санаагаараа хийе гэх хүсэл огтхон ч төрдөггүй юм. Нэг хэсэгтээ л шинэ ном авъя гэж шалдаг байсан ч сүүлдээ мөнгөө цуглуулаад өөрөө ном авдаг боллоо. Гэхдээ тэр явдал удаан үргэлжлээгүй. Нэг л мэдэхэд өөр өнгийн уруулын будаг, шинэ хувцас гээд л өсвөр насны амьдралын хаалга өөрөө өмнө минь нээгдчихсэн. Миний нээхийг хүсээгүй хаалга.
Би зүгээр л миний амьдрах нас миний уншсан номноос бага байгаасай гэж хүсдэг.
Гэхдээ... Тэр өдрийн тэнгэрт наран мандахаас өмнө. Хаврын тэр нэгэн өдрөөс хойш намайг "цор ганц" гэдэг үг маш сайн тодорхойлох болсон. Эхээсээ ганцаараа үлдлээ дээ, миний охин. Тийм ээ энэ үг. Сормуусан доороос бороон дуслууд бөмбөрч, дотоод бүх мэдрэмжүүд судсаар минь хоолойгоо боон мансуурч байх шиг санагдсан. Гэсэн ч хэн нэгний амьдарлын дутууг үүрээд олон намрын бороог ганцаар үдэж, олон хаврын цэцэгсийг ганцаараа үнэрлэх хэрэгтэй. Дэргэд тэр хүнийг минь(эгчийг маань) орлуулах зүйл хэрэгтэй байсан байх. Гэхдээ хэн ч түүний байсан орон зайг дүүргэж чадахгүй. Өөрийгөө дотроо булшилчихаад сайн охин байхын тулд хоёр хүний тусгалыг нэг дүрээр харуулах гэж сурамгай гэгч нь амьдарсаар. Эцэст нь би жинхэнэ өөрийгөө дотроосоо эрээд олохоо байлаа. Ганцхан зам харагдаж байсан нь "унших". Тэртээд мартаад хоцорсон номнууд одоо л "намайг унш даа" хэмээн ширтэх шиг санагдаж билээ.
Уншаад л байх тусам улам дутуугаа мэдэрнэ.
Урагшлаад байгаа юм шиг хэрнээ нэг цэг дээрээ маш олон ном унших хэрэг гарна. Тэгээд тэндээс бага багаар "би" гэдэг дүрээ олно. Намайг бүрдүүлдэг бүхэн чухамдаа юу байсныг сая нэг ухаараад гүнзгий амьсгаа авахад дахиад л би тэртээ хойно хаягдчихсан байна. Дахиад л унших хэрэгтэй болно.
Би зүгээр л миний амьдрах нас миний уншсан номноос бага байгаасай гэж хүсдэг. Аз жаргал бялхсан сайхан түүх биш хэрнээ хамгийн зөв замаар ном руу уусаж орсон юм шиг санагддаг хэвээр. Өнгөрснөөс зулгааж ирээдүйгээс чангаах хэрнээ яг одоо энэ цагт амьдрал үргэлжилсээр байгаад дотроо битүүхэндээ баярлана. Хэр удаан баярлахаа мэдэхгүй ч борооны дуслуудад хөөрч гүйхээ больсон цагт, номны сүүлийн хуудсыг уншаад гуниг төрөхөө байх үед, дуртай дуугаа сонсоод сэмхэн мишээж, аяархан гуниглах нас минь мартагдах мөчид л энэ амьдарлын сайхан бүхэн надад дуусах бололтой.