Science Cafe-г анх эхлүүлж байхад хүмүүс яагаад энэ кафег нээсэн шалтгааныг сайн ойлгодоггүй байсан. Би ч өөрөө ямар үр дүнд хүрэхээ сайн мэдэхгүй ч, хүмүүст шинжлэх ухааныг илүү ойроос таниулах хүсэл их байдаг байлаа. Түүндээ л хөтлөгдөн энэ ажлыг эхлүүлсэн. Өдөрт багадаа 20 хүнд кафегаа танилцуулж шинжлэх ухааны тухай сонирхсон зүйлийг нь мэдлэгийнхээ хүрээнд хэлж өгөхийг хичээж байна. Science Cafe-гийн үнэт зүйлийг бид “Кофе биш шинжлэх ухааны мэдлэг зардаг” гэж тодорхойлдог. Энэ хугацаанд өөр өөр насны олон хүмүүстэй ярилцсан. Тэдэн дундаас хүүхдүүдтэй ярилцах хамгийн гайхалтай. Хүүхдүүдийн хувьд шинжлэх ухаан, туршилт, сонин содон бүтээлүүд бүгд цоо шинэ зүйл болохоор бүгдийг нь ихээхэн алмайрч хүлээж авдаг. Хүүхдүүдэд онол яриад ойлгохгүй учраас бодитоор үзүүлэх нь чухал тул манайхан өөр олон сонирхолтой үзүүлэн цуглуулъя гэж шийдсэн.
Тэгэхэд амжилтын тухай ярилцах хэрэгтэй болсон. Би өөрөө нэг их амжилттай байж гийгүүлээгүй болохоор юу ярихаа мэдэхгүй, хүүхдүүдээс амжилт гэж та нарын хувьд юу вэ гэж асуутал дуу дуугаа авалцаад "Амжилт гэж таныг л хэлэх байх даа" гэхэд нь балмагдах, ичих давхцаад баларсан. Тэгэхэд анх удаа өөрийнхөө хийж байгаа зүйлээр бахархаж маш их урам зориг авч билээ. Ихэнх хүмүүс өмнөх үеийн ах эгч нар, алдартнууд, эрдэмтэн мэргэдээс урам зориг авдаг бол миний хувьд шал өөр. Би хүүхдүүдээс урам авдаг. Цагаан цаас шиг хүүхдүүдэд шинжлэх ухаан гэдэг ямар сонирхолтой зүйл вэ гэдгийг ойлгуулж зориглоод эхлүүлсэн зүйлээ бага ч атугай үр дүнд хүрч байгааг харах нь миний хувьд амжилт юм уу даа.
Би хүүхдүүдээс урам авдаг.
Уг ярилцлага нь"Global Dignity Day" буюу "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийн хүрээнд хийгдсэн бөгөөд уг санаачлагын гол зорилго нь хүн бүрийн төрөлхөөс заяагдсан нэр төртэй амьдрах эрхийг дэлхий даяар хэрэгжүүлэн, нэр төртэй амьдралд хөтлөхөд оршино.
Ярилцлагыг бэлтгэсэн: Б.Хантүшиг
Гэрэл зургийг: Э.Тайчар