С.Жамбалжамц: Монголын дугуйн холбоо Ази тивдээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна
Спорт
М.Энхмаа
М.Энхмаа
2024.08.07
3 минут
С.Жамбалжамц: Монголын дугуйн холбоо Ази тивдээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна

Амжилт бүрээ хамтдаа бүтээлцэж, алдаа бүрээсээ хамтдаа суралцаж, алхам бүрдээ урагшилж яваа тэдний түүх Монголын дугуйн спортын түүхэнд гэгээ татуулж, шинэ жим гаргаж яваа нь энэ билээ. Хүүхдийн сониучхан хүслээс эхтэй энэ л мөрөөдөл тэднийг дугуйн спортын мэргэжлийн тамирчны замналд ийн хөтөлж, тив дэлхийд данстай, чансаатай тамирчин болоход ийн нөлөөлжээ.

“Афин 1896” зуны анхдугаар Олимпын дугуйн спортын төрөлд 19 тамирчин өрсөлдөж байсан нь хүмүүний түүхэн дэх ууган спортуудын нэг гэдгийг илтгэнэ. Энэхүү түүхт 100 гаруй жилийн хугацаанд дугуйн спортын өнгө төрх, дүрэм журам хувьсан өөрчлөгдсөөр өнөөгийн төрхөө олохын сацуу техникийн спорт болон хувирчээ. 

Олон Улсын Дугуйн Холбооноос нэгдсэн стандарт тогтоож эхэлсэн 1990-ээд он. Шинжлэх ухаан хөгжсөн хөгжингүй орнууд салхи эсэргүүцэх хуулийг ашиглан төрөл бүрийн дугуй үйлдвэрлэх болсон цаг үе. Урд талын дугуй жижиг, хойд дугуй том, араа шүдний харьцаа өөр гэх мэт тухайн орны тамирчдад ашигтай дугуй үйлдвэрлэх болсон нь улс орнуудад дугуйн спорт жигд хөгжих боломжийг хязгаарлах болов. Иймд нэгдсэн стандарт тогтоосны дүнд төмөр хийцтэй байсан дугуй техник технологи сайжрахын хэрээр хөнгөн цагаан, карбон файбер материалтай, 6.8 кг-аас багагүй жинтэй байх ёстой гэх дүрмийг баримтлах болсон байна. 

С.Жамбалжамц: Монголын дугуйн холбоо Ази тивдээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна

Спорт бол ХУРД 

“Нэг өдрийн уралдаан доод тал нь 4-6 цаг үргэлжилдэг тул зохион байгуулагчдын зүгээс техник туслалцааны машин гаргаж өгдөг. Дугуйн спорт нь техникийн спорт учраас тухайн тамирчнаас үл шалтгаалан дугуй хагарах, гинж тасрах зэрэг эрсдэл учирсан үед тамирчныг маш хурдан хугацаанд уралдаанд эргэж оруулах нь чухал. Яг л Формула 1-ийн уралдаан яаж явагддаг түүний адил үйлчилгээг дугуйн уралдаанд үзүүлэх шаардлагатай тул техникийн машинд багадаа 3-4 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, уралдааны турш тамирчнаа дагаж явдаг. Тиймээс тамирчин амжилт гаргахад хүн бүрийн үүрэг оролцоо хамгийн чухал.”

Багийн тоглолт

Дугуйн спортын нэг баг 6-7 тамирчны бүрэлдэхүүнтэй. Хөл бөмбөгт оноо авахад 11 хүний зорилго нэгдэх хэрэгтэй шиг багийн тамирчин бүр нэгэн зорилгын дор нэгдэж, өөр өөрийн гэсэн онцлог, үүрэгтэй уралддаг. Барианд ганц тамирчин түүчээлсэн ч амжилтын ард баг бүрэлдэхүүний хүч хөдөлмөр нэвт шингэсэн байдаг нь нууц биш юм.  Тухайлбал, тухайн өдрийн уралдаанд багийн лидер буюу манлайлах тамирчнаа сонгодог байна. Мөн нөөц төлөвлөгөө буюу Б хувилбарыг мартаж болохгүй тул дараагийн лидер тамирчнаа багийн хурлаар тодорхойлно. Ийнхүү үлдсэн багийн гишүүд лидер тамирчдаа амжилттай барианд оруулахын төлөө усыг нь зөөх, салхийг нь авах гэх мэт тактикийн уралдаан хийж, эцсийн мөчид лидер тамирчнаа зөв байрлал буюу нүүрэн эгнээнд оруулснаар манлайлагч эцсийн 150-200 метрт цэвэр өөрийн хүчээ гаргаж, өндөр хурдаар барианд орох боломжийг бүрдүүлдгээрээ онцлог юм.

Тэсвэр хатуужил

Эрс тэс уур амьсгалтай манай орны тамирчид халуун, хүйтэнд маш хурдан дасан зохицдог нь бусад орны тамирчдаас ялгарах давуу тал болдог байна. Уралдааны гараанаас гарахад дулаахан байсан ч өндөрлөг бүс рүү ойртох тусам хүйтэн бороо, цастай угтах тохиолдол ч бий. Улаанбаатар 1200-1500 метрийн өндөрлөгт, харьцангуй дундаж түвшинд оршдог билээ. Энэ нь тухайн тамирчин өндөрлөг бүс, нам дор газар уралдахад маш хурдан шилжих чадамж, тэсвэр хатуужилд сургажээ.

С.Жамбалжамц: Монголын дугуйн холбоо Ази тивдээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна

Дугуйн спортын бас нэгэн онцлог бол тамирчдын байр суурийг цамцаар илэрхийлдэг. 5, 7, 21 зэрэг олон өдрийн уралдааны турш нийлбэр цагаараа тэргүүлж, нэгдүгээр байр эзэлсэн тамирчин шар цамцны эзэн болдог байна. 

С.Жамбалжамц: Монголын дугуйн холбоо Ази тивдээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна

“2021 оны Tour of Thailand олон өдрийн тэмцээний хамгийн сүүлийн өдөр би нийлбэр цагаараа тасарч, Монгол Улсдаа хамгийн анхны мэргэжлийн шар цамцыг авчирч байсан юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд Ази тивийн чансаагаараа Монголын Дугуйн Холбоо хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байна. Миний хувьд хувийн үзүүлэлтээрээ мөн адил сүүлийн гурван жил Азидаа хоёрдугаарт жагсаж байна. Энэ бол манай дугуйн спортын хөгжил хэр түвшинд байгааг илтгэх үзүүлэлт билээ.”

С.Жамбалжамц: Монголын дугуйн холбоо Ази тивдээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна

“Олон өдрийн уралдаанд драма шиг янз бүрийн л зүйлс тохиолддог. Миний хувьд 2023 онд Тайландын олон өдрийн хоёрны нэг ангиллын уралдаанд аваргалж, шар цамцны эзэн болсон юм. Эхний өдрийн уралдаандаа түрүүлж, үлдсэн зургаан өдрийн турш шар цамцаа хадгалж үлдэхийн тулд багаас маш их хүч, энерги шаарддаг. Учир нь шар цамц өмсөж байгаа тохиолдолд бусад бүх баг тухайн түүчээ багийн эсрэг уралдаж эхэлдэг юм. Өдөр бүрдээ зориулж маргааш яавал шар цамцаа хадгалах вэ гэх тактик болосвруулсны эцэст аваргалж, шар цамцаа хадгалах мөч бол хамгийн сайхан.”

Амжилт бол ТООЦООЛОЛ

Энгийн хүний нүдээр энэ спортыг дүгнэвэл “Тамирчин дөрөөгөө жийсээр барианд ордог спорт.” Харин дугуйн баг тамирчдын хувьд асар их тооцооллын уралдаан. Тэмцээнд 100-200 тамирчин өрсөлддөг ч эхний гуравт орсон тамирчдын алдар цуурайтаж, медалийн тавцанд хүрэх тул алхам бүр тооцоололтой. Дасгалжуулагчийн тодорхойлж буйгаар дугуйн спортод 100 хувь гүйцэтгэлтэй амжилт гаргахад дараах дөрвөн ур чадвар шаардлагатай байдаг байна. Нэгдүгээрт, тамирчин өөрийгөө бэлдэх хэрэгтэй, хоёрдугаарт, техникийн бэлтгэлээ базаах, гуравдугаарт, өрсөлдөгчийн судалгаа, дөрөвдүгээрт, замын судалгааг маш сайн хийснээр аливаа уралдаанд амжилт үзүүлдэг ажээ.

“Олон Улсын тэмцээнд 10-20 баг уралддаг. Тухайн баг болгон өөрийн гэсэн тактиктай тул эсрэг багийн сул талыг бид хэрхэн давуу талаа болгох вэ гэдэг дээр шатар тоглож байгаа юм шиг стратеги, тактикаа боловсруулдаг. Шатар тоглохдоо 4, 5 дахь нүүдлээ хардаг гэж ярьдаг даа? Яг л үүнтэй адил судалгааны дүнд “ингэж ажиллах ёстой юм байна” гэх үүрэг даалгаврыг тамирчдадаа өгөх нь дасгалжуулагчийн үүрэг.”

С.Жамбалжамц: Монголын дугуйн холбоо Ази тивдээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна

“Тамирчин хүнд ялалт, ялагдал ээлжилдэг. Ялагдал бол үнэхээр гашуун. Алдаагаа хурдан дүгнэж, эргээд хурдан босох чадамжтай л байх ёстой.” 

Дугуйн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Т.Төгөлдөр 

Амьдралынхаа 21 жилийг энэ спортод зориулсан дасгалжуулагч Т.Төгөлдөр, хүүхэд ахуйгаасаа дугуйтай нөхөрлөж, тууштай хичээл зүтгэлийн үр дүнд мэргэжлийн тамирчны замналаар олон улсын түүчээ багуудад уралдаж, эл спортын нандин мөчүүдийг бүтээлцэж яваа С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр тэргүүтэй баг тамирчдаараа бид бахархахгүй байхын аргагүй билээ!

Тамирчныхаа ялалт, ялагдал, бүхий л агшинд хамт байж, сэтгэл догдлом торгон мөчүүдийг хамтдаа бүтээцгээе. Монгол Улсын төрийн дуулал Парисын тэнгэрт олонтоо эгшиглэж, Монгол Улсын төрийн далбаа Парисын тэнгэрт олонтоо мандах болтугай!

Go team MonGOlia!