Залуусын орон зай

Young Mo’G: Хип хоп бол дотоод шаналал, хэлмээр байгаа зүйлсээ гаргахад тусалдаг урлаг 

Б.Намуун2025.04.055 минут унших
Young Mo’G: Хип хоп бол дотоод шаналал, хэлмээр байгаа зүйлсээ гаргахад тусалдаг урлаг 

“Биднийг үүрд дээдэл гэж үлдээсэн түүх энгэрт 

Надтай хамт мөр зэрэгцэх ахан дүүсийн түүх эргэнэ!”  

Энэ бол зүгээр нэг дууны үг биш юм. Энэ нь нүүдэлчин үндэстний түүхтэй хамт цохилж буй лугшилт, өнгөрсөн ба одоог холбосон гүүр аж. Орчин үеийн хурдтай хэмнэл нь түүх уламжлалаа дарангуйлан, гүйцэж түрүүлэх болсон өнөө цагт реппер Young Mo’G буюу Э.Мөнх-Эрдэнэ өөрийн жинтэй үг, аялгуугаар Монголын залуу үед түүх уламжлалаа хадгалж үлдэх хүслийг өрдөж буй. Бидэн дунд буй олон ертөнцийг таниулах зорилготой “Бидний нэг” буландаа энэ удаа түүнийг онцлов. Түүний өдөр бүрийн бодлын хэсэгхэн жимээр хамтдаа алхаж, уудлан ярилцсан энэхүү ярилцлагыг шимтэн уншиж, уншигч та ч бидний нэг болоорой. 

“Би багадаа Mo’G гээд репперийг сонсдог байсан...” 

Үнэхээр эх орноо гэсэн сэтгэлтэй нэг хүн Монголыг огт өөр, илүү сайхан газар болгоод “Би багадаа Mo’G гээд репперийг сонсдог байсан. Тэр хүн нэг дуундаа ингэж хэлж байсан нь надад ийнхүү нөлөөлж билээ” гээд яривал тэр л миний амьдралыг үнэхээр дүүрэн болгох байх. Өв соёл түүхээ би өөрөө тийм айхтар сайн мэдэхгүй ч ямар ч гэсэн энэ байхгүй болчихвол бид тусгаар тогтнолгүй болно. Тусгаар улс байхаа больчихвол бид том гүрний цөөнх болно. Энэ нь үргэлж бидний эрх ашиг хоёрт бичигдэнэ гэсэн үг. Хэлээ сурч, урлагаа мэдэрч сонсож болохгүй байдалд бид орж болохгүй. 

Бидний ярилцлага ийнхүү дууссан юм. Төгсгөлөөрөө эхлүүлж буй нь учиртай. Учир юу гэвээс бидний яриа нэгээс нөгөө рүү ургасан олон салаа мөчир шиг, тархинд эргэлдэх бодол шиг хөвөрсөн билээ. Ийнхүү эл ороомог бодлууд биднийг бүх зүйл эхэлсэн газар буюу түүний бага нас, түүхийн мөчир бүр ургасан үндэс рүү хөтөлсөн юм.  

Frame 1261158844.jpg

“Цасан будрах өвлийн үдэш”-ээс эхэлсэн хип хопын замнал 

Цэцэрлэгт, уншиж ч чаддаггүй байхад ээж маань Дижиталын “Чамдаа” дууг кассет дээр сонсоод “Цасан будрах өвлийн үдэш би чам дээр очно доо” гээд нэг нэг мөрөөр нь хэлж өгөн, цээжлүүлсэн нь анх сурсан хип хоп дуу маань байсан. Дараа нь өөрөө Eminem-н “Mockingbird”, 2Pac-н “Changes”-г цээжилж байлаа. 2Pac, Snoop Dog хоёрын “2 of Americaz Most Wanted”-г хоёр бил үү гуравдугаар ангидаа бүтэн цээжлээд “Би реппер юм байна” гэж бодож байв.   

Харин дунд ангидаа ангийнхаа нэг хөвгүүнд их дургүй байсан юм. Тэр үед хүүхдүүд нэгэндээ дургүй байх шалтгаан сүртэй байхгүй шүү дээ. Зүгээр л дургүй, тэгээд л болоо. Ядаж байхад надтай ижилхэн нэртэй амьдай маань байсан. Тэгээд долоо дугаар ангидаа найзад дисс дуу бичиж байлаа. Бичээд үзсэн чинь болоод байдаг юм. Тэгээд л болоод байхаар нь тэр үеэс хойш бичсээр өнөөдөртэй золгосон байна даа. 

Мөөжигөөс Mo’G 

Анх би өөрөө үглэж, дуулахгүйгээр дан бийт (beat) хийдэг байлаа. Гэр студитэй тэндээ найзуудынхаа хоолойг бичдэг байсан. Сайн биш ч үнэхээр их хичээдэг байлаа. Уг хамтралын маань гишүүн Энхлэн бид хоёр хамтраад “Chocolate milk” гээд дуу гаргасан нь тухайн үедээ хандалт маш сайтай байсан. Шууд анхны дуугаараа тийм байсан учраас өөртөө итгэх итгэл нэмэгдэж билээ. Гэсэн ч дараахан нь хувийн амьдрал ч бүтэхгүй, студи маань ч тараад, бүх юм л болохгүй байгаа мэт санагдаж байв. Сүйрлийн ёроолд би студи ч үгүй, найз нөхөд танил тал ч үгүй, тэгснээ гараа хугалчихсан амьдрал  орвонгоороо эргээд сууж байхдаа “За, хип хопоо хийе дээ” гэж шийдэн Mo’G нэрээрээ “Coffee bean” дууг гаргаж байлаа. Би хэзээ ч өөрийгөө реппер болно гэж бодож байгаагүй. Хоббигоороо л хийдэг байсан. Гэтэл тэр дуу хүмүүст сайн хүрч, ам сайтай байсан юм.  

“Хий эргэлээ гэж зэмлүүлсэн өдөр бүрдээ би ахиж байсан” 

-“Реппер болно гэж гүйхдээ хий эргээд байна гэж их загнуулсан” гэж нэг ярилцлагадаа ярьсан байсан. Бусдын нүдэнд л тийм болохоос яг үнэндээ хий эргээгүй ч юм бил үү. Та юу гэж боддог вэ? 

-Тийм. Би яг тэгж боддог. Тухайн үед хүмүүсийн зэмлэсэн үгс, ярианууд сэтгэл зүйд маань тодорхой хэмжээнд нөлөөлж байсан ч яг үнэндээ би хий эргээгүй. “Өнгөрсөн жил би тэгээд явж байсан. Гэтэл өнөөдөр энд байна шүү дээ” гээд дандаа өөрөөрөө бахархдаг байлаа. Гэхдээ энгийн, системийн дагуу буюу санхүүгийн аюулгүй байдалд л тулгуурласан амьдралын төлөө тэмүүлэлгүйгээр олон жил явчихсан л даа. Долоон жил их сургуульд сурлаа шүү дээ, би. Олон улсын харилцааны чиглэлээр 2.5 жил сураад, СУИС-д 4 жил сураад төгссөн. Гэхдээ миний хувьд би жил бүр сайжирдаг байсан. Тиймээс өнгөрүүлсэн цаг хугацаандаа огт харамсдаггүй. 

“Хэцүү зүйлс чинь хадгалагдаж бугшсаар байгаад нэг л өдөр өмхийрнө шүү” 

Хүн болгоны амьдралд өнгөрсөн дэх хар бараан дурсамж тодорхой хэмжээнд, эрт орой хэзээ нэгэн цагт бий болдог байх. Гэвч бид өдгөө хэтэрхий төгс рүү тэмүүлэн,  түүнээсээ зугтаж, өнгөрснөө хүлээн зөвшөөрөхөө больсон юм шиг. Өнгөрснөө ярьж байгаа хүнийг өрөвдүүлэх гэлээ ч гэдэг болж. Харин Mo’G өөрийнхөө өнгөрсөн, одоо, ирээдүйг хамтад нь хүлээн зөвшөөрч, зугтахгүйгээр зэрэгцэн оршдог гэлтэй.  

Frame 1261158845.jpgХүн өнгөрснөө хүлээн зөвшөөрөхгүй, ярихгүй байна гэдэг аав ээжийн л хийж байгаа ажил шүү дээ. Аав ээж нарыг хараад байхад “Хичээлээ хийсэн үү, хоолоо идсэн үү” гээд л болоо. Янз бүрийн асуудал болонгуут “Чамайг идэх хоолтой, орох оронтой байлгалаа юугаар ч дутаасангүй” гэж ярьдаг. Энэ чинь аав, ээжийн үүрэг шүү дээ. Энийг хийхгүй бол яах гэж хүүхэд төрүүлэх юм бэ. Үүргээ биелүүлж байж гоншигноод байгаа юм шиг санагддаг. Жинхэнээсээ аав ээж байна гэдэг нь тэр хүүхдийг хүн болгож, амьдралд хөтөлж оруулах явдал. Тэр тусмаа эрэгтэй хүүхэд айдасгүй өсөх нь аавын үүрэг гэж боддог. Гэхдээ 70, 80-аад оны манай аав ээж нарын үеийнхний цэл залуу нас нь 90-ээд оны шуурга шиг үед өнгөрчихсөн. Тэгж бодохоор бас юун хүний сэтгэл зүйг анзаардаг хүн болох манатай л байх. Тэр хүмүүсийг бас буруутгаж болохгүй л дээ. Өөрийнхөө талаарх хар бараан зүйлсийг ичихгүйгээр дотно хүндээ уйлаад ярьж байх хэрэгтэй. Ингэж тавьж явуулаад, эргээд өөрийгөө хайрлах хайрыг олж авах хэрэгтэй. Зовоогоод байгаа зүйлс чинь хадгалагдаж бугшсаар байгаад нэг л өдөр өмхийрнө шүү. 

“Өөрийгөө сайхан амьдрал хүртэх эрхгүй гэж мэдэрдэг байлаа” 

-Эрэгтэй хүүхэд айдасгүй өсөх нь аавын үүрэг гэлээ. Таны хүүхэд ахуй насанд айж, эмээх зүйл байв уу? 

-Аавгүй хүн хорвоог аргадаж амьдардаг гэдэг үг надад их үнэн санагддаг. Би эмээ өвөө дээрээ өссөн. Дөрвөн настайдаа аавыгаа анх харж байлаа. Анх харахад аав маань Бригадагийн Саша Белов шиг үсээ хойш нь гельдчихсэн, нүд хөмсөг болсон царайлаг, урт цувтай залуу байсан. Ээж маань ч гэсэн сорлосон хар үстэй, улаан бууралттай шилтэй байж билээ. Багадаа янз бүрийн юм төсөөлж байгаад тэрнээсээ айчихдаг хүүхэд байсан юм. Анх аав энийг маань ажиглаад “Чи яагаад ингээд байгаа юм, зүгээр за юу” гэж билээ. Аавтайгаа хэдхэн сар ийнхүү хамт байж үзсэн. Аав ч буцаад Солонгос руу явсан. Тухайн үед гэр бүлд олон л асуудал болсон бөгөөд хэдэн жилийн дараа аав маань хорвоог орхисон юм. Тэгэхэд миний өсвөр насыг бүхэлд нь хар үүл нөмөрч байгаа юм шиг л болсон. Аав ээж хоёроо л их хүлээж өссөн дөө. 

Frame 1261158846.jpg Багадаа өрөөндөө дуугаа хийж байгаад аавд сонсгохоор гүйгээд гарахад гал тогоонд ээж хоол хийж байгаа амьдралыг л төсөөлж хүсдэг байв. Гэтэл аав маань өөд болж хэзээ ч тэр хүсэл бүтэхгүй болчихсон. Тэр үед хэн ч намайг хамгаалж, миний арыг даахгүй гэж бодохоор л маш их айдастай байдаг байлаа. Гэхдээ аав өөд болсны дараа яагаад ч юм айж бэргээд байдаг юм байхгүй болчихсон. Яавал ч яана шүү гэдэг л сэтгэлгээтэй болоод, зүгээр л бүх зүйлийг хүлээн зөвшөөрч байлаа. Өөрийгөө сайхан амьдрал хүртэх эрхгүй гэсэн мэдрэмжтэй их удаан явж байгаад 4 жилийн өмнөөс гайгүй болсон доо. Ганцаараа уйлна, адын бодлууд их зовооно. Үүнийг эдгээдэг зүйл хайр л юм шиг санагдсан. Одоо учирсан хүн маань бас дуу хөгжим маань үүнийг эдгээхэд тусалсан.  

“ “Бид” гэсэн агуулга надад их гүн суучихсан ” 

-Таны клипнүүдийг ажихад хүн ихтэй, олуулаа байгаа дүрслэл ихэвчлэн байдаг. Сэтгэл зүйн үүднээс ийм тохиолдол тухайн уран бүтээлчийн өнгөрсөн дэх ганцаардал уран бүтээлд нь илэрч буй шинж гэж тайлбарласныг уншиж байлаа. Таны хувьд тэр олон хүнээр дамжуулж илэрхийлэх гэсэн санаа бий болов уу? 

- Би ганцаараа их цагийг өнгөрүүлдэг байсан. Одоо бол тийм биш л дээ. Тиймээс ч уран бүтээл бол олны зүйл байх ёстой гэж боддог юм. Харин амьдрал дээрээ байнга олон хүнтэй хамт байгаад, сүрэглээд яваад байхаар сэтгэл зүй маш их ядарч, шууд ганцаараа бүгмээр санагддаг. Бас олон сургууль дамжсан. Олон сургууль дамжихаар дотнын найз их ховор байдаг юм билээ. Гэхдээ бас олон хүрээлэл дамжиж олон зүйлийг хийж үзсэн. Тэр ч утгаараа олон хүн танина, олон хүний зовлон жаргалыг хамт хуваалцсан. Мөн эцсийн үр дүнд эх орондоо би их хайртай. Иймээс “Бид” гэсэн агуулга надад их гүн суучихсан. Олон хүмүүст тус болж, хамтарч ажилламаар байдаг.  

Frame 1261158848.jpg

“Хип хоп бол хүн дотоод өвчин шаналал, хэлмээр байгаа зүйлсээ хэнээс ч айлгүйгээр гаргахад тусалдаг урлаг” 

-”Хэцүү амьдралаас реппер төрөх нь их” гэж репперүүдийн дуун дээр гарах нь элбэг. Ийм зүйл үнэхээр байдаг уу?  

-Монголын нийт ард түмний 60-70 шахуу хувь нь гэр хороололд чанга амьдралаар амьдарч байна. Яаж ч бодсон тийм орчинд байгаа хүмүүс сонгодог хөгжим сонсоод бишрээд суухгүй байхгүй юу. Хип хоп өөрөө хүний дотоод өвчин шаналал, уур бухимдал, хэлмээр байгаа зүйлсийг хэнээс ч айлгүйгээр үнэн бодитой гаргахад тусалдаг урлаг учраас тэр хүмүүст илүү бууж байгаа байх. Асар сайхан амьдралаас, ямар ч зовлон зүдүүр үзэхгүйгээр хип хоп хийх боломжгүй л гэж бодож байна. Хийж болно л доо. Гэхдээ агуулга тийм хүчтэй байхгүй байх. 

Түүнтэй ярилцан суухад тэрбээр бодолдоо их ээрэгдэж явдаг юм шиг. Энэ бүх хугацаанд бодолдоо идүүлэх, зөрж бодлоо идэх үе ч бишгүй гарсан байх.  

Бодлоо идэх, идүүлэх үе аль аль нь л бий. Солиормоор үеүд аймаар их шүү дээ. Багын л нэг юм төсөөлөөд бодохоороо түүндээ итгэчихдэг байлаа. Яагаад ч юм 5, 6 настайдаа манай байр нэг илүү өрөөтэй гэж итгэдэг байсан. Тэр өрөөгөө их зүүдэлнэ. Зөндөө тоглоомтой тэр өрөөнд дандаа тоглож байна гээд л. Одоо бол бясалгал хийгээд, ганцаараа их алхаад, бодлыг бодит биш энэ бол би биш гэж их боддог болсон. Хүн доторхоо цэвэрлэхгүй л бол асуудлууд хэзээд байж л байна. Миний амьдралд хэд хэдэн эргэлтийн цэг байсан гэж боддог юм. Сөхрөөд босоод л сөхрөөд босоод л. Гэхдээ түүнийгээ одоо ярихгүй. Дөч, тавин насандаа л эргэн дурсаж нэг ярих байх даа. 

“Монголд нийгмийн сэтгэл зүйд салхи оруулсан дуу хийхгүй байна” 

Frame 1261158847.pngУран бүтээлчид дуугаараа дамжуулан нийгмийн асуудлыг хөнддөг. Mo’G ч түүх соёлоос эхлээд олон төрлийн нийгмийн асуудлыг дуундаа шигтгэх нь бий. Иймээс Монголд репперүүд уран бүтээлээрээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж хэр байдгийг сонирхлоо.  

Надад ямар нэг асуудал үүсэж байгаагүй болохоор би бол гайгүй байх л гэж бодож байна. Гэхдээ Монголд нийгмийн сэтгэл зүйд салхи оруулсан дуу хангалттай хийгдэхгүй байна. Ах нарын үед бол мундаг, хүссэнээ л хэлдэг байсан. Одоо бол тийм дуу сайн гарахгүй байна гэж хардаг юм. 

-Монголын хип хопд таны оруулж ирсэн шинэ өнгө юу гэж боддог вэ? 

-Би хип хопын олон өнцгийн нэгдэл байхыг хүсдэг. Нарийн шүлгийн схем (rhyme scheme) дээр нэмээд машинд ч, клубт ч тавьж болохуйц хэмнэлтэй, нэмээд эх оронч үзэл, түүх өв соёлыг шигтгэн бүгдийг нь л сонсогчдодоо хүргэхийг хүсдэг. Хүмүүс ч тэгж хардаг гэж найдаж байна.  

-Одоо танд хамтармаар байгаа уран бүтээлч гэвэл хэнийг нэрлэх вэ? 

-The Hu хамтлагтай хамтармаар байна. Trishna, Blu гээд л бүгдтэй нь хамтармаар байна. Бүгд л хип хопын гоё гоё өөр өнцгүүд. 

-Хүмүүс таныг анх реппер гэсэн утгаар таньж эхлэх мөч ямар байсан бэ?  

-“Одоо л уу?” гэж бодсон доо /инээв/. Саяхнаас харин жаахан биеэ барьж цэгнэдэг болсон байна лээ. 

“Урлагийн хүмүүс бол түүх соёлоо авч үлдэх тулааны тэргүүн эгнээний цэргүүд” 

Одоо надад Зевсийн аянга барьчихсан байгаа мэт мэдрэмж төрдөг. Маш их хариуцлага тулаад ирчихсэн юм шиг санагддаг гэсэн үг л дээ. Би үүнийг сайнаар ч, буруугаар ч ашиглаж болно. Гэхдээ мэдээж сайнаар ашиглаж, хүмүүст өөртөө итгэх итгэл, урам зориг өгмөөр байна. Жаахан байхад хип хоп надад асар их хань болж байв. Eminem-н “Sing for the moment” дуу аав намайг илж байгаа юм шиг л мэдрэмж төрүүлдэг байлаа. Ийм мэдрэмжийг би бусдад төрүүлэхийг хүсдэг.  

Үнэхээр эх орноо гэсэн сэтгэлтэй нэг хүн Монголыг огт өөр, илүү сайхан газар болгоод “Би багадаа Mo’G гээд репперийг сонсдог байсан. Тэр хүн нэг дуундаа ингэж хэлж байсан нь надад ийнхүү нөлөөлж билээ” гээд яривал тэр л миний амьдралыг үнэхээр дүүрэн болгох байх. Өв соёл түүхээ би өөрөө тийм айхтар сайн мэдэхгүй ч ямар ч гэсэн энэ байхгүй болчихвол бид тусгаар тогтнолгүй болно. Тусгаар улс байхаа больчихвол бид том гүрний цөөнх болно. Энэ нь үргэлж бидний эрх ашиг хоёрт бичигдэнэ гэсэн үг. Хэлээ сурч, урлагаа мэдэрч сонсож болохгүй байдалд бид орж болохгүй. Надад нэг хүн саяхан “Одоо энэ түүхийг чинь гадаадад хүмүүс нэг их тоохоо больчихсон гэж байна. Бид одоо урагшаагаа хармаар байна” гэж хэлсэн. Урагшаагаа харахдаа зөв замаа олохын тулд бид түүхээ судлах хэрэгтэй. Түүх соёлын гинжин хэлхээг бид тасалж болохгүй. Бид Цагаан сар, Наадмаа тэмдэглэхгүй бол бидний хүүхдүүд “Манай аав ээж тэмдэглэдэггүй байсан” гээд л тасарна. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой. Харин урлагийн хүмүүс энд тэргүүн эгнээнд байлдаж байгаа цэргүүд гэж өөрсдийгөө бодох учиртай гэж боддог доо. 

Frame 1261158849.jpg

Бидний ярилцлага анх эхэлсэн цэг буюу төгсгөлдөө дахин ирлээ. Уншигч та санаж буй бол дээрх яриагаар ярилцлага маань эхэлсэн шүү дээ. Эх орны тусгаар тогтнолоо хадгалж үлдэхэд урлагийн нөлөө хэр хүчтэй хийгээд дотоод сэтгэлээ илэрхийлж, өөрийгөө чөлөөлөх нь яагаад чухал гэдгийг энэхүү ярилцлагаас ойлгосон гэж найдаж байна. Ярилцлагатай хамт байж, бидний нэг болсон уншигч танд баярлалаа.  

Гэрэл зургийг: Д.Занданбат

Холбоотой нийтлэлүүд