Залуусын орон зай

О.Пагма: Амьдралаас мэдэрч болох хамгийн гоё мэдрэмж бол эрх чөлөө

М.Энхмаа2025.07.086 минут унших
О.Пагма: Амьдралаас мэдэрч болох хамгийн гоё мэдрэмж бол эрх чөлөө

Өөрийн дотоод ертөнцтэй нүүр тулж, тэр бүхнийг үгээр урлан бусдад хуваалцана гэдэг зориг шаардсан алхам мэт. Зүрхнээс ургах үгсээ дэлгэж, өөрийн дотоод шаналлыг нийгмийн дуу хоолой болгон хувиргасан чөлөөт уран бүтээлч, “18 хоног” баримтат киногоороо ардчилал, оролцооны үнэ цэнийг хөндсөн О.Пагмаг бидний дунд оршин буй олон ертөнцийг таниулах “БИДНИЙ НЭГ” буландаа онцолж байна. 

“Би их хайрлагдаж өссөн хүүхэд. Жиндүүхэн өглөө гурван эгч маань түрүүлж босоод оймсыг минь халуун амьсгалаараа бүлээцүүлж байгаад өмсгөдөг тийм хайранд өссөн, айлын дөрвөн охины бага нь. Олны дунд хэдий нээлттэй юм шиг хэр нь чухал зүйлсээ төдийлөн бусадтай хуваалцаад байдаггүй. Ганцаараа аялах дуртай, ганцаараа байх дуртайг харахад их дотогшоо төрлийн хүн. Тэгсэн хэр нь ганц хоёр өдөр гэртээ байхаараа уншсан, харсан зүйлсээ бусадтай хуваалцмаар санагддаг. Тиймээс зарим үед дотогшоо, зарим үед гадагшаа тийм л хүн юм байна гэдгээ ойрд их ойлгож байгаа. Хүмүүстэй цагийг өнгөрүүлсний дараа энергиэ нөхөж, эрч хүчээ олж авахын тулд ганцаараа байдаг. Олж авсан тэр энергиэ бусдад өгөхийн тулд гадагш гардаг юм шиг санагддаг. Цуглуулаад, өгөөд, хоосорвол ахин цуглуулж байгаад өгөхийг хүсдэг тийм л хүн.”

Нам гүмээс төрсөн дуу хоолой

Хайраар хүрээлүүлэн өссөн атлаа ганцаардлыг эрхэмлэнэ гэдэг гадаад, дотоод хоёр ертөнцийн зөрүү мэт сонсогдож магад. Гэвч яг үнэндээ тэр зөрүү дунд л хүн өөрийгөө олдог бололтой. Нам гүмийн дунд л сэтгэлийн жинхэнэ дуу чимээ сонстох тэр мэдрэмж хамгийн үнэ цэнтэй. Ганцаардал, шаналал, ухаарал, уярал гээд бүхий л мэдрэмж нэгэн зэрэг цалгисан тэр мөчид ахин төрсөн нь “Phoenix Tsotan’s diary” байв. 

“Галт шувуу шиг өөрийгөө шатаамаар, үнсэн дундаасаа эргэн төрмөөр” хэмээх түүний анхны бичвэр бол зүрхнийх нь гүнээс дүрэлзсэн оч юм. Дүрэлзсэн олон мэдрэмжийн цуглуулга дотроо шатаж, мэдрэмж бүрээсээ энэлэл, эдгэрлийг олж авсаар, ахин төрсөөр өнөөдрийн Цотаныг бүтээжээ. 

с.png

“Хүмүүс чадах чинээгээрээ нэгэндээ хань бараа болж, чадах чинээгээрээ баяр жаргал, зовлон шаналлаа хуваалцдаг байгаасай гэж хүсдэг. Бид үгээр дамжуулж бусдад хүч, урам зориг өгөх боломжтой шүү дээ. Тэр ч утгаараа “Phoenix Tsotan’s diary” хуудсаа хөтлөөд дөрвөн жил гаруй болсон байна. Анх өөрийн дотоод шаналал, ганцаардсан мэдрэмжээ хуваалцах зорилгоор эхэлж байлаа. Ер нь бол дэм гуйсан маягтай. Гэхдээ тэр дэмээ өөрөөсөө гуйсан юм. Надад спорт гэдэг ч юм уу ямар нэгэн чаддаг зүйл байгаагүй. Тиймээс “ганц хийж чадах зүйл минь бичих юм байна” гэж бодоод л бичиж эхэлсэн. Өөрийн дотоодоо уудалж, ил гаргана гэдэг их чухал юм билээ. Анхны бичвэрээ бичсэний дараа маш их тайвширч, яг л байх ёстой юм байрандаа байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн.  

Харин яваа яваандаа надтай ижил мэдрэмжтэй байгаа хүмүүст “Чи ганцаараа биш шүү. Амьдрал хэцүү байж болох ч тэр бүх бараан мэдрэмжээ энэ мөчдөө л бүрэн мэдэрчих ээ. Тэгээд маргааш нар гарна шүү дээ. Дараа нь бороо орно, цастай өдөр ч ирнэ. Биднийг сайхан өдрүүд хүлээж байгаа шүү” гэх зэрэг гутрал болгоны ард жоохон ч гэсэн гэгээн мэдрэмж, амьдрах хүсэл эрмэлзэл үнэртдэг байгаасай гэсэндээ бичдэг болсон. Хүмүүс над руу “Их хэцүү өдрөө уншлаа. Ханьтай мэдрэмж төрлөө, баярлалаа” эсвэл “Хэцүү өдөр тохиоход орж уншдаг шүү” гэж их бичдэг байхгүй юу. Надад ч бас тийм өдрүүд байсан шүү дээ. Бусадтай сайн сайхнаа, муу муухайгаа хуваалцах тэр хань бараатай мэдрэмж өөрөө их чухал гэж боддог юм.”

Нүд нээгдсэн мөчөөс үзэл бодлын эрэлд

й.png

“Миний хүүхэд нас интернэт ховор орчинд өнгөрсөн. Тухайн үед зурагт, Төв аймгийн номын сангаас өөр мэдээлэл авах зүйл байгаагүй. Зурагтаар ямар кино гарна түүнийг л үздэг байлаа. Нэг өдөр, анх төрснөөс авхуулаад зуу гаруй настай шалдан хүмүүс гардаг баримтат кино үзсэн юм. Анх удаа маш олон шалдан хүнийг киногоор дамжуулж харсан учраас тэр дурсамж өөрөө их тод байдаг. Тэр киног үзээд “аан, хүмүүс өөр өөр юм байна” гэдгийг ойлгож, юмсын тухай арай өөр бодолтой болсон юм шиг санагддаг. Ер нь кино үзэх дуртай хүүхэд байсан. Гэхдээ өөрөө кино урлагтай холбогдоно гэж бодож байгаагүй. Би улс төр судлаач мэргэжлээр суралцаж, төгссөн шүү дээ. Хэдий мэргэжлээрээ ажиллаагүй ч улс төр судлалын хүрээнд сурсан зүйлс, ялангуяа философийн болон улс төрийн сэтгэлгээний ойлголтууд маань аливааг эргэцүүлэн бичихэд их хэрэг болж байгаа. Салбарууд өөр хоорондоо ялгаатай юм шиг хэр нь цаад утга, агуулга нь нэг л зүйлийн тухай ярьдаг юм шиг санагддаг.”

Аливааг таньж мэдэх сониуч хүсэл, ажигч гярхай зан, асуудлыг олон талаас тунгаах дадал зэрэг нь аажмаар түүнийг кино урлаг руу хөтөлжээ. Өсөж торнисон орчин, тухайн цаг үеийн нөлөөн дор анх кино урлагтай танилцсан бяцхан охин өдгөө бидний үзээд өнгөрөхдөө анзаардаггүй тэр нандин бүхнийг таниулж, киноны хэлээр бусадтай харилцаж явна. 

“Урлаг заавал гоё сайхан юм үзүүлэх шаардлагагүй шүү дээ”

ё.png

“Миний хувьд илүү үнэнтэй ойр, хэт гял цал биш кино үзэх дуртай. Киноны хамгийн чухал зүйл нь зохиол гэж боддог. Зохиол сайтай гэдэг чинь сайхан зүйлсийн тухай ярина гэсэн үг биш шүү дээ. Хэдий замбараагүй үйл явдалтай байсан ч өгч буй мессеж нь бат нягт байх тусам сайн кино гэж боддог. Нөгөөтээгүүр, тухайн зохиол хувь хүний өөрийн туршлага, дотоод мэдрэмжтэй нь сүлэлдэж гэмээ нь сайн кино болдог юм шиг санагддаг. Бид өөрсдийн туршлагатай ойр зүйлстэй илүү холбоо харилцаа тогтоож чаддаг шүү дээ.

Урлаг заавал гоё сайхан юм үзүүлэх, соён гэгээрүүлэх шаардлагагүй шүү дээ. Хэн ч өөрийн гайхалтай санаагаа зургаар, хөгжмөөр, киногоор хуваалцаж болно. Салхи сэвшээхэд, цас будрахад хүн бүрд ямар нэгэн мэдрэмж төрдөг. Гагц түүнийг л илэрхийлж байна уу, үгүй юу гэдэг л чухал байх. Аливааг бичиж найруулахын тухайд гэвэл аль болох мэдэрч болох бүх зүйлийг мэдэрч, өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй юм билээ. Бичих зүйлсийн санаа сэдэл, үгс өөрөө л орж ирдэг. Жишээлбэл, ширээн дээр асгарсан нүүрний будгийг хараад эмэгтэй хүний талаар хийсвэрээр төсөөлнө шүү дээ. Найз залуу нь хамаг будгийг нь тараагаад явсны дараа эмэгтэй хүн ямар сэтгэл зүйтэй үлдэх вэ гэдэг ч юм уу. Аль эсвэл хайртай эмэгтэй нь нүүрээ будаад өөр залуутай уулзахаар явж байгааг залуу нь мэдсэн хэр нь гэртээ үлдвэл яах вэ гээд л “ийм нөхцөлд хүн юу мэдрэх вэ, ямархуу царай төрх гаргах вэ” гэж бодож байгаад жижиг бичвэрүүдээ бичдэг.”

Залуусын оролцоо бол өөрчлөлтийн эхлэл

“Амьдралаас мэдэрч болох хамгийн гоё мэдрэмж бол эрх чөлөө. Харин эрх чөлөө гэдэг хэн ч байсан, хэний ч хамааралгүйгээр аливаа зүйлийн тухай нам гүм орчинд эргэцүүлэн бодох цаг хугацаатай байхыг хэлэх болов уу” хэмээх энэ үгс  түүний дотоод дуу хоолойг илтгэж байлаа. Тэрбээр эрх чөлөөгөө эдэлж, эргэцүүлж, “залуусын улс төрийн оролцоо яагаад чухал вэ”, “ирээдүйнхээ төлөө хариуцлага хүлээх гэдэг ямар утгатай вэ” зэрэг олон асуултад хөтлөгдөж, анхны санаагаа уран бүтээл болгосон нь “18 хоног” баримтат кино. УИХ-ын сонгуулийн тухай баримтат кино бүтээж, ардчиллын амьд механизмыг залуус хэрхэн ойлгож, мэдэрч, оролцож буйг харуулахыг зорьсон нь нэн онцлог байв.

ы.png

“Хийхгүй л бол болохгүй зүйлс бидний эргэн тойронд олон. Тухайлбал, сонгууль гэж юу болох, яагаад чухал болох талаар өсвөр насны хүүхдүүдэд үзүүлэх олигтой кино өнөөдөр бидэнд байхгүй байна шүү дээ. Эрх чөлөө, ардчиллын тухай ярьдаг хэр нь анхны сонгуулиа өгөх гэж байгаа залууст мэдээлэл хомс байна. Залуус бид болохгүй зүйлсийн ард л дуугараад байгаа шүү дээ. Гэвч тэдгээрийг болохгүй гэдгийг мэдсэн хэр нь бид өөрсдөө сонгодог. Тиймээс сонголтынхоо араас “болохгүй юм байна” гэдэг биш урьдчилаад “ийм юм болдог шүү” гэдгийг үзүүлж, өөрсдийн нүдээр оролцоо яагаад чухал болохыг ойлгож, мэдээсэй гэсэндээ “18 хоног” баримтат киногоо эхлүүлсэн. Хэрэв үүнийг бичвэрээр хүргэж чадахгүй юм бол киногоор хүргэе гэдэг л бидний зорилго.” 

“Манай кино бол зөвхөн Ноорогийнхны биш 500 гаруй хувь хандивлагчийн кино”

“Анх киноны танилцуулгаа бариад хэд хэдэн кино компанитай уулзахад газрууд “улс төрөөс хол байя” гэсэн жийрхсэн өнгө аястай байсан. “18 хоног” бол улс төрийн биш улс төрийн боловсрол олгох кино шүү дээ. Бид улс төр хийх, улс төрийг ойлгох гэдгийг нэг зүйл гэж боддог. Гэтэл улс төрийн мэдлэг,  улс төрийн сонголт хийх, улс төрч хүн гэдэг чинь өөр ондоо ойлголт. Тиймээс улс төрийн холбогдолтой зүйлс хийж байгаа хүн болгоныг “улс төрийн юм хийж байгаа, улс төр лүү орох гэж байгаа” гэж харах нь өрөөсгөл ойлголт болов уу.

Киноны анхны хандивлагч маань манай найз. АТМ-ээс 20,000 төгрөг аваад “Найзад нь байгаа нь л энэ байна. Ядаж нэг хүний өдрийн хоолны мөнгө болоосой гэж хүсэж байна” гэсэн нь бидэнд маш том урам өгсөн. “Бидэнд ийм санаа байна. Энэ санааг кино болгомоор байна. Сонгуулийн тухай улс төрийн боловсрол олгох, нийгэмд таниулах нь ийм утга, учиртай юм шүү” гээд олон нийтэд нээлттэй танилцуулахад түүнийг дэмжиж байна гэдэг бол нийгэмд эрүүл тогтолцоо байгаагийн шинж шүү дээ. Тиймээс манай кино бол зөвхөн Ноорогийнхны биш 500 гаруй хувь хандивлагчийн кино. Улс орныхоо төлөө санаа зовнидог, сайн сайхан ирээдүй рүү тэмүүлж байгаа, хүсэл эрмэлзэлтэй залуусын итгэл үнэмшилд тулгуурлаж, 36 сая төгрөгийн санхүүжилтийн тусламжтайгаар бүтсэн кино.”

Нийгмийн өнгийг зурсан зургаан дүр

ь.png

Тус кино хэдий нэг хүний санаанаас эхэлсэн ч олон хүний итгэл, оролцоо, хөдөлмөрөөр бий болсон залуусын баримтат кино ажээ. Үндсэн санаа төрсөн мөчөөс эхлээд хөрөнгө босгох, судалгаа хийх, зураг авалт хийх хүртэлх бүхий л үйл явцад залуус өөрсдийн цаг зав, сэтгэл зүрхээрээ оролцсон юм. “Залуус улс төрөөс зайлсхийдэг, огт улс төр сонирхдоггүй” гэх хэвшмэл ойлголтыг халж, өөрчлөлт гэдэг холын зүйл биш, яг эндээс, яг одоогоос эхэлдэг гэдгийг мэдрүүлэх бүтээл болж чадсан гэдэгт итгэлтэй байна.

“Киноны хувьд зургаан дүрээр дамжуулан Монголын нийгмийн олон талт байдлыг харуулахыг зорьсон. Тухайлбал, Төв аймгийн жижиг дунд бизнес эрхлэгч, Эрдэнэт хотын хэвлэл мэдээллийн хэрэгслийн зураглаач, гэрэлтүүлэгч, Эрдэнэт хотоос зайдуу амьдардаг 65 орчим насны малчин, Хан-Уулд амьдардаг анхны сонгуулиа өгч байгаа сонгогч, Сонгинохайрханд амьдардаг анхны сонгуулиа өгч байгаа залуу гэр бүл болон гадаадаас сонгууль өгч байгаа Японы төрийн албан хаагч монгол хүн гэсэн зургаан дүртэй. Эдгээр хүмүүсийн амьдралаар дамжуулаад зөвхөн сонгуулийн үйл явцыг бус нийгмийн хандлага, улс төрийн боловсрол, төр засгийн бодлогын хэрэгжилт болон хүмүүсийн ирээдүйдээ итгэх итгэл зэрэг олон зүйлийг харуулахыг зорьсон. 

“Улс төрийн мэдлэггүй байдлаасаа болж бид эрх чөлөөгөө алдана”

м.png

Баримтат кино учраас тухайн нийгэм, цаг үеийнхээ аж байдлыг баримтжуулан үлдэж байгаа нь гарцаагүй үнэн. Гэвч зөвхөн 2024 оны сонгуулийн үйл явдлыг баримтжуулж, хэн нэгнийг харлуулах гэх мэт ямар нэгэн улс төрийн зорилгоор ашиглах гээд байгаа юм биш. Сонгуулийн ард ямар процесс өрнөдөг, сонголт гэдэг зүйл ямар үнэ цэнтэй вэ гэдгийг л харуулахыг зорьсон. 2025 онд ч, 2050 онд ч өсвөр насныхан энэ киног үзээд сонгууль гэж юу вэ, миний оролцоо яагаад чухал вэ гэдгийг л ойлгох чухал. Улс төрд оролцдоггүй, улс төрийн мэдлэггүй байдлаасаа болж бид эрх чөлөөгөө алдана шүү дээ. Тиймээс “18 хоног” киног гэгээн сэтгэлээр хийж байгаа гэдгийг бид баттай хэлж чадна. Зураг авалт л 18 хоног үргэлжилсэн болохоос биш процесс одоог хүртэл үргэлжилж, пост-продакшны шатандаа явж байгаа. Намраас олны хүртээл болно.”

“Бичих бол миний ганц хийж чадах зүйл” хэмээн эхэлсэн  түүний замнал ганцаардлаас уран бүтээл, нийгмийн өөрчлөлт рүү хөтөлжээ. “Phoenix Tsotan’s diary”-гаас “18 хоног” баримтат кино хүртэл зүрхнийхээ очийг кино хальснаа буулган, эрх чөлөө, оролцооны үнэ цэнийг мөнхөлж, залуусын дуу хоолойг эрэлхийлж, илэрхийлж яваа О.Пагма энэ удаа бидний нэг боллоо. Нийтлэлийг уншиж, мөн бидний нэг болсон уншигч танд талархъя.

 

Гэрэл зургийг: Д.Занданбат

Холбоотой нийтлэлүүд

О.Пагма: Амьдралаас мэдэрч болох хамгийн гоё мэдрэмж бол эрх чөлөө - Posted