Залуусын орон зай

Эхлээд өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн

TsoilogsoZ2024.01.155 минут унших
Эхлээд өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Биднийг бага байхад YeYe, Nescafe гээд найруулдаг кофенууд л байдаг байсан. Кофег түүгээр л төсөөлдөг байв.

Тэрнээс өөр кофе байдгийг ч мэддэггүй байлаа. Улмаар нэг удаа американо ууж үзэхэд их таалагдаж, тогтмол уух болсноор кофены хорхойтой болсон. Анх нойр сэргээж байгаа нь бас амт нь таалагддаг байсан. Үүнээс цаашлаад кофены надад өгч буй нөлөөг анзаарч үүнийг хэрхэн өөрт ашигтай байлгаж болох вэ гэж бодсоор кофенд илүү их дурласан. Кофены ачаар миний амьдралд олон эерэг өөрчлөлтүүд гарсны хамгийн чухал нь бусад хорт зуршлуудаасаа салсан явдал байсан юм.

Ихэнх хүмүүс кофе гэхээр нэг баристагийн найруулж өгдөг кофе, сүү л гэж ойлгодог. Гэтэл энэ ундаа нь дэлхийн даяар шинжлэх ухаан болоод хөгжиж буй зүйл. Шинжлэх ухаан цаашаа зогсолтгүй хөгжих зарчимтай байдаг шиг, кофе ч цаашид зогсолтгүй хөгжсөөр л байх болно. Хүмүүс нэг тогтмол ойлголтдоо баригдаад зогсчихдог. Тэгж болохгүй. Нэрс жимсийг нухаад ч ууж болно, юугаар ч хязгаарлагдахгүй. 

Кофе бэлтгэхэд сэтгэл хөдлөл, сонсож байгаа дуу ч шууд нөлөөлдөг. Бэлтгэж буй хүн өөрөө аз жаргалтай байж, кофегоор дамжуулж бусдад юу өгч байгаагаа мэддэг, мэдэрдэг байх нь амттай кофены нэг том нууц болов уу.

Амьдралдаа гаргасан хамгийн том шийдвэрүүдийн нэгийн үр дүнд би одоо бариста хийж байна. 

“Zero point” гэдэг шүү дээ, тэг цэгээс амьдралаа шинээр эхлүүлэх шийдвэр. Миний сургалтын төлбөр, амьдралын хэрэгцээг бүгдийг нь гэрийнхэн бэлдэж өгдөг байсан юм. Оюутан хүн өөрөө гар дээрээ эргэлдүүлэх мөнгө байхгүй, санхүүгийн хувьд бүрэн гэр бүлээсээ хараат. Улмаар тэдэнд дарамт учруулах нь намайг тавгүйтүүлж эхэлсэн хэрэг. АШУҮИС-ийн оюутан учраас цагийн ажил хийх чөлөө бараг үгүй. Улмаар сургуулиасаа нэг жил чөлөө авахаар шийдсэн. Мэдээж гэр бүлийнхэн эсэргүүцэж байсан. Гэхдээ энэ бол миний л амьдрал, алдсан ч оносон ч шийдвэрээ би өөрөө л гаргах ёстой тул чөлөөгөө авсан. Буцаж сургуульдаа орох үедээ төлбөр, амьжиргааны зардал зэргээ цэвэр өөрөө даах зорилготойгоор бариста хийж эхэлсэн. Анзаараад байхад бид өөрсдийн бодол санаа, дотоод мэдрэмжүүдийг таньж мэдэх нь хамгаас чухал. Гэтэл үүнийг аль ч шатны боловсролын байгууллагад заадаггүй. Гагцхүү бид өөрсдөө эрэл хайгуул хийж, судалж л олж авах мэдлэг юм. 

Улмаар залуус бид нүдээ л нээх хэрэгтэй байна. Гадагшаа бус дотогшоо эхлээд өнгийж харах хэрэгтэй. Бүхий л зүйл дотор хүнээ таньж, шаардлагатай өөрчлөлтийг хийхээс эхэлнэ.

Магадгүй "Чи өөрөө хэн юм?", "Юу хийж бүтээсэн юм?" гэж бодож байгаа хүмүүс байгаа байх. Ярьж буй агуулгад биш хэн ярьж байна гэдэгт илүү ач холбогдол өгдөг болсон шүү дээ. Залуус хэн нэгний ярианы гол цөм, санааг ойлгож дор бүрнээ эргэцүүлж, дүгнэж чаддаг байгаасай гэж хүсдэг. Өөрчлөлт хийж, хамтдаа хөгжих хүсэлтэй нэгнийгээ ад үзэж, муулах эсвэл өрсөлдөх хандлага их байгаа харагддаг. Нэгнийхээ дээр гарах биш нэг нийт болоод хөгжиж, нэгнээсээ суралцдаг байх л чухал.

Одоо үе өөр болсон шүү дээ. Бид өмнөх үеэсээ суралцсан агуу их туршлага байна, мөн түүнийгээ дараа үедээ өвлүүлж үлдээх хариуцлага ч байна. Тиймээс бид өөрсдийн оюун санааны бохирдлыг цэвэрлэж, буруу зуршлаасаа салж, өөрчлөгдөх хэрэгтэй байна. Магадгүй хүмүүсийн нүдэнд би их сургуулиа ч төгсөөгүй, бариста харагдаж байгаа байх. Гэхдээ би өөрийнхөө амьдралд, өөрийн сонголтод сэтгэл хангалуун байгаа. Нэг жилийн чөлөө аваагүй бол өдийд сургуулиа төгсчихсөн байх байсан хэдий ч өөрийн хүссэн амьдралаар амьдарч чадахгүй л байх байсан болов уу. Миний гол зорилго сүлжээ кофе шоптой болж, амжилтад хүрэх биш. Зүгээр л хийж буй үйлдэл, хандлагаараа бусдад нөлөө үзүүлж, нийгмийн хариуцлагатай нэгэн хэсэг байх. Хэдий хөлөө олоогүй, сурах зүйл их байгаа ч энэ эрчээрээ үргэлжлүүлэн хичээж нийгэмд үнэ цэнтэйгээр хувь нэмрээ оруулсаар байх болно.

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд