Английн алдарт Fulham F.C. клубийг зорих бяцхан одод
Спорт
Б.Хулан
Б.Хулан
2024.10.11
5 минут
Английн алдарт Fulham F.C. клубийг зорих бяцхан одод

Fulham F.C. клубийн Өсвөрийн академийн дасгалжуулагчид Мэттью Бриггс, Янник Жин нар Монголд аравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Монголын хөл бөмбөгийн холбооны талбайд 6-16 насны 160 хүүхдийг хамруулсан сургалт зохион байгуулсан билээ. Тус сургалтаас 11 хүүхдийг сонгосон бөгөөд шалгарсан 11 хүүхэд Английн Лондон хотыг зорин, Fulham F.C. клубийн Өсвөрийн академийн хаврын улирлын бэлтгэлд хамрагдахаар болоод байгаа юм. Тодруулбал, U 12-10 насны ангилалд Н.Маргад, Ж.Идэржавхлан, Н.Давааням, Т.Маргад, Б.Ган-Эрдэнэ, Ч.Мандахнар, А.Тэмүүн, Ц.Нямбаяр, О.Энэрэлт, Б.Дүүрэнбаясгалан, М.Хүслэн нар багтжээ.

Хөл бөмбөгийн спорт дөнгөж хөгжиж эхэлж байгаа манай улсын хувьд өсвөрийн хөл бөмбөг сонирхогчид маань Английн Fulham F.C клуб руу зорин очиж бэлтгэл хийх гэж буй явдал нь томоохон туршлага, шинэ сорилт болж байгаа юм. Энэхүү нийтлэлээрээ бид Монголын хөл бөмбөгийн хөгжлийн нэгэн онцлох хэсгийг бүтээн, шандас сорин, хүсэл мөрөөдлийнхөө зүг тэмүүлж буй өсвөрийн хүүхдүүдийн яриаг хүргэж байна. Уншигч та бүхэн хүсэл тэмүүллээр жигүүрлэсэн 11 өөр ертөнцөөр аялна уу.

“Дэрэн” клубийн тоглогч Б.Ган-Эрдэнэ: Fulham F.C.-ийн бэлтгэлийн туршид хууралт сайн сурсан

Английн алдарт Fulham F.C. клубийг зорих бяцхан одод

Намайг Б.Ган-Эрдэнэ гэдэг. Би 10 настай. Нийслэлийн Ерөнхий Боловсролын 141-р сургуулийн 5-р ангийн сурагч. “Дэрэн” клубт хамрагддаг. Хөл бөмбөг тоглодог болоод 3 жил болж байна даа. Дэлхийн хөл бөмбөгчдөөс Лионель Мессиг дэмждэг, баг гэвэл Chelsea F.C багийг нэрлэмээр байна. Анх хөгжилтэй бас гоё болохоор би энэ спортод дурласан. Fulham F.C  клубийн бэлтгэлд хамрагдах хүүхдүүдийн нэг болсон гэхээр гоё байна. Миний тоглодог байрлал зүүн жигүүр болохоор энэ 4 хоногийн бэлтгэлийн туршид хууралт сайн сурсан. Хууралт сайтай, сайн цохидог байхад болчих байх даа гэж боддог.

“Дэрэн” клубийн тоглогч Н.Маргад: Илүү сайн тоглож сураад алдартай хүн болмоор байна

Английн алдарт Fulham F.C. клубийг зорих бяцхан одод

Намайг Н. Маргад гэдэг. Одоо 13 настай. Би нийслэлийн Ерөнхий Боловсролын 1-р сургуулийн 8-р ангид суралцдаг. “Дэрэн” клубд явдаг. Хөл бөмбөг тоглоод 5 жил болж байна. Миний хувьд Real Madrid F.C багийг дэмждэг. Би анх Швед рүү очиж сурахад тэнд эрчүүд нь л  хөл бөмбөг тоглож байсан. Үүнийг хараад “За би ганц удаа тоглоод үзье” гээд зориглосон юм. Ганцаараа охин болохоор ч тэр үү хүмүүс  ”Чи чинь охин шүү дээ, чи хөлбөмбөг тоглож чадахгүй” гэхийг сонсоод би “Би чадна аа, би харуулна” гэдэг байсан. Тэгээд илүү сайн тоглож сураад алдартай хүн болмоор байна гэж бодсон. Fulham F.C-ийн бэлтгэлд шалгарсандаа сэтгэгдэл маш өндөр байна. Маш их  баярлаж байгаа. Бэлтгэл хийх хугацаандаа олон шинэ зүйл сурсан. Жишээ нь, багаараа тоглох чухал. Бөмбөгөө аваад ганцаараа явахгүй, багийнхнаа харах. Мөн урагшаа заавал яваад хэрэггүй, арагшаа бас анхаарах хэрэгтэй. Сул хүн байна уу, үгүй юу гээд л. Байвал хурдан тэр хүн рүү бөмбөгөө дамжуулах хэрэгтэй. Дамжуулахдаа удахгүй байхыг хичээх хэрэгтэй гэхчлэн олон зүйлийг сурч авлаа. Би зүүн жигүүрийн байрлалд тоглодог л доо. Хурдан гүйх дуртай маань хөл бөмбөгт дурлах бас нэгэн шалтгаан болсон гэж боддог.

“Хоромхон” клубийн тоглогч Ж.Идэржавхлан: Багийнхандаа итгэж, найдвартай тоглоход суралцсан 

Английн алдарт Fulham F.C. клубийг зорих бяцхан одод

Намайг Ж.Идэржавхлан гэдэг. 12 настай. Би нийслэлийн Ерөнхий Боловсролын 28-р сургуулийн 7-р ангийн сурагч. Одоо “Хоромхон” клубт тоглож байгаа. Хөлбөмбөг тоглоод 7 жил болж байна. Би дэлхийн хөл бөмбөгийн тоглогчдоос Лионель Мессигээс урам зориг авдаг. Мөн Barcelona F.C багийг дэмждэг. Би жаахан байхдаа нэлээн утас ухдаг хүүхэд байсан л даа. Тэгтэл манай ах өөрөө “Хоромхон” клубт тоглодог байхдаа нэг л өдөр утсаа боль гээд намайг авч явснаар би энэ спортод дурлах болсон. Тэр үеэс хойш ахтайгаа бэлтгэл рүү нь явъя гэж шалдаг болсон доо. Манай ах тэр өдрүүдэд бэлтгэлдээ явна. “Би чамайг шаардаж, хүчлэхгүй ээ, чи босвол босоод босохгүй бол орхиод л явна” гэж хэлдэг байлаа. Үүний ачаар би өдий зэрэгтээ хүрсэн. Мөн талийгаач багш маань намайг магтаж, улам сайн болоорой гэж их урам зориг өгдөг байсан л даа. Fulham F.C клубийн хаврын бэлтгэлд хамрагдах болсон нь надад маш гоё санагдаж байгаа. Би өөрийгөө тэнцэхгүй байхдаа л гэж бодож байсан. Энэ хугацаанд хамгийн гол нь багийнхандаа итгэх, сайн муугаар нь ялгахгүйгээр тэдэндээ итгэж, найдвартай тоглохыг сурсан. Би хамгаалагч. Хамгаалагч байхын тулд биетэй, хурдтай, цохилттой байх ёстой. Тоглолт ар талаас дандаа эхэлдэг. Тэгэхээр эхэлж урагшаа хараад, дараа нь хойшоо харах, боломжгүй тохиолдолд хажуу тийшээ харж тоглодог. Тэгээд ч болохгүй байвал хаалгач руу харж тоглоно. 

“Унаганууд” клубийн тоглогч Н.Давааням: Бэлтгэлээс сурсан хамгийн чухал зүйл гэвэл багийн ажиллагаа

Английн алдарт Fulham F.C. клубийг зорих бяцхан одод

Намайг Н.Давааням гэдэг. Би 12 настай. Нийслэлийн Ерөнхий Боловсролын 127-р сургуулийн 7-р ангид суралцдаг. Миний хамрагддаг клуб гэвэл “Унаганууд” клуб. Хөл бөмбөг тоглоод 4 жил болж байна. Багаасаа дэлхийн хөл бөмбөгчдөөс Криштиану Роналдуг шүтдэг байсан. Дэмждэг баг маань Real Madrid F.C юм л даа. Манай аав биеийн тамирын багш байсан болохоор би багаасаа хөл бөмбөг үзэж бас тоглодог байсан юм. Ингэж анх хөл бөмбөгт дуртай болсон. Fulham F.C клубийн бэлтгэлд хамрагдана гэхээр үнэхээр гоё санагдаж байгаа. Учир нь 4 жил хүлээсний эцэст сая нэг юм мөрөөдсөндөө хүрэх боломж олдлоо. Миний хувьд бэлтгэлээс сурсан хамгийн чухал зүйл гэвэл багийн ажиллагаа байсан. Мөн нэгнийгээ урамшуулах. Өөрийн зүгээс дамжуулалт тогтоолт, цохилтоо улам сайжруулсан. Би яг голд довтолгоог найруулж буцаж хамгаалаад ер нь довтолгоо хамгаалалтыг хольж тоглодог. Миний хувьд дандаа дээшээ харж тоглох, ард байгаа хүнээ шалгах, голдоо удаж болохгүй, заавал пассаа өгч довтолгоо руугаа явах ёстой. 

“Хоромхон” клубийн тоглогч Т.Маргад: Сайн довтлогч байхын тулд цохилт, дамжуулалт хамгийн чухал

Английн алдарт Fulham F.C. клубийг зорих бяцхан одод

Намайг Т.Маргад гэдэг. Би одоо 12 настай. Нийслэлийн Ерөнхий Боловсролын 30-р сургуулийн 7-р ангид суралцдаг. Би “Хоромхон” клубт тоглодог. Хөл бөмбөг тоглоод 4 жил болж байна. Дэлхийн хөл бөмбөгчдөөс гэвэл Криштиану Роналдугаас л урам зориг авдаг. Дэмждэг баг минь Real Madrid F.C. Анх байрныхаа гадаа найзуудтайгаа тоглож байхад найзууд маань ”Чи тоглооч гоё спорт шүү дээ” гэхээр нь анх хөл бөмбөг тоглож үзсэн. Гоё спорт байсан. Тэгээд л би хөл бөмбөг тоглодог болсон доо. Fulham F.C клубийн бэлтгэл рүү хамрагдана гэхээр маш гоё санагдаж байгаа. Сая сургалтын явцад өмнөх цохилт, дамжуулалт, булангийн цохилтоо сайжруулсан. Би довтлогчийн байрлалд тоглодог л доо. Довтлогч байхын тулд цохилт, дамжуулалт хамгийн чухал. Оновчтой цохихын тулд цохилтоо л сайжруулах хэрэгтэй.

“Дэрэн” клубийн тоглогч Ч.Мандахнар: Довтлогч байхын тулд айхгүй бас хурдан байх хэрэгтэй

Английн алдарт Fulham F.C. клубийг зорих бяцхан одод

Намайг Ч.Мандахнар гэдэг. Одоо 10 настай. Би нийслэлийн Эрдмийн Өргөө сургуулийн 5-р ангийн сурагч байна. Одоо “Дэрэн” клубт хамрагддаг. Хөл бөмбөг тоглоод 4 жил болж байгаа. Дэлхийн хөл бөмбөгийн оддоос Криштиану Роналдуг харж урам авч өссөн. Дэмждэг багийн хувьд гэвэл Real Madrid F.C юм. Анхнаасаа хөл бөмбөг надад гоё бөгөөд хөгжилтэй санагдсан болохоор тоглож эхэлсэн. Английн Fulham F.C клубийн бэлтгэлд орно гэхээр гоё санагдаж байна. Бэлтгэл үргэлжилсэн 4 хоногийн хугацаанд хуурч, хамгаалж сурсан. Мөн гоё цохиж сурсан юм байна. Дүгнэж хэлэхэд эдгээрийг л сурсан даа. Би урд талын байрлалд довчлогчоор тоглодог. Тиймээс довтлогч байхын тулд айхгүй, хурдан байх хэрэгтэй. Хоёр тал буюу зах руугаа дамжуулалт өгөөд тоглох хэрэгтэй. 

 “BHC Lions F.C” клубийн тоглогч А.Тэмүүн: Fulham F.C клубийн бэлтгэлд хамрагдах их гоё байсан бас олон ч найзтай болсон

Английн алдарт Fulham F.C. клубийг зорих бяцхан одод

Намайг А.Тэмүүн гэдэг. Одоо 11 настай. Би нийслэлийн Ерөнхий Боловсролын 10-р сургуулийн 6-р ангид суралцдаг. Миний хувьд “BHC Lions F.C” клубт тоглодог. Хөл бөмбөг тоглодог болоод 6 жил болж байна. Дэлхийн хөл бөмбөгчдөөс Киллиан Мбаппег шүтдэг, Real Madrid F.C багийг дэмждэг. Манай ах хөл бөмбөг тоглодог л доо. Түүнийг хараад хөл бөмбөг тоглохыг хүссэн. Fulham F.C клубийн бэлтгэлд хамрагдахад их гоё байсан, олон ч найзтай болсон. Энэ хугацаанд хөдөлгөөн болон зөв засах, зөв байрлахыг сурлаа. Миний үндсэн байрлал хагас хамгаалагч л даа. Энэ нь дамжуулалтаа авч, өгөөд л бүх юманд л хэрэгтэй. 

“Хоромхон” клубийн тоглогч Ц.Нямбаяр: Хагас хамгаалагчид багаа дамжуулалтаараа авч явдаг

Английн алдарт Fulham F.C. клубийг зорих бяцхан одод

Намайг Ц.Нямбаяр гэдэг. Одоо 10 настай. Нийслэлийн Ерөнхий Боловсролын 28-р сургуулийн 5-р ангид суралцдаг. “Хоромхон” клубт тоглодог. Хөл бөмбөг тоглоод 3 жил болж байна. Дэлхийн хөл бөмбөгчдөөс Лионель Мессиг дэмждэг, багуудаас Real Madrid F.C. Манай ах л намайг дагуулж гардаг байсан. Ахыг дагаж гардаг байсан болохоор аажимдаа хөл бөмбөгт дуртай болсон гэх үү дээ. Тэгээд л хичээлээ тарж ирээд байнга тоглодог болсон. Fulham F.C клубийн бэлтгэлд хамрагдахаар явна гэж бодохоор л ёстой гоё байсан. Шалгарсан 11 хүүхдийн нэрсийн зарлахын өмнө би шалгарчихвал гоё доо гэж бодож байтал хамгийн сүүлийн мөчид шалгарсан. Сургалтын хугацаанд 1х1, 2х2-т сайн харилцаатай байхаас эхлээд бүх л юм сайжирсан. Би хагас хамгаалагч л даа. Хагас хамгаалагчид ер нь багаа дамжуулалтаараа авч явдаг. 

“Вестерн” клубийн тоглогч О.Энэрэлт: Дэлхийн хөл бөмбөгийн тоглогчдоос гэвэл Криштиану Роналдугаас урам зориг авдаг

Английн алдарт Fulham F.C. клубийг зорих бяцхан одод

Намайг О.Энэрэлт гэдэг. Би одоо 11 настай. Нийслэлийн Ерөнхий Боловсролын 80-р сургуулийн 6-р ангид суралцдаг. Одоогоор “Вестерн” клубт хамрагддаг. Хөл бөмбөг тоглодог болоод 2 жил болж байна. Дэлхийн хөл бөмбөгийн тоглогчдоос гэвэл Криштиану Роналдугаас урам зориг авдаг. Real Madrid F.C багийг их дэмждэг. Анх 6 настайдаа гадаа гараад хөл бөмбөг тоглож үзсэн чинь гоё санагдсан. Сая болж өнгөрсөн Fulham F.C клубийн сургалтад яваад 1x1 харилцаан дээр мөн 2x2 харилцаан дээр их сайжирсан. Би баруун жигүүрийн довтлогчийн үүрэгт тоглодог л доо. Довтлогч байхын тулд булангаас бөмбөг ирэнгүүт дамжуулалт өгөх ёстой байдаг. 

 “Хоромхон” клубийн тоглогч Б.Дүүрэнбаясгалан: Довтлогч багийнхнаа сайн уншиж, хамгаалагч тайван тоглох хэрэгтэй

Английн алдарт Fulham F.C. клубийг зорих бяцхан одод

Намайг Б. Дүүрэнбаясгалан гэдэг. Одоо 12 настай. Би нийслэлийн Ерөнхий Боловсролын 5-р сургуулийн 7-р ангийн сурагч. Одоо “Хоромхон” клубд хамрагддаг. Би Лионель Мессигээс урам зориг авдаг. Мөн Barcelona F.C, Manchester City F.C багийг дэмждэг. Анх таван настайгаасаа хөл бөмбөг тоглож эхэлсэн. Гэрийнхэнтэйгээ тоглож байгаад, их гоё гоол хийгээд байсандаа урамшаад хөл бөмбөг тоглоё гэж шийдсэн юм байна. Fulham F.C клубийн бэлтгэлд хамрагдах хүүхдүүдийн нэг болонгуут их сандарч догдлоод гоё байсан. Энэ дөрөв хоногийн бэлтгэлийн туршид 1х1-д их сайжирсан. Цохилт ч гоё болоод байгаа. Миний хувьд клуб дээрээ довтолдог, академи дээрээ хамгаалж тоглодог. Тиймээс довтлогч байхын тулд багийнхнаа маш сайн уншдаг байх хэрэгтэй. Хаана хаана явж байгаа, ийшээ гарч байна, тийшээ гарч байна гэдгийг сайн харах ёстой. Хамгаалагч байхын тулд бөмбөг рүү яарах хэрэггүй. Тэгвэл амархан хуурагддаг. Тиймээс тайван удаан тоглох хэрэгтэй байдаг. 

“Ховд вестерн” клубийн тоглогч М.Хүслэн: Эми Мартинез бол миний үлгэр жишээ

Английн алдарт Fulham F.C. клубийг зорих бяцхан одод

Намайг М. Хүслэн гэдэг. Би одоо 11 настай. Нийслэлийн Ерөнхий Боловсролын 82-р сургуулийн 6-р ангид сурдаг. Хамрагддаг клуб маань “Ховд вестерн” клуб. Хөл бөмбөг тоглоод 3 жил болж байна. Дэлхийн хөл бөмбөгийн тоглогчдоос Эми Мартинезээс их урам зориг авдаг. Дэмждэг баг гэвэл Barcelona F.C. Би нэг удаа зурагтаар хөлбөмбөгийн сурталчилгаа үзээд, шууд хөл бөмбөг тогломоор санагдаад, тэгээд л энэ спортод дуртай болсон. Өөрийгөө энэ 11 хүүхдийн тоонд багтах болов уу гэж дотроо их бодож байсан л даа. Тэгтэл Fulham F.C клубийн бэлтгэлд хамрагдахаар явах хүүхдүүдийн нэг болж чадсан гэхээр ёстой гоё санагдаж байна. Өнгөрсөн дөрөв хоногийн хугацаанд цохих техник болон яаж хүнээс дамжуулалт авахыг сурсан. Би одоо хаалгач хийдэг. Хаалгач байхын тулд сунгалт сайтай байх ёстой.