❓Маш энгийн асуулт. Өрсөлдөөн маркетингийн хамгийн хүчтэй зэвсэг мөн үү?
Судалгаа ухаж үзвэл, бизнесийн салбарт тодорхой хэмжээний өрсөлдөөн байх нь шинэ санаа сэдэх, турших, зогсолтгүй өсөх гол хүчин зүйл болдог гэдгийг тодорхой бичиж өгсөн байна. Тэгвэл бусад салбарт, тэр тусмаа урлагийн салбарт өрсөлдөөн яг ямар нөлөөтэй байдаг вэ? АНУ-ын хөгжмийн салбарын өнгөрсөн 30 жилийн түүхэнд:
Эдгээр хөгжмийн “мангас”-уудын өрсөлдөөн нь тухайн цаг үедээ хэвлэл мэдээллийнхний хувьд хамгийн “амттай, мөлжүүртэй” сэдвүүдийн нэг болж байсан нь ч үнэн. ТЭГВЭЛ! Энэ мэт уран бүтээлчдийн хоорондын асуудал хэвлэлээр “сэвэгдэх” нь тухайн дуучдын ашиг орлого, борлуулалтад яаж нөлөөлж байсныг хамтдаа судалж үзэцгээе.
❗Гэхдээ эхлэхээс өмнө бидний ойлгох ёстой нэг зүйл бий, зөвхөн адил түвшинд үнэлэгддэг хоёр субъект л “өрсөлдөөн” үзүүлдэг жамтай.
1990-ээд оны хип хоп хөгжмийн гол тоглогчид болох Түпак Шакур, Бигги Смоллс нарын өрсөлдөөнийг авч үзье. Нью-Йорк хотоос гаралтай хоёр залуу 1993 онд анх танилцаж дотно болсон байдаг. Бигги Смоллс Түпак Шакураас өөрийнх нь менежер болж өгөхийг ч хүсэж байсан гэдэг. Харамсалтай нь 1994 онд Нью-Йорк хотод Түпакийн аминд хүрэх оролдлого гарч, энэ хэрэгт Түпак Бигги Смоллс болон түүний менежер Пафф Дэдди нарыг сэрдэж эхэлснээр хоёр репперийн харилцаа хазайсан байдаг. Ингээд Түпакийн хувьд Лос-Анжелес хотод төвтэй “Death Rows” дуу бичлэгийн студид харьяалагдах болсноор хоёр залуугийн асуудал АНУ-ын хоёр эргийнхний асуудал болсон юм. 1995 онд Бигги Смоллс Түпакд зориулсан “Who Shot Ya” дуугаа цацаж, үүний хариуг Түпак “Hit’Em Up” дуугаараа барьсан байдаг.
Энэ өрсөлдөөн реппер Түпакийн цомгийн борлуулалтад яаж нөлөөлөв? Түүний 1993 онд гаргаж байсан цомгийн статистикийг хоёр репперийн өрсөлдөөн улам ширүүсэж эхэлсэн 1996 онд цацагдсан цомогтой харьцуулж үзвэл асар өндөр өсөлт ажиглагдаж байна.
Реппер Бигги Смоллсын хувьд бүр ч өндөр өсөлтийг үзүүлсэн байдаг. Тухайлбал:
2009 оны MTV “Шилдэг хөгжмийн видео шалгаруулах ёслол”-д дуучин Тэйлор Свифт “You Belong With Me” дуугаараа “Шилдэг эмэгтэй дуучны клип” шагналыг хүртэж байв. Түүнийг шагналаа гардаж авах мөчид реппер Канье Уэст тайзан дээр гарч ирэн “Уучлаарай, би чиний өмнөөс баяртай байна. Гэхдээ Бейонсе бүх цаг үеийн хамгийн шилдэг клипнүүдийн нэгийг хийсэн шүү.” гэж хэлсэн байдаг.
Хэдий энэ явдлын дараа Канье Уэст түүнээс уучлалт хүсэж, дуучид учраа олсон гэдэг ч яг дараа жилийх нь арга хэмжээн дээр дуучин Тэйлор Свифт Канье Уэст-д зориулсан гэгдэх “Innocent” дуугаа олонд толилуулж байв. Үүний дараа хоёр супер одын хооронд маш олон асуудал өрнөсөн бөгөөд реппер эр 2016 онд “Famous” нэртэй дуу цацаж байв. Энэ дуунд Тэйлор Свифтийн нэрийг дурдан түүний талаар ёс бус үг хэллэгүүдийг ашигласан байдаг. Мөн, Ким Кардашианы ил болгосон хоёр дуучны хоорондын утасны яриа гэх мэтчилэн үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон цуурхлууд тэднийг тойрон гарсаар байв. Товчоор ийм үйл явдал болсон бөгөөд олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг аваад байсан Тэйлор Свифт “Reputation” нэртэй цомгоо 2017 онд цацаж томоохон мэдэгдэл хийсэн юм.
Энэ цомгийн гол дуу болох “Look what you made me do” бүтээл нь дуучин бүсгүйн хувьд өнгөрсөн хэдэн жилд болж өнгөрсөн үйл явдлууд өөрийг нь юу хийхэд хүргэсэн талаар хүүрнэсэн “маш цохилттой” дуу байв. Мөн тус цомогт багтсан “This Is Why We Can’t Have Nice Things” цэвэр Канье Уэстэд зориулсан бүтээл юм.
Хэдийгээр “Reputation” цомог дуучин Тэйлор Свифтийн хувьд хамгийн шилдэг цомог нь байгаагүй ч 2017 онд цацагдсан хамгийн амжилттай цомгуудын нэг маргаангүй мөн байв. Тухайлбал:
Харин реппер Канье Уэст дээр дурдсан Famous зэрэг бүтээлүүдээс бүрдсэн “The Life of Pablo” цомгоо өөрийн нэрийн Yeezy пүүзний гурав дахь коллекцтой цуг 2016 онд Нью-Йорк хотын Медисон сквер гарденд танилцуулж байв. Энэ үйл ажиллагаа нь Адидас брэндийн 2016 оны эхний улирлын борлуулалтыг өмнөх улирлаас 5.5 сая ам.доллар буюу 17 хувиар өсгөж байжээ.
Дээрх статистикуудаас харахад уран бүтээлчдийн дундах өрсөлдөөн, түүнийг дагасан хов жив цомгийн борлуулалтад чамлахааргүй өсөлтийг авчирдаг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, жинхэнэ эсэхээс нь үл хамаараад дуучид хоорондын үл ойлголцол, “battle” тэдний хувьд МАШ АШИГТАЙ МАРКЕТИНГ БОЛДОГ АЖЭЭ.
💡 Тэгвэл бусад салбарт өрсөлдөөн ямар нөлөөтэй байдгийг товчхон авч үзье. Колумбын Их Сургууль, Нью-Йоркийн Их Сургуулиас хамтран гүйцэтгэсэн судалгаанд Америкийн Үндэсний Коллежийн Сагсан бөмбөгийн лигийн өнгөрөгч 34 улирлын тоглолтуудад анализ хийжээ. Үүнд нийт 73 багийн датаг цуглуулсан бөгөөд холбогдох материал, сонин хэвлэлээс эдгээр багуудын “гол өрсөлдөгч” буюу “rival” багуудыг тодорхой болгожээ.
Улмаар аль нэг баг лигийн аварга болоход тухайн багийн “мөнхийн өрсөлдөгч” гэгдэх багийн дараа улирлын амжилт мэдэгдэхүйц хэмжээгээр өсөж байгаа нь ажиглагдсан байна. Энэ бүгдээс харахад өрсөлдөөн ямар ч салбарт өөрийгөө улам бүр дайчлах, цаашлаад амжилтад хүрэх чухал хөшүүрэг болдог нь үнэн ажээ. ГЭХДЭЭ!
2019 онд хийгдсэн нэгэн судалгаанд бакалавр, магистрын түвшний нийт 201 оюутныг хамруулан, ямар ч хамаагүй үсгүүд өгч түүгээр хэр олон үг бүтээж чадахыг нь сорьжээ. Ингэхдээ тэдэнд нууц өрсөлдөгч бий бөгөөд, ирж буй үсгүүдийг өрсөлдөгч нь сонгож байгаа хэмээн итгүүлжээ. Үнэндээ ямар ч өрсөлдөгч байгаагүй бөгөөд оролцогчдыг өрсөлдөөний сэтгэлгээнд оруулахын тулд ийнхүү худал нөхцөлийг бүрдүүлсэн аж. Улмаар байраа солиод, өрсөлдөгчдөө үсэг сонгож өгөх болоход оролцогчдын дийлэнх нь гийгүүлэгч давамгайлсан, үг бүтээх боломжгүй үсгүүдийн хослолыг явуулж эхэлсэн байна.
Энэ мэтчилэн өрсөлдөөнийг хэт чухалчлах нь ёс зүйд үл нийцэх үйлдлүүдийн эхлэл болдог жамтай. Өөрийнхөө амжилт, бүтээмжийг ахиулахаас илүүтэй өрсөлдөгчийнхөө үр дүнг хэрхэн доош татах вэ гэсэн бодолд баригдаж эхэлснээр, хувийн өсөлтөө ч зогсонги байдалд оруулдаг гэсэн үг. Аливаа зүйлийн тунг төгс тааруулна гэдэг асар чухал бөгөөд, тэр хэрээрээ тохируулж барихад хэцүү зүйл байдаг ажээ.
Ашигласан эх сурвалж: |
“When individual goal pursuit turns competitive: How we sabotage and coast.” Huang, Lin, Zhang, 2019. |
“The Long Shadow of Rivalry: Rivalry Motivates Performance Today and Tomorrow”, Brian E. Pike, Gavin J. Kilduff, 2018. |
“Adidas Outpaces Nike With Strong Growth Figures and Increased Net Profits for Q1”, Hypebeast article. |
Цомгуудын статистик - Chartmasters. |
Billboard дуунуудын жагсаалт. |
Нүүр зургийн эх сурвалж: Kevin Winter, Getty Images |