Б.Билэгт: Боломжийг авч чадсан хүн бусдад боломж нээдэг байх хэрэгтэй


Банк санхүүгийн салбар гэхээр хэний ч толгойд хамгийн түрүүнд мөнгө л бодогдоно. Ингэхэд мөнгө гэгч хүмүүсийн төсөөллөөсөө зохиож, бодит болгосон зүйлийн үнэ цэн хаана, юунд оршдог юм бол. Банк санхүүгийн үйлчилгээ дэлхийн эдийн засгийн 31 орчим хувийг эзэлдэг нь уг салбарын өргөн хүрээ, нөлөөг бэлхнээ харуулна. Бид өдгөө банкгүйгээр амьдралаа төсөөлөхийн аргагүй болсон. Тэгвэл энэ салбарт ажиллаж, хүчин зүтгэж яваа Богд банкны Байгууллагын банк хариуцсан дэд захирал Б.Билэгтийг энэ удаагийн “Бидний нэг” буландаа онцоллоо. Уншигч та ч мөн энэхүү ярилцлагыг шимтэн уншиж, бидний нэг болоорой.
Гар урлал хийдэг хүүгээс санхүүгийн ертөнц рүү
“Би нэг хэвийн байдал дунд удаан байж чаддаггүй. Шинэ зүйл туршиж үзэх, өөрийгөө сорих л дуртай”
Тэр ийм л хүн. Тэрбээр олон улсын боловсрол эзэмшиж, одоо ес дэх жилдээ банк, санхүүгийн салбарт ажиллаж байна. Гэвч дотоод ертөнцийнх нь гүнд модоор сийлбэр хийж, шинэ жор туршиж хоол хийн, лего эвлүүлдэг гар урлалд дуртай өөр нэгэн Б.Билэгт гэж бий.

"Анх сурах, ажиллах салбараа ээж аавынхаа зөвлөсний дагуу сонгож байлаа. Би бол өөрөө ер нь л гар урлалд дуртай хүүхэд байсан юм. Багаасаа лего эвлүүлэх их дуртай байлаа. Одоо ч хүн лего бэлэглэвэл хоёр гурван цаг суугаад л эвлүүлчихдэг. Нэг хэсэг бас модоор сийлбэр хийж үзсэн. Ахлах сургуулиа төгсөх жилээ тогооч болно гэж боддог байлаа. Гэр бүлийн бизнесээ үргэлжлүүлэн авч явах шаардлагатай учраас банк санхүүгийн салбар руу орох шаардлагатай болсон. Гэхдээ санхүүгээр сурсандаа огт харамсдаггүй. Өдөр ирэх тусам илүү их зүйл сурч мэдэн, улам дуртай болдог. Одоо ес дэх жилдээ ажиллаж байна. Магадгүй ирээдүйд өөрийн гэсэн ресторан юм уу кафетай болж багын мөрөөдлөө биелүүлнэ байх аа."
“Миний амьдралын хамгийн тогтмол зүйл өөрчлөлт байсан”
Амьдралын хамгийн тогтмол зүйл бол өөрчлөлт гэдэг. Би яг үүний гэрч. Тиймээс аливаа зүйлд дасан зохицох чадвар минь бага наснаас л төлөвшсөн байх гэж боддог юм. Багадаа маш их сургууль сольж, нүүж шилжилт хөдөлгөөн ихтэй байдаг байлаа. Гурван настайдаа Германд амьдарч байгаад, 4-6 насандаа Америкт амьдраад, 6 наснаасаа хойш Монголд байсан. Монголд байхдаа Орос 14 дүгээр сургууль, Орчлон, Америк сургууль, Олон улсын дунд сургуульд суралцсан. Сургуулиа солихын хэрээр найз нөхөд ч байнга солигддог байлаа. Бизнесийн орчинд ч өөрчлөлт маш хурдтай байнга байдаг. Иймээс өнөөгийн энэ дасан зохицох, хурдтай учрыг нь олох чадварыг бий болгоход бага нас минь нөлөөлсөн юм болов уу. Бас үүнийхээ үр дүнд хэчнээн эвгүй санагдаж байсан ч шинэ юм туршиж үзэх дуртай болсон. Одоо бол би нэг хэвшмэл байдалд байгаад байх дургүй. Шинэ юм туршиж үзэх л их дуртай.
“Гадагшаа явахад чамаас өөр таних хүн байхгүй. Тиймээс чи өөрийгөө л дагах болно”
Б.Билэгт захирлын боловсролын зам мөр гадаадад өрнөсөн. Европ, Америкт их сургуульд суралцан, боловсрол эзэмшсэн тэрбээр танихгүй газар, шинэ орчин, шинэ хэл, шинэ хүмүүс дунд өөрийгөө бүтээсэн гэдэг. Тэр анхнаасаа гадаадын боловсролыг шүтэн биширсэнгүй. Харин өөрийгөө таних, төвлөрөх, сатаарахгүй байх орчин нь түүнд хөгжлийн жинхэнэ түлхүүр байв.
“Гадаадын их сургуулиудын багш нар онолоос илүү туршлага ярьдаг байсан. Зарим нь энэ насандаа яаж амжсан юм бол гэмээр олон ажил, төслийн ард гарсан хүмүүс байдаг. Тийм хүмүүсийн яриа өөр. Номын цааснаас бус, амьдралын хуудаснаас ярина. Тийм туршлагатай хүмүүсээс суралцах боломж надад тохиосон юм.”
![]()
“Мөнгө бол үнэ цэнийн хэлбэр, гэхдээ мөн чанар нь хүнээс хамаарна”
Дээр хэлсэнчлэн банк санхүүгийн салбар гэхээр хэний ч хувьд мөнгө бодогдоно. Тэгвэл энэ салбарт ажиллаж буй төлөөллийн хувьд мөнгө гэгч ямар орон зайг эзлэгч, юу болохыг сонирхлоо.
Хүүхэд байхад аав, ээж мөнгө өгнө. Би ч түүгээрээ дуртай амттанаа авч иднэ. Энгийн зүйл. Гэхдээ тэр үед л мөнгө гэдэг утгыг анх мэдэрсэн юм шиг санагддаг. Философи болон түүхийн үүднээс авч үзвэл мөнгө бартерын нийгмээс дамжиж бий болсон солилцооны хэрэгсэл, үнэ цэнийг хадгалах бус дамжуулах хүч. Гэхдээ энэ хүч хүн бүрд өөрөөр тусдаг. Заримд нь аз жаргал, заримд нь ачаа. Заримд нь амьдралын утга, заримд нь зүгээр л хэрэгсэл. Мөнгө бол миний хувьд үнэ цэнийн солилцоо. Гэхдээ хүн болгон мөнгийг үнэ цэн болгож хадгалахдаа өөр өөр зүйлийг сонгодог. Нэг нь урлагийн бүтээлд, нөгөө нь алт үнэт эдлэлд, өөр нэг нь гэр бүлдээ гээд л янз бүр шүү дээ.
Миний хувьд мөнгөний шунал бус амьдралд шуналтай байх чухал. Өнөөдрийн өөрөөсөө илүүг эрэлхийлэх тэмүүлэл, өчигдрийн өөрийгөө давах чин хүсэл л жинхэнэ шунал юм. Залууст хэлэхэд зөвхөн мөнгөнд шунахаас илүү өөрийгөө хөгжүүлэхэд шунаасай. Сүүлийн үед богино хугацаанд ашиг олох гээд бүхнээ алддаг бэт гэх мэт зүйл рүү хэт улайрч байна. Энэ бол мөнгөний шуналын харанхуй тал.
-Тэгэхээр мөнгийг яаж ухаантай олж, ухаантай зарцуулах тухай ярих шаардлагатай болох нь. Хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Таны бодлоор тэр “ухаантай” гэгч нь яг яахыг хэлэх вэ?
-Хүн бүрийн “ухаантай” гэх хэмжүүр өөр. Заримд нь ирээдүйдээ зориулах хуримтлал, заримд нь мөнгөөрөө хүссэн зүйлээ хийж, өнөөдрөөрөө амьдрах нь ухаантай зарцуулалт. Эдийн засгийн нөхцөл байдал өмнөхөөс тэс өөр болсон. 1940-1950 онд АНУ-д л гэхэд дундаж цалинтай хүн байшин авч, гэр бүлдээ мөнгөө зарцуулах боломжтой байсан бол одоо байшинтай болоход хэдэн арван жил хэрэгтэй болно. Тиймээс залуус ирээдүйд гэхээсээ илүү өнөөдөртөө амьдрахыг илүүд үзэж байна. Энэ нь буруу биш.
Хэрвээ мөнгөө хуримтлуулахаар бол 50:25:25-ийн дүрэм, эсвэл цалингийнхаа 10 хувийг хадгалах гэх мэт хуримтлалын аргууд олон бий. Өөрт аль тохирохоо л сонгох хэрэгтэй. Би дан ганц өөрийгөө бус гэр бүл, хүүхдүүдийнхээ ирээдүйг бас бодно. Цалингийнхаа 25-30 хувийг хүүхдийн хадгаламжид хийдэг. Энэ бол зөвхөн өнөөдөр биш, маргаашаа бодож буй хэлбэр.
-Та хэзээ өөрийгөө санхүүгийн хувьд эрх чөлөөгүй байгаагаар мэдэрч байсан бэ?
- Анх ажилд ороход тэгнэ шүү дээ. Цалин бага, мөнгө хурдан дуусна. Ээж ааваасаа авахаас өөр аргагүй. Өөрөө ажилд орчхоод мөнгө асуух үнэхээр хэцүү. Тэр үед санхүүгийн эрх чөлөөгүй байгаагаа мэдэрч байсан даа. Өнөөдөр ч олон залуучууд ийм зүйлийг мэдэрч л яваа.
“Аливаа улс хөгжихийн тулд нийгмээрээ ахиц дэвшилтэй байх хэрэгтэй”
-Таны бодлоор нийгэмд шаардлагатай байгаа өөрчлөлт юу вэ?
- Аливаа улс хөгжихийн тулд нийгмээрээ ахиц дэвшилтэй байх хэрэгтэй. Үүний тулд тухайн улсын иргэд хүүхэд байхаасаа сайн боловсорч хүмүүжих ёстой гэж боддог. Хэдэн жилийн өмнө хүүхдийн баяраар төв талбай дээр явж байхад хүүхдээ хөтөлсөн нэгэн залуу хүүхдээ элдвээр харааж загнаад л байсан. Ийм орчинд, ийм хандлагатай хүний хажууд өссөн хүүхэд ирээдүйд яг аав шигээ л хүн болно. Иймээс анхнаасаа гэр бүлийн хүмүүжилд анхаарах хэрэгтэй. Мөн цаашлаад боловсролын системд ч өөрчлөлт орох хэрэгтэй. Үүний төлөө би ч чадах зүйлээсээ эхэлж, олон нийтэд санхүүгийн боловсрол олгох ажилд ханцуй шамлан орохоор бэлдэж байна.
Хүн бүр өөрийн чадах зүйлээс эхэлж хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Миний хувьд удирдах албан тушаалд харьцангуй эрт ирсэн. Тиймээс надаас ахмад, олон жил ажилласан хүмүүстэй хамтран ажиллах шаардлага гардаг. Ийм нөхцөлд удирдлага, ажилтны албан харилцаа болон ахмад хүнээ хүндлэх ёс зүйн хандлага хоёр зөрчилдөх үе гардаг. Тиймээс би ажлын орчинд шаардлагаа тодорхой тавьж, хувийн харилцаандаа хүндлэлээ хадгалахыг эрмэлздэг. Хүний хөгжил, боловсрол зөв тавигдах нь удирдах чадвар, хамт олны соёлд ч эерэг нөлөө үзүүлдэг гэж боддог.
Мөн одоогийн Z үеийнхний ажиллах арга барилыг их шүүмжилж байгаа нь анзаарагддаг. Би өдөр тутамд энэ үеийнхэнтэй ойр ажилладаггүй ч ах эгч нар нь тэднийг ойлгох хэрэгтэй юм шиг. Бүхэл бүтэн нэг үе ажиллах хүч болоод орж ирж байгаа учраас бид хандлагыг нь хэт буруутгахын оронд хамтарч ажиллахад өөрсдөө ч суралцах шаардлагатай. Манай болон өмнөх үеийнхэн тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан “ажил ажил” гэдэг сэтгэлзүйтэй болсон. Харин одоогийн залуусын хувьд ажиллах хэв маяг, амьдралын хандлага өөрчлөгдсөн нь буруу биш. Өөрчлөлт бол байнга л байдаг зүйл. Хамгийн гол нь ажлын үр дүн л гарч байвал, яаж ажиллах нь өөр байж болно. Үүнийг ойлгож, уян хатан хандах нь манай нийгмийн соёлд хэрэгтэй гэж боддог юм.
“Боломжийг авч чадсан хүн бусдад боломж нээдэг байх ёстой”
-Эргээд харахад банк санхүүгийн салбар таны хувьд ямар орон зай эзэлж, юу болж хувирсан байна вэ?
Есөн жил энэ салбартаа ажиллахдаа би өөрийгөө бүтээсэн байна. Надад ирсэн олон боломжийг би алдалгүй ашиглаж чадсан. Үүнийгээ аз гэж боддог. Харин одоо энэ аз, энэ боломжуудаа өөрөө л эдлээд өнгөрөх бус, бусдын боломжийг нээхэд ашиглахыг хүсдэг. Монгол хүн бүр ёс зүйтэй, сайн боловсролтой, санхүүгийн мэдлэгтэй байж чадвал нийгмээрээ дараагийн шатад гарна.

Аливаа хүний амьдрал, ажил, үнэт зүйлс нь зөвхөн өөрийг нь бус, бусдыг ч гэсэн чиглүүлж чаддаг. Боломжийг өөрөө бүтээж чадсан тэрбээр одоо бусдад боломж нээх замыг эрэлхийлж, жижиг өөрчлөлтөөр ч гэсэн нийгмийн эерэг хөгжлийг өдөөгч нэгэн болж чаджээ. Боловсрол, ёс зүй, санхүүгийн мэдлэгээр өөрийгөө баяжуулах нь зөвхөн таны ирээдүйг бус, бидний нийт нийгмийг дараагийн шатанд хөтөлнө. Та ч бас өөрийнхөө боломжийг бүтээж, түүн дээр бусдынхаа боломжийг босгоорой. Хамтдаа нэг шат ахья. Ярилцлагыг шимтэн уншиж, бидний нэг болсон уншигч танд талархлаа.