Залуусын орон зай

М.Хантамир: Хүний гүйцэтгэх ажлын 50 хувийг хиймэл оюунаар шийддэг болно

Б.Намуун2025.10.075 минут унших
М.Хантамир: Хүний гүйцэтгэх ажлын 50 хувийг хиймэл оюунаар шийддэг болно  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Монголын цахим спортын хөгжил сүүлийн жилүүдэд эрчимтэй урагшилж, тогтвортой бүтэц, мэргэжлийн баг тамирчид, тогтмол тэмцээн уралдаантай болсон нь хамгийн том ахиц билээ. Технологийн хувьд ч манай улс шууд дамжуулалт, тэмцээн зохион байгуулалтын түвшинд дэлхийн аваргын стандарт руу дөхөж байна. Тэгвэл энэ талаар дэлгэрэнгүйгээр MESA буюу Монголын цахим спортын холбооны Технологи хариуцсан захирал М.Хантамиртай ярилцлаа.  

MESA гэж юу вэ? 

Ярилцлага руу орохоос урьтаж MESA буюу Монголын цахим спортын холбоо гэж яг ямар учиртай газар болохыг товч тайлбарлая. Тус холбоо нь 2003 онд байгуулагдсан бөгөөд Монголд цахим спортын үйл ажиллагааг зохион байгуулж, дотоод болон олон улсын чанартай тэмцээнүүдийг үүсгэн хөгжүүлэх үүрэгтэй. MESA нь олон улсын цахим спортын холбоод (International Esports Federation, Asian Esports Federation) –ын гишүүн байгууллага юм. 

“Манай холбоо 2020 оноос бүтцийн шинэчлэл хийж, өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна. 2020-2021 оны үед Монголд чанартай тэмцээн зохиодог газар тун ховор байсан тул тамирчид маань ур чадвараа сайжруулах, илүү өндөр түвшинд өрсөлдөх боломжгүй байсан. Иймээс бид өөрсдөө тэмцээн зохиохоор шийдэж, эхэндээ шууд дамжуулалтыг өөр байгууллагаар хийлгэдэг байв. Гэвч тухайн байгууллагууд цахим спортын ерөнхий найруулга, дүрмийн дагуу дамжуулалтыг бүрэн гүйцэтгэж чадахгүй байсан тул бид өөрсдөө шууд дамжуулалтаа зохион байгуулж эхэлсэн. Одоо манай холбооны том зорилго бол Монголд дэлхийн аваргын түвшний тэмцээнүүдийг зохион байгуулах юм.” 

16 наснаас эхэлсэн цахим спортын технологийн аялал

cover (12).jpgОдоо ярилцлага руугаа орцгооё. MESA-гийн технологийн багийг удирдаж буй залуусын нэг нь М.Хантамир. Тэр 16 настайдаа тус холбоонд ажилд орж, өнөөдөр тав дахь жилдээ хүчин зүтгэж байна. Өнгөрсөн оноос технологи хариуцсан захирлын албыг хашиж буй тэрбээр шууд дамжуулалтын ажиллагаа, тэмцээний заал болон студийн тоног төхөөрөмжийн уялдаа холбоо, IoT системийн зохицуулалт гээд нарийн техникийн бүхий л хэсгийг хариуцдаг. Түүнчлэн код бичихээс эхлээд инженерийн шийдлүүдийг өөрөө хэрэгжүүлдэг аж.  

Миний ажил яг л хоёр иртэй хутга шиг. Шууд дамжуулалтын ард ажиллаж байгаа учраас тоглолт үзэж буй хүмүүсийн сэтгэл хөдлөл шууд над дээр ирдэг. Хэрэв дамжуулалтын явцад ямар нэгэн асуудал гарвал үзэгчдийн бухимдал, сөрөг сэтгэгдэл шууд надад хүрнэ. Харин бүх зүйл амжилттай өрнөж, дамжуулалт алдаагүй болбол урмын үг, талархал ч бас надад ирдэг. Том арга хэмжээг амжилттай дуусгаад, дараа нь өөрийн хийсэн шууд дамжуулалтаа эргээд үзэх мөч хамгийн гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг. Түүнээсээ суралцаад дараагийн ажлаа улам төгөлдөржүүлэх эрч хүч авдаг. 

Монголын цахим спортын салбарт техник технологи талаасаа гардаг гол сорилтууд юу байдаг вэ? 

Монгол Улс жижиг зах зээлтэй учраас технологийн нөөц хомс байдаг. Жишээ нь, 10 ширхэг ижилхэн үзүүлэлттэй компьютер хэрэгтэй бол дотоодоос бүрэн бүрдүүлэхэд хүндрэлтэй. Шууд дамжуулалтын төхөөрөмж, бусад тусгай техник хэрэгсэл ч Монголд бараг олддоггүй тул ихэвчлэн Европ, Америкаас авч ирэх шаардлагатай болдог. 

Нөгөө талаар хүний нөөц хамгийн том сорилт юм. Цахим спорт технологид тулгуурласан спорт учраас арын албанд ажиллаж буй хүмүүс гүнзгий технологийн мэдлэгтэй байх шаардлагатай. Жишээ нь, манай админ  программист, код бичдэг хүн. Тэмцээн зохион байгуулах, техник ажиллагааг хариуцах багийнхан зөвхөн спортын мэдлэгээр зогсохгүй компьютер, программын ойлголттой байх ёстой. Тамирчдад гэнэт асуудал гарлаа гэхэд шууд очиж засварладаг учраас технологийн мэдлэгтэй хүн хэзээд хэрэгтэй. Тиймээс цахим спортын хөгжлийн хамгийн чухал хөрөнгө нь тоног төхөөрөмжөөс гадна технологийн мэдлэгтэй боловсон хүчин байдаг. 

Тэмцээний шууд дамжуулалтын арын орчин руу өнгийхүй 

Цахим спортын шууд дамжуулалт нь уламжлалт спортынхоос эрс ялгаатай. Уламжлалт спортын үед камер гол ачааг үүрдэг бол цахим спортод бүх зүйл компьютер болон дэлгэцээр дамжин өрнөдөг аж.  

cover (13).jpgДүрсээ компьютерээс яаж чанартай авах вэ, дохио дамжуулахдаа алдаа гаргахгүй байх уу зэрэг уламжлалт спортоос олон өөр сорилт цахим спортын шууд дамжуулалтад тулгардаг. Жишээлбэл, гар бөмбөгийн тэмцээнд бөмбөг нь хагарахгүй л бол тоглолт хэвийн үргэлжилнэ. Харин цахим спортын хувьд CPU (төв боловсруулах нэгж буюу процессор), RAM (шуурхай санах ой), GPU (график боловсруулах нэгж буюу дэлгэцийн карт) гээд маш олон нарийн хэсгүүд ажиллана. Тэдгээрийн аль нэг дээр нь жижигхэн доголдол гарлаа гэхэд тэмцээн тасалдаж, хойшлох эрсдэлтэй. Мөн шууд дамжуулалтын явцад дүрс хөрвүүлж дамжуулагчид (converter) асуудал үүсэхэд шууд дүрсээ алдаж, дамжуулалт бүрэн тасалдах эрсдэлтэй. Ийм олон шат дамжлага, нарийн ажиллагаатай тул цахим спортын шууд дамжуулалт аливаа жижиг алдаанаас ч хамааралтай, төвөгтэй процесс болдог. 

Тоглоомын сервер, сүлжээний найдвартай ажиллагааг техник талаасаа хэрхэн хангадаг вэ? 

Сүлжээний (LAN) тэмцээнүүдэд бүх компьютер интернэтэд нэвтрэх боломжгүй байх ёстой байдаг. Учир нь тэмцээний компьютерууд бодит цагийн шууд дамжуулалт (live stream) явж байх үед тамирчин YouTube-ээс мэдээлэл авч, тоглолтод нөлөөлж болзошгүй. Иймээс зөвхөн шууд дамжуулалтын тоглогчийн нэвтрэлт болон тоглоомын сервертэй харилцах чухал протоколуудыг нээж үлдээдэг. Үүний тулд MESA системд firewall (сүлжээний аюулгүй байдлыг хангах программ-)-ийг ашиглан сүлжээг нарийн шат дамжлагатай зохион байгуулдаг. Мөн мэдээллийн алдагдалгүй, тасралтгүй дамжуулалтыг (lost-free) хангах үүднээс сүлжээний дэд бүтцийг гурван тусдаа хэсэгт хувааж, тус бүр нь өөр урсгалаар дамждаг. Оффисын ажилтан оффистоо ажлаа хийж байх үед тамирчдын хэсэгт ямар ч нөлөө үзүүлэхгүй байх үүднээс тамирчдын сүлжээ тусдаа firewall, нэмэлт шалгалттай, интернэтгүйгээр ажилладаг. Энэ зохион байгуулалт нь шууд дамжуулалт гадагшаа өндөр чанартай, дүрс алдалгүй  цацагдахад зайлшгүй шаардлагатай юм. 

Сүүлийн үед  MESA-д нэвтрүүлж буй шинэ технологиуд 

cover (14).jpgМанайх сүүлийн үед ихэнх шийдлүүдээ программ хангамжийн түвшинд (software) хийж байна. Олон улсын жишгээр ихэнх байгууллагууд төхөөрөмжийн түвшинд (hardware) асуудлаа шийдэж явдаг. Монголын нөхцөлд энэ нь ихээхэн өртөгтэй болдог. Жишээ нь, шууд дамжуулалтын нэг төхөөрөмж л гэхэд бараг 100,000 долларын үнэтэй. Үүнийг хэмнэх үүднээс бид программ хангамж дээр хөгжүүлэлт хийж байна. 

Үүлэн дэд бүтцийн түвшинд (cloud level) RUST (доод түвшиний програмчлалын хэл) ашиглан TypeScript (JavaScript-ийн өргөтгөл хэл) хэлээр бичигдсэн скрипт (автоматжуулсан кодын хэсэг)-үүдийг ажиллуулдаг. Энэ нь сервер дээр шууд ажиллаж, өгөгдөл дамжуулалт болон системийн нөөцийг (CPU, RAM, хадгалах орон зай) найдвартай ашиглах боломжийг олгодог.  

Мөн цахим спортын шууд дамжуулалт үзэгчдэд сонирхолтой байх хэрэгтэй. Тухайлбал, нэг тоглолтын үе эхлээд, дараагийн үе эхлэх хүртэл 20 секундын турш үзэгчдийн анхаарлыг дэлгэцээс салгахгүй байлгах үүднээс жижиг зохиолуудыг оруулдаг. Сүүлд Nomadic Master тэмцээний үед монгол тамирчдын хоорондоо ярилцаж буй яриаг дуугаар бичиж аваад Chimege AI  руу оруулж, текст болгон хөрвүүлсэн. Дараа нь текстийг англи хэлээр орчуулж, шууд дамжуулалтын дээр синхрон орчуулга гаргаж өгсөн. Ингэснээр тухайн мөчид тамирчид юу ярьж байгааг гаднын үзэгчид ойлгож, тэмцээнийг илүү ойр дотноор мэдэрч чаддаг. 

Цахим  спортын салбарт шинэ технологийг нэвтрүүлэхэд ямар асуудал тулгардаг вэ? 

Хөрөнгө оруулалтын асуудал манай цахим спортын хөгжилд том сорилт болж байна. Монгол жижиг зах зээлтэй, зах зээлийн олон том төлөөлөгчид цахим спортын талаар хангалттай мэдлэггүй байдаг тул хөрөнгө оруулалт ховор байдаг. Цахим спорт гэхээр “Зүгээр PC-нд тоглодог тоглоомыг яаж ивээн тэтгэх вэ” гэсэн хандлага олонтоо гардаг. Жишээ нь, өмнөх “Nomadic Masters” тэмцээнд нэг компани хөрөнгө оруулах ёстой байсан боловч захирал нь энэ спортыг ойлгодоггүй учраас хөрөнгө оруулалтыг болиулж байлаа. Ийм нөхцөл байдлаас үүдэн Монголын зах зээлээс мөнгө босгох нь хэцүү бөгөөд олон улсын байгууллагаас хөрөнгө оруулалт татах шаардлагатай болдог. Харин хөрөнгө оруулалт өгч байсан бооцооны сайтуудыг манайд хориглосон тул бид одоо шинээр хөрөнгө оруулагч хайж ажиллаж байна.  

“Монголд дотоод сервер маш хангалтгүй байна” 

Цахим спортын салбарт дотоод сервер (local server) хөгжүүлэх нь маш чухал. Учир нь бүх тоглолт интернэтээр холбогдож явагддаг. Хэрэв тоглогчид бүгд олон улсын сервер рүү холбогдвол тэнд хүрэх интернэт зам нь урт, төвөгтэй болдог. Үүнийг бид энгийнээр "замын бөглөрөл" гэж ойлгож болно. 

cover (11).jpgМонголын цахим спортын салбарт дотоод сервер (local server) хөгжүүлэлт ямар түвшинд байгаа вэ?  

Маш хангалтгүй санагддаг. Монголд бараг хоёр л сервер түрээсэлдэг газар байдаг. Нэг нь ESN. Тоглолт болох гээд байхад сервер олдохгүй бараг 30 минут сервер илүү гарахыг хүлээж суух нь бий. Нөгөө газар нь LAN гээд маркет байдаг. Серверийг түрээсэлдэг, хүмүүс тэр сервер рүү орж тоглодог. Серверийн lost-той ч юм уу, сервер удирдах контрол нь төвөгтэй, серверт plug in гээд нэмэлт программууд нэмж суулгаж тоглож удирдахад амар болгодог. LAN-н хувьд зүгээр сервер асаагаад үлдээчихсэн түүнд яг хүмүүс байнга ашиглахад тохиромжтой хөгжүүлэлт дутмаг байдаг. Үүнийг засахын тулд манайх өөрсдөө FaceIT-тэй төстэй платформ хөгжүүлээд явж байгаа. Бүх хүмүүст тоглоход бэлэн серверүүдийг нь гаргаж өгөөд боломжоор нь хангахаар ажиллаж байна. 

“Хүний гүйцэтгэх ажлын 50 хувийг хиймэл оюунаар шийддэг болно” 

cover (15).jpgСүүлийн үед бид хиймэл оюун ухаан дээр нэлээд анхаарч ажиллаж байна. Шууд дамжуулалтын үед хамгийн том асуудал нь хүний нөөцийн дутагдал. Жишээ нь, багт 12 хүн ажиллах ёстой атал одоогоор тогтмол оролцдог нь гурван хүн л байна. Заримдаа оюутнуудыг түр авч ажиллуулдаг ч энэ нь манай болон олон улсын стандартад нийцэхгүй контент гарах эрсдэлтэй. Ийм нөхцөлд бид асуудлаа хиймэл оюун ухаанаар шийдэж, хиймэл оюуны алгоритм  болон кодуудыг шууд дамжуулалтдаа нэвтрүүлж эхэлж байна. Ингэснээр хүний оролцоогүйгээр бүрэн автомат шууд дамжуулалт хийх боломж бүрдэнэ. 

Жишээ нь, тамирчдын реакцийг дүрс таних хиймэл оюунаар тодорхойлоод, тухайн мөчийг бичиж авдаг. Дүрс хэчнээн секунд үргэлжилснээс нь шалтгаалаад аль үйл явдлыг онцлох ёстойг ялгана. Мөн тоглоомын явцад хаана ямар “kill” (өрсөлдөгчийг хожих үйлдэл) болж байгааг тогтоож, тэр мөчийг шууд барьж авч үзүүлдэг. Эхний шатны туршилтууд амжилттай хийгдсэн. Гэхдээ хиймэл оюуныг хөгжүүлэх нь ихээхэн зардалтай, хугацаа шаарддаг тул бид шат дараатайгаар ажиллаж байна. Ирэх хаврын томоохон тэмцээнүүдээс эхлээд хүний гүйцэтгэх ажлын 50 хувийг хиймэл оюунаар шийдэхээр зорьж байна. 

“СЭЗИС-тэй хамтран “Цахим спортын менежментийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн” 

Хүний нөөц дутмаг байдаг гэлээ. Тэгвэл MESA-гийн зүгээс хүний нөөцөө бэлдэх, сургах ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? 

Таван жилийн хугацаанд ажиллахдаа манай багт шууд бэлэн чадвартай хүн орж ирэхийг харж байгаагүй. Ихэнх нь дөнгөж төгссөн оюутан эсвэл IT чиглэлийн тодорхой мэдлэгтэй залуус байсан бөгөөд тэднийг сургаж, дагалдуулан ажиллуулдаг. 

Сүүлийн үед бид СЭЗИС-тэй хамтран “Цахим спортын менежментийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн нь багийн арын алба, менежер, анализатор, тэмцээн зохион байгуулагчид зэрэг хүний нөөцийг бэлдэх зорилготой. Мөн манай баг сайн дурын ажилтан болон дадлагажигчдыг авч, туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Би ч эдгээр хүмүүсийн нэг бөгөөд анх 2021 онд сайн дурын ажилтнаар орж, дараа нь дадлагажигч, үндсэн ажилтан болсон. 

Цахим спортын ИРЭЭДҮЙ 

Хэдхэн жилийн өмнө сонирхогчдын хүрээнд тоглогддог байсан цахим спорт өнөөдөр олон улсын аваргын тайзнаас олимпын хөтөлбөрт багтах хүртлээ хөгжжээ. Цаашид хаана хүрч, хэрхэн хөгжих нь ч хүмүүсийн анхаарлыг татдаг сэдвийн нэг хэдийн болсон байна.  

cover (16).jpgЦахим спортын тэмцээнийг виртуал бодит байдлаар (VR – Virtual Reality) үздэг болбол илүү сонирхолтой. Тоглогчид тоглоом дотор буудалцах мөчид эргэн тойронд юу болж байгааг харж, дуу чимээг нь мэдрээд яг л бодитоор дотор нь орсон мэт мэдрэх боломжтой. Гэхдээ ийм түвшинд очиход одоогоор нэлээн цаг хугацаа хэрэгтэй. 

Харин олон улсад илүү ойрын шийдэл болох нэмэлт бодит байдал (AR – Augmented Reality) дээр түлхүү ажиллаж байна. Жишээ нь, АНУ-ын Twitch платформоор Dota тоглоомын шууд дамжуулалтыг үзэхэд, хулганаа дүрс дээр аваачихад тухайн баатар ямар чадвар (skill) авсан, тэр чадвар яг яадаг вэ гэдгийг шууд дэлгэцэн дээр харуулдаг. Үүнтэй ижилээр хаана хаана ямар “kill” (өрсөлдөгчийг хожих үйлдэл) хийгдсэн, статистик үзүүлэлт нь ямар байгаа, тухайн тоглогчийн нөлөө (impact) ямар түвшинд байгааг харуулж, бүр цаашлаад хэдэн хувьтай ялах боломжтойг тооцоолон үзүүлэх AR дээр суурилсан шийдэл олон улсад ашиглагдаж эхэлсэн. Манайд ч урт хугацаандаа ийм хөгжүүлэлт хийх зорилго байгаа. 

Монголын цахим спортын хөгжилд тулгамдаж буй гол асуудлууд 

Хувь хүнд төвлөрсөн асуудлууд нь манай цахим спортын хөгжилд саад болж байгаа мэт санагддаг. Монголд чадварлаг олон залуучууд байгаа ч бүгд тамирчин болж чаддаггүй. Тэдний сэтгэл зүй, зан ааш, хамтарч ажиллах чадварын дутагдал нь дараагийн “Mongolz”-ын түвшний баг үүсэхэд хүндрэл болдог. Гэсэн хэдий ч сар бүр тэмцээн зохиогдож, технологийн хувьд нөхцөл боломж нь харьцангуй сайн байгаа нь сайшаалтай. 

Монголд цахим спортын хөгжил эрчээ авч, олон улсын түвшний тэмцээн зохион байгуулах, инженерчлэл, шууд дамжуулалтын технологио хөгжүүлэх алхмууд хийгдсээр байна. Гэхдээ бидний өмнө хөрөнгө оруулалт, хүний нөөцийн хомсдол, зохион байгуулалтын асуудлууд зэрэг сорилтууд хэвээр бий. Гэсэн ч залуу үеийн хүсэл тэмүүлэл, технологийн багуудын шинэчлэл энэ салбарыг урагш хөтөлсөөр байгааг та тус ярилцлагаас ойлгосон гэж найдна. 

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд