Гэрийн дулаалгыг сайжруулж, гэр хорооллын дотоод агаарын бохирдлыг 48%-иар бууруулж болно


Олон улсын судлаачдын хамтарсан баг 2024 онд “Монгол гэр доторх агаарын чанарыг хянахын тулд хямд өртөгтэй мэдрэгч ашиглах нь” нэртэй судалгаа хийжээ. Судалгаагаар гэрийн дулаалгыг сайжруулсан тохиолдолд дотор орчны PM2.5 тоосонцор 17.5 хувь, дулаалга болон цахилгаан халаалтыг хослуулбал 48 хувь хүртэл буурах боломжтойг тогтоосон байна.
Гэхдээ дээрх сайжруулалтын дараа ч доторх агаарын чанар ДЭМБ-ын зөвлөмжөөс өндөр хэвээр байгаа нь гэр хорооллын агаарын бохирдол эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлж буйг харуулж байна. ДЭМБ-ын стандартаар жилийн дундаж PM2.5 хэмжээ 5 µg/m³ (1 куб метр агаарт 5 микрограмм бодис), 24 цагийн дундаж 15 µg/m³ байх ёстой. Харин монгол гэрийн дотоод агаарын бохирдол сайжруулалтын дараа ч ойролцоогоор 32 µg/m³ хэвээр байгаа нь зөвлөмжөөс давсан үзүүлэлт юм.
Мэдээж дотоод орчны бохирдол нь гадаах агаартай шууд уялдаатай. Утааны оргил үед тоосонцор цонх, хаалга, завсраар дотор орчинд нэвтэрдэг тул олон улсын судалгаагаар утаатай үед доторх агаар гаднах агаараас 2–5 дахин бохир байх тохиолдол байдаг ажээ.