Нийгэм

Автобусанд “туулайчилбал” 10,000₮ торгуультай

Б.Намуун -- 2025.02.013 минут унших

Эрхэм хууль зөрчигчид өө (хууль зөрчигч гэдгээ  мэдээ ч үгүй байсан биз дээ) энэхүү нийтлэл та бүхнийг өнөөдрийг хүртэл өөрөө ч мэдэлгүйгээр хууль зөрчсөөр ирснийг тань илчлэх болно. Азаар та өөрөө биш байж болох ч ямар их хууль зөрчигчдийн дунд амьдарч байгаагаа мэдэх юм. Магад та өмнө нь хууль зөрчигч гэхээр сүүдэрт нуугдаж, өөрийгөө далдалсан онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг л төсөөлдөг байсан байх. Гэвч гудамжинд хаясан хог, “туулайчилж” суусан автобус тань таныг “Энэ хүн хууль зөрчигч шүү” гээд зарлаад өгч байгаа юм. Иймээс уншигчдадаа зориулж #ХУУЛЬ ЗӨРЧИГЧ цувралаа эхлүүлж байна. За, ингээд өөрсдөө ч анзаарахгүй үйлддэг хуулиас гадуур үйл явдлуудаар дүүрэн “гэмт хэргийн ертөнц”-д тавтай морил! 

Улаанбаатар смарт карт ХХК-аас мэдээлснээр 2024 онд нийтийн тээвэр буюу автобусанд давтагдсан тоогоор 142.7 сая удаа хүн зорчсон ба энэ нь 2023 оныхоос 2.5 саяар өссөн үзүүлэлт юм. Гэхдээ хэдэн хувь нь төлбөр төлөхгүйгээр “туулайчлан”, шургаж орсон тооцоо байсангүй. Судалгааны үр дүнгээс үл хамааран өдөр тутмын амьдралд автобусны жолоочийн “Картаа дараач ээ” хэмээн хэн нэгэнд магадгүй үүнийг уншиж буй танд хандан хэлж буй сануулгыг бид хэдэнтээ сонсдог шүү дээ. Дарсан ч буруу дарснаас үүдэн “Та картаа нэг нэгээр нь уншуулна уу” гэх карт уншигчийн хоолойг үл тоон урагш тэмүүлэх нь олон. Эсвэл суухдаа карт дарах үүргээ биелүүлэхээс цааргалсан атлаа дамжин суух эрхээ эдлэхийн тулд буух хаалганы карт уншигчид уншуулаад орхино. Энэ мөчид мэдээж өнөөх карт уншигч “Та суух карт уншигчид картаа уншуулна уу” гээд автобус даяар хууль зөрчигч гэдгийг зарлаж байгаа юм даа.  

Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлд Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.  

Хэрэв автобусанд нэг удаа төлбөр төлөлгүйгээр суусан бол 10,000 төгрөгөөр торгуулах хуулийн заалттай гэсэн үг юм. Харамсалтай нь ийнхүү торгуулдаг хүн алга, торгодог нэгэн ч алга. Гэхдээ хууль л бол хууль. Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг гэдгийг сануулъя. Хэн нэгэн гэнэт гарч ирэн, таныг торгохыг хүлээлгүйгээр хуулиа мөрддөг нэгэн байгаарай. Таны эргэн тойронд автобусанд мөнгө төлөхгүй суудаг хүн байгаа бол хуулийн хүрээнд үр дагаврыг нь тайлбарлаж өгвөл илүү олон хүн үйлдэлдээ ухамсартай хандаж, та ч хуулиа сайн мэддэг нэгэн болж хувирах юм шүү дээ. Мэдээж бусдад шаардлага тавихын тулд өөрөө ч тийм хүн байх ёстой. Иймээс өөрчлөлт танаас эхэлнэ. Амжилт!