Залуусын орон зай

Монгол үнэхээр аялахад таатай орон мөн үү?

Posted2024.01.293 минут унших
Монгол үнэхээр аялахад таатай орон мөн үү? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Lonely Planet хэвлэлийн газраас 2024 онд аялахад хамгийн тохиромжтой 10 улсыг зарласан бөгөөд энэ жагсаалтыг Монгол улс тэргүүлжээ. Гэхдээ, Word Population Review вэбсайтад нийтлэгдсэнээр манай орон тоосонцор(PM 2.5)-ын хэмжээгээрээ дэлхийн улсуудаас гуравт жагсаж байгаа аж. Жишээлбэл, Бангладеш улсын дундаж тоосонцрын хэмжээ 83.3µg/m³ - ээр нэгт, түүний араас Пакистан улс 65,81µg/m³ , улмаар Монгол улс 62µg/m³ - ээр удаалж байна. Тэгвэл уг нийтлэлийн хүрээнд манай улс гаднын жуулчдыг хүлээн авахад бэлэн эсэхийг эргэцүүлэхийг зорив. 


Монгол орон аялахад таатай орны хамгийн эхэнд эрэмбэлэгдлээ

visit.PNG
Зураг 1. Эх сурвалж : Наадам  , Бүргэд , Монгол гэр , Говь 

Дээр дурдсанчлан Lonelyplanet сайтаас 2024 онд аялахад хамгийн тохиромжтой орнуудын тэргүүнд Монгол улсыг нэрлэсэн бөгөөд энэ мэдээлэл сошиал орчинд ихээхэн шуугиан тариад байсан билээ. Тухайн сайтаас манай орны уудам тал нутаг, мянга мянган жил хадгалагдаж ирсэн эрийн гурван наадам зэргийг онцолсон бөгөөд сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж буй манай улсын аялал жуулчлалын салбарыг тодотгожээ.  Улмаар Монгол улсад аялахаар ирж буй жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг зүйлсийг доор дурдав.

Mongolian-Ways  вэбсайтад:

1. Наадам үзэх

Монголчуудын өв соёл, амьдралын хэв маяг, сэтгэлгээний онцлог зэрэг бидний ондоошлыг цөм багтаасан эрийн гурван наадам. Энэ бүгдтэй танилцах хүсэлтэй жуулчдын хувьд баяр наадмын үеэр Монголд ирэх нь хамгийн тохиромжтой бөгөөд гадны жуулчдаар зогсохгүй дотоодын аялагчид ч хамгийн идэвхтэй байдаг үе билээ.

2. Бүргэдээр ан хийх  

Бүргэдээр ан хийх нь нүүдэлчдийн соёлын хамгийн том хэсэг билээ. Орчин үед энэ ёс заншлыг хадгалж үлдсэн нутаг харьцангуй цөөрсөн хэдий ч Монголын баруун аймгуудаар одоо ч бүргэдээр ан хийсээр байна. Энэ нь манай орны аялал жуулчлалын бас нэгэн онцгой бүтээгдэхүүн болж байгаа билээ.


3. Монгол нүүдэлчидтэй танилцах  

Монголчууд бид дэлхий дээр цөөн үлдсэн нүүдэлчдийн нэг. 5 хошуу мал болон байгаль орчноос бүхий л амьдралын хэрэгцээгээ хангаж амьдардаг нүүдэлчин соёл гаднын жуулчдад сонирхолтой байх нь гарцаагүй.


4. Говиор аялах

Манай орны Говь элсэн цөл нь дэлхийд хэмжээгээрээ тавд жагсдаг аж. Улмаар хоёр бөхт тэмээний нуруун дээрээс тасралтгүй үргэлжлэх элсэн манхныг тольдох боломжийг Монголын цөл олгодог билээ.


5. Цаатан үзэх 

Нутгийн хойд хэсгээр амьдрах монголчуудын хувьд таван хошуу малаас гадна цаа бугыг гаршуулан, тэжээх ба бас нэгэн онцлог бүхий нүүдэлчдийн хэв маяг тэнд оршдог. Энэ мэт бидний уламжлалт соёл, амьдралын хэв маяг зэрэг нь аялал жуулчлалын хамгийн гол бүтээгдэхүүн болж байна.

Гэхдээ! Нөгөө талаас Монгол орон дэлхийн хамгийн бохирдолтой улсуудын жагсаалтад ч толгой цохиж байна
 

Нийтлэлийн эхэн хэсэгт дурдсанчлан Монгол орон агаар дахь тоосонцрын хэмжээгээрээ дэлхийн улсуудаас гуравт жагсаж байгаа бөгөөд өвлийн улиралд агаарт хөвж буй тоосонцрын дундаж хэмжээ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан зохистой хэмжээнээс 10 дахин их байгаа юм. 

Агаар дахь тоосонцрын хэмжээ 0-10 µg/m³ байх нь хэвийн буюу эрүүл мэндэд ямар нэг хор уршиггүй гэж үздэг ба, түүнээс дээш 55.5µg/m³ хүртэл хэт эмзэг хүмүүсийн эрүүл мэндэд хортой, 55.5-150.4 хүртэл бүх хүнд хортой, түүнээс дээш болбол их хортой гэж тооцогддог байна.

Тэгвэл Монгол орон үнэхээр аялахад тохиромжтой орон мөн үү?

Хэдийгээр гаднын зочдын сонирхлыг татаж чадах өвөрмөц өв соёл, өргөн уудам газар нутаг, олон төрлийн адал явдлыг бид санал болгох ч, тэдний хувьд тав тухтай, эрүүл, аюулгүй аялах нөхцөлийг нь бүрдүүлж өгч чадах эсэх нь эргэлзээтэй байна. Бид аялал жуулчлалын хувьд зөвхөн байгалийн тогтоц, ан амьтандаа найдсаар хэдийг хүртэл явах вэ? Цаашид олон улсын шаардлагад нийцсэн, орчин үелэг жуулчлалын орчныг бий болгоход бидэнд юу шаардлагатай вэ гэх мэт шийдэх ёстой олон асуулт бидний өмнө байгаа ажээ.

Ашигласан материал:

Нийтлэлийг бичсэн: Г.Бадрал

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд