Залуусын орон зай

Пост, лайк, популизм: Улс төрчдийн сошиал соёл 

Б.Намуун2025.11.205 минут унших
Пост, лайк, популизм: Улс төрчдийн сошиал соёл 

Улс төрийн талбар нэгэнт парламентын танхимд багтахаа больжээ. Одоо улс төрчид лайкны тоогоороо санал цуглуулж, стори үзэлтээр нөлөөгөө хэмждэг үе ирсэн байна. Өнөөдөр УИХ-ын хуралдаан биш, харин Twitter/X-ийн хаштаг л хамгийн халуун улс төрийн “мэдэгдэл” болдог болж. Хууль санаачлахаасаа өмнө постлох нь илүү үр дүнтэй ч юм шиг.  Төрийн шийдвэр 7 хоногийн дараа бус, 7 секундийн дотор олон нийтийн сэтгэгдлээр шүүгддэг цагт “сошиал соёл”  улс төрийн шинэ ёс зүй болж байна. 

Улс төрчдийн сошиал оршихуй ба шинэ PR зэвсэг 

2008 оноос өмнө улс төрийн цахим орчин дахь пи ар зар сурталчилгаагаа YouTube-д байрлуулах төдий л байлаа. Харин Барак Обамагийн баг (Facebook-ийн үүсгэн байгуулагчдын нэг Крис Хьюз, дижитал стратегич Жо Роспарс зэрэг) энэ логикийг бүрэн эргүүлсэн юм.  

Тэд My.BarackObama.com (MyBO) нэртэй платформ бүтээж, хандив цуглуулж, сошиалын хүчээр олон нийтийг идэвхжүүлсэн нь анхны жинхэнэ “дижитал улс төрийн PR” байсан гэж судлаачид үздэг. Энэ нь TikTok, Telegram-аас ч өмнө улс төрийн зориулалттай анхны нийгмийн сүлжээ болж байв. 

Орчин үеийн сошиал PR яг яадаг вэ? 

Frame 2085664187.pngӨнөөдөр улс төрийн PR дараах гол хэрэгслүүдийг ашигладаг

  • Шууд мэдэгдэл: Улс төрчид сэтгүүлчийн оролцоогүйгээр сошиалд мэдэгдэл, байр сууриа нийтэлдэг. 
  • Зорилтот (microtarget) сурталчилгаа: Сонгогчийн өгөгдөлд тулгуурлан тодорхой бүлэгт тус тусад нь мессеж хүргэдэг. 
  • Инфлюнсертэй хамтрах: Тодорхой хүрээнд нөлөөтэй хүмүүсийг ашиглан үзэл санаагаа түгээдэг. 
  • Хаалттай сувгийн мэдээлэл: WhatsApp, Telegram гэх мэт аппликэйшнаар хяналтгүй мэдээлэл түгээдэг. 
  • Бот, автомат сүлжээ: Хуурамч хаяг, автомат аккаунтаар “тренд” үүсгэдэг. 

Энэ бүгдийг олон улсын судлаачид “дижитал PR зэвсэглэл” гэж нэрлэдэг аж. 

Энгийн нэг хэрэглээ биш харин “зэвсэглэлт” 

Нэг пост эсвэл богино бичлэг л хэвлэл мэдээллийн хэрэгслийг хариу үйлдэл үзүүлэхэд хүргэж, мэдээллийн урсгалыг хянаж чаддаг болсон. Мөн өөр өөр бүлэгт өөр агуулга үзүүлдэг тул нийтэд ил биш, хяналтгүй мессеж түгж байдгаараа ихээхэн асуудалтай юм. Хаалттай сувгаар мэдээлэл тараах тохиолдол ч их. Тухайлбал, Бразил, Энэтхэг зэрэг оронд WhatsApp ашиглан улс төрийн ухуулга, хуурамч мэдээлэл хүртэл цацаж байжээ. 

Сошиалд соёлтой байж чадаж байна уу? 

Сошиал орчин анх ардчиллын шинэ талбар мэт харагдаж байлаа. Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх, улс төрчид иргэдтэй шууд харилцах боломжтой болж байв. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ талбар улам өрсөлдөөнт, довтолгоонт PR талбар болж хувирсан юм.  

Улс төрчдийн эсрэг хийсэн шүүмж, доромжлол бүхий мэдээлэл илүү олон хүнд хүрч, илүү олон “шэйр” авдаг болохыг судалгаагаар нотолсон. Энэ нь сошиал медиа платформын алгоритм хүчтэй, хурц контентыг илүү түгээдэг гэдгийг харуулж байна. 

Яагаад тэд уурлаад байна вэ? - Хүчтэй харагдах хүсэл ба алгоритмын сэтгэл зүй 

Дээр хэлсэнчлэн хүмүүс юунд анхаарна, сошиал медиа түүнийг илүү түгээдэг алгоритмтай. Тиймээс улс төрч бүр анхаарал татахын тулд илүү хатуу, хурц, заримдаа бүдүүлэг хэллэг хэрэглэдэг болжээ. Ройтерс хүрээлэнгийн дижитал мэдээний 2024 оны тайланд дурдсанаар уур бухимдал нь лайк авчирдаг, лайк нь сонгогч авчирдаг, тэгэхээр сошиалаар уурлах нь PR-ын нэг хэлбэр болж хувирчээ. Бид ийм ууртай улс төрчдийг бишгүй мэднэ. Сүүлийн жилүүдийн судалгаанууд улс төрчдийн ууртай, хурц агуулгатай сошиал постууд олон нийтийн сэтгэл зүйгээс гадна үнийн бодит хөдөлгөөнд хүртэл нөлөөлж чаддагийг харуулж буй. Ялангуяа Трамп, Букеле, Милей зэрэг өндөр нөлөөллийн түвшний улстөрчид богино хугацааны зах зээлийн хэлбэлзлийг өдөөж чаддаг нь тоон анализ, сэтгэл хөдлөлийн шинжилгээ зэргээр нотлогдсон. 

Ийм нөхцөлд улс төрчдийн ууртай, өдөөн хатгасан, хурц өнгө аястай постууд стратегийн төлөвлөгөө бүхий улс төрийн зэвсэг байх бүрэн боломжтой юм. Нэг ууртай жиргээ хэдхэн минутын дотор BTC-ийн хэлбэлзлийг өсгөж, хувьцааны үнийг унагаж, олон нийтийн санаа бодлыг түргэн өөрчилж чаддаг гэхээр улс төрчийн хувьд анхаарал татахуйц нөлөөтэй хэрэгсэл аж. 

Frame 2085664191.png

2021 онд Зан үйл ба туршилтын санхүүгийн судалгааны сэтгүүлд нийтлэгдсэн “Биткойн Трампын жиргээнд хариу үйлдэл үзүүлдэг үү?” судалгаанд Трампын 13,918 жиргээг сэтгэл хөдлөлийн анализын аргаар ангилжээ. Үр дүнд нь сөрөг (ууртай, дайрсан) агуулгатай жиргээ гарсны дараа биткойны өгөөжийн хэлбэлзэл өсөж, арилжааны хэмжээ нэмэгдэн, богино хугацааны огцом савлагаа ажиглагджээ. Тэгэхээр тэд зүгээр ч нэг соёлгүй, ууртай хүмүүс бас биш байх нь! Гэхдээ учир битүүлгээр уурлаж дайрдаг, соёлгүй улс төрчид ч нэлээд бий. 

Монголын улс төрчдийн сошиал хандлага ч ялгаагүй. Хурал, бодлогын асуудал хэлэлцэхийн оронд фэйсбүүк лайв хийж бие биеэ шүүмжилдэг. Улс төрийн маргаан хууль, бодлогоор бус интернэт дэх сэтгэгдлээр өрнөх нь энүүхэнд. Зарим нь бүр сошиал тролл багтай, өрсөлдөгчөө олон нийтийн сүлжээнд харлуулах ажил хийдэг болсон нь нууц биш. 

Энэ зах замбараагүй байдлыг яаж цэгцлэх вэ? 

Frame 2085664188.pngГерман: Хор хөнөөлтэй контент устгах хууль 

Германд 2017 онд Сүлжээний хэрэгжилтийн тухай хууль (Network Enforcement Act) баталжээ. Энэ хуулиар Фэйсбүүк, X (хуучин Twitter) зэрэг том платформууд доромжлол, үзэн ядалт, худал мэдээлэл зэрэг агуулгыг 24 цагийн дотор устгах үүрэгтэй болсон юм. Хэрэв биелүүлээгүй бол их хэмжээний торгууль ногдуулдаг. Үр дүнд нь улс төрчид илүү хариуцлагатай үг хэлэх болсон, мөн платформууд үзэн ядалтын контентыг хязгаарлах системээ сайжруулсан аж. 

Европын холбоо: Дижитал үйлчилгээний хууль 

2022 онд хэрэгжсэн “Digital Services Act (DSA)” нь интернэтийг илүү хариуцлагатай болгох зорилготой. 
Энэ хуульд: 

  • Улс төрийн сурталчилгаа заавал санхүүжигчээ ил тод мэдээлэх ёстой 
  • Худал мэдээлэл тараасан бол устгах үүрэгтэй 
  • Платформууд хэрэглэгчдэдээ ямар мэдээлэл яагаад үзүүлж байна гэдгээ тайлбарлах ёстой гэсэн заалт орсон. 

Энэ нь улс төрчид сошиал дээр юу ч бичиж болдог дархлагдсан орон зай биш гэдгийг ойлгуулсан алхам юм. 

Ёс зүйн дүрэм ба сайн дурын гэрээ 

Олон оронд улс төрийн намууд өөрсдөө сошиал харилцааны ёс зүйн код гаргадаг болсон. Жишээ нь, худал мэдээлэл тараахгүй, хувийн дайралт хийхгүй, эсрэг талаа гутаахгүй, зөвхөн бодлогоор өрсөлдөнө гэх мэт. Эдгээрийг мөрдөх нь хууль биш ч олон нийтийн итгэлийг хадгалах соёлын стандарт болдог.  

Сонгуулийн үеийн тусгай хяналт 

Зарим улс орон сонгуулийн үед улс төрчдийн сошиал контентыг тусгайлан хянадаг. Тухайлбал, Румынд 2025 оны сонгуулийн өмнө улс төрийн пост бүр дээр тухайн постыг хэн, хэдийг төлж оруулсан гэдгийг заавал бичдэг болгосон. Мөн хэрэв худал мэдээлэл илэрвэл 5 цагийн дотор устгах журам гаргажээ. Энэ нь улс төрийн сошиал хариуцлага гэж юу болохыг ойлгуулсан бодит алхам юм. 

Монголд тэгвэл яах вэ? 

Frame 2085664192.pngМонголд ч энэ асуудал хурцаар тавигдаж байна. Тиймээс дараах шийдэл, санааг хэрэгжүүлж болох юм. 

  1. Улс төрчдийн сошиал ёс зүйн дүрэм гаргах. Нам, парламентын гишүүд хамтран баталж мөрдөнө. 
  2. Платформуудтай хамтран ажиллах систем хэрэгжүүлэх. Фэйсбүүк зэрэг  платформуудтай хамтарч баталгаагүй хуурамч контент устгах хугацаа, журам тогтоох. 
  3. Иргэдэд сошиал боловсрол олгох. Улс төрийн пост, мэдээг шүүж унших, бодит мэдээлэл ялгах сургалт, кампанит ажил өрнүүлэх. 

Улс төрчдийн пост, лайв, хариу сэтгэгдэл бүр тэдний улс төрийн соёл, хүн чанарыг илтгэдэг шинэ барометр болжээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүйн жишгээр хаа хаанаа, хэн хэн нь цахим орчинд соёлтой байхад суралцах цаг хэдийн болсон байна.  

Холбоотой нийтлэлүүд