ChatGPT-гээс нэг асуулт асуухад Google хайлтаас 10 дахин их эрчим хүч зарцуулдаг


Хиймэл оюун ухааны хурдацтай өсөлт нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, ChatGPT ашиглан нэг асуулт асуухад Google хайлтаас 10 дахин их цахилгаан эрчим хүч зарцуулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Мөн өгөгдлийн төвүүдийн тоо нэмэгдэж, серверүүдийг хөргөхийн тулд асар их хэмжээний ус ашиглаж байгаа нь байгальд нөлөөлж буй бас нэг асуудал юм. Судлаачдын тооцоогоор ойрын ирээдүйд хиймэл оюун ухааны дэд бүтэц, үүнд ашиглагдах өгөгдлийн төвүүд нь Дани улсын нийт усны хэрэглээнээс зургаа дахин их ус шаардлагатай болох магадлалтай гэдгийг анхааруулж байна.
Мөн хиймэл оюуныг ажиллуулахад шаардлагатай микрочипүүд ховор элементүүдээр бүтээгддэг бөгөөд эдгээрийг олборлох процесс нь уул уурхай, хөрсний эвдрэл, усны бохирдол зэрэг байгаль орчны асуудлыг дагуулдаг. Өгөгдлийн төвүүд цахилгаан эрчим хүч ихээр зарцуулж, хар тугалга, мөнгө зэрэг аюултай бодисыг агуулдаг тул байгальд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй аж.
Өнөөдөр дэлхий даяар 8 сая орчим өгөгдлийн төв ажиллаж байгаа бөгөөд тэдний эрчим хүч, ус, материалын хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Эдгээр нөхцөл байдал нь хиймэл оюуны хурдтай хөгжил нь байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг харуулж, технологийн хөгжил, байгаль орчны хамгааллыг тэнцвэржүүлэх шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байна. Тиймээс хиймэл оюуныг тогтвортой, байгальд ээлтэй болгохын тулд дэлхийн хэмжээнд бодлого, инновацийн шийдлүүдийг нэвтрүүлэх нь зайлшгүй гэдгийг судлаачид онцолж байна.