Залуусын орон зай

ChatGPT 20 хүртэлх хүн нэг дор ажиллах боломжтой групп чатын функцийг туршиж эхэлжээ

М.Энхмаа2025.11.212 минут унших
ChatGPT 20 хүртэлх хүн нэг дор ажиллах боломжтой групп чатын функцийг туршиж эхэлжээ

OpenAI хиймэл оюуны хэрэглээг хамтын ажиллагаанд илүү ойртуулах алхам хийж, ChatGPT-д 20 хүртэл хүн нэг дор ажиллах боломжтой групп чатыг туршиж эхэллээ. Энэ шинэчлэл нь олон талын оролцоотой хэлэлцүүлэг, төсөл, төлөвлөлтийг хиймэл оюуны тусламжтай нэг дор гүйцэтгэх олон боломжийг нээж байна.

Нууцлалын талаарх зохицуулалтад OpenAI бүлгийн чатны орчныг хувь хүний чатнаас бүрэн ялгах шийдлийг тусгасан бөгөөд хэрэглэгч бүр өөрийн нэр, таних тэмдгийг тусад нь тохируулах боломжтой аж. Бусад гишүүд тухайн хүний ChatGPT-д хадгалагдсан хувийн санах ой эсвэл тохиргоонд нэвтрэхгүй байх зарчим тогтоожээ. Мөн олон улсын стандарттай нийцүүлэх хүрээнд 18 хүртэлх насны хэрэглэгчдийн хувьд мэдрэмтгий өгөгдлийг илрүүлэх, зохих хяналтын механизмыг багтаасан нь хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм.

Групп чат нь ашиглалтын хувьд энгийн бөгөөд хэрэглэгчид Messenger эсвэл Slack мэт платформын адил харилцаж, шаардлагатай үед “@ChatGPT” гэж дуудан хиймэл оюунаас асуулт асууж, мэдээлэл хайлгаж, файл тайлбарлуулах эсвэл зураг үүсгүүлэх хүртэл боломжтой аж. Мөн хамтын шийдэл гаргах, судалгаа хийх, товчлох, төлөвлөгөө боловсруулах зэрэг олон талын ажлыг нэг дор, бүх гишүүдэд ойлгомжтой байдлаар явуулах боломжтой гэдгийг OpenAI онцолжээ.

Одоогоор тус функц нь Япон, Шинэ Зеланд, БНСУ, Тайван зэрэг орнуудад туршилтаар нэвтэрч, ChatGPT-ийн Free, Go, Plus, Pro бүх түвшний хэрэглэгчдэд үе шаттайгаар хүрч эхлээд байна. Туршилтын явцад групп чатын бүтээмж, оролцооны үр өгөөж өндөр үнэлэгдэж байгаа бөгөөд ирээдүйд боловсрол, байгууллагын хамтын ажиллагаа, төсөл удирдлагын салбарт томоохон нөлөө үзүүлэх шинэ хэлбэрийн харилцаа гэж шинжээчид дүгнэж байгаа аж.

Холбоотой нийтлэлүүд

ChatGPT 20 хүртэлх хүн нэг дор ажиллах боломжтой групп чатын функцийг туршиж эхэлжээ - Posted