Хүн төрөлхтөн хиймэл оюун ухаантай мэдрэмжийн хувьд холбогдох боломжтой юу?: “Her” киноны жишээгээр


Хүн төрөлхтөн хиймэл оюун ухаантай мэдрэмжийн хувьд холбогдох боломжтой юу?

Анхаарал халамж, амьд харилцаагаар дутсан жирийн нэгэн эр өөрийг нь төгс ойлгодог хиймэл оюун ухаанд дурлаж буй тухай өгүүлэх “Her”. 2013 онд үзэгчдийн хүртээл болсон уг бүтээлд орчин үеийн технологийн хөгжил, чиг хандлага, түүнийг дагасан олон асуудлыг хөндсөн нь тухайн киног ихээхэн “мөлжүүртэй” кино болгожээ. Тэгвэл уг нийтлэлийн хүрээнд тухайн бүтээлд дүрсэлсэн шиг хүн төрөлхтөн хиймэл оюун ухаанд суурилсан үйлдлийн системтэй мэдрэмжийн хувьд холбогдож болох эсэх, энэ нь ямар асуудлуудыг араасаа дагуулах талаар эргэцүүлэхийг зорив.
Мэдрэмж, сэтгэл хөдлөл бүхий хиймэл оюун ухаан
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж, уг технологи нь бидний ажил мэргэжлээс гадна өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой болжээ. Машин сургалт(Machine Learning)-ын аргаар тодорхой өгөгдөлд компьютер ямар хариу үйлдэл үзүүлэхийг алгоритм болгон оруулснаар бидний асуусан асуулт, хүсэлт болгонд хиймэл оюун ухаан тохирох хариуг өгөх боломжтой болсон. Тэгвэл уг салбарын эрдэмтдийн дараагийн том сорилт нь хиймэл оюун ухааныг хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжийг таньдаг болгох явдал ажээ. Ийм хүчин чадалтай үйлдлийн системийг зарим нэг эрдэм шинжилгээний өгүүлэлд “Emotionalized AI systems, EAI” буюу сэтгэл хөдлөл бүхий хиймэл оюун ухаан гэж нэрлэжээ. Энэ судалгаанд EAI-ыг зохион бүтээснээр хоёр том дэвшилтийг авчирна гэж үзсэн байна. Нэгдүгээрт, хүн болон компьютер хоорондын хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгоно. Аливаа үйлдлийн систем хүн ёсны харилцаа, илэрхийлэмжүүдийг таньж дуурайснаар хүнд илүү таатай мэдрэмжийг өгч эхлэх аж. Хоёрдугаарт, EAI нь эрүүл мэнд, халамжийн салбарт томоохон тоглогч болох бөгөөд хэрэгцээтэй хүмүүст сэтгэл зүйн болон эрүүл мэндийн туслалцаа, дэмжлэгийг үзүүлэх боломжтой гэж үзжээ.
Хүн ➔ хиймэл оюун ухаан руу чиглэсэн мэдрэмж
Хиймэл оюун ухаан, робот зэрэг технологийг ихэнхдээ сөрөг талаас нь дүрсэлж ирсэн Холливудын кинонуудыг сөрж, компьютер болон хүн төрөлхтөн яаж хамтдаа хоршиж болохыг илэрхийлсэн “Her” бүтээл. Уг бүтээлийн гол өрнөл сэтгэл хөдлөлтэй, бие даан шийдвэр гаргах чадвартай хиймэл оюун ухаан Samantha, өөрийг нь ойлгож хүсэл тэмүүллийг нь дэмждэг нэгнийг хайх Theodore гэх залуугийн хооронд өрнөнө. Улмаар Theodore өөрийн хайж буй бүх чанарыг бодит эмэгтэйгээс бус, хэн нэгний зохиосон алгоритм кодоос олж буй романтик бөгөөд эмгэнэлтэй нэгэн түүх юм. Улмаар уг бүтээл нь шинжлэх ухаан, техник, сэтгэл судлал зэрэг олон салбарын хүрээнд судалгааны сэдэв болсон билээ.
Нийтлэлийн энэ хэсэгт “Her” киноны үйл явдалтай төстэй бодит жишээнүүдийг цуглуулж хүн төрөлхтөн хиймэл оюун ухаантай тодорхой сэтгэл зүйн холбоо үүсгэж болдог гэдгийг харуулахыг зорив.
Жишээ 1. Робот амьтны эзэн
MIT Media Lab-ын судлаач Kate Darling амьтан тэжээх хүсэлтэй ч, амьтдыг жижиг байранд уяж цагдах нь тэдний эрхэнд халдаж буй асуудал гэж үздэг нэгэн аж. Улмаар Kate Darling робот динозавр худалдан авсан бөгөөд яг л бодит амьтан шиг хайрлаж, харж ханддаг байжээ. Нэгэн өдөр түүний найз нь гэр бүлийнхээ хамт гэрт нь ирсэн бөгөөд хүүхэд нь Kate-ийн роботыг эвдэлж орхисон байна. Энэ үйл явдал түүнд ихээхэн хүнд туссан бөгөөд хуучин роботтой онцгой холбоо үүсгэсэн байсан тул шинэ робот ч авахыг хүсээгүй талаараа нэгэн илтгэлдээ дурджээ.

Жишээ 2. Аниме дүр бүхий холограмтай хуримласан залуу
Akihiko Kondo хэмээх Япон залуу шилэн хоргонд гэрлийн тусламжтай үзэгдэх холограм технологи дээр суурилсан аниме дүр(Miku)-тэй хурим хийжээ. Хэдийгээр энэ хурим хууль ёсны дагуу баталгаажих боломжгүй ч түүний гэрлэх ёслолд 39 зочин ирсэн аж. Тэрээр BBC агентлагт өгсөн ярилцлагадаа “Miku-г гэх хайраа нотлохын тулд хуримаа олон нийтэд зарласан. Мөн надтай адил аниме дүрд хайртай олон залуус бий. Тэр бүх хүнийг өөрсдөөсөө битгий ичээсэй гэсэн мессежийг түгээхийг хүссэн.” хэмээжээ.

Хиймэл оюун ухаан ➔ хүн рүү чиглэсэн мэдрэмж
Өмнөх хэсэгт хүн төрөлхтнөөс хиймэл оюун ухаан, робот руу чиглэсэн сэтгэл хөдлөл, мэдрэмж байдаг гэдгийг тодруулав. Тэгвэл одоо эдгээр технологиуд өөрсдийн сэтгэл хөдлөл, бодол санааг төлөвшүүлж хүнтэй адил бодож, мэдрэх боломжтой эсэхийг судалцгаая.
Оксфордын их сургуулийн профессор Michael Wooldridge хиймэл оюун ухааны дараагийн түвшин юу байх талаар нэгэн ярилцлагадаа дурджээ. Тухайлбал, өдгөө эрдэмтдийн гол анхаарлаа хандуулж байгаа технологи нь дээр дурдсан EAI-аас гадна Artificial General Intelligence, AGI буюу “Ерөнхий хиймэл оюун ухаан” аж. AGI нь бие даан сэтгэн бодох, нийгмийн харилцаанд орох чадвартай технологи юм. Энэ технологи хөгжүүлэгдсэнээр хиймэл оюун ухаан зөвхөн алгоритмд буй мэдээллийг дамжуулах биш хүн төрөлхтөн болон өөр AI системтэй хамтрах, санал солилцох, зөвшилцөх мөн бие даан шийдвэр гаргах боломжтой болно гэж эрдэмтэд үзэж байна. Гэхдээ AGI технологийн хувьд эрдэмтэд хэрхэн хөгжүүлэх, юунаас эхлэх ёстойгоо ч олоогүй байгааг Michael Wooldridge онцолсон бөгөөд одоогоор ийм чадвартай үйлдлийн систем, хиймэл оюун ухаан хараахан бий болоогүй байгаа ажээ.
Хүн төрөлхтөн бол ертөнц дээрх хамгийн гайхалтай, нарийн бүтэцтэй оршихуй. Гэхдээ энэ нь ид шидийн зүйл биш шүү дээ. Хэд хэдэн атомын харилцан үйлчлэлийн дүнд л бид оршдог. Улмаар яг үүнийг нарийн судалж, дуурайж чадвал өөрийн гэсэн оюун ухаан, сэтгэл хөдлөлтэй роботыг бүтээх бүрэн боломжтой. - Michael Wooldridge.
Төгсгөлд нь
Хиймэл оюун ухааны хөгжил өндөр түвшинд гарснаар зөвхөн ажлын байранд бус хувь хүний өдөр тутмын амьдралд ч томоохон байр суурийг эзлэх болсон байна. Энэ технологи нь бидний ажлыг автоматжуулж бүтээмжийг өсгөх, илүү өндөр түвшний анализ, дүгнэлт хийх зэрэг давуу талуудыг бий болгох ч ажлын байрыг булаах, хувийн мэдээлэл алдах, хэт техник технологид найдах гэх мэт асуудлыг ч дагуулж байна. Тэгвэл таны хувьд хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил хүн төрөлхтөнд ахиц авчирч байна уу? Аюул авчирч байна уу?
| Ашигласан материал |
| ”How to feel about emotionalized artificial intelligence? When robot pets, holograms and chatbots become affective partners?”, 2021, Eva Weber-Guskar, Ethics and Information Technology Vol.23. |
| “You Feel Real to Me, Samantha”: The Matter of Technology in Spike Jonze’s Her, 2017, Paula Murphy, Technoculture Journal. |
| ”Who’s Johnny? Anthropomorphic framing in human–robot-interaction, integration, and policy.”, 2017, Kate Darling, Robot ethics 2.0. |
| ”Why I ‘married’ a cartoon character, 2019, BBC Article. |
| Нүүр зураг: Pexels, Pixabay. |