Ш.Отгонбаяр: Ирээдүй хойчоо язгуур урлаг, өв уламжлалаа мөхөөлгүй авч явна гэдэгт бат итгэдэг


Би залуудаа ардын дуу, уртын дуу муугүй дуулдаг, тайзны бүжиг бүжиглэж, шог ч тоглож явсан. Гэвч ардын биелгээ маань намайг дийлж биелээч болгосон” хэмээн хуучлах соёлын биет бус өв тээгч Ш.Отгонбаярыг Бидний дунд оршин буй олон ертөнцийг таниулах “Бидний нэг” булангийнхаа энэ удаагийн дугаарт онцоллоо. Тэрбээр мөн мастер оёдолчин, долоон хүүхдийн ээж, олон сайхан үрсийн элбэрэлт эмээ, ардын язгуур урлаг бий биелгээг хойч үедээ өвлүүлэн, үлдээж буй ахмад биелээч билээ. Уншигч та ч гэсэн түүний амьдралын дурсамжит түүх, өв уламжлалаа хүндэтгэн авч явахын утга учир хийгээд үнэ цэнийн тухай хуучилсан ярилцлагыг шимтэн уншиж, бидний нэг болоорой.![]()
Хүй дарсан нутгийнхаа 100 жилийн ойд зориулж өөрийн гараар урласан захчин дээлээ өмсөн цэмбэгэнэн суух буурайг Ш.Отгонбаяр гэдэг. Тэрбээр, өдгөө 88 настай. Нас өндөр ч зүс, царай, хөдөлгөөн “хөнгөн шингэн”, ухаан саруул буурай маань “Хүүхээ, жаахан чанга яриарай, эмээгийнх нь хөл, чих муу. Чамайг тэмээ гэхээр ямаа гээд сууж байж мэднэ” хэмээх хошигнолоор бидний яриа эхлэв.
“Би ерөөсөө сургуульд суугаагүй. Хэзээ хойно хүнтэй гэрлэснийхээ дараа оройн ангид сурч утасны дугаар, хүний нэр бичихтэйгээ болсон. Ядмаг боловсролтой хүн. Бага наснаасаа аав, ээжийнхээ дэргэд амьдарч 18 насандаа ханьтайгаа танилцаж, амьдрал зохиосон. Одоо долоон сайхан хүүхдийн ээж, 300 гаруй хүүхдэд ардын язгуур урлаг, бий биелгээг зааж сургасан багш, ард түмний гавьяат хэмээх алдрыг зүүгээд явж байна. ![]()
Эмээ нь гурван төрийн нүүр үзэж байгаа хүн. Намайг бага байхад бараа таваар их ховор, хэцүү байсан. Даавуу, даалимба барагтай олддоггүй. Сахар, гурил их ховор байлаа. Жинд тэмээ явахаар л ганц “тэрэгтэй” утас, нүхтэй гоймон, олддог. Тийм л амьдралд хүн болж, өсөж торнисон. Сүүлд 1950-иад онд нэгдэл байгуулагдаж, түүнээс хойш гурил будаа, хүүхдэд өмсүүлэх хувцас хунар элбэгшиж билээ. Өмнө нь бид цоохор даавуугаар л хүүхдүүддээ дотуур өмд, цамц оёж өгдөг байлаа шүү дээ. Улаанбаатар хотын дэлгүүрүүдэд давснаас өөр бараа байдаггүй байсан үе бий. Багачууд ч юугаа мэдэх вэ дээ. Одоо бол маргааш найр хурим хийхэд ч болохоор бүх юм элбэг дэлбэг сайхан цаг үе ирсэн байна.”
Түүний хувьд захчин ардын бий биелгээг ээжээсээ сурсан бөгөөд 20 наснаасаа эхлэн урлагаар явж, урлаг соёлын сайханд аргагүйн эрхэнд татагдсан байна. Тэрбээр "Би залуудаа ардын дуу, уртын дуу муугүй дуулдаг. Тайзны бүжиг бүжиглэж, шог ч тоглож явсан. Гэвч ардын биелгээ маань намайг дийлж биелээч болгосон” хэмээн хуучлав. ![]()
“Дээр үеийн хүмүүс дунд хуур татдаггүй хүн бараг л байгаагүй. Айл бүхэн морин хууртай байсан. Аавыг хуур татахтай зэрэгцээд ээж галынхаа хөвөөнөөс биелээд босоод ирдэг сэн. Тухайн үед би учир мэдэхгүй жаахан охин ээжийгээ хараад “ээж одоо ямар сонин юм хийгээд байна” гээд ихэд гайхдаг байж билээ.
Манай хөгшин хөгжим бүгдийг сайхан дардаг хүн байлаа. Тэр дундаа хуур хөгжимд илүүтэйгээр сайхан ая оруулдаг. Дээхэн үед аймгийн төвийн театраас сум бүрээс нэг хөгжимчин, нэг дуучинд сургалт орохоор болоход манай хөгшин хөгжимчнөөр нь сонгогдож нэг сар сураад ирэв. Уг нь жолооч хүн. Ингээд аймгийн театраас сургалт аваад ирсэн хоёр хүн сумандаа үдэшлэг зохион байгуулахаар болж, би ч хөгшнөө дагаад үдэшлэгт оров. Өнөөх хоёр маань сурсан аяа тоглон дуулж, хуурдсаар үдэшлэг ч сайхан болж байв. Тэгтэл үдэшлэгийн дундуур бие биедээ нэртэй алчуур дамжуулж, алчуурын доторх нэрийг тааж чадаагүй хүмүүс авьяасаа үзүүлэх тоглоом тоглохоор болсон юм. Нөгөө алчуур дамжиж явсаар надад ирэхэд би нэрийг нь хэлж чадсангүй. Ингээд л хамгийн анх олон түмний нүдэн дээр авьяасаа үзүүлж билээ. Тухайн үед биелгээ ч сайн мэдэхгүй. Аргагүйн эрхэнд “Бээжин хот” гэж дуу дуулж, хүмүүс алга ташиж, сайшаагаад намайг сумын сайн дурын уран сайханчаар шалгаруулж авав. Ингээд би 25 насандаа сумынхаа сайн дурын уран сайханч болж байлаа.” ![]()
Ш.Отгонбаяр гуай орон нутгийнхаа соёлын салбарт ихээхэн хувь нэмрээ оруулж олон уран бүтээлүүдэд оролцон тоглосон. Тухайлбал: “Гарын таван хуруу”, “Дөчинжирэм” жүжгүүдийн гол дүрд, “Саальчин”, “Монгол”, “Алтайн залуус”, “Гол дээр” зэрэг бүжгүүд болон ардын язгуур биелгээ “Елхиндэг”, “Тооройн цагаан элс”, “Жороо морь”, “Хүрэн торгот”, “Хөдөлмөр”, “Жалам хар”, “Өрөөлт халтар” зэрэг биелгээнүүдийг биелж алдаршсан юм. Ш.Отгонбаяр нь Алтай сумынхаа сургуулийн хүүхдүүдэд уртын дуу, бий биелгээгээр дугуйлан ажиллуулж, олон шавь төрүүлсэн ба 1990 онд Алтай сумын сургуулийн 50 жилийн ойгоор шавь нартайгаа тайлан тоглолтоо хийж олны талархлыг хүртсэн байна.
“Надад олон шавь бий. Нэг, хоёр гээд тоолбол 300 хол давна”![]()
“1983 онд язгуур урлагийн анхдугаар наадам боллоо. Тэр тоглолтыг манай сумын уран сайханч Гаанжуур бэлдэж, бид ч тоглоод дуусав. Гэтэл аймгийн театраас ирсэн бүжигчин “Отгонбаяр урагшаа гараад ир” гэдэг юм. За би юун дээр алдсан юм бол оо, яадаг билээ гээд айдастайхан урагшилтал “чамд авгай дээл бий юу гэж байна” би ч “байгаа” л гэлээ. Тэгсэн Гаанжуурыг дуудаад “чи хуураа дар, Отгонбаяр чи биелээд аль гэж байна. Би ч ээжийгээ бодоод биелж гарлаа. Маргааш нь ажил дээрээ байж байтал “Баяр хүргэе, Отгонбаяр аа. Чи аймагт шалгарсан байна” гэж байна. Ингээд би аймагт язгуур урлагийн их наадамд бий биелээчээр оролцох болов. Тэр цагаас хойш 60 гаруй жил язгуур урлагаар явж байна. Аймагтаа шалгараад Улаанбаатар хотод 12 хүн ирж “Түмэн их” чуулганд 100 гаруй уран сайханч чуулж, тоглолт тавихад аймгаасаа би ганцаараа эмэгтэй уран сайханч нь байлаа. Тухайн үед Увс аймгийн уран сайханчид музейн үзмэртэй, үзүүлж харуулах зүйл ихтэй байсан учир нэгдүгээр байранд шалгарч, манай Ховд аймгийнхан хоёрдугаар байранд орж мөнгөн тулгаар шагнуулж байсан. 12 хүнээс 8 алт, 4 мөнгөн медаль өвөртлөөд очтол “Одоо чи сумандаа бие биелгээний дугуйлан ажиллуул” гэв.
Ингээд би дунд сургуульдаа захчин ардын биелгээгээ зааж, дээрээс нь уртын дуу заагаад “багш шавийн тайлан тоглолт”, төрсөн үр хүүхдүүд, ач зээ нартаа зааж сургаад гэр бүлийн тайлан тоглолт хэд хэдэн удаа тавьж явлаа. Надад олон шавь бий. Нэг, хоёр гээд тоолбол 300 хол давна. Тэдэн дундаас танихаас танихгүй нь их. Улаанбаатар хотод ирээд СУИС-д хүртэл язгуур урлаг, бий биелгээ зааж явсан. Саяхан нэг тоглолтод бэлдэж байтал “алив, би багштайгаа биелнэ” гээд нэг залуу ирдэг юм байна. Тэгээд мэнд ус мэдээд, “таньж байна уу, багш аа” гэхээр нь таньж байна л гэлээ хүүхэд гомдчихвол яана…”
“Манай гэрт мөрөө хөдөлгөж биелж үзээгүй хүн огтхон ч байхгүй”![]()
-Танай хүүхдүүд, ач зээ нарын хувьд бүгд л бүжиглэж дуулах авьяастай хүмүүс шүү дээ. Та гэр бүлийнхээ гишүүдэд бий биелгээг хэрхэн зааж сургаж байв?
-Их учиртай хө. Уралддаг морь бол тухайн айлын үүднээс шалтгаалдаг. Хурдан азарга, гүүний үрс гэдэг шиг язгуур урлаг ч бас уламжлагддаг юм шиг байна лээ. Энд тэнд биелгээ заагаад явж байхад аймгуудын театр, СУИС-ийн багш нар дунд хүртэл биелж чаддаггүй хүн байна. Чи ийм байж яаж хүнд бүжиг заадаг юм гэж надаар зэмлүүлж байсан хүмүүс ч бий. Зарим нь ч их сайхан хөдөлнө. Манай хүүхдүүд бол надаар нэг их заалгаж байгаагүй. Хурдан сурчихдаг. Тэгэхээр учиртай юм шиг байгаа юм.
Бид Улаанбаатар хотод 2012 онд хүүхдийн ордонд “долоон бурхад” гэсэн гэр бүлийн тоглолт хийж байлаа. Хамгийн сүүлд өнгөрсөн жил буюу 2024 онд өөрийн үр хүүхэд, ач, зээ, зээнцэр гээд 51 хүний бүрэлдэхүүнтэй гэр бүлийн концерт тоглосон. Манай гэрт бол мөр нь хөдөлж, биелдэггүй хүүхэд байхгүй шүү. Бүгд л жигтэйхэн эвсэлтэй. Цусанд нь байдаг юм уу, бүү мэд. Манай том хүүгийн хоёр охин хоёулаа бүжгийн багш хийгээд эмээгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлээд явж байна. Би үндэсний өв уламжлалаа сэргээн санаж, ирээдүй хойчдоо зааж сургаж байгаад нь баярлаж явдгаа тэдэндээ хэлээгүй л сууна. Хожим өөрсдөө миний насанд ирээд ойлгох биз ээ. Би ч бас үр хүүхдүүд минь энэ өв уламжлалаа үргэлжлүүлээд аваад явж чадна гэж бат итгэдэг. Одоо ч урьдынх шигээ байхаа больж байна шүү дээ. Мартаж санах нь л ихсэх болж.
Одоо та болдоггүй юм уу, зүгээр сууж болохгүй юу гэж хүүхдүүд их шална. Болохгүй шүү дээ, амьд сэрүүн байгаа дээрээ нэг ч болов хүнд зааж сургах нь эмээгийнх нь үүрэг. Одоо дээрээ бол биелээд байх дүнтэй л байна.
Ингээд үр, ач, зээ нараа тойруулаад дуулж, хуурдаад явж байгаа минь хөгшний минь ач гавьяа гэж би боддог. Хөгжим бүгдийг дардаг хань ижилтэй учраагүй бол би гэж хүн шал өөр зураг төөргөөр амьдарч явах байсан болов уу. Сайн хадмын хаяа түшиж, сайхан ханьтай учирсан болохоор өдий зэрэгтэй, өндөр насыг зооглоод үр хүүхдийнхээ сайн сайхныг үзээд явж байна. Тэд маань тэнгэрийн орноос намайг хараад баярлаж суугаа биз ээ.
Алтай нутгийн бэргэн![]()
“Манай хөгшин надаас дөрөв ах хүн байсан. Хүнтэй сууна гэдгийг мэддэггүй, балчир охин байхад өндөр бие хаатай, урт хөх дээлтэй царай зүс сайтай ахмад бээрийн залуу намайг эргүүлдэг байлаа. Тухайн үед би дөнгөж 18 настай байсан учир ичиж имээгээд л, ядаж байхад яасан өндөр юм гээд их л үнэрхдэг. Ажил төрөлтэй, алиа хошин зантай, халамжтай гэж жигтэйхэн хүн байсан учир аргагүйн эрхэнд түүндээ татагдаж бид айл гэр болсон юм. Ингээд хоёул долоон сайхан хүүхдийн ээж, аав болж, амьдралын их замд заяа холбосон.
Хадмууд маань их нуруулаг, хөрөнгө чинээтэй, зан ааш сайтай хүмүүс байв. Хадамдаа очоод би хамгийн жижиг биетэй нь байсан ч хүндтэй том бэргэн нь байлаа. Би чинь нутгийнхаа бэргэн нь шүү дээ. Бүр манай суманд амьдардаг ганц “хасаг” хүн хүртэл намайг бэргэн гэдэг байв. Чи яахаараа намайг бэргэн гэдэг юм гэхэд “Алтайнхан цөм таныг бэргэн гэж байхад, би ганцаараа яаж эгч гэх вэ” гэж намайг инээлгэж билээ.”
“Захчин биелгээ нь хөл, толгой хөдөлдөггүй гэдгээрээ онцлогтой”![]()
“Захчдын биелгээний хөдөлгөөн нь мөрөндөө байдаг. Их сайхан цохилттой мөрөө хөдөлгөж биелдэг ард түмэн. Захчин ястны нийт 14 биелгээ байдаг. Би цөмийг нь мэднэ. Цацал, жалам хар, өрөөл халтар, хүрэн торгод, савхат, аягат, хөдөлмөр, эрийн гурван наадам, зэрэг биелгээ байсан гэлцдэг. Харин миний хувьд сүүлдхэн “Мөргүүл” гэдэг биелгээг гаргаж ирсэн. Учир нь манай ээж энэ биелгээг биелдэг байсан. Хуурын ая эгшиглэж эхлэхэд гал руугаа арц хийгээд галдаа мөргөөд, бурхандаа мөргөөд хуур татаж байгаа хүндээ мөргөөд биелдэг мөргүүл биелгээ.
Хөгшин би хожим ээжийнхээ биелж байсныг дурсан санаад захчин ард “Мөргүүл” гэж биелгээтэй байсныг шинээр зааж сургаад явж байна. Намайг амьд сэрүүн байж байхад захчин ардынхаа биелгээг сурмаар байна заагаад өг гээд ирдэг хүмүүст эмээ нь их баярладаг. Дуртай нь аргагүй заагаад өгнө шүү дээ. Эмээ нь 80 гарсан хэдий ч жаран хэдтэй хүн шиг хөнгөн шингэн байгаа нь энэ бие биелгээтэй холбоотой байж ч мэднэ. Энэ урлагийн ажил чинь хүний сэтгэл санааг үргэлж өргөж, дээшлүүлж байдаг байхгүй юу. Элдэв зүйлд санаа зовж байхын оронд тэр тоглолтод бэлдэнэ, тэнд ч хүүхдүүдэд бүжиг заана гэхээр цаанаасаа л эрч хүч ундраад сэргээд ирнэ шүү дээ. Тийм учраас янз бүрийн өвчин зовлонд “ээрүүлэхгүй” өдий өндөр насыг зооглож байна гэж боддог.” ![]()
Тэрбээр язгуур урлагт хүчин зүтгэхээс гадна урлагийн дээл хувцас хэрэглэл бүгдийг өөрийн гараар оёж урладаг. 2015 онд Монголын уламжлалт нэхий урлалаар эрэгтэй, эмэгтэй хос дээл оёж “Дээлтэй Монгол” наадамд тэргүүн байр эзлэн Улаан-Үүд, Итгэлт хамба, Байгаль нуураар аялах эрхийн бичгээр шагнуулсан бол Ахуй үйлчилгээний салбарын 85 жилийн ойгоор зохиогдсон “Алтан зүү-2016” үйл ажиллагаанд оёсон бүтээлээрээ оролцож “Мастер оёдолчин” цол хүртсэн авьяаслаг уран бүтээлч юм.
“Би чинь уг нь хивсчин хүн. Хивс нэхнэ, тэмээ, морины тохош, суудлын бүрээс хүртэл нэхдэг байлаа. Нэхмэлийн ажил хийгээд эхлэхээр гарч бие засах ч чөлөө олдохгүй. Гадуур явах юм бол нөгөө ажил урагшлахгүй шүү дээ. Хожим хивсчний ажлаа орхиж, урлаг уран сайханд бүхнээ зориулсан.
Эмээ нь бие сэтгэлээ язгуур урлагт зориулсан хэдий ч ур ухаанаа урлан бүтээж, үндэснийхээ дээл хувцас эдлэл хэрэглэл урлахад зарцуулсан. Одоо ингээд харахад ямар ч их зүйл оёсон юм. Бүх хүүхдэдээ захчин дээл оёж өгсөн байна. Арьсан дээл хувцас хүртэл оёж байсан. Дээл оёж, шидэх арга барилаа охид, бэрээчүүлдээ хүртэл зааж өгсөн. Тэд маань ч сайхан оёдог болцгоосон. Одоогоос гурван жилийн өмнө би Алтай сумынхаа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд бүжгийн дээл оёж бэлэглэж байсан. Үүний шалтгаан нь бас учиртай. Бүр балчир цэцэрлэгийн хүүхдүүд биелэхдээ “авгай” дээл өмсөж биелж байгааг хараад би өөрийгөө ихэд зэмлэж байсан. Тэдэнд үүнийг хэлж ойлгуулах хүн нь уг нь би шүү дээ. Тэгээд л өөрийн гараар 40 орчим бүжгийн дээл оёж бэлдээд хүлээлгэж өгөхдөө учрыг нь тайлбарлаж хэлсэн. Хадамд гарсан айлын эхнэр хүн л тэр захчин “авгай” дээл өмсөх учиртай. Балчир хүүхдүүд бол “сэвгэр” дээл өмсөнө шүү дээ. үүнийг хэлж үлдээсэн дээ эмээ нь баяртай байдаг.”![]()
-Та захчин ард түмний үүх түүх, ёс заншлын талаар бидэнд хуваалцаач. Үр хүүхэд ирээдүй хойчдоо юу гэж захиж сургамжилмаар байна?
-Захчин түмний үүх түүх их сонирхолтой. Баруун хязгаарт 20-иод айл өрхийг хил нутгаа хамгаал гээд тусгаарласан түүхтэй. Ингээд олон жил хил хязгаараа хамгаалж суурьшсан ард иргэд өсөж тэлэхийн хэрээр өөрсдийгөө овоглох нэртэй болохоор санаачилж, нэгэн эрх мэдэлтнээс асуухад
“Зах газар нутаглаж яв
Заг түлээ түлж яв
Ил галтай бай
Эсгий гэрт амьдарч яваарай” гээд Захчин нэр хайрласан гэлцдэг. Захчины хэл чинь их өөр байлаа шүү дээ. Өмд, цамц бүгдийг өөрөөр хэлдэг. Малгайг бол малхай, цамцыг хийлэн, өмдийг маяг, дээлийг лавшиг, гутлыг гос гэж нэрлэдэг байлаа шүү дээ. Одоо бол захчин аялгуугаараа ялгаатай ярьдаг хүмүүс тун ховор болсон байна. Харин ч бүр аялгуугаараа ярьж хэлэхээс ичдэг болж дээ. Тун харамсалтай яа. Бидний өвөг дээдэс хонины арьсаар хөгцөн дээл хувцас, хөнжил хүртэл хийж эдэлж хэрэглэдэг байсан. Дан ганц захчид гэлтгүй бусад ард түмэн ч гэсэн өөрсдийн гэсэн хувцас, эдлэл хэрэглэл, хэл соёл гээд их л арвин түүхтэй. Одоо цагт л гаднын соёлд хэт автаад өөрсдийн улс үндэстний угсаа гарвалиа орхигдуулаад байгаа болохоос бид чинь дундаршгүй их түүх соёлын эзэд шүү дээ” хэмээн санаашран хуучлах буурайтай хийсэн ярилцлага ийнхүү жаргаж байна. Энэ хүртэл бидэнтэй хамт байж, үг бүрийг нь сургамжлан уншиж, үүх түүхээ сонирхон “Бидний нэг” болсон уншигч танд баярлалаа.