💥Үр бүтээмжтэй, аз жаргалтай өдрийн үндэс нь өөртөө зориулж өглөөний цай бэлтгэхээс эхэлнэ.
Учир нь бүхий л өдрийн эрч хүч, уураг тархины үйл ажиллагаа өглөө юу идсэнээс хамаардаг бөгөөд өглөөний цайгаар өдөрт авах ёстой нийт илчлэгийн 20-25 хувийг авбал зохино хэмээн зохистой хооллолтын зөвлөмжид тусгажээ. Гэвч өглөөний цайны ач тусыг мэддэг хэр нь завгүй амьдралын хэв маягаас үүдэлтэй өглөөний цайг орхигдуулдаг, өглөө цайлж сураагүй, цайлах үеэр дотор муухайрч таагүй мэдрэмж төрдөг гэх мэт шалтгааны улмаас өглөөний цайг алгасах хүмүүс цөөнгүй бий. Тэгвэл ямар шалтгааны улмаас өглөөний цай уусны дараа дотор муухайрдаг вэ?
❓Стресс, түгшүүр зэрэг сэтгэл санааны тухгүй байдал нь өглөөний цайны дараа дотор муухайрах шалтгааны нэг гэдгийг та мэдэх үү?
Цайлсны дараа биед таагүй мэдрэгдэж, ходоод гэдэс хямарч, дотор муухайрах нь хэд хэдэн шалтгаантай бөгөөд нийтлэг шалтгааныг дурдвал:
Зарим өдөр амттай смүүти, чихэрлэг нарийн боовоор өдрийг эхлүүлэх нь таатай байдаг шүү дээ. Гэвч энэ төрлийн өглөөний цай нь цусан дахь сахрын хэмжээг огцом нэмэгдүүлдэг байна. Өглөө сэрэхэд цусан дахь сахрын хэмжээ ихэвчлэн бага байдаг. Энэ үеэр нүүрс ус, элсэн чихэр ихтэй хоол хүнс хэрэглэх нь цусан дахь сахрын хэмжээг өсгөдөг тул дотор муухайрах, толгой эргэх мэдрэмж төрдөг ажээ.
Гол төлөв харшил үүсгэгч бүтээгдэхүүн /нийтлэг харшил үүсгэгч: глютен буюу ургамлын уураг, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг/ хэрэглэсний дараагаар харшлын шинж тэмдэг илэрч, дотор муухайран, мэдрэмтгий болдог байна.
Ходоод болон сэтгэл санаа хоёр хоорондоо салшгүй хамааралтай гэдгийг та өмнө нь сонсож байсан биз ээ. Ходоод бол маш олон төрлийн шүүрэл ялгаруулдаг эрхтэн бөгөөд сэтгэл санаа хямарсан үед ялгаруулах шүүрэл ихэсдэг байна. Иймд сэтгэл санааны хямралын нөлөөгөөр ходоод гэдэс хүчтэй агшиж, дотор муухайрах, бие тавгүйрэх мэдрэмж төрдөг байна.
Ходоод улаан хоолойн сөргөө өвчин, ходоодны шарх, гэдэс цочролын хам шинж зэрэг эмнэл зүйн шинж тэмдгүүдийн үед шарсан хуурсан, өөх тос ихтэй өглөөний цай уусны дараагаар дотор муухайрах, гэдэс өвдөх гэх мэт шинж тэмдгүүд илэрч болзошгүй юм.
✅ Тэгвэл ямар арга хэмжээ авах вэ?
Хэрэв өглөөний цай уусны дараагаар таны дотор муухайрч, бие тавгүйрэх мэдрэмж төрдөг бол бага багаар, ойрхон давтамжтай хооллоод үзээрэй. Энэ нь таны цусан дахь сахрын хэмжээг зохицуулахад тусална. Мөн чихрийн агууламж өндөр өглөөний цайнаас татгалзаж, харшил өдөөж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх нь чухал. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо нь сэтгэл зүйн байдалтай шууд хамааралтай тул сэтгэл санаагаа тогтвортой байлгах үүднээс бясалгал, иог, амьсгалын дасгалыг өдөр тутамдаа хийж хэвших нь таны амьдралд эерэг өөрчлөлтүүдийг авчрах болно. Харин удаан хугацааны туршид хооллолтын дараа дотор муухайрах, бөөлжих гэх мэт шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд эмнэлгийн тусламж авахыг зөвлөж байна.
Мөн өглөөний цайг заавал уух ёстой гэх бодолд хүлэгдэн хоносон хоол, чихэрлэг хүнс хэрэглэх нь бидний биед амин дэм бус таагүй мэдрэмжүүдийг төрүүлдэг. Учир нь ходоод хогийн сав биш. Харин уураг, шим тэжээлээр баялаг өглөөний цайг тогтмол ууж заншсанаар тархины үйл ажиллагаа сайжирч, бодисын солилцоо эрчимждэг байна. Ингэснээр энергийн түвшин нэмэгдэж, ажлын бүтээмж дээшилдэг тул амьдралын чанараа сайжруулахын тулд зохистой, зөв хооллолтын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх цаг нэгэнтээ иржээ. Өглөөний гайхамшиг өглөөний цайгаа уухаас эхэлнэ.
*Глютен - Улаан буудай, хөх тариа, арвай зэрэг үр тарианы гаралтай хүнсэнд агуулагддаг ургамлын уураг.
Редактор: Г.Цэнд-Аюуш
Гэрэл зургуудыг: Л.Буд