Нийгэм

ЭКО буюу байгальд ээлтэй гэх үгийн ард

Д.Наранцэцэг -- 2024.04.037 минут унших

Тохиолдол:

Дэлгүүрээс баахан зүйл худалдаж авчхаад, худалдагч эгчийг “Энгийн тор авах уу, эсхүл “байгальд ээлтэй ногоон тор авах уу?” гэхэд нь “байгальд ээлтэй” гэдэг үгийг сонсонгуутаа яагаад ч юм тэр торыг 2 дахин өндөр үнээр худалдаж авахаар шийдэв.

Яагаад?

Хүн өөрөө байгалийн амьтан болоод тэр үү, байгальд ээлтэй гэсэн уриа лоозонтой бүтээгдэхүүн сонсохоороо худалдан авах хүсэл нь нэмэгддэг юм шиг. Учир нь 2022 оны байдлаар бүтээгдэхүүн худалдан авагчдын 30 орчим хувь нь тогтмол “байгальд ээлтэй бүтээгдэхүүн худалдан авдаг” гэсэн бол, судалгаанд оролцогчдын 55 хувь нь “байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг бусад бүтээгдэхүүнээс өндөр үнийн дүнгээр худалдан авахад бэлэн” гэсэн хариултыг өгчээ. Харин бидний итгэж авсан ийм тодотголтой бүтээгдэхүүн үнэхээр байгальд ээлтэй байдаг болов уу? Бидний “байгалиа хайрлах ухамсарт сэтгэлзүй” дээр дөрөөлсөн “худал маркетинг” биш байгаа???

Ийм эргэлзээ “байгальд ээлтэй бүтээгдэхүүн” гэсэн шошготой бүтээгдэхүүнийг худалдан авахын өмнө заавал байх ёстой юм. 

ЭКО буюу байгальд ээлтэй гэх үгийн ард

Түүх сөхвөл:

“Байгалиа хайрлаж, эх дэлхийгээ ирээдүй хойчдоо ногооноор нь үлдээхийг дэлхийн улс орон бүр бодлогын түвшинд зорих болсонтой холбоотой “Greenwashing” буюу “Ногоон тархи угаалт” гэх ойлголт 1980-иад оны сүүлээс бий болж эхэлсэн юм. Энэ ойлголтыг анх 1986 онд экологич Жай Вестервелд “Зарим зочид буудал эрчим хүч хэмнэхийн тулд үйлчлүүлэгч нартаа алчуураа дахин ашиглахыг санал болгоход үйлчлүүлэгч нар татгалзав” гэх нийтлэл оруулж, байгальд ээлтэй уриалгыг ашиглан байгууллагууд худал, төөрөгдүүлсэн, бодит үр дүн багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, мэдээлэл түгээх эрсдэлтэй гэдгийг анхааруулж байжээ. Дэлхийн улс орнууд хурдацтай хөгжиж, байгалиа хайрлах, хамгаалах ойлголт нэмэгдэхийн сацуу энэхүү ойлголтыг бизнесийн давуу тал гэж харан, бодит үр нөлөө бага хэр нь хүмүүсийн анхаарлыг татах маркетинг хийдэг хэсэг бүлэг гарч ирсэн, ирсээр ч байгаа гэхээр хачирхалтай санагдаж байгаа биз 🤔

Дэлхий дахин дахь тохиолдлууд: 2015 онд Германы машин үйлдвэрлэгч компани Волксваген (Volkswagen) бүтээгдэхүүнээ түлшний хэмнэлт өндөртэй, утаа бага ялгаруулдаг, АНУ-ын Байгаль хамгаалах агентлаг(EPA)-ийн стандартыг хангасан гэх зэргээр сурталчилж байв. Харин АНУ-ын Баруун Виржиниагийн Их Сургуулийн судлаачид Волксваген дизель хөдөлгүүртэй автомашины зам дээрх хорт хийн ялгаруулалтын туршилт судалгааг хийхэд бодит байдал дээр энгийн машины ялгаруулж буй утаанаас  ялгаагүй байжээ.

Мөн 2019 онд ‘Макдоналдс (McDonald's) хуванцар нэг удаагийн соруулын оронд цаасан соруулыг ашиглаж эхэлжээ. Хэдийгээр нэг удаагийн хуванцар соруулыг халсан ч цаасыг модоор хийдэг шүү дээ. Гэтэл мод бол нүүрсхүчлийн хийг шингээгч асар чухал ногоон ургамлын нэг учраас цаасан соруулын хэрэглээг нэмэгдүүлэх нь тийм ч оновчтой шийдэл биш бөгөөд зүгээр л олон нийтэд “байгальд ээлтэй” гэх ойлголтыг хүргэх гэсэн “Ногоон тархи угаалт”-ын нэг жишээ гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ.

ЭКО буюу байгальд ээлтэй гэх үгийн ард

Харин манай улсад “Ногоон тархи угаалт (Green washing)” гэх ойлголт олон нийтэд төдийлөн дэлгэрээгүй байгаа учраас хэрхэн таних, ямар шаардлага тавих зэрэг нь тодорхойгүй хэвээр байна. Сайтар ажиглавал, бор ууттай, ногоон навчны зурагтай, эсхүл ногоон өнгийн лого, тэмдэглэгээ бүхий сав баглаатай бүтээгдэхүүнийг “байгальд ээлтэй бүтээгдэхүүн” гэж худалдаалах худалдааны жижиг лангуу, байгууллагууд сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдсэн юм шиг санагддаг. Нөгөөтээгүүр, хуванцар сав баглаа хэрэглэхгүй байхыг л байгальд ээлтэй үйлдвэрлэл мэтээр хэт нэг талыг барьсан мэдээлэл хүргэдэг. Яг л Макдоналдсын тохиолдол шиг. Түүнчлэн хариуцлагатай үйлдлийг уриалан бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг буцааж авдаг брэндүүд бий болж байгааг та бүхэн анзаарсан байх. Эдгээр тохиолдолд байгальд ээлтэй хэрэглэгчийн зан төлөв дээр тулгуурлан сав баглаа боодлоо буцаан өгөөд, дараагийн худалдан авалтын үнийн дүнгийн хөнгөлөлт зэрэг урамшууллын системийг ашиглах нь элбэг байдаг. Мэдээж энэ нь нэг талаас хариуцлагатай үйлдвэрлэл, нөгөө талаас хэрэглэгчийн хариуцлагатай үйлдлийг уриалсан чухал өнцөг мөн боловч хэрэглэгч тухайн брэндээс нэг зүйлийг шалгаж, нягтлах хэрэгтэй юм. Хэтийдсэн их байгальд ээлтэй уриалга, сурталчилгаа, үйлдвэрлэлүүдэд хяналт тавихгүй байснаар зөвхөн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж жинхэнэ байгальд ээлтэй брэндийн тогтвортой үйл ажиллагааг удаашруулах, бүтээгдэхүүний чанарын стандартад нөлөөлөх зэрэг сөрөг үр дагаврыг бий болгох эрсдэлтэй юм.

Тэгвэл хэрхэн ухаалаг, байгальд ээлтэй худалдан авалт хийх вэ?

ЭКО буюу байгальд ээлтэй гэх үгийн ард

Юу худалдан авч байгаа вэ гэдэгт анхаарах нь байгальд ээлтэй амьдрахын эхний алхам юм. Учир нь “Бидний дэлгүүрийн лангуунаас худалдаж авсан бараа бүтээгдэхүүнээс л “хог хаягдал” үүсэж байгаа шүү дээ. Үүнээс гадна худалдан авалтдаа анхаарах нь “ногоон тархи угаалт”-аас урьдчилан сэргийлэх боломжтой юм. Энгийнээр хэлбэл, ногоон өнгөтэй, бор өнгөтэй эсхүл цаасан савлагаатай л бол “байгальд ээлтэй бүтээгдэхүүн” гэсэн үг биш юм. Тиймээс үг, өнгөнд хууртахгүйгээр доорх асуултыг тухайн байгууллагаас асуудаг, шалгадаг байх хэрэгтэй юм.

  1. Таны худалдан авч буй бүтээгдэхүүний сав, баглаа боодол үнэхээр 100% байгальд ээлтэй материал мөн үү? 

Байгальд ээлтэй материал гэдэгт зөвхөн бор өнгөтэй болон бусад цаасан уутнаас гадна дахин боловсруулах боломжтой сав, баглаа боодол ч ордог. Тэгэхээр хэрэглэсэн хуванцар сав, гялгар уутаа дахин боловсруулагдах боломжтой эсэхийг шалгах хэрэгтэй байх нь. Жишээлбэл, Манай улсад PET(1), HDPE(2), LDPE(4) болон зарим тохиолдолд PP(5) хуванцрын төрлийг дахин боловсруулдаг. Мөн бор цаасан хайрцаг, гялгар бүрэлтгүй цаасны хаягдлыг дахин боловсруулах боломжтой байдаг. Тийм учраас бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа “Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж дууссаны дараа хогийн цэг рүү очих хаягдал уу, эсвэл дахин боловсруулах үйлдвэр рүү явах боломжтой хаягдал уу” гэдгийг шалгах нь шууд “байгальд ээлтэй” гэдэг үгэнд дурлаж худалдан авалт хийхээс илүү ухаалаг, оновчтой сонголт байх болно.

  1. Хэрэв тухайн байгууллага бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодлыг буцааж авдаг бол буцааж авсныхаа дараа яадаг вэ?

Сүүлийн үед бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодлыг буцаан авдаг гоо сайхан, хүнсний салбарын брэндүүд түгээмэл болжээ. Хэдийгээр байгальд ээлтэй үйлдлийг уриалж байгаа нь зөв боловч “буцааж цуглуулсны дараа яадаг вэ?” гэдэг асуултыг хариуцлагатай хэрэглэгчийн байр сууринаас асуух нь зөв. Учир нь манай улсад дахин боловсруулагддаг сав баглаа, материалын төрөл цөөхөн бөгөөд байгууллага болгон буцааж авах хөдөлгөөн өрнүүлсэн ч нөгөө талаар дахин боловсруулагдах боломжгүй бол “нэг дор цуглуулсан хаягдал” л болно гэсэн үг. Хэрэв цуглуулсны дараах шатны бодитой шийдэл байхгүй бол энэ нь хэрэглэгчийн байгальд ээлтэй амьдрах хүсэл дээр тулгуурлан хийж буй “ногоон тархи угаалт (Green washing)” байх эрсдэлтэй.

  1. Зөвхөн таны худалдан авсан бүтээгдэхүүн биш бусад үйл ажиллагаа нь ямар вэ?

Бүтээгдэхүүний сав баглаанаас гадна уг байгууллагын бусад үйл ажиллагаа ч байгальд ээлтэй байгаа эсэхийг шалгах нь тухайн бизнес энэхүү үйлдлийг үнэхээр байгальд ээлтэй байхын төлөө уриалж байна уу, эсвэл ашгийн төлөө юу гэдгийг харах боломжийг олгодог. Жишээ нь,

  • Тухайн дэлгүүр дотоод засал тохижилтдоо ямар гэрлийн чийдэн ашиглаж байгааг анзаарч, шаардлагагүй цахилгаан ашиглалт байгаа эсэхийг ажиглах
  • 00-нх нь ус яаж гардгийг ч анзаарах хэрэгтэй. 
  • Ажилтнуудын хандлага, соёл нь “байгальд ээлтэй” гэдэг үзэл баримтлалтай зохицдог эсэхийг анзаарах. Жишээ нь, байгальд ээлтэй соруул зардаг газрын ажилтан хуванцар соруул хэрэглээд сууж байвал та яах вэ? Энэ мэтчилэн тухайн байгууллагын нарийн хэсэг бүрийг анзаарч, ухаалаг сонголт хийгээрэй.

ЭКО буюу байгальд ээлтэй гэх үгийн ард

Төгсгөлд нь: 

Бидний байгалиа хайрлах үзэл бодол дээр “маркетинг” хийх эрсдэлтэй байгаа учраас өөрийнхөө санхүүг үр ашигтай зарцуулахын тулд үнэн зөвийг шалгадаг байх нь чухал юм. Үүнээс гадна бидэнд өөрийгөө хайрлаж, сөрөг, шаардлагагүй зүйлээс татгалздаг зуршил байдаг шиг байгалиа хайрлах маш энгийн үйлдлүүдийг өөртөө дадал болгох нь урт хугацаанд илүү үр өгөөжтэй байна гэдгийг ухамсарлах хэрэгтэй юм.

Энэ арга бол бидний мэддэг ч өөрийнхөө дадал зуршил болгож хараахан чадаагүй байгаа тэр л сонголтууд юм шүү. Цөөн хэдэн жишээ дурдвал,

  • Нэг удаагийн аяга биш өөрийн байнга хэрэглэх аягыг цүнхлэх
  • Нэг удаагийн халбага сэрээ биш өөрийнхөө халбага сэрээг мартахгүй цүнхлэх
  • Кофе уухдаа соруул хэрэглэхгүйгээр өөрийн соруулын сеттэй болох
  • Кофе шопоос салфетка авахдаа өөрийн хэрэглээнд яг тааруулан авах
  • Шүдээ угаахдаа усаа хаах
  • Ногоо, жимс угаасан усаа шууд асгахгүйгээр цэцгээ услах
  • Нийтийн 00-д хүн байхгүй бол гэрлийг нь унтраах
  • Хүүхдийнхээ өрөөнд сууж байхдаа гал тогооныхоо гэрлийг унтраах гэх мэт

Уншаад үзэхээр нөгөө л нэг олон давтагддаг уриалгууд мэт. Гэхдээ бүгдийг нь дадал болгож чадсан билүү гэдэг эргэлзээтэй.

Редактор: Г.Цэнд-Аюуш

Гэрэл зургийг: Л.Буд

Ашигласан эх сурвалж:
Degree to which consumers' purchasing behavior and choices shifted towards buying more sustainable products over the past five years worldwide in 2022, Statista.
52 Huge Environmentally Conscious Consumer Statistics, The Round Up.
From Emissions Cheater To Climate Leader: VW’s Journey From Dieselgate To Embracing E-Mobility, Forbes.
Greenwashing: 14 recent stand-out examples, Akepa.